Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2019/00111

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандахыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 41 дүгээр байрны 12 тоотод оршин суух, эмэгтэй, 49 настай, ЧР69112306 регистртэй, Цагаад овогт Дэмчигийн Оюун-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж-42, өөрийн байранд байрлах Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам /цаашид УБТЗ ХНН гэх/-д холбогдох,

Эрүүл мэндийн тухай хуулийн 29.7 дахь хэсгийг УБТЗ-ын төв эмнэлэгт хэрэгжүүлэхийг даалгах, 2018 оны эдлээгүй нэмэгдэл 5 хоногийн амралтыг эдүүлж, 336,040 төгрөгийн нөхөн олговор олгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Батбаатар, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо, Ц.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие хөдөлмөрийн хугацаагүй гэрээний дагуу УБТЗ төв эмнэлэгт 1993 оноос хойш шүдний их эмчээр ажиллаж байна. 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Монгол улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7 дахь хэсэгт Эрүүл мэндийн ажилтанд ажилласан 5 жил тутамд нь Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон ээлжийн амралтын үндсэн болон нэмэгдэл амралт дээр нь 1 өдрийн нэмэгдэл амралт олгоно гэж заасан байх ба, энэ заалт өнөөдрийг хүртэл УБТЗ ХНН, УБТЗ-ын Төв эмнэлэгт хэрэгжээгүй, хууль зөрчигдөж ирсэн. УБТЗ ХНН-ийн дүрмийн 2-т тус нийгэмлэг нь өөрийн үйл ажиллагааг БНМАУ-ын хууль, дүрэмд зохицуулж гүйцэтгэх бөгөөд, Монгол улсын байгууллагуудын эдлэх бүх эрх хангалтыг эдлэнэ гэж заасан. УБТЗ-ын Төв эмнэлгийн дүрмийн 1.4-т төв эмнэлэг нь үйл ажиллагаандаа Монгол улсын холбогдох хууль тогтоомж, Зам тээвэр, эрүүл мэнд, спортын яам, бусад холбогдох газруудын болон Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ-ын даргын гаргасан тушаал, шийдвэр, дүрэм, журмыг удирдлага болгон ажиллана гэж заажээ. УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа, УБТЗ-ын Төв эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн хороо болон Монголын төмөр замчдын ҮЭ-ийн холбооны хөдөлмөрийн маргаан таслах комисст удаа дараа хандсан боловч энэ асуудлыг шүүхээр шийдүүл гэсэн хариу ирсний дагуу шүүхэд нэхэмжлэл гарган, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.7 дахь хэсгийг УБТЗ-ын Төв эмнэлэгт хэрэгжүүлэхийг УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа, УБТЗ-ын Төв эмнэлгийн дарга С.Еркегүлд даалгах, 2018 оны миний эдлээгүй нэмэгдэл амралтын хоног болох 5 хоногийн амралтыг эдлүүлэн 336,040 төгрөгийн нөхөн олговрыг олгуулж өгнө үү. Би анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хууль хэрэгжүүлэхийг дарга нарт даалгах гэж шаардсан хэдий ч удирлага нь нэг учраас УБТЗ ХНН миний нэхэмжлэлийг хариуцах ёстой. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмнөх шүүхийн шийдвэрийг буруу ойлгож байна гээд ярилаа. Миний ойлгосноор шүүх "УБТЗ-ын Төв эмнэлэгт Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7-т заасан заалтыг хэрэгжүүлэхийг даалгахгүй. Хэрвээ таныг амралтыг дутуу өгөх юм бол шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж "УБТЗ"-ын Төв эмнэлэгт нэмэгдэл амралтаа олгуулахыг даалгуулах ёстой гэж хэлсэн учраас нэхэмжлэлийн 2 шаардлага гаргасан гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Батбаатар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

"УБТЗ" ХНН-ийн харьяа эмнэлэг болох "УБТЗ"-ын Төв эмнэлэгт Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7-д Эрүүл мэндийн ажилтанд ажилласан 5 жил тутамд нь Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон ээлжийн амралтын үндсэн болон нэмэгдэл амралт дээр нь 1 өдрийн нэмэгдэл амралт олгоно гэж заасны дагуу нэхэмжлэл гаргасан. Хариуцагч талаас хэд хэдэн татгалзлыг өгч байна. Нэгдүгээрт: "УБТЗ" ХНН нь улсын бүртгэлд хуулийн этгээдийн бүртгэлтэй. "УБТЗ-ын Төв эмнэлэг нь УБТЗ" ХНН-ийн харьяа байгууллага учраас хариуцлага хүлээх субъект биш гэж үзэж байна. Хоёрдугаарт "УБТЗ"-ын Төв эмнэлэг нь эрүүл мэндийн байгууллагад хамаарахгүй, зөвхөн төмөр замын ажилчдад үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс нэхэмжлэгч Д.О эрүүл мэндийн байгууллагад ажилладаггүй гэж байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 эрүүл мэндийн байгууллага гэж хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилго, үндсэн чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг гэж хэлнэ. "УБТЗ"-ын Төв эмнэлэг нь иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, нэгдсэн эмнэлэг гэдэг статустай учраас хуулийн этгээдийн эрхтэй эрүүл мэндийн байгууллага мөн. Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6. эрүүл мэндийн ажилтан гэж эмнэлгийн мэргэжилтэн болон эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа бусад ажилтныг хэлнэ гэж заасан. Д.О нь анаагах ухааны дээд мэргэжилтэй, эмчлэх эрхийн лицензтэй, клиникийн профессор. Үүгээр нэхэмжлэгчийг эрүүл мэндийн салбарын ажилтан биш, "УБТЗ" ХНН ажилтан гэх татгалзал үгүйсгэгдэж байна. "УБТЗ" ХНН-ийн ажилтан бусад эрүүл мэндийн салбарт ажилладаг ажилчдаас илүү цалин, урамшуулал авдаг учраас 336,040 төгрөгийг олгох боломжгүй гэсэн тайлбарт: Хөдөлмөрийн тухай хууль нь цалингийн доод хэмжээг тогтоодог болохоос цалингийн дээд хэмжээнд хязгаар тавьдаггүй. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон хэмжээнээс дээш цалин олгох нь ажил олгогч болон ажилтнуудын хооронд байгуулсан гэрээгээр тодорхойлогдоно. Д.О нь "УБТЗ"-ын Төв эмнэлэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу цалин авч, хамтын гэрээнд тодорхойлогдсоны дагуу нэмэгдэл, цалин урамшуулал олгосноор Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7-д заасан заалтыг хэрэгжүүлэхгүй байх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл "УБТЗ" ХНН-д энэ заалтыг хэрэгжүүлэхгүй байх үндэслэл нь үүгээр үгүйсгэгдэж байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1929 дугаар шүүхийн шийдвэрт энэ асуудлыг хянан хэлэлцэж эрх нь зөрчигдөөгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. "УБТЗ"-ын Төв эмнэлэгт Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7-д заасан заалт хэрэгжихгүй байх цаг мөчөөс эхлэн "УБТЗ"-ын Төв эмнэлэгт ажиллаж байгаа ажилчдын эрх нь зөрчигдсөөр байна. Нэгэнт эрх нь зөрчигдсөөр байгаа бол шаардлага гаргах эрхтэй. Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7 нь Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон нэмэлт амралт, шагнал урамшуулал олгосноос үл хамаарч 1 өдрийн нэмэгдэл олгоно гэж зохицуулсан. Энэхүү заалт нь зайлшгүй хэрэгжих ёстой. Өнөөдөр Монгол улсад хэрэгжиж байгаа хуулиудын адил тэгш үйлчлэх ёстой. Хамтын гэрээнд энэ талаар тусгаагүй ба хөдөлмөрийн дотоод харилцаагаар зохицуулдаг. Хамтын гэрээнд тусгаагүй байх нь хуулиас илүү хүчин төгөлдөр байна гэж байхгүй. "УБТЗ" ХНН нь 2 улсын хамтарсан байгууллага ба хамтын хэлэлцээрт тусгайлан заасан асуудлаас бусад тохиолдолд Монгол улсын хуулийг дагаж мөрдөнө гэж заасан. Нэхэмжлэгч Д.Отэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлнэ гэж заасан байна. Эрүүл мэндийн тухай хууль нь одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо, Ц.Нарантуяа нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

УБТЗ-ын Төв эмнэлэг нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйл, Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны Хамтын гэрээний 4.7 дахь заалтын дагуу ээлжийн амралтын үндсэн болон нэмэгдэл амралтыг олгодог. Их эмч Д.О 2017.7.01-2018.7.01-ний ээлжийн амралтыг 2018.8.16-2018.9.21-ний өдрүүдэд Хөдөлмөрийн тухай хуулийн 79.5.5-д заасны дагуу үндсэн амралт 15 хоног, нэмэгдэл 11 хоногийн амралт, нийт 26 хоног авч, биеэр эдэлсэн. Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.4-т эрүүл мэндийн байгууллага гэж хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилго, үндсэн чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг, мөн зүйлийн 3.1.6-д эрүүл мэндийн ажилтан гэж эмнэлгийн мэргэжилтэн болон эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа бусад ажилтныг гэж тус тус заасан.

Хуулийн дээр дурдсан зохицуулалт нь Эрүүл мэндийн байгууллага гэсэн бие даасан хуулийн этгээдийн ажилтны эрх зүйн харилцааг зохицуулсан зохицуулалт бөгөөд, УБТЗ-ын Төв эмнэлэг нь бие даасан хуулийн этгээд биш бөгөөд, төмөр замын ажилтнуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэгл, УБТЗ ХНН-ийн нэг салбар нэгж юм. УБТЗ-ын даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А-255 тоот тушаалын хавсралтаар батлагдсан УБТЗ-ын Төв эмнэлгийн дүрэм-ийн 1.1-д Төмөр замчдын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх үндсэн чиг үүрэг бүхий УБТЗ-ын салбар байгууллага юм гэж тодорхойлсноор УБТЗ-ын Төв эмнэлэг нь бие даасан хуулийн этгээд биш болох нь, мөн зөвхөн төмөр замчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг болох нь тогтоогдож байна. Иргэний хуулийн 29.6-д хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна гэж заасан тул Эрүүл мэндийн тухай хуулийн зохицуулалтад хамаарахгүй.

Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг Засгийн газрын тогтоолоор баталж мөрдүүлдэг бөгөөд, энэ тогтоолын дагуу нэгдсэн эмнэлгийн их эмч нар цалинждаг. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Засгийн газрын 2018 оны 264 дүгээр тогтоолоор их эмч нар үндсэн цалин 685,705 төгрөг байдаг бол манай их эмч нар 958,850 төгрөг, үүн дээр нэмэгдэл, шагналт цалинг оруулан тооцоход сар бүр нийт 1,300,000-1,400,000 төгрөгийн цалин хөлс авдаг бөгөөд, бусад эмнэлгийн байгууллагуудын эмч нартай харьцуулахад УБТЗ-ын Төв эмнэлгийн эмч нарын цалин хөлс 2 дахин өндөр байдаг.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1929 дугаартай шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нь УБТЗ-ын Төв эмнэлэгт холбогдох, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.7 дахь хэсгийг УБТЗ-ын Төв эмнэлэгт хэрэгжүүлэхийг даалгах, 2018 оны нэмэгдэл 5 хоногийн амралтыг эдлэх, 336,040 төгрөгийг нөхөн гаргуулах тухай 2 шаардлагатай нэхэмжлэл гаргасан. Шүүх нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр хэрэгсэхгүй болгосон. Эхний нэхэмжлэлийн шаардлагыг УБТЗ-ын Төв эмнэлэгт холбогдох, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.7 дахь хэсгийг УБТЗ-ын Төв эмнэлэгт хэрэгжүүлэхийг даалгах нь шүүхийн шийдвэрлэх асуудал биш байна гэдэг үндэслэлээр тогтоогоод өгсөн. Дээрх хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, эрх нь зөрчигдсөн тохиолдолд тухай бүр шүүхэд хандах эрх нь нээлттэй гэсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хүчинтэй хэвээр байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь хууль хэрэгжүүлэхийг хариуцагчид даалгах асуудлаар шүүхэд хандах эрхгүй этгээд юм. Энэ асуудал нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд хамаарахгүй ба Иргэний хуулийн хүрээнд шийдвэрлэгдэх эсэх нь эргэлзээтэй. Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7 дахь хэсэгт заасан заалтыг Үйлдвэрчний эвлэл, хамтын маргаан шийдвэрлэх тохиолдолд энэ асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй зохицуулалт. Тиймээс тус заалтыг хэрэгжүүлэхийг даалгах тухай шаардлага нь бүхэлдээ үндэслэлгүй. Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагын тухайд нэхэмжлэгчийн 2018 оны ээлжийн амралтын олговорт 1,570,005 төгрөг олгосон. Энэ нь 26 хоногийн амралтын мөнгө. Нэг өдрийн цалин нь 60,664.30 төгрөг. Үүнийг 5 хоногоор үржүүлж үзвэл 330,020 төгрөг байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч УБТЗ ХНН-т холбогдуулан, Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлэхийг даалгах, 2018 онд эдэлбэл зохих 5 хоногийн нэмэгдэл амралтыг эдлүүлж, 336,040 төгрөгийн нөхөн олговор олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч УБТЗ ХНН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, УБТЗ-ын Төв эмнэлэг нь хуулийн этгээд биш УБТЗ ХНН-ийн салбар байгууллага бөгөөд, бие даасан эмнэлгийн байгууллага биш учир Эрүүл мэндийн тухай хууль хамаарахгүй, мөн тус эмнэлгийн ажилчид бусад эмнэлгийн ажилтнуудтай харьцуулахад илүү хангамж эдэлдэг ба УБТЗ ХНН-ийн дүрэм, Төмөр замын тээврийн тухай хуулиар зохицуулагддаг, зөвхөн ажилтнууддаа үйлчилдэг онцлог зохицуулалттай байгууллага тул нэмэлт амралт олгох үндэслэлгүй гэж, түүнчлэн, Д.О нь хариуцагч байгууллагад холбогдуулан тус эмнэлэгт ажиллаж байгаа бусад ажилчдыг төлөөлөн хууль хэрэгжүүлэхийг даалгахаар шаардах эрхгүй этгээд хэмээн тайлбарлаж маргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэжээ.

Д.Оюун-Эрдэнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд заасны дагуу 2018 оны ээлжийн амралтыг 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 9 дүгээр сарын 21-ний өдрүүдэд үндсэн амралт 15 хоног, нэмэгдэл 11 хоногийн амралт, нийт 26 хоногийн амралт авч биеэр эдэлсэн талаар ажил олгогч тайлбарласан бөгөөд, нэхэмжлэгч нь 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаад, мөн өдрөө УБТЗ ХНН-ийн маргаан таслах комисст тус тус өргөдөл гаргаж, хариуцагч байгууллагын Хууль зүйн албанаас 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ...уг маргааныг маргаан таслах комиссоор шийдвэрлүүлэх нь зүйтэй... гэх хариуг, харин Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ...хөдөлмөрийн маргаан таслах комиссын хуралдаанаар тухайн асуудлыг хэлэлцэх боломжгүй байгаа тул шүүхэд хандаж гомдлоо барагдуулахыг уламжилж байна... гэсэн хариу гаргасны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах хугацаа хэтрүүлээгүй байна. /хх 8-13/

Шүүх дараахь үндэслэлээр Д.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагаас 2018 онд эдлэвэл зохих 5 хоногийн нэмэгдэл амралтыг эдлүүлж 336,040 төгрөгийн нөхөн олговор олгуулах тухай шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс хариуцагч УБТЗ ХНН-т Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлэхийг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.О нь 1993 оноос хойш хариуцагч УБТЗ ХНН-ийн УБТЗ-ын Төв эмнэлэгт шүдний их эмчээр ажиллаж байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдох бөгөөд, 2018 онд Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт зааснаар үндсэн амралт ажлын 15 өдөр, мөн хуулийн 79.5.5 дахь хэсэгт зааснаар нэмэгдэл ажлын 11 өдөр, нийт 26 өдрийн ээлжийн амралтыг эдэлсэн, энэ талаар зохигчид маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч нь эрүүл мэндийн ажилтны хувиар Эрүүл мэндийн тухай хуулиар олгогдсон нэмэгдэл амралтыг ажил олгогчийн зүгээс эдлүүлэхгүй байгааг эс зөвшөөрч 2018 онд эдлэвэл зохих нэмэгдэл ажлын 5 өдрийн амралтыг эдлүүлж, 336,040 төгрөгийн нөхөн олговор олгуулахыг хүссэн.

Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7 дахь хэсэгт Эрүүл мэндийн ажилтанд ажилласан 5 жил тутамд нь Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон ээлжийн амралтын үндсэн болон нэмэгдэл амралт дээр нь 1 өдрийн нэмэгдэл амралт олгоно гэж заасан ба, хуулийн энэхүү заалт нь эрүүл мэндийн ажилтанд нэмэлт амралт олгох зохицуулалт юм.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу ажилласан жилээсээ хамаарч нэмэгдэл амралт авах эрх бүхий эрүүл мэндийн ажилтан гэдэг нь Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн мэргэжилтэн болон эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа бусад ажилтныг хэлэхээр томъёолсон байх бөгөөд, нэхэмжлэгч Д.О нь УБТЗ-ын Төв эмнэлгийн шүдний их эмчээр 1993 оноос хойш ажилласан, Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсэгт тодорхойлсон эмнэлгийн мэргэжилтэн байх тул тэрээр уг хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7 дахь хэсэгт заасны дагуу нэмэгдэл амралтыг эдлэх эрхтэй.

Хариуцагч байгууллагын зүгээс УБТЗ-ын Төв эмнэлэг нь бие даасан хуулийн этгээд бус, хариуцагч УБТЗ ХНН-ийн салбар байгууллага бөгөөд, Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт заасан эрүүл мэндийн байгууллага биш учраас тухайн хууль хариуцагч байгууллагын үйл ажиллагаанд хамаарахгүй гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.

УБТЗ-ын Төв эмнэлгийн дүрмийн 1.1 дэх хэсэгт: Төмөр замчдын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх үндсэн чиг үүрэг бүхий Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний технологи, чанарын шаардлага хангаж Магадлан итгэмжлэгдсэн УБТЗ-ын төв эмнэлэг нь УБТЗ-ын салбар байгууллага мөн гэж, 1.4 дэх хэсэгт: Төв эмнэлэг нь үйл ажиллагаандаа Монгол улсын холбогдох хууль тогтоомж, Зам тээвэр, Эрүүл мэнд, спортын яам, бусад холбогдох газруудын болон Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын даргын гаргасан тушаал, шийдвэр, дүрэм, журмыг удирдлага болгон ажиллана хэмээн тодорхойлж, мөн дүрмийн 2.1 дэх хэсэгт Төв эмнэлгийн үндсэн зорилтыг ...Монгол улсын эрүүл мэндийн салбарт тэргүүлэгч, дэлхийн жишигт нийцсэн эмнэлэг болох гэж зорилго болгон, дүрмийн 7.1 дэх хэсэгт: Төв эмнэлэг нь өөрийн үүрэг, явуулж байгаа үйл ажиллагааныхаа хүрээнд Монгол улсын хууль тогтоомжууд болон бусад эрх зүйн актын дагуу хариуцлага хүлээнэ хэмээн тусгаж, уг дүрмээ мөрдлөг болгон ажилладаг байна.

Хэдийгээр тус эмнэлэг нь бие даасан хуулийн этгээд биш, хариуцагч УБТЗ ХНН-ийн салбар байгууллага боловч, Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулан, Эрүүл мэндийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж магадлан итгэмжлэгдсэн талаар байгууллагын дүрэмдээ тусгасан, төмөр замын ажилчдад эмнэлгийн тусламж үйлчилгээг холбогдох стандартуудын дагуу чанартай үзүүлэх чиг үүрэг бүхий эрүүл мэндийн байгууллага гэж үзнэ.

Тиймээс эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж буй бүхий л төрлийн эрүүл мэндийн байгууллага Эрүүл мэндийн тухай хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд, тэдгээр байгууллагын ажилтан, эмнэлгийн мэргэжилтнүүд мөн хуулийг даган мөрдөж, биелүүлэх үүрэгтэй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Д.О нь 1993 оноос хойш УБТЗ-ын Төв эмнэлгийн шүдний их эмчээр 25 жил ажилласныг Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7 дахь хэсэгт заасны дагуу тооцвол 2018 онд ажлын 5 өдрийн нэмэгдэл амралт эдлэх эрхтэй байх тул түүнд хуулийн дээрх заалтын дагуу эдэлвэл зохих 5 өдрийн нэмэгдэл амралтыг эдлүүлэн, 336,040 төгрөгийн нөхөн олговор олгохыг хариуцагч УБТЗ ХНН-т даалгах нь зүйтэй.

Хариуцагч байгууллагад Эрүүл мэндийн тухай хуулийн 29.7 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Д.О нь 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр тус шүүхэд хандан, УБТЗ ХНН-т холбогдуулан, Хуулийн хэрэгжилтийг хангуулах, 2011-2017 оны нэмэгдэл амралт 22 өдрийн олговрыг нөхөн олгохыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/01929 дүгээр шийдвэрээр хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. /хх 14-17/

Дээрх шийдвэрээр нэхэмжлэгчийн одоо гаргаж буй Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7 дахь заалтыг хэрэгжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэж, ...Улаанбаатар төмөр замын Төв эмнэлэг нь Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7 дахь заалтыг цаашид хэрэгжүүлэхгүй нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж болзошгүй гэж үзэн шийдвэр гаргах үндэслэлгүй... гэж дүгнэн, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд, уг шийдвэр хүчинтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй... гэж заасны дагуу дахин нотлох, дүгнэлт хийх шаардлагагүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч Д.О нь УБТЗ төв эмнэлгийн нийт ажилчид, эмнэлгийн мэргэжилтнүүдийн өмнөөс төлөөлөн шаардах эрх олгогдоогүй байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 55 дугаар зүйлийн 55.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Оюун-Эрдэнийн УБТЗ ХНН-т Эрүүл мэндийн тухай хуулийн 29.7 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлэхийг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, түүний 2018 онд эдлээгүй нэмэгдэл 5 хоногийн амралтыг эдлүүлэн, 336,040 төгрөгийн нөхөн олговор олгохыг хариуцагч УБТЗ ХНН-т даалгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80,931 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 10,731 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2019/00111

Улаанбаатар хот