| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2018/04263/И |
| Дугаар | 102/ШШ2019/00135 |
| Огноо | 2019-01-08 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2019/00135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүгч З.Доржнамжин, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандахыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.М
Хариуцагч: М.Х
Эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 1,108,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.М, хариуцагч М.Х, хариуцагчийн өмгөөлөгч Д.Ганбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
М.Х нь 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр миний гэрт орон ирж намайг зодон танхайрч хөнгөн гэмтэл учруулж, мөн хаалга хонхойлгож, зурагтын дэлгэц гэмтээж, морин хуур зэргийг хугалж эвдсэн учир хохирлоо гаргуулахаар нэхэмжилсэн. Нэхэмжлэлд эрүүл мэндийн хохиролд 758,000 төгрөг, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байх үеийн мөрдөн байцаагчийн тогтоосон хэмжээгээр явж байгаа. Эрүүгийн хэргийн шүүхээс 2 үндэслэлээр хэрэг буцсан байдаг. Нэгдүгээрт: Прокурорын яллах дүгнэлтийг бүрэн гардуулаагүй, хоёрдугаарт: миний хэргийг шалгах ажиллагааг бүрэн сайн мэдэхгүй учраас эд зүйлээ үнэлүүлэх саналыг удаа дараа тавихад болно болно гэсээр эд зүйлээ үнэлүүлж чадахгүй байсаар хэрэг шүүх рүү шилжсэн. Шүүх хуралдаан дээр би энэ тухай шүүгчид хэлэхэд эд зүйлийг үнэлүүлэхээр хэргийг буцаасан. Ингээд морин хуураа үнэлүүлэхэд 350,000 төгрөгөөр үнэлж, нэхэмжлэлдээ баримтыг хавсаргаж өгсөн. Нэхэмжлэлийн үнийн дүнд 1,108,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Манай гэрийн хаалга, зурагт гэх мэт зүйлүүд эвдэрсэн ч надад нотлох баримт байхгүй тул хариуцагчаас нэхэмжлээгүй. Хариуцагч намайг зодож байхад манай ээж салгах гээд дийлэхгүй болохоороо бичлэг хийж баримтжуулсан. Бичлэгт манай ээж, бэр эгч, 7 настай охин дүү гардаг. М.Х нь манай гэрт орохдоо хаалга өшиглөж, дайрч орсон. Үзлэг хийхэд манай гэрийн тавилганы байрлалыг харахыг хүссэн. М.Х намайг хүчтэй түлхэхэд ширэээний үргэлжлэл нь хойморт байсан морин хуурыг унагаж, толгой нь хугарсан. Хариуцагч өөрт нь хохирол учирсан гэж байна. М.Х нь миний дээрээс дарж байхад би яах ёстой вэ? Хумс хуруугаараа ураад зулгаралт үүсгэсэн байхыг үгүйсгэхгүй. Хариуцагчийн баруун гарын сарвуу гэмтсэн гэж байна. Миний толгой руу маш их цохиж доргиож гэмтээсэн. Би Улаанбаатар эмнэлгийн зүүн талд байрлах Зуун нас эмнэлэгт хэвтсэн гэв.
Хариуцагч М.Х шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгч Д.Ганбатын хамт гаргасан тайлбартаа:
Миний бие 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн орчим хүүхдийн бие тавгүйрч маш яаралтай эмнэлэг явах үед машины зогсоолд байсан машиныг маань хөдлөх боломжгүй хааж тавьсан байсан. Энэ үед машины эзнийг хайж, утасны дугаар олох гээд машиныг нь тойрч байтал Б.М нь согтуу үедээ балкон дээрээ гараад элдвээр доромжилж, хашгирч өдсөнөөс миний бие гэрт нь орж учир байдлаа ярих гэтэл шууд барьцалдан, гадна үүдэнд нь ноцолдож, коридорт байх үед ээж эгч хоёр нь салгасан. Ямар ч тохиолдолд би айлын зочны өрөөнд орж ноцолдох боломж гараагүй. Гэтэл Б.М нь ямар ч үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг шалгагдаж байх үед морин хуур эвдсэн гэж гүтгэж байсан. Гэтэл одоо хаалга эвдсэн, телевизорын нүүр гэмтсэн гэх огт худал, ямар ч хамаагүй аргаар мөнгө салгах хийрхэлдээ хөтлөгдөн нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Харин тэр үед ноцолдсоноос үүсч бий болсон хөнгөн гэмтэлтэй холбоотой гэмтлийг эмчлэхэд гарсан бодит хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээгээр нотлох баримтын хүрээнд төлөхөд бэлэн болно.
Би 10 хоног өдрийн 20,000 төгргөөр толгойгоо бариулсан. Өөрт хийлгэсэн эмчилгээний зардлаа нэхэмжилбэл нэхэмжилнэ. Эрчүүдийн хоорондын маргаан гэж үзээд орхичихсон. Хэргийг прокуророос хаасан. Би нэхэмжлэгчийг эмнэлэгт хэвтсэн гэдэгт эргэлзэж байгаа. Морин хуурын үнийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Бид үзлэг хийхэд бичлэгээс тодорхой харсан. Улаан цайм гүжирдээд байна. Энэ асуудлын дараа Б.Мы гэрт бүтэн юм үлдсэн үү гэмээр аймаар зодоон болсон гэдгийг хөршүүд нь хэлсэн. Тэнд болсон зодооныг далимдуулан эвдэрч хэмхэрсэн юмаа надаар төлүүлэх гээд далимдуулж байна гэж хардаж байна. Нэхэмжлэгч өөрөө эхэлж салаа өгч, балкон дээр гарч ирээд үлгэрийн баатар шиг ямар байсан билээ. Би өөрийг нь шүүхэд өгөхгүй байгаа. Хүн ийм байхад би сөрөг нэхэмжлэл гаргаж болох байх гэж бодож байсан ч гаргаагүй. Миний хувьд эмчилгээ болон эмний мөнгө 278,000 төгрөгийг төлж болно. Би ч гэсэн хохирсон. Бичлэгээс морин хуур нь унаагүй харагддаг. Мөн өвчний түүх дээр гэмтэлтэй холбоотой бичилтийг хэн гэдэг эмч бичсэн нь тодорхойгүй, ямар гэмтэл учирсан гэдэг нь байхгүй, хууль ёсны шаардлага хангахгүй байна гэв.
Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч М.Хт холбогдуулан, түүний үйлдлийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол 758,000 төгрөг, хугарсан морин хуурын 350,000 төгрөг, нийт 1,108,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч М.Х нь нэхэмжлэлийн шаардлагаас ...Б.Мы томографт харуулсан төлбөр болон эм тарианы зардалд гарсан гэх 278,000 төгрөгийн зардлыг төлөхөд татгалзах зүйлгүй, харин морин хуур эвдэрсэн болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэх байдал нотлогдохгүй байгаа тул үлдэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж тайлбарлан маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 18 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 26 дугаар байрны 17 тоотод Б.М, М.Х нар хувийн таарамжгүй харилцааны улмаас харилцан зодолдож, Б.Мы биед баруун тархи доргилт, баруун зулайн хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацрын дотор хэсэг, хамрын угалзны зулгаралт, цээжний баруун хэсэг, баруун мөр, цээжний зүүн хэсгийн зулгаралт, баруун тохойн хонхор, зүүн тохойн хонхрын зулгаралт бүхий хөнгөн гэмтэл; М.Хын биед тархи доргилт, хүзүү, баруун гарын сарвуу, хэвлийн зулгаралт бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулсан болох нь тогтоогдож, Монгол улсын Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байх бөгөөд, тэдний үйлдэлд сонсгосон ялыг мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн, эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 194 тоот прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгожээ. /хх 6/
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг үйлдлийнхээ улмаас учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд, маргаан бүхий энэхүү хэргийн зохигчид харилцан зодолдож, бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, энэ үйл баримтын талаар зохигчид хэн аль нь маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.
Нэхэмжлэгч Б.М нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролд нийт 758,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж, уг шаардлагаа 100 нас эмнэлэгт 10 хоног хэвтэн хаван хөөх эмчилгээ хийлгэсний зардал 480,000 төгрөг, компьютер томографт харуулж, эм болон шатахуун худалдан авахад 278,000 төгрөг зарцуулсан хэмээн тодорхойлж, 100 нас эмнэлгийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 66 тоот Кассын зарлагын ордер, эмнэлгийн магадлагаа, эмийн сангийн болон шатахуун түгээх станцын төлбөрийн баримтуудыг нотлох баримтаар гаргасан. /хх 7, 9/
Гэвч нотлох баримтаар гаргасан Эмнэлгийн магадлагаа нь Б.Мы хэвтэн эмчлүүлсэн гэх 100 нас эмнэлэг бус, харин Уламжлалт анагаахын төв эмнэлэг-ийнх бөгөөд, тэрхүү магадлагаагаар Б.Мыг амбулаториор эмчилгээнд явсан учир 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл ажлаас чөлөөлснийг магадласан, мөн нэхэмжлэгч нь 100 нас эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсэн болох нь хангалттай тогтоогдохгүй байх тул 480,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин Сорт Чоно ХХК-ийн Натур эмнэлгийн толгойн компьютер томографт харуулсан бичлэгийн 120,000 төгрөгийн төлбөрийн баримтаас бусад баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй балархай баримтууд байгаа боловч, хариуцагч М.Х нэхэмжлэлийн шаардлагаас эдгээр баримтын дагуу шаардсан 278,000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн тул хариуцагчаас зөвшөөрсөн хэмжээгээр буюу 278,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. /хх 10, 11/
Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагчийн гэм буруугийн улмаас зочны өрөөний хананд, тавиур дээр байсан морин хуур унаж хугарсан гэж тайлбарлан, М.Хаас морин хуурын төлбөрт 350,000 төгрөг гаргуулахыг хүсч, эрүүгийн хэрэг шалгагдах явцад морин хуурыг 350,000 төгрөгөөр үнэлсэн Эд зүйлийн үнэлгээ, зодоон болох үед хийгдсэн видео бичлэг зэргийг нотлох баримтаар гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад видео бичлэгт шүүхийн журмаар үзлэг хийлгэсэн болно.
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх ... буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж хуульчилжээ.
Хариуцагч М.Х морин хуур эвдэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагад гэм буруугийн талаар марган, ...зодолдох явцад болон Б.Мы гэрээс гарах хүртэлх хугацаанд тухайн морин хуур газар унаагүй...харин гарч явснаас хойш маш их чимээ гарч байсан... гэж тайлбарлан маргаж байна.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу зохигчийн хүсэлтээр 2 минут 13 секундын хугацаатай видео бичлэг бүхий диск /CD/-нд үзлэг хийхэд бичлэгийн явцад маргаан бүхий морин хуур унаж хугараагүй болохыг үзлэгээр тодруулсан. /хх 37-38/
Иймд нэхэмжлэгч Б.М нь хариуцагч М.Хыг тухайн морин хуурыг унагаж, эвдэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хангалттай нотлоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар биелүүлээгүй гэж дүгнэн, морин хуурын төлбөр 350,000 төгрөгийг М.Хаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 278,000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 830,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31,142 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 8,990 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Хаас 278,000 /хоёр зуун далан найман мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 830,000 /найман зуун гучин мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31,142 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.Хаас 8,990 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мд олгосугай.
3.Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА
ШҮҮГЧИД З.ДОРЖНАМЖИН
Х.ЭНХЗАЯА
| 2019 оны 01 сарын 08 өдөр | Дугаар 102/ШШ2019/00135 | Улаанбаатар хот |