Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1215

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр, улсын яллагч Б.Ундрах, шүүгдэгч Ж.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 1086 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***овгийн Ж.Г , 1986 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, *** тоот хаягт оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд нь

2011 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт зааснаар 20 жилийн хугацаагаар тогтоож,

2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 208 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлж, 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 239 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 жил 1 сар 3 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан.  

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ж.Г нь 2022 оны 05 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүрэгт байрлах орон сууцанд хамтран амьдрагч Ө.Д-ыг шалтаг шалтгаангүйгээр гар, хөлөөрөө цохиж, зодон, мөн заазуураар толгойн тус газарт нь цохиж биед нь “духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шагайн үенд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, баруун хацар, мөрөнд цус хуралт, хүзүү, баруун даланд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол,

Мөн дээрх үйлдлийг салгах оролдлого хийсэн хохирогч М.Н-ийн зүүн хацарт заазуураар зүсэж биед нь “зүүн хацрын төвгөрт сорви” гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, мөн 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, ***овгийн Ж.Г  нь 2022 оны 05 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүрэгт байрлах орон сууцанд хамтран амьдрагч Ө.Д-ыг шалтаг шалтгаангүйгээр гар, хөлөөрөө цохиж, зодон, мөн заазуураар толгойн тус газарт нь цохиж биед нь “духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шагайн үенд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, баруун хацар, мөрөнд цус хуралт, хүзүү, баруун даланд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол, мөн дээрх үйлдлийг салгах оролдлого хийсэн хохирогч М.Н-ийн зүүн хацарт заазуураар зүсэж биед нь “зүүн хацрын төвгөрт сорви” гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, мөн 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

​​​​​​​1.2. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, хохирогч М.Н-аас тус дүүргийн цагдаагийн байгууллагад гаргасан “...Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 53 дугаар байрны 132 тоотод бусдад зодуулж, заазуурдуулсан ...” тухай гэмт хэргийн талаарх гаргасан гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1-2 дахь тал), хохирогч Ө.Д-ын “...2022 оны 02 дугаар сард Ж.Г над руу гэнэт холбогдож эхлээд чаталдаг байж байгаад түүнээс хойш найзалж, нөхөрлөж хааяа тэрэлжид очиж амарч байна гэж хэлсэн... намайг тэрэлжид хүрээд ир гэж хэлсэн бөгөөд би үеэл М.Н-г гуйгаад ...намайг тэрэлж хүргээд өг гэж хэлэхэд удалгүй М.Н манайд машинтайгаа ирсэн. Гэтэл Ж.Г “би хот руу явах боллоо, удахгүй очно” гэж хэлэхээр нь М.Н бид хоёр болиод, хоёр том пиво хувааж уугаад шөнийн 00 цаг өнгөрөөд бүгдээрээ газраар унтаж байхад 01 цаг орчмын үед гаднаас ганцаараа согтуу орж ирээд, шууд намайг үснээс зулгаагаад, өшиглөөд, цохиод байсан... тэгээд М.Н намайг өмөөрөөд Ж.Г-тэй барьцалдаад, зодолдоход Ж.Г тавиур дээр байсан ногоон өнгийн иштэй заазуураар М.Н-ийн зүүн хацрыг зүссэн. Тэгээд би салгах гэтэл тухайн заазуурынхаа ирээр миний толгой тус газар нэг удаа цохичихсон... Миний нүүр хөхөрч хавдсан, толгой хагарсан, бие энд тэнд хөхөрч няцарсан байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 6708 дугаартай “...Ө.Д-ын биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шагайн үенд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, баруун хацар, мөрөнд цус хуралт, хүзүү, баруун даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт  (хавтаст хэргийн 30-31 дэх тал),

-Хохирогч М.Н-ийн “...2022 оны 05 дугаар сарын 03-ны орой 22 цагийн орчимд үеэл Ө.Д залгаад “хоёулаа тэрэлж рүү явчхаад ирье, очиж найзыгаа авч ирмээр байна” гэж хэлэхээр нь би Ө.Д-ын ...байранд нь ирсэн. Гэтэл Ө.Д явахаа больчихлоо гэж хэлэхээр нь тэгвэл хоёулаа пиво ууя гэж хэлээд ...2 том пиво уусан. Ө.Д-нх жижиг, нэг өрөө бөгөөд гурвуулаа хамт шалан дээр хамт унтацгаасан бөгөөд шөнө 1 цаг орчмын үед гэнэт хажууд чимээ гарахаар нь сэргэтэл Ө.Д-ыг нэг залуу зодоод байсан...Ө.Д-ыг зодоод байсан залууг Ж.Г гэдэг юм билээ. Ж.Г Ө.Д-ын толгой руу дэвслээд байхаар нь салгах гэтэл надтай хардаад миний толгой руу хэд хэдэн удаа өшиглөөд, тавиур дээр байсан заазуураар миний зүүн хацрыг зүссэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),  

 -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 7405 дугаартай “...М.Н-ийн биед зүүн хацрын төвгөрт сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаг хугацааны хувьд хэдийд учирсан болохыг тогтоох боломжгүй хуучин гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал),           

