Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1163

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Ж.Энхжаргал, иргэний нэхэмжлэгч А.Лхагвадорж, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203 00231 0312 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** овгийн Б.А , 1993 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний механик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилтай, ам бүл дөрөв, эцэг, эх, дүү нарын хамт *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.А нь 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 18 цаг 03 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойтын зам, “Сэлэнгэ” захын баруун талын замд “Toyota Corolla” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, мөн дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Nissan Note” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, улмаар боржур давж, явган хүний замаар явж байсан явган зорчигч Б.Э, Б.Б нарыг мөргөж, Б.Э-ийн эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, *** овгийн Б.А  нь 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 18 цаг 03 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойтын “Сэлэнгэ” захын баруун талын замд “Toyota Corolla” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5-д “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэж, мөн дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас “Nissan Note” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, улмаар замын хашлага давж, явган хүний замаар явж байсан явган зорчигч Б.Э, Б.Б нарыг мөргөж, Б.Э-ийн эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

​​​​​​​1.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт

Шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...” гэж;

Иргэний нэхэмжлэгч А.Л шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 5 шараас толгойт руу 2 дугаар эгнээгээр гэр лүүгээ явж байсан. Нефтийн тушаа явж байсан ба би бүсээ зүүгээгүй байсан. Араас гэнэт машин ирээд мөргөсөн ба замын хашлага давж зогссон. Б.А-ийн  ааваас 5,000,000 төгрөг бэлнээр авсан. Шүүгдэгчийн яриад байгаа 500,000 төгрөг нь үнэлгээний мөнгө ба энэ мөнгө надаас гарах боломжгүй байсан болохоор түүний ааваас 500,000 төгрөг авсан юм. Машинаа журмын хашаанаас гаргуулж авсан ба 120,000 төгрөг тушаасан болно. Энэ зарлагын баримтыг хэргийн материалд хавсаргасан байгаа. Энэ үнэлгээний мөнгөнөөс гадна ажилгүй байх үеийн цалин хөлсөө нэхэмжилж байна...” гэж тус тус мэдүүлцгээв.

Дээрх мэдүүлгүүд болон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шинжлэн судалсан дараах нотлох баримтаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:

- 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-12 дахь тал);

- хохирогч Б.Э-ийн “...Сэлэнгэ захын урд байрны зогсоол дээр Д-ы хамт буугаад Сэлэнгэ зах руу орох гэж яваад явган хүний замаас гарч шороон хэсэг дээр зогсож байтал чанга чимээ гарахаар нь урагшаа харсан чинь хар өнгийн машин аймар хурдан зам руу орж ирээд намайг чиглээд явсан надтай хамт цуг зогсож байсан Д намайг татаж холдуулсан. Харин тэр машин миний зүүн хөлийг мөргөөд цааш яваад зогсож байсан машиныг мөргөсөн харагдсан. Би зүүн тийш татагдаад газар унасан. Д машинд мөргүүлээгүй газар унаагүй хажуу талд байсан гэх хоёр эмэгтэй хүн надтай хамт цуг гэмтлийн эмнэлэг дээр ирсэн. Миний зүүн хөл хугараад шагай мултраад дотогшоо эргэсэн, баруун гар зөөлөн эдийн гэмтэлтэй гэсэн. Гэмтэл согог судлалын үндэсний төвд ирж зүүн хөлийн хагалгаанд орсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал);

- Иргэний нэхэмжлэгч Б.Б-ийн : “...2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ажлаа тараад Сэлэнгэ захын замын зүүн талаар явган хүний зам дээр 17 цаг 30 минутын орчим явж байтал ард хүчтэй чимээ гарсан, эргэж хартал хоёр машин хурдтай явж байгаад миний харалдаа ирээд мөргөлдөөд хоёр ойхдоо буцаж нийлээд нэг машин нь явган хүний зам дээр гарч ирээд над руу чиглээд явсан миний зүүн талд зогсож байсан Э-ийг түлхээд алхаан дунд хөлөө татах үед баруун хөлийн булчинг шүргээд би газар унасан. Тэгээд босоод ирсэн чинь урд талд явсан эрэгтэй хүний хөлийг дайрсан, цаад талд нь машин мөргөсөн байдалтай байсан. Гомдолтой байгаа, эмчилгээнд гарсан зардал дээр ажилгүй 1 сар байсан цалин 1,000,000 төгрөг энэ мөнгийг бас нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал);

Иргэний нэхэмжлэгч М.Д-ийн : “...улсын дугааргүй шар өнгийн крантай тээврийн хэрэгсэл нь 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Монгол улсад Солонгос улсаас буусан. Осол болох үед тухайн машины номер дугаарыг аваагүй зарах гэж байсан. Сэлэнгэ захын баруун талын зогсоол дээр тухайн машиныг байрлуулсан, тэр өдөр манай эгч машиныг чинь машин ирээд мөргөсөн гэж надад гар утсаар би яваад очсон чинь миний машины зүүн тал руу жижиг суудлын машин мөргөөд зогсчихсон харагдсан. Хэмжилт дууссаны дараа маргасан машиныг холдуулж үзэхэд миний машинд ямар нэгэн гэмтэл учраагүй байсан болохоор мөргөсөн машины жолоочоос эвдрэл хохирол нэхэмжлээгүй тус машиныг Солонгос улсаас монгол мөнгөөр 52,000,000 төгрөгөөр худалдан авч байсан. Ослын талаар мэдэх зүйл байхгүй. Энэ хэрэгт дахиж оролцмооргүй байна. Хэргийн материалтай танилцахгүй, шүүх хурал болбол суухгүй, ямар ч завгүй, надад буруутай жолоочид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, эвдрэл гэмтэл байхгүй учраас үнэлгээ хийлгэхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал);

- Гэрч Д.Э-ийн: “...Би ажлаа тараад Сэлэнгэ захын зам дагуу явган хүний замаар зүүн талаар нь алхаж явтал машин мөргөлдөх чимээ гарахаар нь эргээд харсан чинь машин явган хүний зам даваад ороод ирэхээр нь манай найз Б.Б намайг түлхээд бид хоёр газар унасан. Машинд мөргүүлээгүй, өмд шүргээд урдуур гараад цааш яваад машин мөргөөд зогссон. Тэгээд босоод иртэл хар хөх өнгийн машин харагдсан жолооч нь Б.А гээд байгаа залуу байсан. Надад гэмтэл учраагүй баримт байхгүй, эмчилгээ хийлгээгүй, толгой бариулсан. Надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал);

- Гэрч П.А-ын: “...Б.А бид хоёр 5 шарын баруун талын Номин агуулах дээр цуг ажил хийдэг. 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ажил 17 цагийн үед тараад гараад Б.А-ийн  цэнхэр өнгийн машинд хойд суудал дээр нь суугаад Б.А  машинаа бариад хөдлөөд Толгойтын эцэс орохоор явж байгаад нефть өнгөрөөд гэнэт хурдаа нэмээд урсгал сөрөөд унахаар нь би анхаа анхаа хурдаа багасгаач гэж хэлтэл өмнөөс хариу өгөөгүй цаашаа яваад буцаж эгнээ рүүгээ ороод урд явж байсан машины хойноос нь мөргөөд замын баруун тал руу гараад том тэрэг мөргөөд зогссон. Би машинаас бууж ирээд хартал машины хойд талд нэг эрэгтэй ах хөлөө бариад хэвтэж байгаа харагдсан. ...Б.А  уг нь намайг дуудах үед нүдээ аниагүй айхтар ухаангүй болоогүй шокт орсон хүн шиг харагдсан, хурдаа нэмээд явах үедээ. ...Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал);

- Гэрч А.Л-ийн: “...2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 17 цаг өнгөрч байхад Nissan Not маркийн *** дугаарын машиныг жолоодон Сэлэнгэ захын урд уулзвараар хойш чигт Толгойт тал руугаа эргээд явж байтал ард талаас түс гээд машиныг юм мөргөх шиг болсон. Би нүдээ аниад түс гээд зогсох шиг болсон, яав гээд машинаас буугаад харахад миний машиныг мөргөсөн машин том шар машин мөргөөд зогссон ард нь хүмүүс бужигнаад газар нэг эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэр хүнийг том машин мөргөсөн машины жолооч мөргөсөн гэсэн. Би явган замын хажуугийн хашлага мөргөсөн. Миний биед гэмтэл учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал);

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн   2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 6504 дугаартай: “...Б.Э-ийн биед зүүн шагайн үений дотор хавчаар, зүүн шилбэний тахилзуур ясны далд хугарал, баруун тохойны зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 41-43 дахь тал);

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн   2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 6747 дугаартай: “...Б.Б-ийн биед баруун хөлийн өвдөг, шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 49-50 дахь тал),

- Арвижих-Эстимейт ХХК-ийн автомашины техникийн үнэлгээний: “...нийт шууд зардлын дүн: 5,422,400 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүн: 6,252,400 төгрөг” гэх тайлан (хавтаст хэргийн 56-58 дахь тал),

- Шүүгдэгч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Төмөр зам орох гээд Содон хорооллын дотроос төв зам руу гарах гээд явж байсан. Тухайн үед хорооллын баруун урд талд байрлах гарцаар гарах гээд явж байсан, баруун гар тал руу эргэх үйлдэл хийхийн өмнө баруун тийш хартал зам чөлөөтэй байсан. Зүүн тал руугаа хартал цагаан өнгийн автомашин чигээрээ ирж явсан, түр зогсоод тухайн машинд зам тавьж өгсөн, тэгтэл мэр машин ойртон ирж зогсоод надад зам тавьж өгөхөөр нь баруун гар тал руугаа хараад баруун тийш эргээд орох үед гэнэт машины баруун урд хэсэгт нэг эмэгтэй хүн харагдсан, тоормос гишгээд зогсох үед тулаад ирсэн байсан тул эмэгтэйн баруун хөл хэсэг рүү бага зэрэг мөргөөд зогссон, тэр эмэгтэйн хөл нь урд буфер, дугуй хэсэгт хөшигдөөд газарт унасан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 78 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор энэ хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлсэн болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.

Хохирогч Б.Э-г улсын яллагчаас шүүх хуралдаанд оролцуулах саналыг гаргасан боловч хохирогч Б.Э нь “хөдөө байгаа, өнөөдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй” гэж шүүх хуралдааны тов мэдэгдэх үед илэрхийлсэн тул талуудын саналыг харгалзан шүүх хуралдааныг үргэлжлүүлэв.

1.4. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 6504 дугаар дүгнэлтээр хохирогч Б.Э-ийн биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа нь үндэслэлтэй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.А-гийн замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч тэрээр үүргээ биелүүлэлгүй эсрэг урсгал зөрж, аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.А-гийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан цагаатгах байр суурьтай оролцоно. Улсын яллагчийн гаргасан саналын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа. Б.Б, Б.Э, н.Л нарт хохирол, хор уршиг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Б.Б-ийн биед хөнгөн гэмтэл учруулсан ба хохиролд 1,000,000 төгрөг өгсөн. Мөн Б.Э-д 1,800,000 төгрөг төлсөн байгаа ба энэ нь эм тариа, эмчилгээнд зарцуулагдсан байгаа. н.Л-ийн хувьд иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа ба түүний жолоодож явсан тээврийн хэрэгслийн жинхэнэ эзэмшигч нь Жи Эс Пи капитал гэх банк бус санхүүгийн байгууллага байдаг. Хавтаст хэрэгт авагдсан хөрөнгө шилжүүлэх гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Жи Эс Пи капитал болон Б нарын хооронд байгуулсан байна. Энэ гэрээний 1.2-т “энэ гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нийт дүн бол 5,800,000 төгрөг байна” гэж заасан байдаг. Мөн гэрээний 2.2.7-д зааснаар фидуцийн зүйлийг зөвхөн барьцаалагчийн бичгээр олгосон зөвшөөрөл буюу Жи Эс Пи капиталын бичгээр олгосон зөвшөөрөл, түүний оролцоотой бусдад дамжуулан эзэмших, ашиглуулах, түрээслэх болон бусад хэлбэрээр шилжүүлэх үүрэгтэй байсан. Гэтэл Б нь энэ үүргээ зөрчиж Л гэх хүнтэй гэрээ байгуулан шилжүүлсэн байна. Гэхдээ албан ёсоор гэрээгээ байгуулж шилжүүлээгүй ба Жи Эс Пи капиталаас зөвшөөрөл авагдаагүй. Эндээс харахад хөрөнгийн үнэлгээний хувьд 6,252,400 төгрөг гэж үнэлсэн ба энэ үнэлгээ дээр элэгдэл хорогдлыг тооцсон үгүйг өмгөөлөгчийн хувьд тооцож үзэхэд 34 гэсэн дээр тооцоод бусад дээр нь тооцоогүй байна. Энэ тээврийн хэрэгслийг хуучин гэдгийг фото зургаас харахад ойлгомжтой зүйл юм. Эд хөрөнгө өмчлөх шилжүүлэх гэрээний дүн бол 5,800,000 төгрөгийн үнэлгээтэй, гэтэл энэ үнээсээ давчихсан 6,252,400 төгрөгийн үнэлгээ гарсан байна. Жишээлж хэлэх юм бол 500,000 төгрөгөөр хаалга худалдаж аваад 700,000 төгрөгийн засвар гарсан шударга бус үнэлгээ гарсан хэдий ч Б.А  нь 5,000,000 төгрөгийг 05 дугаар сарын 04-нд буюу осол гарснаас хойш 7 хоногийн дараа шилжүүлээд өгчихсөн. Гэм буруугийн асуудал дээр болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, хөнгөмсгөөр найдсан асуудал яригддаг. Үүнийг өмгөөлөгчийн хувьд ийм асуудал байхгүй юм аа гэж үзэж байгаа. Эмчийн хяналтад ороод эсхүл групп тогтоогдоод эсхүл жолоодох эрхийн үнэмлэхгүй байж байгаад энэ ослыг гаргаагүй. Хавтаст хэрэгт түүнийг группт байдаг гэсэн баримт ч мөн авагдаагүй. 2009 онд 16 настай байх үедээ толгой нь өвддөг байсан ба үүнээс хойш эмчилгээ хийлгээд дахиж толгой нь өвдөж байгаагүй. Сая осол болох үед машины урдуур нь хүүхэд гүйж гарснаас хойш жолоодлогоо алдаад, ямар нэгэн арга хэмжээ авч чадалгүйгээр урдах машинаа мөргөсөн. Хохирол, хор уршгийг шүүгдэгч Б.А  нь хүлээн зөвшөөрч байгаа. Цаашид гарах хохирлыг нотлох баримтаа бүрдүүлээд нэхэмжилсэн тохиолдолд төлнө гэж мөрдөн байцаалтын шатнаас эхлэн илэрхийлж ирсэн. Тийм учраас эдгээр хүмүүст учирсан хохирол хор уршгийг төлнө...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлтдээ шүүгдэгч Б.А нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа гэнэт урдуур нь хүүхэд гүйснээс болоод шокт орж энэ хэргийг ухамсаргүйгээр үйлдсэн мэтээр тайлбарлаж байх боловч шүүх түүний дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзсэн болно. Учир нь, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Б.А нь гэнэт хурдаа нэмэн эсрэг урсгал руу орсон, буцаж эгнээндээ орохдоо урдаа яваа тээврийн хэрэгслийн араас мөргөсөн, улмаар жолоодлого алдан явган хүний гарцаар явж байсан явган зорчигчдыг гэмтээсэн, эцэст нь замын хажууд зогсож байсан тов оврын тээврийн хэрэгслийг мөргөж зогссон нөхцөл байдал хөдөлбөргүй тогтоогдсон юм. Ялангуяа, энэ үйл баримтын талаар шүүгдэгч Б.А-гийн машинд сууж явсан гэрч П.А маш тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэгт “...тэдний урдуур гэнэт хүүхэд гүйсэн...” гэх нөхцөл байдал огт тусгагдаагүй байдаг.

