| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/02404/и |
| Дугаар | 102/ШШ2019/00927 |
| Огноо | 2019-04-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2019/00927
| 2019 оны 04 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2019/00927 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Н.Э-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ХЦГ ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол /18072/, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 18 дугаар байрны 39 тоот хаягт байрлах, 52.98 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ХЦГХХК-д байр захиалж, 71.000.000 төгрөгийн байрны төлбөрөөс 21.740.000 төгрөг буюу 30 хувийн урьдчилгаа төлбөр төлсөн. 2017 онд байр ашиглалтад орсон. 2017 оны 3 сард 3.000.000 төгрөг төлж, 2017 оны 10 сараас сар бүр 1.700.000 төгрөг төлөх гэрээ байгуулж, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр үлдэгдэл 30.787.513 төгрөг, нийт 75.200.000 төгрөгийн төлбөр төлсөн. Сонгинохайрхан дүүргийн Үл хөдлөх хөрөнгийн Улсын бүртгэлийн газарт байрны ордер гаргуулахаар хандахад 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байрны өмчлөх эрийгх түдгэлзүүлсэн байна гэсэн. 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаанд манайд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас байрыг битүүмжилсэн талаар мэдэгдсэн. Би Шийдвэр гүйцэтгэлд байрны өмчлөгчөөр тогтоолгохоор өргөдөл гаргасан гэдгээ хэлсэн. ХЦГХХК-ийн санхүүгээс төлбөр төлсөн баримтыг Шийдвэр гүйцэтгэлийн газар аваачиж өгсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд түдгэлзсэн. Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 18 дугаар байрны 39 тоот, 2 өрөө, 52.98 м.кв орон сууцны өмчлөгч намайг болохыг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч ХЦГХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2014 оны 6 сард орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч байрны урьдчилгаа төлбөр төлсөн. Хөрөнгө оруулалт зогссоны улмаас барилгын ажил удааширч, 2017 онд барилгыг улсын комисс хүлээж авсан. Орон сууцны м.кв-д өөрчлөлт орж, төлбөрийн үлдэгдлийн талаар 2017 оны 7 дугаар сарын 31-ний талууд орон сууц захиалах гэрээ, зээлийн гэрээ байгуулж, хуваарийн дагуу төлбөр төлөхөөр тохирсон. 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч байрны үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Нэхэмжлэгч манайхаас өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримт авч, Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газар хандсан. ХЦГХХК шүүхээр тогтоогдсон өр төлбөртэй, Шийдвэр гүйцэтгэлийн журмаар төлбөр барагдуулах ажиллагаа явагдаж байгаа. ХЦГХХК-ийн нэр дээр бүртгэлтэй дуусаагүй барилгын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтоол гарсан. Үүнтэй холбоотой үл хөдлөхийн өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй. Орон сууц барьцаалсан барьцаалбар байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч ХЦГХХК-д холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол /18072/, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 18 дугаар байрны 39 тоот хаягт байрлах, 52.98 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь төлбөрөө бүрэн төлсөн тул Н.Э нь өмчлөгч мөн гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Н.Э нь ХЦГХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр орон сууц худалдах, худ алдан авах гэрээ-г байгуулсан ба ХЦГХХК нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Газрын Тосны газрын ажилчдын орон сууцны барилгын 1 дүгээр орцны 39 тоот хаягт байрлах, 52.98 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьж, 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор уг орон сууцыг ашиглалтанд оруулах, нэхэмжлэгч Н.Э нь гэрээгээр тохирсон хуваарийн дагуу хөлсийг төлөхөөр харилцан тохирчээ /хх 5,6 дугаар хуудас/.
Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ хэдийгээр орон сууц худалдах, худалдан авах гэрээ нэртэй байх боловч шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтаар талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Нэхэмжлэгч Н.Э нь ХЦГХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон ажлын хөлсийг бүрэн төлсөн, хариуцагч тал ажлын үр дүн буюу Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах Газрын Тосны газрын ажилчдын 18 дугаар байрны 39 тоотод байршилтай, 2 өрөө орон сууцыг барьж, 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр улсын комисс хүлээн авч ашиглалтад оруулсан ба Н.Э 2018 оны 5 дугаар сараас хойш уг орон сууцыг эзэмшиж байгаа үйл баримтад талууд маргахгүй байна.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2.3-т Тухайн орон сууцны төлбөр 100 хувь хийгдэж дуусах хүртэл орон сууцны хууль ёсны өмчлөгч нь ХЦГХХК байна гэж заажээ. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэсэн нөхцлөөр өмчлөх эрх шилжих талаар гэрээндээ тохиролцсон байна.
Дээрх гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т гүйцэтгэгч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй орон сууцны байшин болон түүнтэй холбоотой баримт бичгийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж талууд тохиролцсон байна.
Нэхэмжлэгчийн төлбөр төлсөн баримтаар 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлбөрийн үлдэгдэл 30.787.513 төгрөгийг төлж дуусгаж, Эд хөрөнгийн эрхийн бүртгэл хийлгэхээр хариуцагчаас холбогдох баримтыг авч, бүртгэлийн байгууллагад хандсан болох нь нотлох баримтаар тогтоогдлоо.
Уг орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 1/8029 тоот баримтаар захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснээс өмчлөх эрхийг бүртгээгүй байна.
ХЦГХХК нь Н.Эийн захиалан бариулсан үл хөдлөх хөрөнгийг бусдын төлбөрт барьцаалаагүй болох нь талуудын тайлбар болон Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтаар нотлогдож байна.
Дээрх байдлаас дүгнэхэд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т зааснаар ажил гүйцэтгэгч орон сууцыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байх тул Н.Эийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3, 112 дугаар зүйлийн 112.1 дэх заалтыг баримтлан ХЦГХХК-ийн өмчлөлд байгаа Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол /18072/, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 18 дугаар байрны 39 тоот хаягт байрлах, 52.98 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Н.Эийг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