-гэрч Б.Б-ийн “...Би 2022 оны 05 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө гэртээ охин Ө.Д, хамаатны хүн М.Н, хоёр бага насны хүүхдүүдтэйгээ гэртээ амарч байсан чинь манай гэрийн хаалгыг хүн нүдэхээр нь онгойлгосон чинь манай охин Ө.Д-ын танил найз Ж.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэрт орж ирээд манай хамаатны залуу М.Н-г хөлөөрөө бөгс рүү нь өшиглөөд, дараа нь охин Ө.Д-ыг үснээс нь зулгааж, толгой болон нүүр лүү нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь би М.Н-ийн хамт Ж.Г-ийг салгасан юм. Тэгсэн чинь Ж.Г нь хоолны шүүгээний тавиур дээр байсан ногоон иштэй заазуурыг шүүрч аваад М.Н-ийн хацрыг зүссэн юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 75 дахь тал) зэрэг нотлох баримтын агуулгууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Ж.Г мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар: “...Би 2022 оны 05 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүрэгт байрлах танил найз Ө.Д-ын гэрт очсон чинь гэрт нь согтуу, нүцгэн эрэгтэй хүн байхаар нь уур хүрээд Ө.Д болон М.Н нарыг зодсон юм. Би М.Н-г Ө.Д-ын хамаатан гэдгийг нь мэдэхгүй, М.Н-тай хардаад зодсон юм. Би М.Н, Ө.Д нараас уучлалт гуйсан байгаа. Эм тариа авч өгсөн зүйл байхгүй...” гэж (хавтаст хэргийн 65 дахь тал), шүүхийн хэлэлцүүлэгт “...Ө.Д намайг хорих ангид ял эдэлж байхад манай ээлжийн сувилагч байсан. Тэгээд шоронгоос гарахад бид ярилцаад хамт амьдаръя гээд тохиролцсон юм. Би 03-ны орой шөнө 12 цагт орж ирсэн чинь М.Н гэж хүнтэй хамт байсан... Сэтгэл зүйн хувьд хүнд байдалд орсон юм. Гаднаас ороод ирсэн чинь энэ хүмүүс нүцгэн байцгааж байсан... Хохирогч нарын биед хөнгөн хохирол би учруулсан” гэж мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг улсын яллагчийн шинжлэн судалсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул шүүхийн шийдвэрт яллах талын нотлох баримтаар үнэлэв.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

​​​​​​​1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.Г нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

​​​​​​​1.4. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 6708 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ө.Д-ын, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 7405 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч М.Н нарын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тус тус тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Ж.Г-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч М.Н, Ө.Д нарын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Түүнчлэн, шүүгдэгч Ж.Г, хохирогч Д.Н нар албан ёсны гэр бүлийн баталгаагүй хэдий ч, хамтран амьдрагчийн харилцаатай байсан тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “...энэ хуулийн зохицуулалтад ... хамтран амьдарч байсан...” гэж зааснаар тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болно. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Энэ хуулийн ... үйлчлэлд хамаарах хүний ... эрүүл мэндэд гэм хор учруулсан, ... үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ хэмээн тодорхойлсон, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хуульд ... заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан хууль ёсны зарчмын дагуу шүүгдэгч Ж.Г-ийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ж.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, мөн хоёр, түүнээс олон хүнийг  үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

​​​​​​​1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ж.Г-ийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Энэ ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмж нэгтгэх нийт эдлэх ялыг 3 жил 4 сар 03 хоногийн хорих ял оногдуулах ялын саналтай байна. Хохирогч хэрэгт хохирлын баримт хавсаргуулаагүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй. Энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналтай байна..” гэв.

Шүүгдэгч: Надад илүү дутуу санал гэх зүйл байхгүй. Шүүхийн шийдвэр дээр тэнсэн харгалзах ялтай бөгөөд сар болгон бүртгүүлж байсан. Надад олдох ажил бол барилгын л ажил байгаа. Би Ханбогд суманд ажиллаж байгаа бөгөөд сар болгон хотод ирж бүртгэлээ хийлгэхээр ажиллахад хүндрэлтэй байсан...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ж.Г нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 44-45 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 49 дэх тал),  байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 51 дэх тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 52 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 53 дахь тал), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (хавтаст хэргийн 54 дэх тал),  Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 55-58 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 78 дахь тал), Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 81-85 дахь тал), Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 208 дугаартай захирамж (хавтаст хэргийн 85-86 дахь тал), Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 65 дугаартай захирамж (хавтаст хэргийн 87-88 дахь тал), 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт (хавтаст хэргийн 88 дахь тал), 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас суллагдсан Ж.Г-ийн хувийн байдал, засрал хүмүүжлийн тодорхойлолт (хавтаст хэргийн 89-90 дэх тал), Багануур дүүгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 239 дугаартай захирамж (хавтаст хэргийн 90-94 дэх тал) зэрэг нотлох баримтаар шүүгдэгчийн урьд 1 удаа ял шийтгүүлж байсан, бүртгэлтэй эд хөрөнгөгүй, тээврийн хэрэгсэлгүй боловч *** ХХК-д мужаанаар ажилладаг зэрэг хувийн байдлыг тодорхойлов.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-т гурван жил, хоёр сар, гурав хоногийн хугацаагаар хорих ял шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн гэм буруу болон хувийн байдалд нь тохирсон бөгөөд гэмт этгээдийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангана гэж үзэв.

​​​​​​​2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг ногоон иштэй заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Г нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ***овгийн Ж.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, мөн хоёр хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-т 3 /гурван/ жил 2 /хоёр/ сар 3 /гурван/ хоногийн хорих ялаар шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Ж.Г-т оногдуулсан 3 /гурван/ жил 2 /хоёр/ сар 3 /гурван/ хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, нэг ширхэг ногоон өнгийн заазуурыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.

5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Г-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ж.Г-ийн эдлэх хорих ялын хугацааг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ж.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

           

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА