| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2019/00479/И |
| Дугаар | 00707 |
| Огноо | 2019-03-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 00707
|
|
|
|
2019 оны 03 сарын 12 өдөр Дугаар 102/ШШ2019/00707 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч ................. байрлах нэхэмжлэлтэй
Хариуцагч ................ байрлах Т Ө СӨХ-нд холбогдох 1.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: ................ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компанийн Гэрээт харуул хамгаалалтын алба 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 01/10/051 дугаартай гэрээгээр “........” СӨХ-той “Аюулгүй байдлыг хангах хамгаалалтын гэрээ” байгуулан, хамтран үйл ажиллагаа явуулсан.
Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр СӨХ-ын захирал Д.Батмандах харуул хамгаалалтыг 14-30 хоногийн хугацаагаар татан буулгая гэж бичгээр мэдэгдсэн учир харуул хамгаалалтаа түр татан буулгасан.
Гэвч энэ нь хууран мэхлэх замаар хамгаалалтыг буулгасан нь тодорхой болсон тул 01/10/051 тоот гэрээний 2.2, 2.3 дахь заалтын дагуу Т Ө СӨХ-оос 1.600.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээ дэмжиж оролцоно. Манай байгууллага хариуцагч талтай 2017 онд Хамгаалалтын гэрээ байгуулан ажиллаад, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэрээний хугацаа дуусаж, талууд дахин ярилцаад, 2019 оны 1 дүгээр сар хүртэл амаар гэрээг сунгаж ажиллахаар болсон.
Гэвч хариуцагч гэрээнд зааснаар ярилцаж тохироогүй байж 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэрээг цуцлана гээд тэр өдрөө цуцалсан.
Иймээс гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт хэрвээ гэрээг цуцлахаар бол гэрээний талууд харилцан ярилцаад, цуцлах “Мэдэгдэл”-ээ 14-20 хоногийн өмнө өгнө гэж заасан.
Гэтэл хариуцагч гэрээг зөрчсөн тул гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсгийг үндэслэн 1.600.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Д.Батмандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “............” ХХК-ийн нэхэмжлэлтэй, харуул хамгаалалтын хөлс 1.600.000 төгрөг гаргуулахыг зөвшөөрөхгүй байна.
“............” СӨХ тус компанитай 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулж, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан.
Энэ хугацаанд гэрээгээр хүлээсэн ажил үүргээ хангалтгүй, удаа дараалан оршин суугчдаас байнга санал, гомдол ирж байсныг авч үзэн, 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэрээг дуусгавар болгох албан бичиг хүргүүлж байсан.
2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тус компанийн харуул хамгаалалтын дарга Г.Ганпүрэв, СӨХ-ийн удирдах, хяналтын зөвлөлийн гишүүдтэй хурал хийж ажлын хариуцлага, сахилга сайжруулах 1-3 сарын хугацаа өгч, гэрээг сунгасан боловч алдаа дутагдалаа удаа дараалан гарсан тул татан буулгах шийдвэрт хүрсэн.
Иймээс “Түвшин-Өргөө” СӨХ ямар нэгэн хууран мэхлэх үйлдэл гаргаагүй учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “..................” ХХК, хариуцагч Т Ө СӨХ-ноос хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлт 1.600.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагчийн төлөөлөгч гэрээ цуцлагдсан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар анх 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 01/10/051 дугаартай “Аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын гэрээ”-гээр гэнэтийн болон гадны халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамгаалалтын албан хаагч ажиллуулж, нэг хамгаалагчийн сарын хөлс 533.333 төгрөг, 3 хамгаалагчид сард 1.600.000 төгрөгийн хөлс төлөн, хамтран ажиллахаар тохиролцож, гэрээг байгуулсан болох нь зохигчдын хооронд хийгдсэн гэрээ, шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Талуудын хоорондын гэрээ Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу байгуулагдсан хуульд заасан үндэслэл шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ болох нь нотлогдож байна.
Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсэгт “харуул хамгаалалтын байгууллага гэж энэ хуульд заасан журмын дагуу эрх бүхий байгууллагад бүртгүүлж, харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийг” гэж зааснаар Э ХХКдээрх үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрөлтэй бөгөөд талуудын байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад
Зохигчдын хооронд байгуулсан гэрээ 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр дуусаж, аман хэлцлээр 3 сарын хугацаатай, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэхээр тохиролцсон талаар талууд маргаагүй хэдий ч хариуцагч “Хамтран ажиллах гэрээ”-г 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөр цуцлахаа “Эйвергиард” ХХК-д 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр, нэхэмжлэгч “гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтыг хариуцагч зөрчсөн тул хариуг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 00/101 дугаартай албан тоотоор хүргүүлсэн” гэх тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгийн явцад гаргасан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2 “хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно”,
Мөн нэхэмжлэгч, хариуцагч нарын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг “хэрэв гэрээний хугацаа дуусахаас 14-20 хоногийн өмнө урьдчилан албан ёсоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй бол гэрээг цаашид сунгагдсанд тооцох буюу гэрээт хугацаанаас өмнө гэнэт цуцалбал үйлчлүүлэгч байгууллагад ажиллаж байсан хамгаалалтын албан хаагчдын нөхөн олговор болох гэрээнд заагдсан хамгаалалтын нэг сарын төлбөртэй тэнцэх төлбөрийг үйлчлүүлэгч тал төлнө” гэж зааснаар зохигчид гэрээг цуцлах, өөрчлөх, шинэчлэх, биелэлтийн талаар дүгнэсэн тэмдэглэл, шийдвэр байхгүй, хариуцагчийн төлөөлөгч “хамгаалалтын алба хариуцлагагүй ажилласан” гэж маргаж байгаа боловч түүнийгээ баталсан, нотолсон баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрөө цуглуулж бүрдүүлж өгөөгүй, эрх үүрэгтэйгээ танилцан гарын үсгээ зурж, гэрээ цуцлах шаардлага буюу “Мэдэгдэл”-ээ 2018 оны 11 дүгээр сард өгч, дахин хамгаалалтын албыг ажиллуулаагүй болохоо зөвшөөрсөн тул хариуцагчаас 1.600.000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 40550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2, 477.2 дахь хэсгүүдийг баримтлан хариуцагч Т Ө СӨХ-оос хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлт 1.600.000 төгрөгийг гаргуулж, “..........” ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40550 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 40550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА