| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/0259/и |
| Дугаар | 102/ШШ2019/00864 |
| Огноо | 2019-03-29 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2019/00864
| 2019 оны 03 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2019/00864 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Т.Н-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.О-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Т.Нминий бие 2016 оноос хойш Ж.Отай хамт амьдарч байгаад 2018 оны 3 сард жирэмсэн болж, 2018 оны 12 дугаар сарын 19-нд хүүтэй болсон. Би өмнө нь 2 удаа жирэмсэлж бүтээгүй бөгөөд намайг жирэмсэн болсон цагаас Ж.О нь өөр хүүхэнтэй уулзаж, тэр нь мөн жирэмсэн болсон байсныг мэдсэн. Тэр хүүхэн нь над руу утасдаж дарамталдаг байсан. Ж.Оын тайлбартаа бичсэн шиг би гэр бүлтэй хүнтэй холбогдож жирэмсэн болоогүй, харин бид хоёр хамт амьдарч байгаад Ж.О нь нэг хүүхнээс мөнгө зээлээд тэрэндээ барьцаалагдаад, улмаар нөгөө эмэгтэйтэйгээ уулздаг болж, тэр хүүхэн нь жирэмсэн болж, бид 2 бараг ойролцоо төрсөн. Ж.О нь одоо тэр хүүхэнтэй хамт амьдарч байгаа. Намайг төрөхөд болон төрснөөс хойш нэг ч удаа эргэж тойроогүй. Иймд эцэг хүнийх нь хувьд үүрэг хариуцлагаа хүлээгээсэй гэж хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч Ж.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж овогтой О миний бие нэхэмжлэгч Т.Нийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Эхнэр хүүхэдтэй тул ар гэрийн шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй. Зүйд тохируулан хүүхдийн тэтгэмжийг тогтоож өгнө үү. Цалингийн зээлтэй, өндөр бол төлөх боломж муу. Миний энэ байдлыг харгалзан үзнэ үү гэжээ.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Н нь хариуцагч Ж.От холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Н.Ад хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүсч нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ж.О нь хүүг өөрийн хүүхэд мөн тул тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Зохигчид 2016 оноос үерхэж хамт амьдарсан байх ба тэдний дундаас 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүү Н.А төржээ. Тэд гэрлэлтээ бүртгүүлээгүй, хүүг төрөхөөс өмнө маргалдаж тусдаа амьдарч байсан тул хүүг эхээр нь овоглон төрсний бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдлоо.
Хариуцагч нь хүү Н.Аы төрсөн эцэг болохоо хүлээн зөвшөөрсөн тул Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Н.Аыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Ж.Оаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгөөс 35.868 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 34.332 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас, хариуцагчаас /Үндэсний Статистикийн хорооноос 2019 оны шинэчлэн тогтоосон амьжиргааны баталгаажих доод түвшингийн Улаанбаатарын хэмжээнээс 12 сарын хугацаанд тооцоход 217.900:2х12/ 1.307.400 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид 35.868 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалтыг баримтлан 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Н.Аыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Ж.Оаар тэжээн тэтгүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгөөс 35.868 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 34.332 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцааж, хариуцагч Ж.Оаас улсын тэмдэгтийн хураамжид 35.868 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