Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
Хэргийн индекс | 187/2022/0629/Э |
Дугаар | 2022/ШЦТ/609 |
Огноо | 2022-09-07 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | С.Ууганбаяр |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/609
2022 09 07 2022/ШЦТ/609
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,
улсын яллагч С.Ууганбаяр,
хохирогч Б.***,
шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210013460812 дугаартай, нэг хавтаст хэргийг 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр *** улсад төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон улсын худалдааны мэргэжилтэй, ***ажлын албанд жолооч ажилтай, ам бүл 2, эмэг эхийн хамт *** тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
***(РД:***).
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч *** нь 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Минт” цэнгээний газрын гадаа *** маргалдан гараараа цохиж биед нь халдан зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэгт:
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлгийг,
Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 3 дугаар сарын 26-ны шөнийн 1 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “минт” баарны гадаа ***тэй маргалдсаны улмаас намайг цохиж гэмтэл учруулсан, хохирлоо барагдуулсан, гомдол санал байхгүй гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан.
Хоёр: Эрүүгийн 2210013460812 дугаартай хэргээс:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр дуудлага бүртгэгдсэн лавлагаа (хавтаст хэргийн 5 дахь тал),
2. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд:
-2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр найз *** төрсөн өдөр болоод найзуудаараа зургуулаа “Симпл” нэртэй “Сөүл плаза”-д байх пабад 2 пиво ууж суусан. Тэгээд клуб орох гээд бид нар такси бариад дотор нь суух гэж байхад араас *** байсан байх, Лексус маркийн машин нэлээн их сигналдахаар нь “яасан сүртэй юм” гэж хэлээд таксиндаа суугаад явж байхдаа найз *** цонх онгойлгоод тамхи татаж дуусаад тамхиа цонхоор хаясан чинь таксинд суухын өмнө хойноос сигналдсан машин дээр унасан байж магадгүй юм шиг байна лээ. Тэгээд нөгөө машины хүмүүстэй маргаан үүсээд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Минт” баарны гадаа буугаад бид нар хоорондоо маргалдаж байтал манай нэг найз *** машинд явж байсан хүнтэй муудалцах гээд байхаар нь би салгах гээд очсон. Хажуугаас гэнэт 160 см өндөртэй байсан байх, намхан, нүдний шилтэй залуу миний нүүр лүү цохиод авсан. Бусдаар бол зодоон, цохион, маргаан үүсээгүй. ...Тэр хүн нүүр лүү цохисноос болж миний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, зүүн нүдний зовхины дээд талд шарх, зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт үүссэн. Мөн тухайн үед зүүж байсан 480,000 төгрөгөөр авсан “Adam Selman Le specs” брэндийн хязгаарлагдмал тоогоор гарсан нүдний шилийг тэр хүн цохихдоо эвдэлсэн. Би эрүүл мэнд болон өөрийн эд хөрөнгөөр хохирсон тул гомдолтой байна, бас үүнийгээ нэхэмжилнэ.....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),
-2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр дахин өгсөн: “...Би *** гэх залуугийн биед хуруугаа ч хүргээгүй. Манай найзууд хүртэл цохиж зодоогүй. Цагдаад дуудлага өгөх үед адилхан нэг, нэгнээ цохиод салъя гэхэд нь бид нар цагдаа дуудаад хуулийн дагуу шалгуулна гэж хэлсэн. Адилхан цохих юм бол харилцан зодоон болох байсан болохоор бид нар гар хүрээгүй. “Хүүхдийн зуу-“гийн гадаа тэр залуучууд манай найз нарыг гэмтэл учруулахгүйгээр цохиж авсан. Бид нар “Минт” орох гээд гадаа нь ирэхэд тэр залуучуудын машин нь зогсож байхаар нь очиж машин барьж байгаа залуугаас цуг явж байгаа найзуудынхаа дугаарыг өгөөч гэхэд надад *** дугаарыг өгсөн. *** дугаарын утас руу залгахад утсаа авахгүй байсан болохоор нь утсаа ав даа гэж мессеж бичсэн. Машиных нь хажууд зогсож байхад тэр залуучууд гарч ирээд уулзаад учир байдлаа олох гэж байхад тэр залуу шууд намайг цохисон... Хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Намайг өөрийг нь цохисон гэж худлаа ярьж надаас уучлалт гуйхгүй байгаад маш их гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),
3. Гэрч Ц.*** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр миний төрсөн өдрийг тэмдэглээд найзуудтайгаа “Хүүхдийн зуу”-д сууж байгаад гараад “Минт” бааранд орохоор болсон. Гараад такси бариад суух гэж байхад араас нэг машин сигналдаад байхаар нь тоохгүй явсан. Тэгсэн гэрлэн дохио дээр зогсож байхад хэдэн залуучууд бөөнөөрөө бууж ирээд хаалга онгойлгоод бид нарыг цохиж эхэлсэн. Ямар учраас биднийг цохисон талаар асуухад хүнтэй андуурсан гэсэн зүйлийг яриад яваад өгсөн. Бид нар “Минт” баарны гадаа ирэхэд нөгөө машин зогсож байхаар нь очоод яагаад цохисон талаар асуухад “уучлаарай эндүүрэл гарсан юм шиг байна. Манай найзууд одоо гараад ирнэ эвээр учраа олъё” гэсэн. Тэгээд найзууд нь гарч ирээд намайг хоёр цохисон. *** намайг салгахад *** нүдний шилтэй гадаад царайтай залуу шууд цохисон. ***ын нүдний шил болон нүд нь гэмтсэн байсан болохоор цагдаад дуудлага өгсөн. Бид нар тэр залуучуудад ганц ч гар хүрээгүй, урдаас нь зодолдоогүй... Миний биед тухайн үед гэмтэл учраагүй болохоор цагдаад өргөдөл өгөөгүй. ***ын нүд болон нүдний шил нь гэмтсэн учраас өргөдөл өгсөн... *** намайг цохисон залууг салгах гээд дундуур орж ирэхэд гадаад царайтай залуу *** цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал)
4. Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 25-аас 26-нд шилжих өдрүүдэд “Арцат 112” чиглэлд 24 цагийн хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. 01 цаг 47 минутад 102 дугаарын утсанд “Минт” баарны гадаа бусдад зодуулсан гэх дуудлага ирсний дагуу дуудлага мэдээлэл дээр очиход “Минт” баарны орчим *** гэх залуу байсан. Бусдад зодуулсан тэр хүмүүс машинтайгаа явсан, машины дугаар, утасны дугаар байгаа гэхээр нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн. Тухайн үед *** гэх залуугийн зүүн нүд хэсэгт шалбарсан цус гарсан, гартаа нүдний шил барьсан байсан. Тухайн залуугаас ямар хүмүүст зодуулсан талаар асуухад “найзуудтайгаа гараад явж байхад машинтай хэдэн залуучууд маргалдаад салсан, Минт баарны гадаа ирэхэд тэр залуучууд зогсож байхаар нь очиж уулзаад зодуулчихлаа” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал),
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №4939 дугаартай:
1. ***ын биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд шарх, цээж, баруун шагай, тавхайнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал),
6. “Дамно” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ХУ1-22-36с дугаартай: “Adam Selman Le specs” брэндийн нүдний шилийн зах зээлийн үнийг 149.999 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 38-41 дэх тал),
7. Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2022 оны 03 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө, аль өдөр гэдгийг тодорхой санахгүй байна. Би “Минт” бааранд байж байхад манай найз руу 12 удаа залгаж гараад ир бандиа гэх зэргээр мессеж бичсэн байсан. Бид нар гараагүй байж байтал Чойжилсүрэн залгаад намайг барьчхаад оруулахгүй байна гараад ир гэсэн. Бид нар гараад хэсэг маргалдаж байтал нэг залуу намайг хүзүүдэж аваад хоёр машины голоор орсон. Тэгээд угзраад толгойгоо тавиулах гэхэд улам чангалаад байсан. Тэгээд нэг угз татаад толгойгоо сугалахтай зэрэгцээд *** миний уруул хэсэгт нэг удаа цохисон, миний уруул сэтэрсэн. Миний нүдний шил унахтай зэрэгцээд хальт савахад цохисон байх. Бүгд ирээд хоёр хоёр талаас салгасан. Буцаж “Минт” бааранд орж байж байгаад найзынхаа гэрт очиж хоносон. Маргааш нь цагдаагаас дуудаад бүгд ирж уулзаарай гэсэн. Цагдаа дээр очиж уулзахад гомдол гаргасан талаар хэлсэн. Би бас уруул сэтэрсэн шүүх эмнэлэгт үзүүлж гомдол гаргамаар байна гэхэд шүүх эмнэлгээр орох юм бол цаашаа мэдэгдээд тодорхойлолт дээр чинь ял авсан гэж гарч ирнэ, нөгөө гомдол гаргасан хүмүүстэй яриад үзье гэсэн. Гурван сар чимээ сураггүй байсан болохоор хэрэг хаагдсан гэж ойлгосон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-57 дахь тал),
8. Хохирогч ***аас мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн шинжээч Дамно ХХК-д үнэлгээний ажлын хөлс төлсөн баримт (хавтас хэргийн 42 дахь тал),
9. 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж гэрэл зураг (хавтаст хэргийн 11 дэх тал),
10. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 60 дахь тал), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 63 дахь тал), 2022 оны 4, 5 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 64 дэх тал), хөрөнгө бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 61 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 66 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч ***ийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ нь гэм буруу, зүйлчлэлд маргахгүй гэсэн ба, мөн шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, хохирол, хор уршгийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01 цагт “Минт” нэртэй цэнгээний газрын гадна согтуурсан үедээ иргэн *** маргалдан гараараа нүүрэн тус газар нь цохиж бие, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
-Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр дуудлага бүртгэгдсэн лавлагаа (хавтаст хэргийн 5 дахь тал),
-Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: “...маргаан үүсээд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Минт” баарны гадна буугаад бид нар хоорондоо маргалдаж байтал манай нэг найз ***-ийн машинд явж байсан нэг хүнтэй муудалцах гээд байхаар нь би салгах гээд очсон чинь хажуугаас гэнэт 160 см өндөртэй байсан байх, намхан, нүдний шилтэй залуу миний нүүр лүү цохиод авсан. ...Тэр хүн нүүр лүү цохисноос болж эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, зүүн нүдний зовхины дээд талд шарх, зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт үүссэн. ...нүдний шилийг тэр хүн цохихдоо эвдэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал) болон 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),
-Гэрч Ц.*** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “...намайг салгахад *** нүдний шилтэй гадаад царайтай залуу шууд цохисон. Тэр үед ***ын нүдний шил болон нүд нь гэмтсэн байсан болохоор цагдаад дуудлага өгсөн. ...гадаад царайтай залуу *** цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал)
-Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “...дуудлага мэдээлэл дээр очиход Минт баарны орчим *** гэх залуу байсан. ...Тухайн үед *** гэх залуугийн зүүн нүд хэсэгт шалбарсан цус гарсан, гартаа нүдний шил барьсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №4939 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал),
-“Дамно” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ХУ1-22-36с дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 38-41 дэх тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжийг тодорхойлдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж үндсэн шинжийг хуульчилсан.
Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч ***ын эрүүл мэндэд гэмтэл учирсан нь тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчид учирсан гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч *** өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд шүүгдэгч, хохирогч нар согтуурсан үедээ нэгнээ үл хүндэтгэсэн харилцаанаас маргаан үүсэх, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.
Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба, хохирогчоос эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн зардлыг нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй, нэхэмжлэл гаргаагүй.
Харин гэмт үйл явдал болсон өдөр шүүгдэгчийн үйлдлийн улмаас эвдэрсэн хохирогчийн “Adam Selman Le specs брэндийн нүдний шилийг“Дамно” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ХУ1-22-36с дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар 149.999 төгрөгөөр үнийг тогтоосон (хавтаст хэргийн 38-41 дэх тал), мөн хохирогч нь ажлын хөлсөнд 5000 төгрөг төлсөн төлбөрийн баримт (хавтас хэргийн 42 дахь тал) хэрэгт авагдсан бөгөөд шүүгдэгч ***ээс хохирогч ***т 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нүдний шил, шинжээчийн ажлын хөлсний төлбөрт 155.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт шүүх хуралдаанд шинээр гаргасан тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч ***ийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, үйлдлийн арга хэрэгслийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ миний үйлчлүүлэгч гэм буруу, зүйлчлэлд маргаагүй, хохирлоо барагдуулсан тул “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа баримтаар шүүгдэгч *** нь ял шийтгэлгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Шүүгдэгч ***ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, нөгөө талаас тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажил, орлоготой зэрэг хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан ялын саналыг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сар буюу 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 3 сар буюу 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ***т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН