Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 126/ШШ2021/0024

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 01-10 тоотод оршин суух Боржигон С.Эын Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн Б/04 дугаартай захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, аймгийн Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн Б/05 дугаартай захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Н.Алтанхундага, нэхэмжлэгч С.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Т, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, Х.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие С.Э нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/82 дугаартай захирамжаар Хөвсгөл аймгийн Орон нутгийг судлах музейн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан. Гэтэл уг албан тушаалд томилохдоо тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй нөхцөл байдлыг Авлигатай тэмцэх газарт хянуулж, тогтоолгохгүйгээр томилсон гэх шалтгаанаар Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/04 дугаартай захирамжаар намайг ажилд томилсон 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/82 дугаартай захирамжийг хүчингүй болгож, мөн өдрийн Б/05 дугаартай захирамжаар намайг тус албан тушаалаас чөлөөллөө. ... Би 2020 оны 12 дугаар сард Хөвсгөл аймгийн Орон нутгийг судлах музейн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсоны дараа ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй нөхцөл байдлыг Авлигатай тэмцэх газарт хэрхэн хянуулж, тогтоолгох талаар тодруултал хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн Х.Ц таны томилогдсон албан тушаал нь “ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй нөхцөл байдлыг Авлигатай тэмцэх газарт хэрхэн хянуулж, тогтоолгох” шаардлагагүй. Харин энэ жилээс дээрх байдлыг Авлигатай тэмцэх газарт хянуулж, тогтоолгодог болсон байгаа. Иймд та 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор хянуулахад болно гэж надад тайлбарласан тул ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй нөхцөл байдлыг Авлигатай тэмцэх газарт хянуулж, тогтоолгох шаардлагагүй ба 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор хянуулж, тогтоолгоход болох юм байна гэж ойлгосон. Дээрх асуудал нь надаас шалтгаалаагүй ба намайг мэргэжлийн удирдлагаар хангаагүйгээс ийм зүйл болсон. Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д зааснаар мэдүүлгийг хянуулахаар Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх нь Захиргааны байгууллагын үүрэг байгаа. Ашиг сонирхлын зөрчилгүй гэх урьдчилсан мэдүүлгийг захиргааны байгууллагаас хянуулахаар Авлигатай тэмцэх газарт хүргүүлээд зөвшөөрсөн тохиолдолд захиргааны байгууллагаас томилсон эрх бүхий албан тушаалтан мэдүүлэг гаргагчаар бүртгэж авах ба үүний дараа Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан мэдүүлгээ хуульд заасан хугацаанд мэдүүлээгүй тохиолдолд ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болох юм. Аймгийн Засаг даргын захирамжид заасан үндэслэл нь Захиргааны байгууллагын өөрийн буруутай үйл ажиллагаа байсан гэж ойлгож байна. Аймгийн Засаг дарга нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар хууль тогтоомжид нийцээгүй захирамжаа өөрөө өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй ч дээрх нэрийдлээр ажилтны эрх, ашиг сонирхлыг хөндсөн буюу дордуулсан шийдвэр гаргах нь зохимжгүй юм.

Мөн намайг ажлаас чөлөөлсөн аймгийн Засаг даргын захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т заасныг удирдлага болгожээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т “... хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан ...” гэсэн ба намайг ажлаас минь чөлөөлөхийг эрх бүхий байгууллагаас шаардсан ямар нэгэн шийдвэр, баримт бичгийг надад танилцуулаагүй. ... Дээрх Засаг даргын захирамжууд нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байх тул Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/04, Б/05 дугаартай захирамжуудыг хүчингүй болгож, мөн намайг Хөвсгөл аймгийн орон нутгийг судлах музейн захирлын албан тушаалд томилохыг Хөвсгөл аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч С.Э 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: “Миний бие С.Э нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/04, Б/05 дугаартай захирамжуудыг хүчингүй болгож, Хөвсгөл аймгийн орон нутгийг судлах музейн захирлаар томилохыг даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах хүсэлтэй байна. Үүнд.

Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/04 дугаартай захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгох, нэхэмжлэлийн шаардлагаасаа Хөвсгөл аймгийн Орон нутгийг судлах музейн захирлаар томилохыг даалгах шаардлагаасаа татгалзаж байна. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн Б/05 дугаартай захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ байгаа болно” гэжээ.

Нэхэмжлэгч С.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа “Сонгуулийн тухай хуулиар удирдах албан тушаалтан сонгуульд нэр дэвших тохиолдолд удирдах албан тушаалаа өгч байж сонгуульд нэр дэвшдэг хуультай. Үүний дагуу өргөдлөө гаргаж ажлаа өгөөд 12 дугаар сард буцаж түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Орон тоо нэмсэн гэж байна. Орон тоо огтхон ч нэмэгдээгүй. Захиралтайгаа нийлээд 13 орон тоотой. Орон тоо 14 болоогүй, төсөв хэтрээгүй. Төрийн аудит болон санхүүгийн аудитаас шалгалт хийхэд ямар нэгэн зөрчил илрээгүй. Түр томилогдоод жинхлэгддэг гэдэг асуудлын хувьд түрээр томилогдсон хүн тусгай шалгалтаа өгөөд нэгээр зогссон тохиолдолд жинхлэгдэх асуудлыг ярьсан. Х.Ц мэргэжилтэн танай музей хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлэг гаргах жагсаалтад байхгүй учир урьдчилсан мэдүүлэг гаргах шаардлагагүй гэсэн арга зүйгээр хангаж байсан. 2018 оны 5 дугаар сард түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод 10 сард нь жинхлэгдэж байсан. Тухайн үед асуухад ямар нэгэн тодруулга өгч байгаагүй. 2020 онд 2 дугаар сарын 15-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргана гэдгийг хэлж байсан. Томилогдсоны дараа 30 хоногийн дараа гэж хэлээгүй. Авлигатай тэмцэх газрын н.Бат-Очир гээд Хөвсгөл аймгийг хариуцсан мэргэжилтнээс асуухад мэдүүлгээ өгөөгүй тул албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг гаргаагүй гэдэг тайлбарыг өгсөн. Ажлын 3 хоногт багтаан ажлаа аваарай гэхэд 1 хоног хэтрүүлж авсан. Аймгийн Засаг даргын ажлын хэсэг ирж ажил хүлээлцүүлэх ёстой байдаг. Тухайн үед ажил хүлээлцүүлэх комисс ирэхэд нь ажлаа авч байсан. Өргөдлийн дагуу 2 удаа манай байгууллагад шалгалт хийсэн хэдий ч ямар нэгэн дүгнэлт байхгүй. Цагдаад өгнө гээд байдаг мөртлөө өгсөн зүйл байдаггүй. 2 аудитын байгууллагаас шалгалт орсон ч зөрчил тогтоогдоогүй. Амаараа хөрөнгө мөнгөтэй холбоотой зүйлийг нааш цааш нь болгочихсон юм шиг зүйл яриад байж болохгүй.

Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн захирамжаар Хөвсгөл аймгийн орон нутгийг судлах музейн захирлаар томилогдоод төрийн албаны шалгалт өгөөд жинхэлдэг дүрэмтэй. Гэтэл Засаг дарга 2021 оны 04, 05 захирамжаар томилсон захирамжаа хүчингүй болгож, 05 дугаар захирамжаар н.Рагчаа гэх хүнийг томилсон. Халах тушаалынхаа үндэслэлд хөрөнгө орлогынхоо мэдүүлгийг гаргаагүй гэдэг зүйлийг дурдсан. Анх намайг 2018 онд томилогдоход одоо хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Х.Ц нь хуулийн хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байсан. Мэргэжилтний хувьд номын сан, музейн байгууллагын удирдлагууд хөрөнгө орлогын мэдүүлгийг бүрдүүлэх шаардлагагүй гэсэн арга зүйгээр хангаж байсан. Сүүлд мөн 2020 онд томилогдоход ямар нэгэн заавар зөвлөмж өгөөгүй. 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор шинээр хөрөнгө орлогын мэдүүлэг өгдөг болсон талаар мэдээлэл өгч байсан. Үүний дагуу намайг ажлаас чөлөөлсөн тушаал нь хуульд нийцэхгүй байна гэж нэхэмжлэл гаргасан. Б/04 захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгох, 05 захирамжийг бүхэлд нь хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Үүн дээр нэмж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргаж буйгаа тодруулъя” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа “Нэхэмжлэгч С.Эыг Орон нутгийг судлах музейн даргаар томилохдоо тухайн албан үүрэг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй байдлыг Авлигатай тэмцэх газарт хянуулж тогтоолголгүйгээр томилсон гэх шалтгаанаар аймгийн Засаг даргын Б/04 захирамжаар С.Эыг томилсон тушаалаа хүчингүй болгож, Б/05 дугаар захирамжаар ажлаас нь чөлөөлсөн байдаг. Миний зүгээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Аймгийн Засаг даргын маргаан бүхий захирамжууд нь захиргааны акт болохын хувьд хууль болон дүрэм журмыг зөрчсөн байна. Нэхэмжлэгчийг Авлигын эсрэг хуулийн 4.1.2-т зааснаар тухайн хуулийн дагуу нийтийн албан тушаалтан мөн эсэхтэй маргаагүй. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараас сонсоход С.Эыг нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт зааснаар мэдүүлэг гаргагч хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ үнэн, зөв гаргах үүрэгтэй гэснээ зөрчсөн тул Засаг дарга захирамжаа хүчингүй болгосон гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч мэдүүлэг гаргах эсэх тал дээр маргаагүй. Х.Ц мэргэжилтнээс мэдүүлэг гаргах талаар удаа дараа асууж лавласан талаараа тайлбарласан. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн урьдчилсан мэдүүлгийг эрх бүхий байгууллагын албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ гэсний дагуу С.Э мэдүүлгээ өгсний дараа эрх бүхий албан тушаалтан Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх ёстой. Гэтэл мэдүүлэг гаргах нь С.Эын үүрэг ч мөн үүнийг Авлигатай тэмцэх газар хүргүүлэх нь захиргааны байгууллагын үүрэг. Захиргааны байгууллага үүргээ биелүүлээгүй атлаа нэхэмжлэгчийг буруутгаад байгаа нь зүйд нийцэхгүй юм. Авлигатай тэмцэх газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/121 дугаартай тушаалаар албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэг болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааны журмыг баталсан байдаг. ... Энэ журмыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгээгүй боловч одоо хүчин төгөлдөр мөрдөгдөөд явж байгаа болох Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 05/7313 тоот албан бичгээр нотлогдож байна. ... Уг журмын 2 дугаар зүйлийн 1.1.2, 1.1.4-1.1.6-д заасан үүрэг нь эрх бүхий албан тушаалтанд хамаарах юм байна. Мөн журмын 1.1.5-д нийтийн албан тушаалтнаас урьдчилсан мэдүүлэг, мэдэгдэл, тайлбар, баталгааны маягт холбогдох бусад маягтыг хуулийн хугацаанд үнэн зөв гаргаж өгөхийг шаардах нь эрх бүхий албан тушаалтны үүрэг юм. Гэтэл эрх бүхий албан тушаалтны зүгээс С.Эыг урьдчилсан мэдүүлгээ хуулийн хугацаанд өгөхийг шаардсан зүйл байхгүй. Хэрэг хянан шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч урьдчилсан мэдүүлгээ гаргах талаар удаа дараа тодруулсан бөгөөд үүнтэй холбоотой мэргэжилтэн гаргах эсэх талаар өөрөө ч сайн мэдэхгүй байсан талаар тайлбарлаж байна. Журмаараа эрх бүхий албан тушаалтны үүрэг байна гэдгийг хэлсэн. Эрх бүхий албан тушаалтан цахим мэдүүлгийн системд эрх үүсгэсний дараа нэхэмжлэгч урьдчилсан мэдүүлгээ гаргах ёстой. Журмын 2 дугаар зүйлийн 1.1.4-т мэдүүлэг гаргагч хуульд заасан үндэслэлээр мэдүүлэг болон урьдчилсан мэдүүлэг мэдүүлэх тохиолдолд мэдүүлгийн цахим системд нэн даруй эрх үүсгэн энэ талаар мэдүүлэг гаргагчид мэдэгдэж, мэдүүлэг гаргагч хяналт тавих үүрэгтэй. Үүнээс харахад эрхийг үүсгэж өгсний дараа мэдүүлгээ хуульд заасан хугацаанд гаргаагүй бол С.Эын буруу. Харин энэ тохиолдолд захиргааны байгууллага, албан тушаалтны хууль, журамд заасан үүргээ биелүүлээгүй буруутай үйл ажиллагаа байна. Мөн мэдүүлэг гаргах албан тушаалтны жагсаалтыг захиргааны байгууллага холбогдох байгууллагад хүргүүлж батлуулах ёстой. Мөн уг үүргээ биелүүлсэн зүйл харагдахгүй байна. Захиргааны байгууллага хэрэгжүүлэх боломжийг нь олгоогүй байхад нэхэмжлэгч яаж урьдчилсан мэдүүлгээ хянуулах юм бэ? Зохих ёсны дагуу үйл ажиллагаагаа явуулаагүй атлаа нэхэмжлэгчийг урьдчилсан мэдүүлгээ хянуулаагүй гэж буруутгах нь зүйлд нийцэхгүй байна. Аймгийн Засаг дарга нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар өмнөх хууль тогтоомжид нийцээгүй шийдвэрээ өөрөө хүчингүй болгох эрхтэй. Энэ эрхээ хэрэгжүүлэхдээ албан тушаалтны буруутай үйл ажиллагаа байсаар байтал иймэрхүү байдлаар засаж залруулж байгаа нь зүйлд нийцэхгүй. С.Эыг урьдчилсан мэдүүлэг өгөөгүй, мөн халах үедээ тухайн өдрийн 14 цагт өөрөөс нь тодруулсны үндсэн дээр шийдвэрийн төслийг танилцуулсан гэдэг. Өмгөөлөгчийн зүгээс үүнийг сонсох ажиллагаа хийсэн гэж үзэхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд сонсох ажиллагааг явуулах талаар тодорхой зааж өгсөн. Эхлээд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа хүнд сонсох ажиллагааг мэдэгдэх ёстой. Мэдэгдэхдээ мэдэгдэл хүргүүлж мэдэгдэх ёстой байтал сонсох ажиллагааны утсаар мэдэгдсэн гэж байгаа. Ингэхдээ ямар утсаар, хэнд мэдэгдсэн гэдэг нь тодорхойгүй. Сонсох ажиллагааны тэмдэглэлийн тухайд нөхөөд бүрдүүлсэн гэмээр харагдаж байна. Үүнийг шүүх нотлох баримтын хүрээнд үнэлэх эсэх нь асуудалтай. Учир нь сонсох ажиллагааны тэмдэглэл нь хуульд нийцсэн журам стандарттай байх ёстой. Сонсох ажиллагааны явуулсан хугацааг тэмдэглэлд 8 минут гэж бичсэн. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар 30 орчим минут хийгдсэн гэж байна. Эдгээрээс харахад сонсох ажиллагаа хийгдсэн эсэх нь эргэлзээтэй байна. Сонсох ажиллагааг ёс журмын дагуу гүйцэтгэсэн бол захиргаа үүргээ биелүүлээгүй алдаагаа засах боломжтой байсан. С.Эыг ийм учраас үргэлжлүүлж ажиллуулаагүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хэлж байна. Урьдчилсан байдлаар дүгнэж ярьж байгаа юм уу? Үүнийг сайн ойлгохгүй байна. Үнэхээр ажиллуулж үзээд тэнцэхгүй бол чөлөөлж болно. Аймгийн Засаг даргын Б/05 захирамжтай холбоотой тайлбарын тухайд Б/04 захирамжаар анх томилсон тушаалаа хүчингүй болгосон мөртлөө дахиад Б/05 захирамжаараа чөлөөлж байгаа нь ямар ач холбогдолтой байсан бэ? Уг захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дүгээр зүйлийг удирдлага болгосон байдаг. Энэ нь хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан гэсэн үндэслэл харагдаж байдаг. Хөдөлмөрийн гэрээг цуцлахыг Авлигатай тэмцэх байгууллага зэрэг байгууллагаас шаардсан бичиг ирэхийг ойлгож байгаа. Гэтэл уг асуудал С.Эын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар шаардсан зүйл ямар ч байгууллагаас ирээгүй. Уг захирамж нь эрх зүйн акт болохынхоо хувьд хууль зүйн шаардлагыг хангахгүй байна. С.Эыг урьдчилсан мэдүүлгээ хянуулаагүй гэдэг үндэслэлээр ажлаас халсан мөртлөө үүнтэйгээ холбоогүй хуулийн зүйл, заалтыг удирдлага болгосон байна. Ажилд томилох, дуусгавар болгох харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдана. Хөдөлмөрийн тухай хуулийг Дээд шүүхээс тайлбарласан байдаг. Үүнд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай 40.1-т заасан үндэслэлүүдийг заавал баримталсан байна. Халсан захирамжид ямар шалтгаанаар халсан гэдэг нь харагддаггүй. Иймд аймгийн Засаг даргын гаргасан захирамжууд нь хуульд нийцээгүйг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Хэрэг хянан шалгах ажиллагааны үед авагдсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан ёс зүй, байгууллагын хөрөнгө зэрэгтэй холбогдуулан тайлбар гаргасныг ойлгосонгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас хальсан. Ингээд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.И шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/04, Б/05 дугаар захирамжуудыг хүчингүй болгож, аймгийн Орон нутгийг судлах музейн захирлын албан тушаалд томилохыг даалгах тухай нэхэмжлэлийг гардан авч дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Нэг. Шийдвэр гаргах ажиллагааны талаар:

