Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2019/00684

 

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2019/00684

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Л.Д-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Д-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 6.150.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, хариуцагч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 5 сард хариуцагч Д.Д нэхэмжлэгч Л.Дтай уулзаж яаралтай мөнгөний хэрэг гараад 6.150.000 төгрөг зээлүүлээч удахгүй буцааж өгнө гэсэн. Д.Д зээлсэн мөнгөө барилгад хөрөнгө оруулж, 2-3 дахин нэмэгдүүлнэ. Барилгын компанийн ажил найдвартай учраас би зээлсэн мөнгөө тохирсон хугацаанд төлнө гэсэн. Л.Дд зээлэх мөнгө байгаагүйгээс охиноосоо мөнгө авч, Д.Дэд зээлсэн. Д.Д тохирсон хугацаанд зээлсэн мөнгөө өгөөгүй, Л.Дтүүнээс удаа дараа зээлсэн мөнгөө шаардсан боловч өгөөгүй. Д.Д Л.Дд барилгын хөрөнгө оруулалт бүтэлгүй болж дампуурсан. Цаашлаад залилангийн гэмт хэрэг болж, хүмүүс цагдаа, шүүхэд хандаж байна. Та надаас мөнгө авах гэж байгаа бол энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад ханд гэсэн. Л.Дөндөр настай учраас охин н.Байгалмааг Солонгосоос ирэхээр нь Д.Дтэй тооцоо нийлсэн баримт үйлдсэн. н.Байгалмаа ээжийнхээ өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зарим нэг зүйлийг буруу бичиж, балласан байдаг. Иймд Д.Дээс 6.150.000 төгрөг гаргаж Л.Дд олгож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 6.150.000 төгрөгийг хариуцахгүй. Би Л.Даас мөнгө зээлж аваагүй, н.Байгалмаагийн хүсэлтээр мөнгө тушаасан. Хэн нэгэн хүн надаас юм гуйхад би тэр хүнтэй ижил сонирхолтой байснаар гуйлтыг нь хүлээн авч, биелүүлсэн. Энэ үүднээс би н.Байгалмаагийн тушаагаад өгөөч гэсэн мөнгийг авч, тушаасан. Мөнгө тушааж бүртгүүлэхэд цаг хугацааны асуудлаас болоод би н.Наранчимэг гэх хүний дансаар мөнгө шилжүүлсэн. Би Л.Даас мөнгө зээлсэн гэж гарын үсэг зураагүй. 10 сарын 12-ны өдөр н.Байгалмаа намайг чи надаас 6.150.000 төгрөг зээлж авсан гэсэн бичиг хийж өг гэсэн. Би 6.150.000 төгрөг авсан гэдгээ зөвшөөрч, бичиг хийж өгсөн. Би авсан мөнгөө н.Наранцэцэгийн дансаар Лимитлисс бридж барилгын компанид хөрөнгө оруулалтын ХХК-д хөрөнгө оруулсан баримтыг нь үзүүлж байсан. Түүнээс өмнө Л.Днадтай нэг ч удаа холбогдож мөнгө өг гэж шаардаж байгаагүй. Энэ явдлаас хойш хэдэн сарын дараа намайг 6.150.000 төгрөг зээлсэн гэж гүтгэж байна гэв.

 

 Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Днь хариуцагч Д.Дэд холбогдуулж, зээлийн гэрээний үүрэгт 6.150.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, нэхэмжлэгчийн охины даалгаврыг гүйцэтгэсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

   Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

   Хариуцагч Д.Д нь 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч Л.Дын гэрт очиж, 6.150.000 төгрөг хүлээн авсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй. Харин уг хүлээн авсан мөнгөний зориулалтын талаар маргаж байна.

 Тодруулбал, нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэслэлээ ...би өөрийн охин Л.Байгалмаагаас 6.150.000 төгрөгийг шилжүүлэн авч Д.Дэд зээлсэн боловч тэрээр буцааж өгөхгүй байна гэж, хариуцагчийн зүгээс өөрийн татгалзлаа ...би нэхэмжлэгчийн төрсөн охин Л.Байгалмаагийн хүсэлт, даалгаврын дагуу 6.150.000 төгрөгийг сүлжээний бизнест оруулсан болохоос мөнгийг зээлж аваагүй гэж тус тус тайлбарлалаа.

Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.  

Хэдийгээр хариуцагчийн зүгээс ...би Л.Байгалмаагийн даалгаврыг гүйцэтгэсэн гэсэн тайлбарыг гаргасан боловч хариуцагч Д.Д, нэхэмжлэгчийн охин Л.Байгалмаа нарын хооронд даалгаврын гэрээний харилцаа үүссэн болох нь хэрэгт цугларсан баримтаас шууд харагдахгүй байхаас гадна Л.Байгалмаа нь хэргийн зохигч биш тул шүүхээс энэ талаар дүгнэлт өгөх хангалттай баримт байхгүй байна.

Нэхэмжлэгч нь мөнгө шилжүүлэн өгсөн тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна. Хэдийгээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан боловч гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр эсэх нь гэрээний харилцаа үүссэн эсэхэд ач холбогдолтой байна.

Мөнгө шилжүүлэн өгсөн үйлдэл бүрийг зээлийн гэрээ гэж дүгнэх нь учир дутагдалтай.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Хүсэлт зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан бөгөөд хариуцагчийн мөнгө зээлдэх хүсэл зоригийг нэхэмжлэгч хүлээн авч шилжүүлснээр зээлийн гэрээний харилцаа үүсчээ гэж дүгнэх боломжтой боловч энэ тохиолдолд хариуцагчийн хүсэл зориг нь мөнгө зээлж авах байсан гэж дүгнэх боломжгүй байна.

Түүнчлэн хариуцагчийн мөнгө хүлээж аваад хийсэн үйлдэл зэргээс мөн нэхэмжлэгч хариуцагч нарын даалгаврын гэрээний харилцаа үүсчээ гэж дүгнэх ч учир дутагдалтай байна.

Гэхдээ хариуцагч Д.Д нь ямар нэгэн хүсэл зориг илэрхийлээгүй боловч нэхэмжлэгч Л.Даас 6.150.000 төгрөгийг хүлээн авсан талаар маргахгүй байх тул шүүхийн зүгээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу хөрөнгө олж авсан этгээд Д.Д, мөнгө шилжүүлсэн Л.Днарын хооронд үүрэг үүсээгүй тул шилжүүлэн өгсөн мөнгөө нэхэмжлэгч буцаан шаардах эрхтэй гэж дүгнэлээ.

Энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Д.Дээс 6.150.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид Л.Дт олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Дээс 6.150.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Дт олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Дээс 113.350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Дт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Ч.МӨНХЦЭЦЭГ