Хэрэв шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаачлан шүүгдэгч Б.А нь тээврийн хэрэгслээ жолоодож явах үед нь урдуур нь хүүхэд гүйсний улмаас шокт орсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхгүй байх ёстой. Харин шүүгдэгч Б.А нь шүүхэд гаргасан мэдүүлэгтээ “...хүүхэд урдуур нь гүйснээс болж шокт орсон гэх боловч хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн...” гэдгээ бас хэлсэн нь хэрэгт цугларсан бусад баримтаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрт яллах үндэслэл болгосон болно.

Нөгөө талаас, шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч Б.А-гийн эрүүл мэндийн байдалтай холбогдуулан осол гарах үед ухаан балартсан мэтээр хууль зүйн дүгнэлт гаргасантай холбогдуулан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дугаар зүйлийн а/ заалтад зааснаар жолоочид хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглодог болохыг тайлбарлах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, жолооч хориглолтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн тохиолдолд өвчтэй байсан гэдгээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүйг мөн дурдах нь зүйн хэрэг.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч Б.А нь замын хөдөлгөөнд оролцохдоо эсрэг урсгал зөрж, аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас энэ гэмт хэрэг гарсан гэж шүүх дүгнэв.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Аг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Хохирол, хор уршиг

Улсын яллагч: “...Ослын улмаас хохирогч Б.Э 1,961,310.0 төгрөг нэхэмжилснээс 1.605.000 төгрөгийг төлсөн, 356310 төгрөгийн төлөх төлбөртэй, иргэний нэхэмжлэгч Б.Б-д 1.000.000 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч А.Л-д 6.000.000 төгрөг төлсөн, 1.652.400 төгрөгийн төлөх төлбөртэй байна. Иргэний нэхэмжлэгч А.Л болон хохирогч Б.Э нар нь цаашид гарах энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай...” гэв.

Шүүгдэгч Б.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Э нь 1,961,310 төгрөгийг нэхэмжилснээс 1,605,000 төгрөгийг төлсөн, иргэний нэхэмжлэгч А.Л-ийн тээврийн хэрэгсэлд 6,252,400 төгрөгийн хохирол учирснаас 5,000,000 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч Б.Б-д 1,000,000 төгрөг төлсөн байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 409 дүгээр зүйлийн 409.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510.1 дүгээр зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-гаас нийт 1,608,710 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Э-д 356,310 төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Л-д 1,252,400 төгрөгийг тус тус олгож, хохирогч Б.Э цаашид хийлгэх эмчилгээний талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг зааж, шүүгдэгч Б.А нь иргэний нэхэмжлэгч Б.Б, иргэний нэхэмжлэгч М.Д нарт төлөх төлбөргүй болсныг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч иргэний нэхэмжлэгч А.Л-ийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн өмчлөл болон үнэлгээтэй холбоотой асуудлаар маргасан бөгөөд шүүх тэдний мэтгэлцээнийг үндэслэлгүй гэж үзэв. Тодруулбал, иргэний нэхэмжлэгч А.Л нь унаж явсан тээврийн хэрэгслээ зээлээр худалдан авсан байх бөгөөд зээлийн харилцаатай холбоотой тээврийн хэрэгслийн эзэмшигчийн бүртгэл банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байгаа нь түүний өөрт учирсан гэм хороо нэхэмжлэх эрхийг нь хязгаарлах үндэслэл болохгүй. Үнэлгээний тухайд, хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн үнэлгээг няцаан үгүйсгэх хангалттай үндэслэлийг шүүгдэгч талаас гаргасангүй. 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, тухайн зүйл ангид эрх хасах нэмэгдэл ял заагаагүй боловч улсын яллагчийн зүгээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээх саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгчийн хувьд ажил хийдэг ч цалингийн зээлтэй, хохирлыг төлөхгүй гэж хэлээгүй, учирсан хохирлыг цаашдаа баримтын хүрээнд төлөхөө илэрхийлсэн. Шүүгдэгчийн хувьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, төлөв даруу зэргийг харгалзаж үзнэ үү, эрүүгийн хариуцлагын хувьд цагаатгах байр суурь дээрээ хэвээрээ тул санал хэлэхгүй...” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 106 дахь тал), жолоочийн лавлагаа (хавтаст хэргийн 107 дахь тал), авто тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл (хавтаст хэргийн 108 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 109 дэх тал), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 110 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 111 дэх тал), зээлийн мэдээллийн лавлагаа (хавтаст хэргийн 112 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 113 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлов.

Шүүх гэм буруугийн хэлбэр, хэргийн нөхцөл байдал, улсын яллагчийн дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлөгдөөгүй нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу болон хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг нийгэмшүүлэх хийгээд цээрлүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ.

Улсын яллагч торгох ял оногдуулах санал гаргасныг шүүх гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирохгүй байна гэж үзлээ. Учир нь, шүүгдэгч Б.А нь хурдаа огцом нэмж урсгал сөрсөн, урдаа яваа тээврийн хэрэгслийг мөргөсөн, явган хүний замаар зорчиж явсан явган зорчигч нарыг гэмтээсэн, замын хажууд зогсож байсан тээврийн хэрэгслийг мөргөсөн зэргээс үзвэл гэмт хэргийн нийгмийн аюул өндөр байсан гэж үзэхээр байна. Ялангуяа, явган хүний замаар явж байгаад мөргүүлсэн явган зорчигчийн тухайд илүү ноцтой аюул бий болгосон байгааг, мөн бусдад учруулсан хохирлоо бүрэн төлөөгүй байгааг тус тус харгалзан торгох ял оногдуулах боломжгүй гэж үзсэн болно.

Жич: Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруутайд тооцогдсон үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг дээрдүүлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүйг дурдах нь зүйтэй.

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээх нь зүйтэй.

​​​​​​​Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.*** овгийн Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.А-гийн биечлэн эдлэх 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас заасан газарт эдлүүлэхээр тогтоосугай.

4.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Б.А-д сануулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6.Шүүгдэгч Б.А-гийн В ангиллын 897188 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд хүргүүлсүгэй.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 409 дүгээр зүйлийн 409.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510.1 дүгээр зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-гаас нийт 1,608,710 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Э-д 356,310 төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Л-д 1,252,400 төгрөг тус тус олгож, хохирогч Б.Э цаашид хийлгэх эмчилгээний талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг зааж, шүүгдэгч Б.А нь иргэний нэхэмжлэгч Б.Б-д 1,000,000 төгрөг төлсөн, тэрээр гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг гаргасан, иргэний нэхэмжлэгч М.Д нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг гаргасныг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА