Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/580

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам тэмдэглэл хөтөлж,

улсын яллагч Н.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч Ж.Х нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б** овогт Ж.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2210000000869 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б** овогт Ж.Х нь Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, ** мэргэжилтэй, ** ажилладаг, ам бүл **, Баянгол дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, ** өргөн чөлөө гудамж, ** дүгээр байрны ** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД: **).

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Яллагдагч Ж.Х нь 2022 оны 06 дугаар сарын 26-ны өглөө Хан-Уул дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дэн буудалд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.С-тэй маргалдсаны улмаас зүүн ташаа хэсэгт өшиглөж, гараараа нүүрэн тус газарт нь цохиж, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн ташаанд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Шүүгдэгч Ж.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг гаргаагүй.

Эрүүгийн 2210000000869 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 10:19:18 цагт “найз залуу согтуу, намайг зодсон” гэх гомдол /мэдээлэл/-ын дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4 дэх тал),

2. Хохирогч Г.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2022 оны 06 дугаар сарын 25-ны орой Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах “**” гэх амралтын газар найз залуу Х-н хамт шоуд явсан. Би тухайн газар 200 грамм цагаан архи уусан бол Х тээврийн хэрэгсэл жолоодож байсан учир уугаагүй. Тэгээд бид 01 цагийн орчимд гэр лүүгээ буцаж байтал машины дугуй хагарсан тул бид хоёр нисэх орчимд байх буудалд орж хонохоор болсон. Тэгээд Х 0,33 граммын эдэн гэх архийг ганцаараа уусан. Тэгээд бид хоёр тамхи татахаар гарсан бөгөөд тамхи байхгүй учраас Х бид хоёр буудалд үйлчлүүлж байсан нэг залуугаас тамхи гуйсан бөгөөд Х бид хоёр тусдаа 3 ширхгийг авсан. Тэгчхээд буудлын өрөөндөө орж ирээд би авчирсан тамхиа сууж байсан сандаалын бүтээлэг дороо хийгээд тавьчихсан юм. Тэгсэн чинь Х намайг тамхи авчраагүй юм уу гэхээр нь үгүй гэж хэлээд боссон чинь сандал дээрээс тамхи газар унасан. Тэгсэн Х унасан тамхийг аваад намайг худлаа ярьсан байна гэж уурлаад миний хөлийн тааз руу өшиглөөд намайг газар унагаасан тэгээд миний дээр гарчхаад миний нүүр лүү болон толгой руу гараараа цохисон. Тэгээд би эсэргүүцэл илэрхийлж орилтол буудлын үйлчлэгч эмэгтэй хаалга тогшиж Х больсон. Тэгээд би цагдаад хандсан. ...Миний зүүн ташаа хэсэгт нэг удаа өшиглөсөн, тэгээд миний нүүр болон толгой руу гараараа цохисон. ...Би өөрөө бол хандаж байгаагүй одоогоос 5 сарын өмнө Баянгол дүүрэг Сөүлийн 14-46 тоотод хамт амьдардаг байх үед Х архидан согтуурч агсам согтуу тавих үед хажуу айлын хүмүүс дуудлага өгчихсөн байсан. Тэр үед Х миний биед гэмтэл учруулах хэмжээний зодож халдаж байгаагүй болно. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...Өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал),

            3. Шүүгдэгч Ж.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

            “...Хэрэг болсон өдөр С бид хоёр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд “**” амралтын газарт шоунд оролцчихоод 25-ны өдрөөс 26-ны өдрийг шилжих шөнө 01 цагийн орчимд гэр лүүгээ буцсан. Гэтэл замд дугуй хагарсан тул бид хоёр хий гарах хүртэл явж байгаад Нисэхийн орчимд ирээд машин зогссон. Тэгээд машинаа зам дагуу зогсоол дээр үлдээчхээд бид хоёр Нисэхийн байрнууд дунд буудал хайж явсан. Тэгээд нэг жижиг дэн буудалд орсон. Тэгээд шоунд явахынхаа өмнө уухаар бэлдсэн байсан Эдэн нэртэй 0,75 литрийн 1 шил, Сэнгүр нэртэй 0,5 литрийн нэг лааз пивыг авч орсон. Бид хоёр машин маань эвдэрснээс үүдэн маргалдаж эхэлсэн байсан бөгөөд бид хоёр ороод авчирсан архиа хувааж уугаад өглөө үүр цайж байсан. Тэгээд бид хоёр гэгээ орохоор нь тамхи авахаар гадагш гарч би нэгэн залуугаас 2-3 ширхэг тамхи олсон бөгөөд, найз охин маань тамхи олоогүй карт мөнгөө ч бас олохгүй байна гэж байсан. Тэгэхээр нь би нэг их тоолгүй байж байтал буудлын сандлын бүтээлэг дор манай найз охины карт, мөн 3 ширхэг тамхи байж байсан. Тэгээд удалгүй хаалга тогшоод миний тамхи гуйж авсан залуу орж ирээд хаалгаар шагайчхаад гараад явсан. Тэгээд би тухайн өөр залуутай яриа өдсөн байна зэргээр хардсан. Ер нь бол найз охин маань надад байнга л худлаа ярьж байдгийг бодоод би түүнд уурлаж маргалдаад түүний нүүрний зүүн шанааны дээд хэсэгт гараараа 1 цохисон. Тэр үед С газар уначхаад буцаж босож ирээд над руу дайраад байхаар нь түүнийг өөрөөсөө холдуулах гэж оролдож гар хөлөөс барьж түлхэх явцад С хөл гараа орны булан, ширээний өнцөгт цохиж байсан. Тухайн үед С-ийн гар хөлд гэмтэл учирсан. ...Түүний зүүн шанаа руу 1 удаа гараараа цохисон, тэгээд ноцолдож байх явцад гар хөлийг нь хөхрүүлсэн. ...Би ** хотод төрж  ** дүгээр сургуулийг ** онд сурч төгсөөд ** сургуулийг ** онд сурч төгссөн. Мэргэжлээрээ 2 жил ажиллаж байна. Сүүлийн ** жил фитнес, бодибилдинг чиглэлээр хичээллэж, багшлаад байна. Би анхны гэр бүлээсээ 3 жилийн өмнө салж байсан бөгөөд дундаасаа ** настай 2 охинтой. Охид маань одоо ээж дээрээ байдаг. 2020 оны 09 сард С гэх эмэгтэйтэй танилцаж одоог хүртэл үерхэж дундаасаа хүүхэдтэй одоогоор албан ёсны гэр бүл болоогүй байгаа юм. ...Өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №9145 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний дээд, доод зовхийг хамарсан тархмал хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, орчны зөөлөн эд хавдаж овойсон, зовхины завсар нарийссан, тэмтрэхэд эмзэглэлтэй, зүүн ташааны доод хэсэгт 3,0х1,2 см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, баруун өвдөгт 3,0x2,0 см, 1,0х0,6 см хүрэн ягаан өнгийн зулгаралттай.

