Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 59

 

Д.Ариунболдод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч,

                               Ерөнхий шүүгч                       Б.Батзориг

                               Шүүгчид                                   Г.Давааренчин                                  

                                                                               Д.Буянжаргал

                               Оролцогчид                   

                                   Прокурор                                Г.Энхмаа

                                   Хохирогч                                   Ц.Янжмаа

                                   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүх хуралдаанаас гаргасан 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 149/2019/99 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Дашзэвэгийн Ариунболдод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1932000000112 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  Ерөнхий шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1976 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймаг Ерөө суманд төрсөн. 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Улаанбатар хот Баянзүрх дүүрэг 26-р хороо 404 дүгээр байр 81 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогтой Дашзэвэгийн Ариунболд  /РД:ТВ76040573/

 

 Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Ариунболд нь 2019 оны 05 дугаар сарын 07 ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3-р багийн нутаг 2 даваа гэх газарт Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 215 дугаар километрийн заалтын орчим 19-50 УБР улсын дугаартай Х.Соната-7 загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3, 12.4 дэхь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зорчигч Ц.Янжмаагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Д.Ариунболдод холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд 149/2019/99 дугаартай шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Боржигон овогтой Дашзэвэгийн Ариунболдыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг Top of Formбаримтлан Д.Ариунболдыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Д.Ариунболд нь торгууль 600.000 /таван зуун мянган/ төгрөгийг 03 сарын хугацаанд буюу нэг сард 200.000 /хоёр зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлж биелүүлэхийг даалгаж, ...шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

 

Хохирогч Ц.Янжмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч Ц.Янжмаа миний бие 2019 оны 07 сарын 06-ны өдөр шуудангийн ажилтны авчирсан шүүхийн шийдвэртэй танилцаад шүүхийн шийдвэрийг буюу 2019 оны 06 сарын 12-ны өдрийн Дугаар 99 бүхий Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь анх осол болдог өдөр намайг эмнэлэгт хэвтүүлээд хагалгаанд оруулах гэтэл эмч нар та хагалгаа даахааргүй биетэй байна. Тийиээс ясыг нь бороолуулж байж шийднэ гэдэг зүйл ярьж байсан. Шүүгдэгч Д.Ариунболд надтай утсаар л ярьж байсан болохоос надтай биечилж ирж уулзаагүй хохирол мөнгө төлбөрийг маань төлж барагдуулаагүй. Намайг эмнэлэгт хэвтэж байхад шүүх хуралдаан хийж Д.Ариунболдод 600 нэгжтэй тэнцэх буюу 600.000 төгрөгөөр торгож шийдсэн нь шүүх шударга ёсны зарчмаа умартаж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Намайг бүхэл бүтэн амьд хүн байхад шүүхээс шүүх хуралдаан болох өдрөө ч хэлэлгүйгээр, шүүхээс ямар нэгэн байдлаар шүүх шийдвэрээ гаргасан, гаргах гэх байгаа талаараа ч мэдэгдэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.  Мөн одоогоор учирсан хохиролын баримтаа миний бие шүүх хуралдаан дээр гаргаж өгөх гээд хадгалж байхад хэргийг шийдвэрлэсэн, Д.Ариунболдын тал буюу нэг талын хүсэл сонирхлын үүднээс шийдвэр гаргасан шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Мөн хэргийг шалгаж байсан Прокурор, хэрэг бүртгэгч мөрдөгчид хүртэл Д.Ариунболдын талд ажиллаж, намайг хэвтэрт байгаагаар минь далимдуулан хэргийг шийдүүлэх, хурдан хугацаанд хэргийг шийдсэнд үнэхээрийн гомдолтой байна. Одоогоор миний бие тааруу, босож сууж, алхаж гишгэхэд хүртэл хүндрэлтэй, өөрийн асарч буй хүүхдээ ч асарч чадахгүй байдалд хүрчихээд байна. Угтаан бол миний бие тэтгэвэрт гарсан ч хувиараа хөдөлмөр эрхэлж амьдрал ахуйгаа авч явдаг байсан тэр өдрийн ослоос болж хөдөлмөр эрхэлж чадахгүй байдалд хүрч амьдрал ахуйгаа, хоол ундаа залгуулж чадахгүй байдалд орчихсон. Энэ бүхэн надад бодит хохирол болоод байхад шүүх яагаад хохирогчийн эрхийг хамгаалахгүйгээр хэргийг шийдсэнг ойлгохгүй байна. Иймд давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь шалгаж Д.Ариунболдод тохирсон ял шийтгэлийг оногдуулж, учирсан хохиролыг минь барагдуулах арга хэмжээ авч өгнө үү. Мөн хохирогчийн зүгээс шүүх хэргийг шалган тогтоохдоо шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүийн хууль буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчиж шийдвэр гаргасан эсэхийг тогтоолгох хүсэлтэй байна. Учир нь шүүх хохирогч нь амь мэнд эсэн мэнд байхад шүүх хуралдааныхаа товыг мэдэгдээгүй, цагдаа болон прокурор надад хэргийн материалаа ч танилцуулаагүй байхад шүүх хэргийг шийдсэн нь буруу зүйл гэж үзэж байна. Эцэст нь Д.Ариунболдод миний бие маш их гомдолтой байна. Мөн миний бие хэвтэрийн дэглэм барьж байсан тул давж заалдах гомдлоо хожуу өгсөн болно гэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Энэ хэргийн анхан шатны шүүх хурлын явцад хохирогч Ц.Янжмаад шүүх хуралдааны явцыг мэдэгдээгүй гэдэг нөхцөл байдал гарч байсан. Иймд хохирогчийн эрхийг хамгаалалгүйгээр хэргийг хянан хэлэлцсэн тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

                

Д.Ариунболд нь 2019 оны 05 дугаар сарын 07 ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3-р багийн нутаг 2 даваа гэх газарт Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 215 дугаар километрийн заалтын орчим 19-50 УБР улсын дугаартай Х.Соната-7 загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3, 12.4 дэхь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зорчигч Ц.Янжмаагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600000 төгрөгөөр торгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн давж заалдах гомдлыг үндэслэн Д.Ариунболдод холбогдох эрүүгийн 1932000000112 дугаартай хэрэгт явуулсан мөрдөн шалгах ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл:

Шүүгдэгч Д.Ариунболдод холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан журмын дагуу эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №166 дугаартай шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр явуулахаар товлон зарлаж товлогдсон өдөр шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч Ц.Янжмаад шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.4-т  заасан хохирогчийн “шүүх хуралдаанд оролцох” эрхийг зөрчсөнөөс хохирогч мөн зүйлд заасан бусад эрхээ эдэлж чадаагүй нөхцөл байдал үүссэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан журмын дагуу хэргийг хянан шийдвэрлэхэд мөн зүйлийн 6-д заасан оролцогчдыг байлцуулан  хэргийн хянан шийдвэрлэх бөгөөд мөн зүйлийн 7-д заасны дагуу хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шүүхээр хянан шийдвэрлэж болох хэдий ч шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь түүний хуулиар эдэлбэл зохих эрхийг эдлүүлээгүй, зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Хавтаст хэргийн 95 дугаар хуудсанд авагдсан утсаар ярьсан тухай шүүгчийн туслахын тэмдэглэл нь хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бус утас нь холбогдоогүйн улмаас товыг мэдэгдээгүй агуулга бүхий болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Хэргийг шүүхэд очтол Д.Ариунболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ                          Б.БАТЗОРИГ

                                       ШҮҮГЧИД                               Г.ДАВААРЕНЧИН

                                                                                           Д.БУЯНЖАРГАЛ