Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2024/0668

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.У-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д

Нэхэмжлэгч: Ц.У-

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Нэхэмжлэлийн шаардлага: “2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 5481 тоот Улсын байцаагчийн дүгнэлт нь илт хууль бус болохыг тогтоолгох”,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 631 дугаар,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галцэцэг

Хэргийн индекс: 128/2024/0439/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 631 дугаар шийдвэрээр:

Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 оны/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.7, 11 дүгээр зүйлийн 11.5.2, 11.5.3, Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2018 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.У-ийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” 5472 тоот дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.Давж заалдах гомдлын агуулга:

            2.1.Шүүх нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй тухайд:

            Хэргийн нотлох баримтыг цуглуулах үүргийг Захиргааны хэргийн шүүх гүйцэтгэхээр заасан нь оролцогч талууд тэгш эрхтэйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжийг бүрдүүлдэг.

            Захиргааны хэргийн шүүх нь өөрийн санаачилгаар, талууд санал гаргаагүй байхад ч маргаан бүхий акттай холбоотой хэрэг маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий үйл баримтыг мэдэх хүнийг гэрчээр дуудаж мэдүүлэг авах үүрэгтэй байсан.

            Гэтэл анхан шатны шүүх иргэн Ц.У-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ болон зориулалтыг өөрчлөхөд улсын бүртгэл хийсэн БЗД-ийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Н.С, С.Д нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр дуудаж мэдүүлэг аваагүй. Гэрчүүдээс шүүх яагаад дутуу баримтыг үндэслэн улсын бүртгэл хийсэн? Ц.У-ийн бүрдүүлж өгсөн бүх  баримтуудыг авчхаад яагаад архив үүсгээгүй? Ийм ийм баримт нэмж авчирч бүртгүүл гэж яагаад анхааруулаагүй? зэргийг тодруулж нягтлах байсан.

            Түүнчлэн нэхэмжлэгчийн Улсын бүртгэл хийлгэхдээ өгч байсан нотлох баримтуудыг ямар зорилгоор баяжилт хийгээгүй, хувийн хэрэгт архивлаагүй шалтгааныг тогтоох боломжтой байсан ба цаашилбал гуравдагч этгээдээр шүүх хуралдаанд оролцуулах ч боломжтой байсан гэж үзэж байна.

            Хэрэв шүүх өөрийн санаачилгаараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дээрх 2 улсын бүртгэгч нарыг оролцуулж гэрчээр асуусан бол хариуцагч эрх хэмжээгээ хуульд заасны дагуу үнэн, зөв хэрэгжүүлсэн эсэхэд эргэлзээ гарах байсан ба нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа ч өөрчлөх боломж байсныг шүүх хязгаарласан гэж үзэж байгаа.

            2.2. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулж үнэлж дүгнээгүй тухайд:

            Хариуцагч дүгнэлтээ гаргахдаа орон сууцны зориулалтыг өөрчилсөн гэх улсын бүртгэгч Н.Соос тайлбар аваагүй, сонсох ажиллагааг огт хийгээгүй нь Захиргааны Ерөнхий хуульд заасан захиргааны акт, шийдвэр гаргахын өмнө зайлшгүй сонсох ажиллагааг явуулна гэж хуульчилсныг зөрчсөн.

            Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа шийдвэр гаргах зайлшгүй нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай нотлох баримтыг нэмж цуглуулах үүрэгтэй байтал хариуцагч 5481-р дүгнэлтийг гаргахдаа өмчлөгчид бичгийн баримтууд гаргаж өгөх боломжит хугацаа олгоогүй, маш богино хугацаанд дүгнэлтээ гаргасан байдаг.

            Шүүх хариуцагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудад бодит үнэлэлт дүгнэлтийг хийгээгүй. Учир нь: Хариуцагч С.О нь шүүхэд хэрвээ нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд архивд авагдаж хадгалагдаж байсан бол би өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох дүгнэлт гаргахгүй байх байсан.

            Одоо нэгэнт шүүхэд дутуу архивд авагдаагүй нотлох баримтууд ирсэн учраас нэхэмжлэгчтэй эвлэрч өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг сэргээх, улсын бүртгэлд баяжилт хийх бүрэн боломжтой талаар шүүхэд удаа, дараа тайлбарлаж байсан.

            Түүнчлэн хариуцагч нь шүүхэд төлөөлөх Итгэмжлэлд нэхэмжлэгчтэй эвлэрэх эрх олгогдоогүйг тайлбарлан би тухайн үед дүгнэлтээ гаргахад ээлжийн амралтаа авах гээд яарсан байсан, Авлигатай тэмцэх газраас өдөр болгон гэрчилгээг нь хүчингүй болго гэсэн шахалт дарамт үзүүлж байсан, мөн богино хугацаанд дутуу баримт үндэслэн шийдвэрээ гаргасан болохыг хүлээн зөвшөөрсөн нь шүүх хурлын тэмдэглэлд авагдсан ч шүүх хариуцагчийн тайлбар мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүйд гомдолтой байна.

            Захиргааны ерөнхий хуулийн 4-р зүйлийн 4.2.8-д /захиргааны үйл ажиллагаанд/ хууль ёсны итгэлийг хамгаалах /зарчмыг баримтлах/”-аар заасан, ингэхдээ уг зарчмын агуулгыг "хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрхзүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно”. Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан онцгой үндэслэлүүдээс бусад тохиолдолд эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт эрх бүхий үндэслэлтэй байх, өөрөөр хэлбэл хууль бус байсан ч түүнийг хүчингүй болгохгүй гэснээр тухайн захиргааны актад хандсан этгээдийн итгэл хамгаалагдах ойлголттой байхаар байна. Товчхондоо хэлбэл энэхүү маргаанд Хохирогч, Хохирол байхгүйг онцлон тодотгож байна.

            Анхан шатны шүүх нотлох баримтуудыг дутуу судалж шийдвэртээ нэхэмжлэгчийн шинжлэн судлуулсан баримтуудыг хэрхэн няцаасан талаараа огт тусгаагүй.

            Тухайлбал: ИС ХХК-иас 2004 онд 2 гараашийг худалдан авсан, тухайн газар өнөөдөр ч ИС ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй байгаад огт ач холбогдол өгөөгүй. Өмчлөгч би тухайн гараашийг газартай гэж худалдаж авсан нь хэнд ч ойлгомжтой.

            Нэхэмжлэгч миний бие нийтийн эрх ашгийн үүднээс 2007 онд гарааш тал хэсгийн газрыг автозамын трассад оруулж эрх бүхий байгууллагаар кадастр солилцлын цэгийг өөрчлүүлж, Улаанбаатар хотын ерөнхий архитектораар батлуулж, төрийн байгууллагаас олгосон зөвшөөрлийг шүүх үнэлэхийг хүсээгүй, шийдвэртээ огт дурдаагүй нь анхан шатны шүүхийн 0631-р шийдвэрийг гаргахдаа нотлох баримтыг тал бүрээс нь үнэн, зөв үнэлээгүй нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдох юм.      

            2.3. Шүүх-хуулийг буруу тайлбарлаж зөрүүтэй хэрэглэсэн тухайд:

             Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ: Хариуцагч нь дүгнэлт гаргахдаа 2015 онд үйлчилж байсан хуулийг баримтлан дүгнэлтээ гаргах ёстой байсан хэдий ч, энэ алдаа нь захиргааны илт хууль бус актад тооцох хэмжээний үндэслэл болж чадахгүй байна гэж дүгнэсэн.

             Өөрөөр хэлбэл 2015 оны үйл баримтад 2018 оны хуулийг баримтлан хуулийг буруу хэрэглэснийг шүүхээс үндэслэлгүйгээр зөвтгөж тайлбарласан нь шүүхийн шийдвэр оновчтой үнэн зөв бодитой байх зарчимд сөргөөр нөлөөлсөн ба хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8-д заасан зарчмыг алдагдуулсанд гомдолтой байна.

            Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Улсын Бүртгэлийн Ерөнхий хуулийн 2009 оны 8 дугаар зүйлийн 8.1.7-д " улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах", 11 дүгээр зүйлийн 11.5.2-д "энэ хуулийн 5.3- 5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах", 11,5.3-т "энэ хуулийн 5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах" гэж тус тус заасан.

            Эдгээр хуулийн зохицуулалтуудаас үзэхэд улсын бүртгэгч 2015, 2016 онуудад маргаан бүхий бүртгэлийг хийхдээ нийтийн орон сууцанд өргөтгөл барих нь холбогдох хууль, норм, дүрэм стандартад нийцэж байгааг нотолсон баримтыг мэдүүлэгтээ хавсаргасан эсэхийг шалган үзсэний үндсэн дээр тус бүртгэлийг хийх ёстой байжээ гэж шүүх дүгнэсэн атлаа хуулийг нэг мөр тайлбарлаж хэрэглээгүйд гомдолтой байна.

            Тодруулбал: 2009 оны хуульд улсын бүртгэлд засвар өөрчлөлт оруулах, бүрдүүлбэр хангуулах, бүртгэхээс татгалзах гэж тодорхой зааснаас биш, улсын бүртгэгч нь бүртгэлийг "хүчингүй болгох" гэсэн эрх хэмжээг огт олгоогүй байна. Гэтэл улсын бүртгэгч нь өөрт олгогдоогүй эрх хэмжээг эдэлж өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байгаа юм.

            Өөрөөр хэлбэл шүүх ... бүртгэхээс татгалзах, хүчингүй болгох гэсэн хоёр өөр утга агуулга бүхий үгийг ялгаж салгаж, гарч болох эрх зүйн үр дагаврыг нь бодитоор үнэлээгүйд гомдолтой байна.

            Иймд анхан шатны шүүх 5481 дүгээр дүгнэлтийг илт хууль бус акт мөн эсэхийг шийдэхээсээ өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн 0631 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

           1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв хэрэглэж “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” 5472 тоот дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь,

            2.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3.1.3-д ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж тус тус заасан.

            2.2. Дээрх хуульд зааснаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж тодорхойлж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны байх, уг хууль ёсны эрхийг зөрчсөн захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль бус байх тохиолдолд шүүх эрхийн хамгаалалтыг хэрэгжүүлж тухайн захиргааны актыг хүчингүй эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох гэх мэт хэлбэрээр захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох үүрэгтэй. Энэхүү маргааны тухайд хариуцагчийн маргаан бүхий шийдвэр хууль бус, илэрхий алдаатай болох нь тогтоогдохгүй, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол  хөндөгдөөгүй байх тул шүүх маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэж хэргийг шийдвэрлэсэн байна.

            2.3. Нэхэмжлэгчээс 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “... хөрөнгийг хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, өмчилсөн байхад Авлигатай тэмцэх газрын зөвлөмжийг үндэслэн өмнөх бүртгэлийг хүчингүй болгосон, хуулиас давсан Авлигатай тэмцэх газрын зөвлөмж гэж байж болохгүй ...” гэсэн үндэслэлээр “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” 5472 тоот дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан, анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

            2.4. Илт хууль бус захиргааны акт гэдэг нь бодит нөхцөлд биелэгдэх боломжгүй, хэн харсан илэрхий алдаатай, уг алдаа нь ноцтой тухайн акт үйлчлэлтэй хэвээр байх боломжгүй тул шүүх “илт хууль бус болохыг тогтоох” боломжтой, уг акт гарсан цагаасаа эхлэн “эрх зүйн үйлчлэлгүй” байх учиртай.

            2.5. Анхан шатны шүүх “... 5472 тоот дүгнэлт нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулахгүй байна ...” гэж дүгнэснийг буруу гэж үзэх үндэслэлгүй байна.

            2.6. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2018 оны/ 18 дугаар зүйлийн 18.2-т “Улсын бүртгэлийн хяналтын чиг үүргийг улсын ерөнхий байцаагч, хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч, орон нутаг дахь хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч /цаашид "улсын байцаагч" гэх/ хэрэгжүүлнэ”, 18.7-д “Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна:”, 18.7.1-д “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах;” гэж,

            Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 8 дугаар зүйлийн 8.1-т “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 8.1.7-д “улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах;”, 11 дүгээр зүйлийн 11.5-д “Улсын бүртгэгч нь дараахь эрх, үүрэгтэй байна”,11.5.2-т “энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”, 11.5.3-д “энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж,

            Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргах бөгөөд мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно”, 13.5-д “Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:”, 13.5.4-т “газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбар” гэж тус тус заасан байна.

            2.7. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ уг хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэл асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бичгээр хүсэлт гаргах бөгөөд хүсэлтэд газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээний хуулбарыг хавсаргах үүрэгтэй, харин улсын бүртгэлийн байгууллага, албан тушаалтан хүсэлт гаргагчийн гаргасан хүсэлт түүнд хавсаргасан баримтуудыг хүлээн авч хянаад бүртгэх эсэх тухай шийдвэр гаргахаар байх бөгөөд хэрэв хавсаргах шаардлагатай баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн зүйл заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үүрэгтэй байхаар хуульчилсан байна.

            2.8. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг 2006 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Тээвэр хөгжлийн банкны өмчлөлд улсын бүртгэлийн Ү-02204****** дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгож, 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Орон сууцны бэлэглэлийн гэрээгээр[1] Ц.У-т тус үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж, 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр эд хөрөнгө өмчлөх эрхийн 0000415**** дугаар гэрчилгээг[2] Ц.У-т олгосон байна.

            2.9. Улмаар Ц.У-ээс 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг[3] гаргаж, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт “... анхны 144 м.кв талбай нь эргэлзээтэй байгаа тул “ЦБ” ХХК-д хүсэлт гаргасны дагуу нарийн хэмжилт хийлгэхэд нийт ашигтай талбай нь ... м.кв болж байгаа тул улсын бүртгэлд өөрчлөлт оруулан бүртгэж өгнө үү” гэсэн хүсэлт[4] гаргаснаар талбайн хэмжээг 227.32 м.кв  гэж өөрчилсөн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000454046 дугаар гэрчилгээ[5] олгогдсон байна.

            2.10. Мөн Ц.У-ээс 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг[6] бөглөн, тус газарт “... байрны зориулалтыг үйлчилгээний зориулалттай болгон өөрчилж өгнө үү” гэх хүсэлт[7] гаргаснаар байрны зориулалтыг үйлчилгээний зориулалттай болгож өөрчлөн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000578*** дугаар гэрчилгээ[8] олгосон байна.

            2.11. Мөн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2023 оны Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын 142 дугаар албан бичгээр[9] Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад хандаж “... 2*** байрны баруун хойд талд барилгын бүтцэд өөрчлөлт оруулан нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүйгээр 2015 онд өргөтгөл барьсан. Одоо тухайн байршлын зүүн талд дахин өргөтгөл барихаар барилгын ажил эхлүүлээд байгаа иргэдээс санал гомдол ихээр ирж байна. Иймд 2015 онд барьсан тухай өргөтгөл дээр үл хөдлөхийн гэрчилгээ авсан байгаа нь албан ёсны эсэхийг шалгаж яаралтай хариу өгнө үү” гэх,       Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2023 оны 06/13803 дугаар албан бичгээр[10] “... Ц.У- нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өргөтгөлийн барилгын ажлыг хийж гүйцэтгэн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр үндэслэлгүйгээр талбайн хэмжээг нэмэгдүүлж 227.32 м.кв талбайтайгаар орон сууцны  зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авахаар Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандсаныг улсын бүртгэгч С.Д нь нэмэгдүүлсэн талбайн хэмжээг бүрэн шалгаж тогтоолгүйгээр Ү-02204****** дугаартай гэрчилгээг олгосон үйлдэл нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2011 оны “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ыг зөрчсөн үндэслэл тогтоогдож байх тул иргэн Ц.У-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох, бүртгэл хийсэн улсын бүртгэгчийн хууль бус үйлдэлд холбогдох арга хэмжээг авч хариуг ирүүлнэ үү” гэх албан бичгийг тус тус холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн болох нь тогтоогдсон байна.

            2.12. Хариуцагчаас дээрх албан бичгүүдээр ирүүлсэн мэдээллийн дагуу холбогдох бүртгэлийг хянаад, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн маргаан бүхий 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” 5481 дүгээр дүгнэлтээр[11] “... Ц.У- нь өргөтгөл хийх зөвшөөрөлгүйгээр орон сууцны хийцэд өөрчлөлт оруулж, өргөтгөл хийсэн, уг өргөтгөлийн хэсгийг улсын бүртгэлд үнэн зөв мэдүүлээгүй худал мэдүүлж бүртгүүлэн улмаар эд хөрөнгийн зориулалтыг өөрчилж бүртгүүлсэн ...” гэж дүгнэн, Эрхийн улсын бүртгэлийн Ү-02204****** дугаартай Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 2*** байр, **2 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн зориулалт өөрчлөгдсөн бүртгэлийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн, хариуцагчаас хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслах зогсоож, бүртгэлийг хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд маргаан бүхий дүгнэлт гаргасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд уг дүгнэлтийг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

            2.13. Энэ талаарх анхан шатны шүүхээс “... хариуцагч маргаан бүхий 5481 дүгээр дүгнэлтийг хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан, ... улсын бүртгэгч 2015, 2016 онуудад маргаан бүхий бүртгэлийг хийхдээ нийтийн орон сууцанд өргөтгөл барих нь холбогдох хууль, норм, дүрэм стандартад нийцэж байгааг нотолсон баримтыг мэдүүлэгтээ хавсаргасан эсэхийг шалган үзсэний үндсэн дээр тус бүртгэлийг хийх ёстой байсан, ... Нийслэлийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 549 дүгээр захирамжийг нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон захирамж гэж үзэхгүй, ... нэхэмжлэгч нь маргаан бүхий өргөтгөлийн барилга байрлаж байгаа /доорхи/ газрыг эзэмших эрхтэй болох нь тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүх хуулийг буруу тайлбарлаж, зөрүүтэй хэрэглэсэн, ... тухайн үед ажиллаж байсан улсын бүртгэгчээс тайлбар аваагүй ... энэхүү маргаанд хохирогч, хохирол байхгүй ... шүүх нотлох баримтыг дутуу судалсан ...  улсын бүртгэгч өөрт олгогдоогүй эрх хэмжээг эдэлж өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон” гэх зэрэг гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

            2.14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй”, 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж заасан.

            2.15. Нэхэмжлэгчээс 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШЗ2024/3553 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хүртэлх хугацаанд нэхэмжлэгчээс гэрчээр улсын бүртгэгч нарыг асуух эсэх асуудалтай холбогдуулан шүүхэд хүсэлт гаргаагүй, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд хуульд заасны дагуу холбогдох баримтуудыг эрх бүхий байгууллагаас хангалттай цуглуулсан, улсын бүртгэлийг хийсэн байцаагч нарыг асуух нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... улсын бүртгэл хийсэн улсын бүртгэгч Н.С, С.Д нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг аваагүй, шүүх өөрийн санаачилгаараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж гэрчээр асуусан бол хариуцагч эрх хэмжээгээ хуульд заасны дагуу үнэн зөв хэрэгжүүлсэн эсэхэд эргэлзээ гарах байсан ба нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа ч өөрчлөх боломж байсныг шүүх хязгаарласан” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

            2.16. Түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Барилгын байршилт тогтоож, газар ашиглуулах эрх олгох тухай” 949 дүгээр захирамжаар[12] “ИС” ХХК-д орон сууцны барилгын зориулалтаар Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 22б байрны баруун талд байрлуулан 0,091 га газар ашиглах эрх олгосон, “ИС” ХХК-ийн барьсан 1, 2 тоот гараашнуудыг Ц.Д, Л.У нарт өмчлүүлэхээр 2004 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Батламж[13] олгосон байна. Гэвч нэхэмжлэгч Ц.У-т газар ашиглах эрх олгоогүй, энэ талаарх баримт нотолгоог нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн .... хугацаанд шүүхэд гаргаж ирүүлэх боломжтой байсан, энэ хугацаанд энэ талаарх баримт нотолгоог шүүхэд гаргаж ирүүлээгүй, мөн энэ талаарх баримт нотолгооны эх сурвалж өөр газар, өөр этгээдэд хадгалагдаж байгаа талаар эх сурвалжийг зааж мэтгэлцээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... анхан шатны шүүх нотлох баримтуудыг дутуу судалж шийдвэртээ нэхэмжлэгчийн шинжлэн судлуулсан баримтуудыг хэрхэн няцаасан талаараа огт тусгаагүй, ... тухайн газар “ИС” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй байгаад огт ач холбогдол өгөөгүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Энэ талаар анхан шатны шүүхийн “... нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгоогүй, ... Нийслэлийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 549 дүгээр захирамжийг нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон захирамж гэж үзэхгүй, ... нэхэмжлэгч нь маргаан бүхий өргөтгөлийн барилга байрлаж байгаа газрыг эзэмших эрхтэй болох нь тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь буруу биш байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 631 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                   Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                   Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ

 

 

 

[1] Хэргийн 1 дүгээр хавтас, 54 дэх тал

[2] Хэргийн 1 дүгээр хавтас, 45 дахь тал

[3] Хэргийн 1 дүгээр хавтас, 35 дахь тал

[4] Хэргийн 1 дүгээр хавтас, 38-39 дэх талууд

[5] Хэргийн 1 дүгээр хавтас, 46 дахь тал

[6] Хэргийн 1 дүгээр хавтас, 29-30 дахь талууд

[7] Хэргийн 1 дүгээр хавтас, 32 дахь тал

[8] Хэргийн 1 дүгээр хавтас, 34 дэх тал

[9] Хэргийн 2 дугаар хавтас, 50 дахь тал

[10] Хэргийн 1 дүгээр хавтас, 84 дэх тал

[11] Хэргийн 2 дугаар хавтас, 33 дахь тал

[12] Хэргийн 2 дугаар хавтас, 224-225 дахь талууд

[13] Хэргийн 2 дугаар хавтас, 74-75 дахь талууд