Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1162

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Н.Ундрах, шүүгдэгч/хохирогч У.М, Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 02025 1246 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, *** овгийн Д.Б , 1991 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл хоёр, хүүхдийн хамт *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

2.Монгол Улсын иргэн, ***овгийн У.М, 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл тав, эхнэр хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 731 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.Б, У.М нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** байрны гадаа хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж улмаар харилцан зодолдож бие биедээ хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, *** овгийн Д.Б , ***овгийн У.М  нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** байрны гадна хоорондоо маргалдаж улмаар харилцан зодолдож шүүгдэгч Д.Б нь хохирогч У.М-ын бие махбодод “зүүн нүдний доод зовхи, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн хөмсөг, хүзүү, баруун эгэм, зүүн бугалга, баруун даланд цус хуралт, баруун бугалга, зүүн шуу, баруун өвдгөнд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл, шүүгдэгч У.М нь хохирогч Д.Б-ы бие махбодод “дээд уруулд шарх, цус хуралт, зүүн доод 1-р шүдний булгарал, цээж, баруун шуунд цус хуралт, зулгаралт, зүүн шуу, зүүн сарвуунд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн  гэмтэл тус бүр санаатай учруулсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

​​​​​​​1.2. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, хохирогч У.М-ын “ …Д.Б бид хоёр 5 шарын *** гэх байрны урд талд муудалцаад Д.Б намайг хөөе муу умай минь, алны үрчлээ минь гээд доромжлоод байхаар нь чи муу зүгээр байгаарай, зүгээр сайхан эр хүн шиг үзвэл үзье гэсэн чинь Д.Б тэгье гэж хэлээд намайг хойноос цамцнаас боогоод авсан нэлээн удаан боосон байх би бараг муужирч унах гэж байсан тэгээд арай гэж мултраад жоохон тэнхээ ороод за эр хүн шиг сайхан зодолдъё гээд бид хоёр хоёр талаасаа зодолцож эхэлсэн бараг 10 гаран минут зодолцсон байх. Тэгээд ойр орчимд байсан 2 эгч боль гээд салгаад цагдаа дуудсан. Тэгээд бид 2 салаад би газар сууж байтал Д.Б цаанаас гүйж ирээд зүүн талын нүд рүү өшиглөсөн. Тэгээд бас 1,2 удаа цохилцсон байх тэгээд удалгүй цагдаа нар ирээд Д.Б бид 2 аваад явсан... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал), хохирогч Д.Б-ы“...Би 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг өнгөрч байхад танил найз болох Ш-той /хоч нь жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/ Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 5 шарын ***гэх байрны сааданд уулзаад нэг нэг лааз пиво, 1 шил 0.5 литрийн архи хувааж уусан. Тэгээд Ш бид 2 маргалдаж байтал гараараа миний нүүр рүү 1 удаа цохисон тэгэхээр нь би шүд уначихлаа чи хардаа гэтэл намайг үргэлжлүүлээд нүүр рүү цохиод байхаар нь би Ш-г тэвэрч аваад болиулах гэтэл чамайг би ална гээд цохиод байсан. Тэгээд нэг мэдэхэд цагдаа нар ирчихсэн байсан тэр хавийн оршин суугч нар цагдаа дуудсан байх, би бол цагдаа дуудаагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал), шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 8649 дугаартай " ...Д.Б-ы биед дээд уруулд шарх, цус хуралт, зүүн доод 1-р шүдний булгарал, цээж, баруун шуунд цус хуралт, зулгаралт, зүүн шуу, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% тогтонги алдагдуулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх дээд уруулд шарх, цус хуралт, зүүн доод 1-р шүдний булгарал гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% тогтонги алдагдуулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал), шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 8691 дугаартай: “...У.М-ын биед зүүн нүдний доод зовхи, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн хөмсөг, хүзүү, баруун эгэм, зүүн бугалга, баруун даланд цус хуралт, баруун бугалга, зүүн шуу, баруун өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч У.М нь хохирогчийн хувиар: “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж, шүүгдэгч Д.Б нь хохирогчийн хувиар: “...2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр *** байрны гадаа Солонгост хийлгэсэн имплант маань унасан. Доод талын шүд маань бас унасан. Хохирол төлбөр нэхэмжилсэн баримт одоогоор байхгүй. Харин шүдээ эмчлүүлмээр байна. ...Эмнэлгээс асуухад 2.000.000 төгрөг болно гэж хэлсэн ба энэ шүдээ буцаагаад ямар байсан тийм хэвд нь оруулмаар байна” гэж тус тус мэдүүлцгээв.

Түүнчлэн, шүүгдэгч У.М, Д.Б нар яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, гэм буруу дээр маргахгүй...” гэж (хавтаст хэргийн 76-77 дахь тал, 85-86 дахь тал) мэдүүлсэн ба шүүх хуралдаанд “...нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэцгээв.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

​​​​​​​1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч У.М, Д.Б нар нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрсдийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

​​​​​​​1.4. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 8643 дугаар дүгнэлтээр хохирогч Д.Б-ы биед,  2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 8691 дугаар дүгнэлтээр хохирогч У.М-ын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тус тус тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч У.М, Д.Б нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэд харилцан бие биеийнхээ эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Шүүгдэгч У.М, Д.Б нарын харилцан зодолдсон үйлдэл болон тэдний биед учирсан гэмтлүүд нь хоорондоо шалтгаант холбоотой байх бөгөөд гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд ахуйн хүрээнд архидан согтуурсан, харилцан бие биеэ хүндлэх, асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх арга ухаан дутсан, уур бухимдлаа тогтоон барьж чадаагүйн улмаас гэмт хэрэг гарчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч У.М, Д.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

​​​​​​​1.5. Хохирол, хор уршиг

Хохирогчийн хувьд У.М нь Д.Б-аас “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн, харин хохирогч Д.Б нь “2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр *** байрны гадаа Солонгост хийлгэсэн имплант маань унасан. Доод талын шүд маань бас унасан. Хохирол төлбөр нэхэмжилсэн зүйл одоогоор байхгүй. Харин шүдээ эмчлүүлмээр байна” гэж мэдүүлсэн бөгөөд энэ талаар баримтыг гаргаж өгөөгүй байх тул өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч У.М-аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч У.М, Д.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Б нь эмчилгээнийхээ зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай, шүүгдэгч Д.Б нь хохирогч У.М-д төлөх төлбөргүй...” гэв.

Шүүгдэгч нар: “хэлэх саналгүй” гэцгээв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч У.М-ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Д.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч У.М-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 49 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 53-55 дахь тал), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 58 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх лавлагаа (хавтаст хэргийн 60 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 62 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 42-44 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 100 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч У.М-ын хувийн байдлыг,

-шүүгдэгч Д.Б-ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 48 дахь тал), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 58 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх лавлагаа (хавтаст хэргийн 60 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 62 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 45-47 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 101 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б-ы хувийн байдлыг тус тус тогтоов.

Анхан шатны шүүх улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.М, Д.Б нарт зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын гэм буруу болон хувийн байдалд тохирсон бөгөөд тэднийг нийгэмшүүлэх хийгээд цээрлүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.          

2.3.Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.***овгийн У.М , *** овгийн Д.Б  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.М, Д.Б нарт зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял тус бүр шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.М, Д.Б нарт оногдуулсан торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч У.М, Д.Б нарт сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Иргэний хуулийн 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Б нь өөрт учирсан эрүүл мэндийн хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч У.М-аас нэхэмжлэх эрхтэйг заасугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.М, Д.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА