Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/712

 

 

 

 

 

 

  2022          10           25                                    2022/ШЦТ/712

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд,   

улсын яллагч Л.Төгсжаргал,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

*** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 221001711 1028 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын *** -ний өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** хүнсний дэлгүүрт *** ажилтай, ам бүл 8, эхнэр, хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

*** (РД:***).

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч *** нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Галсан хайрхан” дэлгүүрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *** мөнгөний асуудлаас болж маргалдан, улмаар хохирогчийн цээж, хөл хэсэгт нь хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр эрүүл мэндэд нь баруун гуя шилбэний цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***аас: “Гэм буруугаа хүлээж байх тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэсэн болно.

 

Хоёр: Эрүүгийн 221001711 1028 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсан дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 7 дахь тал),

2. Хохирогч ***гийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 26-ны орой ажлаа тарж ирчхээд хүүхдүүддээ хоол хийж өгөхөөр дэлгүүр орж юм авахаар дунд охин *** хамт явсан. Тэгээд охин бид хоёр манай нөхрийн ажилладаг Галсан хайрхан дэлгүүр дээр очоод охин маань ааваасаа тахианы махны амтлагч аваад өгөөч гэж гуйхад манай нөхөр *** намайг “биеэ үнэлэгч минь хүүхдийн мөнгө яасан юм" гэж хэлээд миний цээж рүү өшиглөөд газар унасан тэгээд тухайн өрөөнд байсан хадаастай брожур байсан. Тэгээд намайг хэвтэж байхад хөлөөрөө хөл рүү 3-4 удаа өшиглөсөн. Тэгээд миний дээрээс дараад өшиглөж байх үед тухайн брожураас ил гарч ирсэн төмөр хадааснаас гараараа барьж аваад үзүүрээс нь өөрийн нүүрийг хамгаалсан. Тэгээд хадааснаас нь өргөтөл тухайн брожур маш хөнгөхөн байсан болохоор намайг *** цохиж байх үед миний гарын аясаар хөдөлж байсан бөгөөд би тухайн брожурыг санамсаргүй *** хөлөн дээр унагаасан. Тэгсэн *** намайг “хүүхдийн хөлөн дээр юм унагаалаа” гээд миний миний цээж рүү өшиглөх үед би тухайн өрөөний ор буйдан хоёрын голд шидэгдсэн. Тэгээд би тухайн шүүгээний бариулаас зуураад байж байтал намайг шүүгээнээс хутга авах гэлээ гээд миний хөлөөс татаад тухайн өрөөний үүдний босгон гээд чирч аваачаад хөл рүү маань 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд би босоод тухайн өрөөний хаалгаар гараад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал),

 

            3. Гэрч *** 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 22 цагийн орчимд *** над руу залгаад нөхөр маань намайг элдэв үгээр хараагаад, намайг зодсон гэж хэлэхээр нь би цагдаад мэдэгдээч гэж хэлсэн чинь нөхөр нь ***г цагдаад мэдэгдээд дуудлага өгчихсөн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь орой үдэш болж байгаа юм чинь маргааш учир байдлыг нь сонсьё гээд орхисон. Маргааш ажил дээрээ ирсэн чинь *** өөрийнх нь бие нь хөхөрч улайгаад аймар болчихсон та үзэх үү гэхээр нь үзтэл хоёр хөл нь нэлэнхүйдээ хөхрөөд өвдөгнийхөө орчмоор хавдчихсан байсан мөн нэг талынх нь гарын тохой нь хөхөрчихсөн байсан. Бас хөл нь шалбарсан байсан Тухайн үедээ ***гийн утас нь зураг авах боломжгүй байсан тул би өөрийнхөө утсан дээр зургийг нь аваад өөрийнхөө “zamindiin erdenetsetseg” гэх фейсбүүк чатаас ***гийн “***” хаяг руу чатаар 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр явуулж байсан зураг байгаа. (хавтаст хэргийн 37 дахь тал),

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 7868 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлтэд:

- ***-н биед баруун гуя, шилбэний цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

- Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

 

5. Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр би орой ажил дээрээ байж байтал, *** *** хамт миний амралтын өрөөнд орж ирсэн. Тэгээд орж ирчхээд хоол хийнэ гээд ногоо асуугаад байсан. Тэр нь манай дэлгүүрт байхгүй, надад мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгээд *** над уруу муу муухай үгээр дайрч давшлаад уурлаж эхэлсэн. Тэгэхээр нь би тэсэхээ байгаад түүн рүү ойртоход Нямсүрэн өрөөний орны араар орж, пийшингийн хажуугаар орж нуугдаад өрөөнөөс ер гарахгүй байсан. Тэгээд би түүний гар луу нь 4-5 удаа цохисон, хөл рүү нь 5 удаа өшиглөсөн. Тэгээд гарахгүй болохоор би ***г цээж рүү нь түлхээд чирээд өрөөнөөс гаргасан. Тэгэхэд буцаж орж ирэхээр нь би түүнийг өрөөнөөс гаргах гэж ноцолдоход гарахгүй байсан болохоор нь түүний гараас чирээд өрөөнөөс гаргаж явуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь тал),

 

6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 50-55 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

   Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ шүүгдэгч ***ын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай ба шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, хохирол, хор уршгийн талаар маргаагүй.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч *** нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Галсан хайрхан” дэлгүүрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *** мөнгөний асуудлаас болж маргалдан улмаар хохирогчийн цээж, хөл хэсэгт нь хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр эрүүл мэндэд нь баруун гуя шилбэний цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

- Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсан дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 7 дахь тал),

-Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал),

 

-Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал),

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 7868 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

 

- Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч *** нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон байх ба шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой бөгөөд энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно”. гэж хуульчилсан бөгөөд гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр шүүгдэгч үйлджээ.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүндрүүлэх бүрэлдэхүүн Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байх шинжээр тодорхойлогдсон.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томъёо, ойлголтыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцнэ.

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1.1 дэх заалтад “...эхнэр, нөхөр, хамтран амьдрагч ...” гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодод халдсан үйлдэл, ..., 5.1.2 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч нь хохирогчийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан байх  ба анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

Шүүгдэгч монгол хэл, бичиг мэддэг гэх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Тус хэргийн улмаас хохирогч ***гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба, хохирогчоос хор уршгийн зардлыг нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй, нэхэмжлэл гаргаагүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ “Хүндрүүлэх шинжээр буюу гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг үйлдсэн байна. Мөнхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч *** нь урьд ял шийтгэлгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Шүүгдэгч *** нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шүүгдэгч оногдуулсан ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгч ***ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч ***ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыгШүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ***ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч ***ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН