| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/02404/и |
| Дугаар | 102/ШШ2019/00826 |
| Огноо | 2019-03-27 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2019/00826
| 2019 оны 03 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2019/00826 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: МХ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: БСЦ БСБ-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн төлбөрт 43.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч МХ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МХ ХХК нь 3 хувь нийлүүлэгчтэй, олон жил үйл ажиллагаа явуулж байгаа. Баянгол дүүргийн 8 дугаар хороонд өөрийн 5б гэх байранд байдаг. 2015 оноос 2020 он хүртэл хугацаанд манай компани БСЦт өөрийг байрыг цэцэрлэгийн зориулалтаар түрээсэлсэн. Анх БСЦтэй сарын 4.500.000 төгрөгийн түрээсийн гэрээ байгуулсан ч цэцэрлэг зуны 3 сар амардаг, хэсэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хүмүүждэг зэргийг харгалзаж, түрээсийн төлбөрийг 3.000.000 төгрөг болгож бууруулсан. Түрээсийн байр Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэгдсэн. Өмнө 2018 оны 1 сарын 02-ны өдөр манай компани хариуцагчтай 32.000.000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, зохигчдын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч өмнөх шүүхийн шийдвэрээс 3.688.575 төгрөг төлж барагдуулаагүй. Түүнээс хойш хариуцагчид 47.188.575 төгрөгийн түрээсийн төлбөрийн өр үүссэн. Нэхэмжлэлийн шаардлагаас өмнөх шүүхийн шийдвэрийн үлдэгдэл 3.688.575 төгрөгийг хасаад 2017 оны 6 сараас 2018 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөр нийт 43.500.000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулахаар нэхэмжилж байна. Манай болон хариуцагч талын нягтлангууд өглөг, авлагын асуудлаар тооцоо нийлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч МХ ХХК нь хариуцагч БСЦ БСБ-д холбогдуулан түрээсийн гэрээний төлбөрт 43.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч БСЦ БСБ-ын төлөөлөгч нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсан хэдий ч шүүхэд тайлбар, татгалзал гаргаагүй, шүүх хуралдааны товыг хүлээн авсан ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд оролцоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан эзгүйд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч МХ ХХК нь хариуцагч БСЦ БСБ-тай 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 009/2015 тоот түрээсийн гэрээ байгуулж, нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 480 м.кв талбай бүхий объектыг хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар 5 жилийн хугацаатай түрээслүүлэхээр тохиролцож, гэрээг бичгээр байгуулж, 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлжээ.
Шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хуулийн шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж гарын үсэг зурж, компанийн тамга тэмдгээр баталгаажсан, улсын бүртгэлд бүртгэгдсэн байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж, Иргэний хуулийн түрээсийн гэрээний зохицуулалтыг баримтлах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хэрэгт авагдсан баримтаар 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөрт 32.000.000 төгрөг гаргуулах хэсгээ шүүхээр шийдвэрлүүлсэн, нэхэмжлэгч, хариуцагч нарын 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр үйлдсэн түрээсийн төлбөрийн тооцооны баримтаар хариуцагч БСЦ БСБ нь 2017 оны 6 дугаар сараас 2018 оны 12 дугаар сар дуустал хугацааны төлбөрт 43.500.000 төгрөгийн өртэй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч МХ ХХК нь хариуцагч БСЦ БСБ-аас Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 319 дүгээр зүйлийн 319.1 дэх заалтыг үндэслэн түрээсийн төлбөрөө шаардах эрхтэй байна.
Иймд түрээсийн гэрээний төлбөрт 43.500.000 төгрөгийг хариуцагч БСЦ БСБ-аас гаргуулан нэхэмжлэгч МХ ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 375.450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх заалтыг баримтлан хариуцагч БСЦ БСБ-аас түрээсийн төлбөрт 43.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч МХ ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 375.450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