| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01707/и |
| Дугаар | 102/ШШ2019/01016 |
| Огноо | 2019-04-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2019/01016
| 2019 оны 04 сарын 10 өдөр | Дугаар 102/ШШ2019/01016 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: И.Г-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: И.Д-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И.Гшүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И.Г, И.Днар 1994 онд танилцаж, гэр бүл болсон. Тэдний дундаас 1997 онд том охин Г.Мэ, 2008 онд дунд охин Г.М, 2011 онд бага хүү Г.Анар төрсөн. Гэрлэгчид хамтын амьдралын эхний жилүүдэд сайхан амарч байсан ч сүүлдээ үзэл бодол нийлэхээ байж, зөрчилдөж хэрэлдэж маргалдах болсон. 2016 оноос эхлэн И.Г, И.Днар тусдаа амьдарсан тул гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн. 2017 онд И.ДШвецарь Улсад, И.ГАвстрали Улсад тусдаа амьдарч байна. Том охин нь гадаадад сурдаг, 2 бага хүүхэд нь эхийн асрамжид амьдарч байна. Иймд И.Г, И.Днарын гэрлэлт цуцалж, Г.М, Г.Анарыг эх И.Дгийн асрамжид үлдээж өгнө үү. И.ДИ.Гоос хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй, гэрлэгчид хөрөнгөө харилцан тохиролцож хуваасан тул эд хөрөнгийн маргаангүй гэв.
Хариуцагч И.Дшүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И.Г, И.Днар 1994 онд гэр бүл болж, Солонгос улсад 4-5 жил амьдарсан. Охин Г.Мийг 7 настай байхад гэр бүлийн хамт Америкийн нэгдсэн улсад 8 жил ажиллаж, амьдарсан. 2 бага Г.Анар, Г.М нар Америкийн нэгдсэн улсад төрсөн. Гэрлэгчид санхүүгийн хямралаас болж муудалцаж, салахаар болсон. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаагүй, хариуцагч И.Д2 бага хүүхдээ өөрийн асрамжид авч, нэхэмжлэгч И.Гоос хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй. Иймд гэрлэлт цуцалж, 2 хүүхдийг эх И.Дгийн асрамжид үлдээж өгнө үү гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И.Гнь хариуцагч И.Дд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүсч нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан үндэслэлээр эвлэрүүлэн зуучлал дуусгавар болж, шүүхэд нэхэмжлэл гаргасан бол энэ хуульд заасны дагуу ердийн журмаар шийдвэрлэнэ, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэсний дагуу гэрлэлт цуцлуулахаар шаарджээ.
Хариуцагч нь гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид авахыг зөвшөөрч, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэгчээс гаргуулахгүй гэж тайлбарласан байна.
Нэхэмжлэгч И.Г, хариуцагч И.Днар нь гадаад улсад удаан хугацаагаар ажиллаж амьдрахаар явсан шалтгаанаар шүүх хуралдааныг эзгүйд хийлгэхээр хүсэлт ирүүлсэн байх тул гэрлэгчдийн эзгүйд тэдний төлөөлөгч нарыг оролцуулан хэргийг шийдвэрлэлээ.
И.Г, И.Днар нь 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болсноо 1994 оны 5 дугаар сарын 09-ний өдөр гэрлэлтийн бүртгэлийн 271 дугаарт бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, охин Г.Мэ нь 1997 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн болох нь Г №370 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, охин Г.М нь 2008 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төрсөн болох нь 0319583 Г-3418 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хүү Г.Ань 2011 оны 8 дугаар сарын 21-ний өдөр төрсөн болох нь 0000578980 Г-0432 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тус тус нотлогдож байна.
Зохигчид 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа, зан харилцааны таарамжгүй байдал, хамт амьдрахгүй байгаа буюу нэхэмжлэгч Автрали Улсад, хариуцагч нь Швейцарь Улсад амьдарч байгаа нь гэрлэлт цуцлах шалтгаан болжээ.
Гэрлэгчид хэн аль нь цаашид эвлэрч хамтран амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй гэж тайлбарласан, гадаадын өөр өөр улсад удаан хугацаагаар байнга амьдарч байгаа, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргийг үндэслэж шүүхээс дахин эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, тусдаа амьдарсан цагаас эхлэн охин Г.М, хүү Г.Анар нь эхийн асрамжид байсан зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалтыг баримтлан насанд хүрээгүй охин Г.М, хүү Г.Анарыг эх И.Дгийн асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөгдөхгүй болно.
Хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, зохигчид гэр бүлийн дундын хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь заалтыг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч И.Д/РД: /, хариуцагч И.Д/РД: / нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалтыг баримтлан 2008 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Г.М, 2011 оны 8 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Г.А-ыг эх И.Дгийн асрамжид үлдээсүгэй.
3. Хариуцагч хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