Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/581

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам тэмдэглэл хөтөлж,

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий ,

шүүгдэгч А.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны В танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос У** овогт А.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2210000000878 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

У** овогт А.Ө нь Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, ** мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл **, эхнэр, ** хүүхдийн хамтаар Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар гудамж, ** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд:

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил, 4 сар,10 хорих ялаар шийтгүүлсэн (РД: **).

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Яллагдагч А.Ө нь 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ** сургуулийн оюутны байрны гадаа иргэн Ц.Ц-той тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа цохиж унагаан, газар чирсний улмаас эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх, баруун тохой, өвдөг, зүүн өвдөгт зулгарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Нэг. Шүүгдэгч А.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг гаргаагүй.

Хоёр. Эрүүгийн 2210000000878 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 20:29:32 цагт “зодоон болоод байна” гэх гомдол /мэдээлэл/-ын дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 5 дахь тал), Хэрэг болсон үеийн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6 дахь тал),

 

2. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Хэрэг болсон үеийн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6 дахь тал), Согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 7-8 дахь тал),

3. Хохирогч Ц.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны ** дугаар байрны тэнд байдаг замаар Б бид хоёр юм идэх гээд явж байсан чинь нэг танихгүй залуу урдаас ирээд Б тэр хоёр юм яриад муудалцаад байхаар нь салгах гээд очсон чинь шууд намайг зодсон бөгөөд асфальтан зам дээр чирсэн ба өвдөөд хэвтсэн чинь толгой руу өшиглөсөн. Би тэр залууг танихгүй. ...Миний биед, толгойд өшиглүүлснээс болж хөмсөг задарч, толгой өвдөж эргэж байна. Асфальтан зам дээр чирүүлсэн учир гар, хөл шалбарч, хорсож өвдөж байна. Бүх бие хөндүүртэй байна. ...Би өнөөдөр архи уусан. ...Өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

4. Гэрч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өгсөн:

“...Би 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ** сургуулийн саадан дотор Л, Х, Г гэх ах нартай 0,75л -ийн хараа архи хувааж уугаад үдээс хойш салцгаасан тэгээд би ** их сургуулийн баруун талд байх цайны газар ороод хоол идчихээд дээш Багш ажилчдын шар байр луу алхаж байсан чинь Ц ахтай таараад цугтаа Хан-Уул дүүрэг ** хороонд байрлах инженерийн байр луу алхаж явж байсан тэгээд инженерийн байрны хажууд байх дэлгүүр ороод тамхи аваад гараад ирсэн чинь Ц ах нэг залуутай зодолдож байсан тэгээд би очиж салгасан тэгээд Ц ахыг босгоод ирсэн чинь Ц ах нөгөө залуугийн араас чулуу шидсэн тэгээд удаагүй цагдаа нар ирсэн. ...Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан хаана уусан юм гэж асуухад ажил дээрээ уусан гэж байсан биеэ хянах чадваргүй нэлээн согтуу байсан. ...Надад нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

            5. Шүүгдэгч А.Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчаар өгсөн:

            “...Би 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 17 цагийн үед найз Ч С .мөн нэг эмэгтэйтэй Хан-Уул дүүрэг Зайсангийн туул голын эрэг дээр нэг шил 0,5 архи уугаад 19 цагийн үед архи дуусаад бид гэр гэр лүүгээ явахаар болоод би түрүүлээд ** оюутны байр чиглээд явж байсан тэгсэн зүс таних ахтай ** хорооны цагдаагийн хэсгийн байрны хажууд таараад цагдаагийн хэсгийн урд байх дэлгүүрээс хараа гэх 0,5л-ийн архи авч өгсөн тэгээд нөгөө ах маань гэр лүүгээ явлаа гээд салцгаасан тэгээд би үргэлжлүүлээд Богинын амруу эргэх зам дээр явж байсан чинь намайг мөн нэг зүс таних нэг эрэгтэй хүн дуудсан тэгээд намайг яваад очиход надад архи авч өг гэсэн тэгэхээр нь чадахгүй гэсэн чинь намайг багалзуурдаад заамдаж авсан тэгэхээр нь эхлээд түлхсэн чинь нөгөө ах тавихгүй зууралдаад байсан тэгэхээр нь би хавираад унагаасан тэгсэн чинь босож ирээд над руу 2, 3 удаа чулуу шидсэн тэгэхэд нэг чулуу нь миний зүүн чамархай хавьцаа оносон мөн дахин нэг чулуу зүүг гарын шуун дээр оносон тэгэхээр нь би дахиж очоод хавирч унагаагаад баруун гараараа нүүр лүү нь хоёр удаа цохисон тэгээд би боль гээд салаад явсан тэгсэн араас чулуу барьж шидээд байсан тэгээд эргээд харахад хажуугаар нь найз нь боль гээд болиулж байсан тэгсэн удаагүй цагдаа ирсэн. ...Нүүр хэсэг рүү нь баруун гараараа 2 удаа цохисон. ...Ц.Ц-т учирсан гэмтлийг миний бие учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...Ц.Ц нь намайг заамдаж архи нэхэж тус маргааныг эхлүүлсэн. Өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №9565 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Зүүн хөмсөгт зах ирмэг тэгш бус мэс заслын 1 оёдол бүхий шархтай. Баруун тохойнд 7x3 см, өвдөгт 9x9 см, зүүн өвдөгт 7x3 см хөх өнгийн эмийн бодис түрхсэн зулгаралттай.

Дүгнэлт:

1. Ц.Ц-н биед зүүн хөмсөгт шарх, баруун тохой, өвдөг, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй /шинжээч эмч Б.Даваасүрэн /. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

 

            7. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хохирогч, яллагдагч нарын хүсэлт (хавтаст хэргийн 46, 47 дахь тал), “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх” тухай прокурорын 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 212 дугаартай тогтоол, ялын санал (хавтаст хэргийн 50-51, 48-49 дэх тал),

8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгч А.Ө-н иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 29 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан тал (хавтаст хэргийн 35 дахь тал), Хан-уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 31 дугаартай тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 38-40 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 30 дахь тал), хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 31 дэх тал), нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 32 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 33 дахь тал), иргэний, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (хавтаст хэргийн 34 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч А.Ө-с хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг түүнд танилцуулахад зөвшөөрсөн тул хялбаршуулсан журмаар эрүүгийн хэргийг шийдвэрлүүлэх саналтай шүүхэд шилжүүлснийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шүүх шалгаж, хянан шийдвэрлэсэн болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

I.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “А.Ө нь 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” их сургуулийн оюутны байрны гадаа иргэн Ц.Ц-той тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа цохиж унагаан, газар чирсний улмаас эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх, баруун тохой, өвдөг, зүүн өвдөгт зулгарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлт гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч А.Ө нь 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ** их сургуулийн оюутны байрны гадаа иргэн Ц.Ц-той тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа цохиж унагаан, газар чирсний улмаас эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх, баруун тохой, өвдөг, зүүн өвдөгт зулгарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал), гэрч Ц.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал), шүүгдэгч А.Ө мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №9565 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Ө-н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн шинж”-ийг хангасан байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Ц-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба шүүгдэгч А.Ө нь учруулсан хохирлоо нөхөн төлж, хохирогч гомдол санал байхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “шүүгдэгч А.Ө-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгийн торгох ял оногдуулах” тухай дүгнэлт гаргасан бөгөөд А.Ө улсын яллагчийн дүгнэлтийг зөвшөөрч байна гэсэн тайлбар гаргасан.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч А.Ө-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос түүнд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулахад зөвшөөрсөн байх тул 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгийн торгох ял оногдуулж, хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Ө хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдаж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. У ** овогт А.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ө-г 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ө нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Ө-т баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ц.Ц-т төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Ө-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.АЛТАНТУЯА