Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2019/00396

 

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2019/00396

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ХЦУ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч.Ч-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2.062.500 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХЦУХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр иргэн Ч.ЧБаянгол дүүргийн 20 дугаар хороо, Москва хороолол, Өнөр хотхоны 45а-ийн 132 тоотод ХЦУХХК-тай ус цэвэршүүлэх төхөөрөмж 2.350.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж авсан. Гэрээний урьдчилгаанд 187.500 төгрөг төлсөн. Ч.Чыг гэрээний дагуу төлбөр төлөхгүй болохоор дараа сарын төлбөрт мөнгө аяга барьцаалж авсан. Ч.Чнь төлбөр барагдуулахгүйгээр жил гаран явсан. Өнгөрсөн жил компаниас Ч.Чыг мөнгөө төлөхийг шаардахад Шүүхийн шийдвэр дээрх төлбөр шилжүүлье гэж надад итгэмжлэл хийж өгсөн. Тэр мөнгө орж ирээгүй учраас манай компани шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2015 онд Ч.Чманай компаниас шүүлтүүр авсан. Манай шүүлтүүрийг жил гаран хугацаанд хэрэглэж, мөнгө төлөхгүй байсан учраас шүүлтүүрээ буцааж авсан. Дараа нь Ч.Чэхнэрийн хамт дахин шүүлтүүр тавиулъя гэж гуйсаар шүүлтүүр худалдаж авсан боловч төлбөр төлөөгүй. Иймд хүү, алданги нэхэмжлээгүй гэрээний үндсэн төлбөр 2.062.500 төгрөгийг хариуцагч Ч.Чаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ч.Чшүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 45а байрны 132 тоотод усны шүүлтүүр тавиулах гэрээг ХЦУХХК-тай 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан. Уг шүүлтүүрийг тавиулах анхны гэрээг 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байгуулж, урьдчилгаа төлбөрт 450.000 төгрөг төлсөн. Уг шүүлтүүр нь шаардлага хангаагүйн улмаас гэрээг цуцалж, шүүлтүүрээ буцаасан болно. 2 дахь гэрээг хийхдээ урьдчилгаа болгож, 187.500 төгрөг бэлнээр төлсөн. Уг шүүлтүүр нь хэрэгцээ хангахгүй, гуурсаараа ус алдах зэрэг олон дутагдалтайн улмаас удаа дараа дуудлага өгсөн. Гэрээнд бичигдсэн утсуудаар олон удаа дуудлага өгсөн боловч ирэхгүй байсаар сүүлд 2018 оны 3 сард ирээд мөнгөө төлд гэж шаардаад их гарын мөнгөн аяга барьцаанд нь аваад явсан. Иймд одоог хүртэл хэрэглэж чадаагүй байгаа уг усны шүүлтүүрийн аппаратыг буцааж өгөх хүсэлттэй байгаа тул шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХЦУХХК нь хариуцагч Ч.Чт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2.062.500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нь худалдсан эд хөрөнгө нь доголдолтой байсан тул гэрээнээс татгалзана гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ХЦУХХК, хариуцагч Ч.Чнарын хооронд 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр ус цэвэршүүлэх төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Уг гэрээнд ХЦУХХК Америк улсад үйлдвэрлэсэн Pure Рго ус цэвэршүүлэх төхөөрөмжийг худалдан авагч Ч.Чт хүлээн өгөх, уг төхөөрөмжийн үнэ 2.250.000 төгрөгийг Ч.Чнь 187.500 төгрөгийн урьдчилгаа төлж, 2.062.500 төгрөгийг 12 сарын хугацаатай, сард 171.875 төгрөгөөр хуваан төлөхөөр талууд тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байна.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд хийгдсэн хэлцлээр худалдагч ХЦУХХК ус цэвэршүүлэх төхөөрөмжийг худалдан авагчид хүлээлгэн өгч, гэрт нь байрлуулан өмчлөлд нь шилжүүлж өгсөн, худалдан авагч нь урьдчилгаа төлбөрт 187.500 төгрөг төлөх, үлдэгдэл 2.062.500 төгрөгийг 12 сарын хугацаанд, сард 171.875 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулах үүргийг гэрээгээр хүлээсэн байна.

Улмаар худалдан авагч Ч.Чтухайн өдөр ус цэвэршүүлэх төхөөрөмжийг хүлээн авч, төлбөрөөс 187.500 төгрөгийг төлсөн тухай үйл баримтад талууд маргахгүй байна.

Хариуцагч Ч.Чнь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ус цэвэршүүлэгч төхөөрөмж нь хэрэгцээ хангахгүй, гуурсаараа ус алдах зэрэг олон дутагдалтай. Энэ талаар удаа дараа дуудлага өгсөн тул төхөөрөмжийг буцаана гэж тайлбарлаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1-т зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасны дагуу Ч.Чын худалдаж авсан ус цэвэршүүлэгч төхөөрөмж нь хэрэгцээ хангахгүй, гуурсаар ус алдаж байгаа буюу биет байдлын доголдолтой болохыг нотолсон баримтыг хариуцагч тал хэрэгт ирүүлээгүй байна.

Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 06/047/48 дугаар дүгнэлтэд-Химийн шинжилгээний дүнгээр Pure Рго-Ro-Ec 105P усны шүүлтүүрийн шүүсэн усанд хатуулаг, төмрийн агууламж илрээгүй, хлорид 2,1 дахин, нитрат 3,7 дахин, сульфат 6,4 дахин буурсан байна гэжээ.

Иймд нэхэмжлэгч байгууллага нь худалдагч талд ундны ус, эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт, стандартын шаардлагыг хангасан ус цэвэршүүлэх төхөөрөмжийг худалдсан байх тул худалдан авагч Ч.Чнь уг төхөөрөмжийн үнийн үлдэгдэл төлбөрийг төлөх үүргээ биелүүлэх нь зүйтэй байна.

            Түүнчлэн хариуцагч нь төлбөрийн үлдэгдлийг төлж барагдуулах талаар ажиллагаа явуулж, өөрийн үүсгэн байгуулсан хуулийн этгээд болох Ноён адмирал ХХК-ийн бусдаас авах авлагыг төлбөрт өгөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр итгэмжлэл олгосон, Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт хандаж, шүүхийн шийдвэрийн дагуу хүлээн авах төлбөрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дансанд шилжүүлэхийг зөвшөөрсөн албан тоот явуулж байсан зэргээр түүний худалдан авсан ус цэвэршүүлэгч нь анхнаасаа доголдолтой байсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.

            Иймд хариуцагчаас ус цэвэршүүлэгчийн үлдэгдэл төлбөр болох 2.062.500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХЦУХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Ч.Чаас 2.062.500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХЦУХХК-д олгосугай. 

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 47.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

           

                                 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.МӨНХЦЭЦЭГ