Нэхэмжлэл гаргагч С.Этай холбогдуулан гаргаж буй шийдвэрийн талаар 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр өөрийнх гар утасны дугаар болох 91915587 дугаарын утсаар холбогдон дуудаж, тухайн өдрийн 14 цагт аймгийн Засаг даргын албан өрөөнд өөрөөс нь тодруулсны үндсэн дээр шийдвэрийн төслийг өөрт нь танилцуулж, сонсох ажиллагааг зохион байгуулсан.

Хоёр. Нэхэмжлэл гаргагчтай холбоотой асуудлын талаар:

Нэхэмжлэгч С.Э нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 28.4.2-т заасны дагуу орон нутгийн сонгуульд нэр дэвших болсон учир өөрийн хүсэлтээр аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/42 дугаар захирамжаар Орон нутгийг судлах музейн захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн байдаг. Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний сонгох, сонгогдох эрх бөгөөд ийнхүү өөрийн хүсэлтээ өгч чөлөөлөгдсөнөөр Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасны дагуу Орон нутгийг судлах музейн захирлын сул орон тоо гарсан.

Дээрх шийдвэртэй холбогдуулан уг сул орон тоог нөхөх хүртэл хугацаанд аймгийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Б/43 дугаар захирамжаар Орон нутгийг судлах музейн эрдэм шинжилгээний ажилтан М.Ог Орон нутгийг судлах музейн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.

Орон нутгийг судлах музейн эрдэм шинжилгээний ажилтан М.О нь Орон нутгийг судлах музейн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.9-д заасныг зөрчиж, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд өрсөлдөхөөр нэр дэвшсэн С.Эыг 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/4 дүгээр тушаалаар Орон нутгийг судлах музейн “Маркетингийн менежер”-ийн албан тушаал гэсэн орон тоог шинээр бий болгож томилсон. Энэхүү асуудал аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2020 оны дугаар №61 дотоод аудитын ажлын тайлангаар нотлогдоно.

Мөн орон нутгийн сонгуульд өрсөлдөхөөр нэр дэвшсэн иргэнийг Орон нутгийг судлах музейн Маркетингийн менежерийн албан тушаалд томилсон асуудал нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,3-т заасан Төрийн албанд “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх” гэсэн зарчим, 37.1.4-д “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх" хориглох хэмжээг ноцтой зөрчсөн.

Ийнхүү томилогдсон хэдий ч Орон нутгийг судлах музейн маркетингийн менежер С.Э нь тухайн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа ажлын төлөвлөгөө, төлөвлөгөөний биелэлт гаргаагүй, тус байгууллагын цагийн бүртгэлийн дэвтрээс үзэхэд олон удаагийн ажилдаа ирээгүй нөхцөл байдал тогтоогддог. Энэ нь төрийн байгууллагын үйл ажиллагааг цалгардуулсан, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглаагүй, хэлбэрийн төдий ажиллуулж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан байна.

Аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “М.Ог түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, С.Эыг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” А/82 дугаар захирамжийн 6 дахь заалтад идэвх санаачлагатай, үр дүнтэй, бусдыгаа манлайлан, хариуцлагатай ажиллахыг С.Эад даалгасан байдаг.

Нэхэмжлэл гаргагч С.Этай холбогдуулан Орон нутгийг судлах музейн нягтлан бодогч Д.Бын аймгийн Засаг даргад 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хандан удирдлагын хувьд ёс зүйн дутагдалтай, эрх мэдлээ урвуулан ашиглаж байна гэх өргөдөл гаргасан ба тухайн өргөдөлтэй холбогдуулан аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/76 дугаар захирамжаар байгуулагдсан ажлыг хэсэг шалгах явцад дараах зөрчлүүд илэрсэн. Үүнд:

Өргөдөлд дурдсан байгууллагын өмч, хөрөнгөтэй холбоотой асуудлын талаар:

Өргөдөлд дурдсан байгууллагын өмч, хөрөнгөтэй холбоотой асуудлаар Орон нутгийг судлах музейн “Өмч хамгаалах комисс”-ын 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хурлын дүгнэлтээр “Делика” автомашины актлахаар шийдвэрлэжээ. Үүний дагуу тус музейн захирлын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 92 тоот албан бичгээр “Делика” автомашины актлах хүсэлтийг аймгийн Орон нутгийн өмчийн газарт хүргүүлсэн байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн “Үндсэн хөрөнгө худалдах, шилжүүлэх, актлах тухай" 133 дугаар тогтоолын 2-т “Хавсралтаар баталсан хөрөнгийг байгууллагынхаа данс бүртгэлээс хасах, бүртгэх, дуудлага худалдааны орлогыг журмын дагуу аймгийн Хөрөнгө борлуулсны орлогын данс болон холбогдох дансанд төвлөрүүлэх, зарцуулахыг Орон нутгийн өмчийн газар, орон нутгийн өмчит хуулийн этгээдийн дарга, захирал нарт үүрэг болгосугай” гэж заасан. Энэ тогтоолын 4 дүгээр хавсралтын 11 дэх хэсэгт тус музейн “Делика” автомашиныг тусгажээ. Гэтэл захирал С.Э нь уг машин зарж борлуулсан бөгөөд уг орлогыг байгууллагын дансаар бус өөрөө бэлнээр авч захиран зарцуулсан байна.

Тодруулбал аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Шалгалтын тэмдэглэл"-д захирал С.Э өгсөн тайлбартаа “Байгууллагын хурлын тэмдэглэлээр санал оруулаад шийдвэрлэсэн, хайс төмрийг 500 мянган төгрөг, делика авто машиныг 800 мянган төгрөг нийт 1 сая 300 мянган төгрөгөөр худалдсан” гэх, мөн эд хөрөнгө худалдан борлуулсан орлогын тухайд тэрбээр “мөнгийг бэлнээр авсан өрөөгөө засварласан, албан томилолтоор явсан” гэх тайлбар, Орон нутгийг судлах музейн “Өмч хамгаалах комисс”-ын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэлд делика авто машиныг худалдан борлуулсан орлогыг дансаар аваагүй, захирал бэлнээр авч, өрөөгөө тохижуулсан гэх хурлын тэмдэглэлээр тус тус тогтоогдоно.

Байгууллагын хамт олны хурлын 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн тэмдэглэлд “хуучин хайс, сараалжийн төмрийг 800 мянган төгрөгөөр худалдахаар шийдвэрлэсэн” байтал 500 мянган төгрөгөөр худалдсан болох нь өөрийн тайлбараар тус тус тогтоогдсон.

Дээрх үйлдлүүд нь Сангийн сайдын 2019 оны 74 дүгээр тушаалаар батлагдсан “Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлд тусгах, хяналт тавих журам”-ын 4.3, 6.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл юм.

Өргөдөлд дурдсан албаны эрх мэдлээ урвуулан ашиглахтай холбоотой асуудлын талаар:

С.Э нь албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн хувийн хашаа байшиндаа хийсэн засварын материалыг Хөвсгөл Баянцагаан ХХК-аас авахдаа байгууллагын нэр дээр нэхэмжлэх падаан бичүүлэн гарын үсэг зурж авсан. Мөн С.Эын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Үндсэн цалин, цалингийн нэмэгдэл шинэчлэн тогтоох тухай” А/03 дугаар тушаалын хавсралтаар өөрийн цалин, нэмэгдлийг тогтоож, тушаалын хавсралтаар баталсан шийдвэр нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т заасныг тус тус хэрэгжүүлээгүй, зөрчсөн үйлдэл юм.

Хэдийгээр аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/04 дүгээр захирамж нь Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэж чөлөөлсөн боловч нэхэмжлэл гаргагч С.Эыг цаашид ажиллуулахад, ашиг сонирхлын болоод дээрх зөрчлүүд тогтоогддог.

Гурав. Төсвийн шууд захирагчийн хувьд ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах талаар:

Орон нутгийг судлах музейн захирлын албан тушаал нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Төсвийн байгууллага нь түүний үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий төсвийн шууд захирагчтай байна” мөн хуулийн 16.4.18-т “Төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн” гэж зааснаар Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1,2-т заасан хуулийн үйлчлэлд хамаарах нийтийн албан тушаалтан мөн юм.

 3.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны сонгуулийн дараа, аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/82 дугаар захирамжаар М.Ог түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, С.Эыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байдаг.

Нэхэмжлэл гаргагч С.Эыг аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/82 дугаар захирамжаар томилохдоо томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтан болох аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Х.Цд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулах талаар огт мэдэгдээгүй. Нөгөөтэйгүүр уг албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилогдох иргэний хувьд төсөв захиран зарцуулах эрх бүхий субъектийн хувьд ч хуулиар өөрөө мэдүүлэг гаргах үүрэгтэй юм.  

3.2. Тухайн үед аймгийн Засаг дарга эрх хэмжээний хүрээнд шууд шийдвэр гаргаад явсан байдаг. Үүний зэрэгцээ тус шийдвэрийн хувьд ч хууль зүйн үр дагавартай шийдвэр гаргасан. Учир нь уг захирамжийн хуулийн үндэслэх хэсэгтэй үндсэн ажлынхаа зэрэгцээ ажил хавсран гүйцэтгэж байсан М.Огийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон заалтыг баримталснаар Орон нутгийг судлах музейн эрдэм шинжилгээний ажилтнаар томилогдсон харилцаа дуусгавар болоход хүргэсэн. Гэсэн хэдий ч М.Огийн хувьд ажлаа хийсээр байсан тул эрх зүйн байдлыг дордуулахгүй, зөрчил үүсгэхгүйн тулд Б/04 дүгээр захирамжаар уг асуудлыг шийдвэрлэсэн болно.

3.3. Мөн аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн А/82 дугаар захирамжид М.О, С.Э нарын ажлыг 2021 оны 09 дүгээр сарын 11- ний өдөр буюу ажлын 3 хоногийн дотор хүлээлцүүлэхээр шийдвэрлэсэн атал ажил хүлээлцэх комисс 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр буюу ажлын 4 дэх хоногт хүлээлцүүлсэн зэрэг зөрчил гарсан.

3.4. С.Э нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “Мэдүүлэг гаргагч хөрөнгө, ... орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хааж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 -т “Мэдүүлэг гаргагч хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй” гэснийг тус тус зөрчсөн.

Иймд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалтын хүрээнд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний дагуу Засаг дарга нь гаргасан шийдвэрээ хүчингүй болгох эрхтэй бөгөөд энэ хүрээнд “М.Ог түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, С.Эыг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгох, С.Эыг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, Х.Рагчааг түр орлон гүйцэтгэгчээр томилсон аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/04, Б/05 дугаар захирамжуудыг тус тус гаргасан болно.

... Хамгийн байж боломгүй асуудал нь нэхэмжлэгчийг томилсон Б/82 дугаар захирамж гарсан үйл явцыг аймгийн Засаг даргын Тамгын газрын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хүлээн авч бүртгэх, хянуулах “Эрх бүхий албан тушаалтан” болох Х.Цд огт мэдэгдээгүй, С.Э 2020 онд ажлаас чөлөөлөгдөөд буцаад томилогдсон талаар ч огт мэдээлэлгүй байсан. Мөн тухайн ажил хүлээлцүүлэх ажлын хэсгийн ахлагч аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Нарантуяагаас хугацаа хожимдож хүлээлцүүлсэн шалтгааныг асуухад захирамж гарсан үгүйг мэдээгүй байсан талаар тайлбарладаг.

Эрх бүхий албан тушаалтны хувьд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 24.1, Авлигатай тэмцэх газрын 2018 оны А/121 дүгээр тушаалаар баталсан “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааны журам”-ын 1.1.3, 1.1.4 дэх заалтаас үзэхэд гагцхүү байгууллагын удирдлагаас өгсөн чиглэлийн үндсэн дээр “Мэдүүлгийн цахим систем"-д нэвтрэх, тус эрхийг нь үүсгэх, мэдүүлэг гаргагчид мэдэгдэх ажиллагааг хийх үүрэгтэй бөгөөд мөн журмын 1.3.4-д өөрийн байгууллагын удирдлагын зөвшөөрөлгүйгээр мэдээллийг гаргахыг хориглодог ажиллагаа юм. Харин дараа нь эрх бүхий албан тушаалтан болох Х.Ц маргаан бүхий асуудал үүсэхэд энэ талаар мэдэж уг асуудлыг судалж, шийдвэрлүүлэн холбогдох арга хэмжээг авсан.

... Нэхэмжлэгчийн хувьд “Музейн маркетингийн менежер”-ээр томилогдсон ажиллах хугацаандаа ямар ажлыг гүйцэтгэж, ямар үр дүнг гаргасан талаар ажлын тайлангүй, цагаа бүртгүүлдэггүй, тус байгууллагын ажлын үнэлгээ хангалтгүй үнэлэгдсэн. Төрийн албаны тухай хуулийн 7.1.3-д “улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх” зарчмыг баримтлах, 37.1.4-д “улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх” үүргээ зөрчиж улс төрийн намын үйл ажиллагаанд оролцсон.  Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан “төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-д заасан ёс зүйн асуудал үүсгэснээс үүдэн байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдах, хамт олны уур амьсгалыг эвдрэлцэх нөхцөл байдал бий болсон. Байгууллагын өмч хөрөнгийг худалдан борлуулсантай холбогдуулан хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчсөн ашиг сонирхлын зөрчлийн шинжтэй үйлдэл гаргасан” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа “Эхлээд музейн байгууллагын эрх зүйн статусыг тодорхойлох шаардлагатай. Төрийн албаны тухай хуулийн 14.1-т зааснаар музей нь соёл, урлагийн байгууллагын статустай байгууллага юм. Энэ байгууллагын удирдлагыг томилох, чөлөөлөх харилцааг Төрийн албаны тухай хууль, Соёлын тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулсан байдаг. С.Эын хувьд 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр өөрийн хүсэлтээр сонгуульд оролцоно гэдэг шалтгаанаар ажлаа өгсөн. Сонгуульд нэр дэвших гэж байгаа хүн ажлаа өгснөөр тухайн байгууллагад сул орон тоо гарлаа гэж үздэг. Өөрөөр хэлбэл өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тохиолдолд, Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн үйлчилгээний байгууллагын удирдах ажилтныг сонгон шалгаруулах журмаараа сул орон тоо гарсан тохиолдолд 7 хоногийн дотор олон нийтэд мэдээлэх, 14 хоногийн дотор сонгон шалгаруулалт зарлах захиалгыг томилох эрх бүхий албан тушаалтнаас хүргүүлэх журамтай. 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаа өгчхөөд тухайн албан тушаал нь хадгалагдаад сул орон тоо гэж зарлагдаагүй өдий хүртэл явсан. Нэхэмжлэгч нь 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ажлаа өгсөн ч 8 дугаар сарын 10-ны өдөр тухайн байгууллагадаа менежерийн албан тушаалд томилогдсон. Нэхэмжлэгчийн цалингийн бичилт, цагийн бүртгэлийг харвал нэхэмжлэгч нь ажлаа хийгээд л явсан. Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн улс төрийн албан тушаалтнаас бусад албан тушаалтнууд улс төрийн үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцохыг хориглоно. Нэхэмжлэгчийг өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн ч ажлын байрыг нь хадгалж байсан. Ингээд 12 дугаар сард даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Нэхэмжлэгчийн хэлсэнчлэн түрээр томилогдоод жинхэлдэг асуудал бол эрх зүйт нийгэмд байхгүй. Тухайн ажлын байрны сонгон шалгаруулалтад ороод төрд алба хаших эрх нь нээлттэй. Нэхэмжлэгч түр орлон гүйцэтгэгчээр томилогдохдоо ашиг сонирхлын мэдүүлгийг мэдүүлээгүй байдаг. Мэргэжилтнээс хөрөнгө орлого, ашиг сонирхлын мэдүүлэг өгөх шаардлагатай эсэхээ асууж лавлах ёстой байсан. Тухайн үед Х.Ц мэргэжилтний хувьд мэдээгүй байсан гэдэг. ... Музейн захирал нь төрийн үйлчилгээний албан тушаал бөгөөд төсвийн шууд захирагч байдаг. Төсвийн тухай хуулийн 4.1.38-д төсвийн шууд захирагчийн талаар тодорхойлж өгсөн. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 4.8-д адил зааж өгсөн. Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар зайлшгүй урьдчилсан мэдүүлэг болоод ашиг сонирхлын мэдүүлэг гаргахаар хуульчилсан. Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах эсэх асуудлаар Авлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх хэлтсээс мөн асуусан. Аймгийн музейн захирал нь төсвийн тухай хуульд зааснаар төсвийн шууд захирагч тул хөрөнгө орлогын мэдүүлэг болон ашиг сонирхлын  мэдүүлэг гаргах үүрэгтэй субъект. Яагаад хянуулах шаардлагатай вэ гэхээр уг албан тушаалтан нь Төсвийн тухай хуульд зааснаар нэгдүгээр гарын үсэг зурдаг хүн. Уг хүнээр гүйлгээ дамждаг. Өөрөөр хэлбэл ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх хуулийн үйлчлэлд зайлшгүй байх ёстой албан тушаалтан. Энэ нь маргаан бүхий үйл явдалтай хамаарал бүхий үйл явдал. С.Этай холбоотой тухайн үед өөрийнх нь удирдлага дор ажиллаж байсан Д.Б гэх нягтлангаас Засаг даргад 2-3 удаа өргөдөл ирүүлсэн. Уг өргөдлийн хүрээнд Засаг даргаас ажлын хэсэг томилсон. Үүнд ашиг сонирхол болон ёс зүйн асуудлууд хөндөгддөг. Д.Б гэх нягтлангийн С.Эад холбогдуулж гаргасан өргөдөлд ашиг сонирхлын зөрчил үүссэн байх нөхцөл байдлын шинжтэй, мөн төрийн үйлчилгээний болон ёс зүйн дүрэмд заасан хэм хэмжээг зөрчсөн шинжтэй, байгууллагын ажилтнуудын дотроо зөрчилдсөн байдлыг дурдсан байсан. Удирдлагын тогтолцооны хувьд нэг тушаал гаргадаг нөгөөхөө хүчингүй болгодог зэрэг асуудлууд харагддаг. Уг гаргасан тушаалаа дуртай үедээ архив хадгаламжийн нэгжээсээ авч гаргасан үйлдэл мөн байдаг. Энэ удирдах арга барил болон бусад үүссэн нөхцөл байдлын хувьд уг албан тушаалд хэр тохирох хүн бэ гэдэг зүйл үүссэн. Үүнийг шалгаад холбогдох асуудлыг цагдаагийн байгууллагад мэдэгдээд ёс зүйтэй холбоотой асуудлыг шийдье гэтэл 25-аас бага ажилтантай байгууллагад ёс зүйн зөвлөл байгуулах шаардлагагүй. Хүний нөөцийн буюу даргаас томилсон албан тушаалтан ёс зүйтэй холбоотой маргааныг шийдвэрлэх үүрэгтэй байсан. Аудитын дүгнэлт гарсан байдаг бөгөөд уг дүгнэлтэд энэ асуудлыг тухайлан авч шалгаагүй байдаг. Байгууллагын дээрх хоёр өмчийн асуудлыг худалдан борлуулах болон дуудлага худалдаагаар борлуулсан орлогоо өөрөө авчихдаг. Шалгалт ирэх сургаар баахан баримт бүрдүүлээд өгчихдөг. Гэтэл байгууллагад бий болсон орлогыг хэрхэн зохицуулах талаар Сангийн сайдын 2019 оны 74 дүгээр тушаал байдаг. Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлд хяналт тавих журам. Уг журмаар нэхэмжлэгчийн өөрт зарцуулсан үйлдлийг хориглосон байгаа. Нэхэмжлэгч нь Соёлын тухай хууль, Төсвийн тухай хууль, Авлигын эсрэг хууль зэрэгт заасны дагуу төсвийн шууд захирагчийн хувьд зайлшгүй урьдчилсан мэдүүлгээ хянуулах, хөрөнгө орлогын мэдүүлгээ томилогдсон өдрөөс 30 хоногийн дотор хянуулах ёстой байсан. 2 дугаар сарын 15-нд гэдэг тайлант оны хугацаанд гаргадаг мэдүүлэг. Нэхэмжлэгчийн хувьд эхлээд урьдчилсан мэдүүлгээ хянуулах, дараа нь 30 хоногийн дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ хянуулах үүрэгтэй байдаг. Хуульдаа энэ процессыг заагаад өгсөн байгаа. Тухайн гаргасан зөрчил алдаа дутагдал байгууллагын хэвийн үйл ажиллагааг явуулахад хүндрэлтэй байсан. Засаг даргын зүгээс С.Э улс төрөөр явдаг залуу. Улс төрийн албан тушаал явдаг, ирдэг. Залуу хүний хувьд цагдаа, шүүх гэх дэмий гэсэн учраас хандахаа больсон.

Нэхэмжлэгчийн хувьд хувийн байгууллагад ажиллаагүй төрийн албанд ажилласан. Дуртай үедээ явж, дуртай үедээ ирдэг алба биш. Ажлын үр дүнг нотлох баримтаар гаргаж өгсөн. Төрийн албанд ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх нь үндсэн зарчим. Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм гэж байдаг. Уг дүрмээр ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх заалтуудыг тусгаж өгсөн байдаг. Энэ хүрээнд зарим төрийн албан хаагчийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянах ёстой байдаг. Өмгөөлөгчийн хувьд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.2-т заасныг барьж тайлбарлаж байна. Хууль зүйн үндэслэлд уг заалт огт тусгаагүй бөгөөд тайлбартаа мөн хэлээгүй. Сонсох ажиллагаа явуулахдаа бидний хувьд асуудлуудаа хэлж тайлбарласан. С.Эын хувьд огт тайлбар хэлээгүй. Урьдчилсан мэдүүлэг гаргах ажиллагааг нэг талаас захиргааны байгууллагын үүрэг байсан гэж байна. Үүрэг хэзээ үүсэх вэ гэдэг зүйлийг авч үзэх шаардлагатай. Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.4-ийг тодруулахад, уг албан тушаалын эрх зүйн байдлыг хэрхэн тодорхойлж байгаа вэ? үйлчилгээний удирдах албан тушаалтан хүссэн ч, эс хүссэн ч зайлшгүй гаргах шаардлагатай албан тушаал юм. Жагсаалтад байхгүй гээд гаргахгүй биш Авилгын эсрэг хуулийн 4.1-т зааснаар зайлшгүй гаргана. Нэхэмжлэгчийн хувьд ашиг сонирхлын мэдүүлгийг нь хянуулаад үргэлжлүүлээд ажиллуулах боломжтой хэдий ч ёс зүй болоод бусад шалтгаанаар ажиллуулах боломжгүй юм гэдгийг нь тодотгож тайлбарласан. Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэмд зааснаар эрх хэмжээг хэрэгжүүлэх бололцоогүй нөхцөл байдал бий болсон. Ажлын хэсгийн дүгнэлт гаргасан байдаг. Төрийн албаны нэр хүндийг ямагт дээдэлж, түүнд харшлах аливаа үйлдлийг цээрлэх, ёс зүйн зөрчил гаргасан үйлдэлдээ дүгнэлт хийж, албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр татгалзах хүртэл хариуцлага хүлээх чадвартай байх, хамт олон дундаа ажил хэрэгч, сэтгэл зүйн уур амьсгалыг бүрдүүлэх ёстой. Тухайн үед 2 талд гараад суучихсан. Ажилчдын эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байдалтай байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ...” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа “... Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д ... хүргүүлнэ гэж заасан байдаг. Миний хувьд томилох эрх бүхий албан тушаалтан биш гүйцэтгэх албан тушаалтан. Хэнийг ямар албан тушаалд томилогдож байгааг миний зүгээс мэдэх боломжгүй. Надад удирдлагаас энэ хүн ийм албан тушаалд томилогдох гэж байна гэж мэдэгддэг. С.Эыг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Б/82 дугаар захирамжаар томилохдоо удирдлагын зүгээс мэдэгдээгүй. Би музейн нягтлан бодогч Бялжиннямаас аймгийн Засаг даргад гаргасан өргөдлийг шалган шийдвэрлэх комиссын гишүүнээр томилогдон түүнийг өргөдлийг шийдвэрлэх хуралдааны үеэр С.Эыг музейн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсоныг анх олж мэдсэн. Тухайн үед тайлант оны хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг цаг үе таарч байсан тул тайлант оны хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаарай гэж С.Эад хэлж байсан” гэв.

                                             ҮНДЭСЛЭХ нь;

            Шүүх хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч С.Эын Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн Б/04 дугаартай захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, аймгийн Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн Б/05 дугаартай захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Нэг. Хэргийн үйл баримт.

С.Э нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/52 дугаар захирамжаар а%B