Дүгнэлт:

1. Г.С-н биед зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн ташаанд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой /шинжээч эмч О.Болороо/. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

            5. Аюулын зэргийн “Бага” нийлбэр оноо 3 гэх үнэлгээ (хавтаст хэргийн 30-31 дэх тал),

            6. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хохирогч, яллагдагч нарын хүсэлт (хавтаст хэргийн 39, 40 дахь тал), “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх” тухай прокурорын 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 213 дугаартай тогтоол, ялын санал (хавтаст хэргийн 43-44, 45-46 дахь тал),

7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

7.1 Гэрч П.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би Ж.Х бид хоёр ** жил өмнөөс танилцаж байгаа бөгөөд би фитнесээр хичээллэж эхлээд анх сонирхлоороо болон ажил хэргийн шугамаар танилцаж байсан. Б.Х ** чиглэлээр бусдад зөвлөгөө өгч бэлтгэл сургалтыг нь хангаж өгдөг бөгөөд энэ чиглэлээр маш чадамгай бусдад танигдсан нэгэн гэж хэлж болно Түүнээс дасгалжуулалт аваад явж байгаад цаашлаад хамтарч ажилладаг болсон. Ажил мэргэжлийнх нь хувьд их хүндэлдэг бөгөөд харилцааны явцад үүсдэг маргаан гэх зүйл байхгүй болохоор ч тэр харилцахад маш амар байдаг юм. Бид хоёр чадах зүйлээрээ хамтарч ажиллаж амьдралын болон ажлын хамтрагч нар болон ажиллаж байна. Энэ хугацаанд багагүй түүнийг мэддэг болсныхоо хувьд хүндэлдэг хүн байгаа юм. ...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

7.2 Шүүгдэгч Ж.Х-н иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 21 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан тал (хавтаст хэргийн 29 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн тодорхойлолт (хавтаст хэргийн 28 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 20 дахь тал), эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 23 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ж.Х хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг түүнд танилцуулахад зөвшөөрсөн тул хялбаршуулсан журмаар эрүүгийн хэргийг шийдвэрлүүлэх саналтай шүүхэд шилжүүлснийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шүүх шалгаж, хянан шийдвэрлэсэн болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

I.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Ж.Х нь 2022 оны 06 дугаар сарын 26-ны өглөө Хан-Уул дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дэн буудалд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.С-тэй маргалдсаны улмаас зүүн ташаа хэсэгт өшиглөж, гараараа нүүрэн тус газарт нь цохиж, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн ташаанд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлт гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ж.Х нь 2022 оны 06 дугаар сарын 26-ны өглөө Хан-Уул дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дэн буудалд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.С-тэй маргалдсаны улмаас зүүн ташаа хэсэгт өшиглөж, гараараа нүүрэн тус газарт нь цохиж, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн ташаанд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Г.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 09 дэх тал), шүүгдэгч Ж.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №9145 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 16-17 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Х-н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн шинж”-ийг хангасан байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.С-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба шүүгдэгч Ж.Х нь учруулсан хохирлоо нөхөн төлж, хохирогч гомдол санал байхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “шүүгдэгч Ж.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулах” тухай дүгнэлт гаргасан бөгөөд Ж.Х улсын яллагчийн дүгнэлтийг зөвшөөрч байна гэсэн тайлбар гаргасан.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Ж.Х нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд ял шийтгэгдэж байгаагүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан болно.

Шүүгдэгч Ж.Х-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулахад зөвшөөрсөн байх тул 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулж, хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Х хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдаж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б** овогт Ж.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Х-д баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.С-д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА