Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 109/2024/0010/З |
Дугаар | 221/МА2024/0701 |
Огноо | 2024-10-31 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 221/МА2024/0701
|
|
“Бдм” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: шүүгч С.Мөнхжаргал,
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Н.Хонинхүү,
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч Ж.М, Х.О,
Нэхэмжлэгч: “Бдм” ХХК,
Хариуцагч: Архангай аймгийн Татварын газрын татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ж.М, Х.О нар
Нэхэмжлэлийн шаардлага: “Архангай аймгийн Татварын газрын татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ж.М, Х.О нарын “2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №НА-*** дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүй болгуулах”,
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 22 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Ж.М, Х.О, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр,
Хэргийн индекс: 109/2024/0010/З
ТОДОРХОЙЛОХ нь:
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 22 дугаар шийдвэр:
1.“Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 52 дугаар зүйлийн 52.1. /2019 оны/, Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл. /2019 оны/, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7., 20 дугаар зүйлийн 20.2. дахь хэсгийн 20.2.1. /2019 оны/, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5. дахь заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Бдм” ХХК-ий нэхэмжлэлийн шаардлага болох Архангай аймгийн Татварын газрын татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ж.М, Х.О нарын 2024 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №НА-*** дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ыг нөхөн татвар 10.000.000 (арван сая) төгрөг, алданги 2.000.000 (хоёр сая) төгрөг, торгууль 3.000.000 (гурван сая) төгрөг, нийт 15.000.000 (арван таван сая) төгрөг болгож төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгаж” шийдвэрлэжээ.
Хариуцагч нараас гаргасан давж заалдах гомдлын агуулга:
2. “...Нэхэмжлэгч “БДМ” ХХК нь “Мг” ХХК-иас өрөнд шилжүүлэн авсан Архангай аймгийн Цэнхэр сумын Хын ам нэртэй газарт орших, ашигт малтмалын МУ-00*** дугаартай “Ашигт малтмалын ашиглах лиценз”-ийн тусгай зөвшөөрлийг 2019 оны 07 дугаар сарын 01-ны өдөр шилжүүлж авсан бөгөөд авахдаа албан татвар “Суутгагч”-ийн үүргийг биелүүлээгүй, 100,000,000 төгрөгийн эрх борлуулсны орлогод татвар суутган авч төсөвт төлөөгүй гэх үндэслэлээр 30,000,000 төгрөгийн нөхөн татвар түүнд ногдох 9,000,000 төгрөгийн торгууль, 6,000,000 төгрөгийн алданги нийт 45,000,000 төгрөгийн төлбөр ногдуулсан. /Тухайн үед 2006 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль хүчин төгөлдөр байжээ/.
3.Шүүхээс дээрх зөрчлийн тухайд шийдвэрийнхээ үндэслэл хэсгийг 13-16 дугаарт дүгнэхдээ маргаан бүхий энэ тохиолдолд, 2006 оны Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байх тул 2019 оны “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль”-ийн зохицуулалтыг хэрэглэх нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх зүйн байдал хуулийн зохицуулалт нийцнэ. Учир нь, Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 7/4911 албан бичигт Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 332 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын МУ-00*** тоот тусгай зөвшөөрлийг .. танай компанид шилжүүлснийг бүртгэж, тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийснийг мэдэгдье.” гэж, нэхэмжлэгч “БДМ” ХХК нь МУ-00*** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 2019 оны 07 дугаар сарын 03-нд авчээ.
4.Иймд 2019 оны Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7, 20 дугаар зүйлийн 20.2.1-д заасан 10 хувь хэмжээгээр албан татвар төлөхөөр байна гээд Татварын ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 73 дугаар зүйлийн 73.1.1, 83 дугаар зүйлийн 83.2.2 дахь хэсэгт зааснаар маргаан бүхийн 2024 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн №НА-*** дугаартай “Нөхөн ногдуулалтын акт-аар” ногдуулсан хэмжээг нөхөн татварын 10,000,000.00 (арван сая) төгрөг, алданги 2,000,000.00 (хоёр сая) төгрөг, торгууль 3,000,000.00 (гурван сая) төгрөг, нийт 15,000,000.00 (арван таван сая) төгрөг болгон төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэсэн.
5.Гэвч хэргийн бодит үйл баримтаар, нэхэмжлэгч “БДМ” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2019.07.01-ний өдөр шилжүүлэн авсан болох нь тогтоогддог. Тухайн цаг хугацаанд 2006.06.29-ний өдөр батлагдсан Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байжээ. Тухайлбал Татварын ерөнхий хууль 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр шинэчлэн батлагдаж, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх эрх зүйн зохицуулалттай. 2019 оны 07 дугаар сарын 01-нд шилжүүлсэн эрхийн орлогод 2019 оны хуулийг буцаан хэрэглэх эрх зүйн үндэслэлгүй юм.
6.Дээрх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6.-д "суутгагч" гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг, 8 дугаар зүйлийн 8.1. дэх хэсэг Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараахь орлогод албан татвар ногдоно: 8.1.2.-т “эрх борлуулсны орлого”, 8.2. дахь хэсэг Эрх борлуулсны орлогод дараахь орлогыг хамааруулна: 8.2.1,-д “эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх, эсхүл эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан хэлбэрээр бусдад шилжүүлснээс олсон орлого”, 17 дугаар зүйлийн 17.2. дахь хэсэг Албан татвар төлөгчийн дараахь орлогод дор дурдсан хувиар албан татвар ногдуулна: 17.2.7,-д “эрх борлуулсны орлогод 30 хувиар” гэж тус тус зааснаар маргаан бүхий дээрх нөхцөлд эрх борлуулсны орлогод 30 хувиар албан татвар ногдуулахаар хуульчилсан байна.
7.Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дугаар 04-ний өдрийн 109/ШШ2024/0022 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар хүчингүй болгон шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулж, нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахад шүүхийн шийдвэрийн зарим дүгнэлт нь үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын гомдлыг хангаж шийдвэрлэв.
8.Нэхэмжлэгч “Бдм” ХХК-иас “Архангай аймгийн Татварын газрын татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ж.М, Х.О нарын “2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №НА-*** дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Архангай аймгийн Татварын газрын татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ж.М, Х.О нарт холбогдуулан гаргажээ.
Маргааны үйл баримтын талаар:
9.Анх “Мг” ХХК нь “Бдм” ХХК-иас 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд буцаан төлөх нөхцөлтэйгөөр 100.000.000 төгрөг зээлж Зээлийн гэрээ[1] байгуулжээ.
10.Уг зээлийн гэрээтэй холбоотойгоор “БДМ” ХХК-аас маргаан үүсгэж, шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 16465 дугаар захирамжаар[2] “Мг” ХХК нь “БДМ” ХХК-д “зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 100,000,000 төгрөг төлөх үүргийг “Мг” ХХК-ийн өөрийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын ***А дугаартай, тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг “БДМ” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэх нөхцөлтэйгөөр” 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Эвлэрлийн гэрээ[3]-г баталгаажуулсан байна.
11.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01/11146 дугаар албан бичгээр[4] “...“Мг” ХХК-ийн ***А дугаартай ашигт малтмал ашиглах лицензийн гэрчилгээг “Бдм” ХХК-ний нэр дээр шилжүүлэн бүртгэх” мэдэгдэл Ашигт малтмал газрын тосны газарт хүргүүлсэн. Үүний дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 7/4911 дугаар албан бичгээр[5] “...ашигт малтмалын хайгуулын MV-00*** тоот тусгай зөвшөөрлийг /тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн булангийн цэгүүд хэвээр/ танай компанид шилжүүлснийг бүртгэж, тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийсэн” талаар мэдэгдэл “Бдм” ХХК-д хүргүүлсэн.
12.Ашигт малтмалын газраас Архангай аймгийн Цэнхэр сум, Хын ам нэртэй газарт 323.29 гектар уурхайн талбайд 2029 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийг дуустал хугацаатай, MV-00*** дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг[6] “Бдм” ХХК-д 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр олгожээ.
13.Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 08/2 дугаар Татварын хяналт шалгалт хийх тусгай удирдамж[7] батлагдаж, Татварын ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 08/2300 дугаар албан бичгээр[8] “...эцсийн эзэмшигч өөрчлөгдсөн бүртгэлтэй боловч тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөнийг татварын албанд бүртгүүлээгүй, татвар ногдуулаагүй, холбогдох татварыг төлөөгүй, хавсралтад дурдсан татвар төлөгчдийг татварын хяналт шалгалтад хамруулах”-ийг үүрэг болгосон удирдамжийг Архангай аймгийн татварын газарт хүргүүлсэн.
14.Архангай аймгийн татварын газрын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 124200672 дугаартай татварын хяналт шалгалт хийх томилолтын[9] дагуу Архангай аймгийн Татварын газрын татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ж.М, Х.О нар нь “Бдм” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны татварын хэсэгчилсэн шалгалтыг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 10-ны өдөр хүртэл хийж, шалгалтын хүрээнд 2024 оны 02 дугаар сарын 09-ны өдөр №НА-*** дугаартай “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” нөхөн ногдуулалтын актыг[10] гаргасан байна.
15.Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар нэхэмжлэгч “Бдм” ХХК нь “Мг” ХХК-иас өрөнд шилжүүлэн авсан *** дугаар бүхий “Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл”-ийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлэн авахдаа албан татвар “суутгагч”-ийн үүргийг биелүүлээгүй, 100,000,000 төгрөгийн эрх борлуулсны орлогод татвар суутган авч төсөвт төлөөгүй нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 8 дугаар зүйлийн 8.2.1, 17 дугаар зүйлийн 17.2.7, 21 дүгээр зүйлийн 21.7-д тус тус заасныг зөрчсөн үндэслэлээр 30,000,000 төгрөгийн нөхөн татвар, 9,000,000 төгрөгийн торгууль, 6,000,000 төгрөгийн алданги, нийт 45,000,000 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.
16.Маргаан бүхий актыг эс зөвшөөрч нэхэмжлэгч талаас “...тусгай зөвшөөрлийг худалдан борлуулсны үндсэн дээр бус шүүхийн журмаар албадлагын үндсэн дээр шилжүүлэн авсан хөрөнгө учраас “Мг” ХХК хөрөнгө борлуулаад олсон ашгийг “БДМ” ХХК өмнөөс нь татвар төлөх боломжгүй. Мөн эрх борлуулсны орлого 2006 оны хуулиар 30%, 2019 оны хуулиар 10%-иар татвар ногдуулахаар заасан байхад татварын байгууллага хуулийг буцаан хэрэглэж нэхэмжлэгч компанийн эрх зүйн байдлыг илтэд дордуулж байна. Хөөн хэлэлцэх хугацааны тал дээр 2019 оны татварыг 2024 онд ногдуулж байгаа нь үндэслэлгүй” гэж маргасан.
17.Хариуцагч талаас “...2017 оны 10 дугаар сарын 17-нд байгуулсан зээлийн гэрээгээр “Мг“ ХХК-иас авлага үүсжээ. Улмаар зээл төлөгдөөгүйн улмаас авлагын оронд ***А дугаартай ашигт малтмал ашиглах лицензийн гэрчилгээг “Бдм” ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн нь санхүүгийн хувьд авлага хаагдаж 2019 оны 07 дугаар сарын 01-нд “Бдм” ХХК нь эрх эзэмшигч болсон байна. Тухайн цаг хугацаанд 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан ба тус хуульд эрх борлуулсны орлогод 30 хувиар албан татвар ногдуулахаар хуульчилсан. “Бдм” ХХК нь 2019 оны Аж ахуй нэгжийн албан татварын тайланг 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор ирүүлэх хуулийн зохицуулалттай. Улмаар харьяалах татварын алба дээрх тайланг 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсан гэж үзвэл 2024 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 4 жилийн хугацаа дуусах бөгөөд, маргаж буй улсын байцаагчийн акт 2024 оны 2 дугаар сарын 9-ний өдөр бичгээр гарсан байх тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй” гэж маргаж байна.
Маргаанд холбогдох хууль зүйн үндэслэлийн талаар:
18.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2006 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “"суутгагч" гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг”, 8 дугаар зүйлийн 8.2-т “Эрх борлуулсны орлогод дараахь орлогыг хамааруулна:”, 8.2.1-д “эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх, эсхүл эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан хэлбэрээр бусдад шилжүүлснээс олсон орлого”, 8.2.2-т “хуулийн этгээд, түүний эцсийн эзэмшигч хувьцаа, хувь оролцоогоо бусдад шилжүүлэх замаар газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигчийг өөрчлөх замаар олсон орлого.”, 17 дугаар зүйлийн 17.2.7-д “эрх борлуулсны орлогод 30 хувиар”, 21 дүгээр зүйлийн 21.5-т “Энэ хуулийн 17.2.1-17.2.3, 17.2.7-17.2.9-д заасан орлогод ногдох албан татварыг мөн хуулийн 4.1.6-д заасан суутгагч ногдуулан суутган авч, ажлын 7 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ.” гэжээ.
19.Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16.-д “ашиглалтын тусгай зөвшөөрөл" гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг, 4.1.21.-д ““тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх авсан, эсхүл түүнийг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу шилжүүлэн авсан хуулийн этгээдийг” гэж тус тус заажээ.
Шүүхийн дүгнэлтийн талаар:
20.Анхан шатны шүүхийн “...2019 оны Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө” гэж заасны дагуу 2006 оны Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байх тул 2019 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн зохицуулалтыг хэрэглэх нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх зүйн байдал болон дээрх хуулийн зохицуулалтад нийцнэ.” гэж дүгнэн нөхөн ногдуулалтын актаар тогтоосон нийт төлбөрөөс багасгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
21.Учир нь УИХ-аас 2019 онд баталсан Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан зохицуулалт нь Татварын ерөнхий хуулиар зохицуулсан харилцаанд хамаарахаар байна. Харин маргаан бүхий актаар нэхэмжлэгч компанийг Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.2.1-д заасан тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх, түүнийг бусдад шилжүүлснээс олсон орлого буюу эрх борлуулсны орлогод ногдуулан албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй гэж үзэн нөхөн татвар, торгууль, алданги оногдуулахаар шийдвэрлэжээ.
22.Мөн УИХ-аас 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 2 дугаар зүйлд “Суутган төлөгч нь албан татвар төлөгчид 2019 оны татварын жилд олгосон орлогод 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, төсөвт төвлөрүүлж, тайлагнана.”, 8 дугаар зүйлд “Энэ хуулийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.”, уг хууль 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болжээ.
23.Маргааны тохиолдлын хувьд, нэхэмжлэгч компани нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс “ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болж, ашигт малтмал ашиглах эрхийг эрх бүхий байгууллагаас авсан гэдэг нь тогтоогдож байна. Иймээс нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрлийг эзэмшигч болсон тухайн үед буюу 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан Аж ахуйн нэгжийн албан татварын тухай / 2006 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д заасан “суутгагч” бөгөөд 8 дугаар зүйлийн 8.2.1, 8.2.2-д заасны дагуу ашигт малтмалын эрх борлуулсны орлого олсон этгээд болсон байх тул мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.7-д заасан хувь хэмжээгээр эрх борлуулсны орлогыг албан татвар ногдуулан суутгаж, төсөвт төвлөрүүлж, тайлагнах үүрэгтэй гэж үзэхээр байна.
24.Үүнээс дүгнэхэд, 2019 оны татварын жилийн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай /2006 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.7-д заасны дагуу нэхэмжлэгч компанийн ашигт малтмалын ашиглах эрх борлуулсны орлогод 30 хувиар татвар ногдуулан суутгасан хариуцагч нарын нөхөн ногдуулалтын акт нь хуульд нийцсэн бөгөөд уг актын улмаас нэхэмжлэгч компанийн хууль бус албан татвар төлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
25.Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрээр “Татварын ерөнхий хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийг баримтлан маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрийн хэмжээг 30,000,000 төгрөгөөр багасгаж” шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт шүүхийн шийдвэрт оруулж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 22 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 8 дугаар зүйлийн 8.2.1, 8.2.2, 17 дугаар зүйлийн 17.2.7, 21 дүгээр зүйлийн 21.5, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2019 он/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан “Бдм” ХХК-иас Архангай аймгийн Татварын газрын татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ж.М, Х.О нарт холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Татварын газрын татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ж.М, Х.О нарын “2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №НА-*** дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Ж.М, Х.О нарын давж заалдах гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
[1] Хэргийн 1-р хавтас 72-73 дэх тал
[2] Хэргийн 1-р хавтас 74-75 дахь тал
[3] Хэргийн 1-р хавтас 13 дахь тал
[4] Хэргийн 1-р хавтас 79 дэх тал
[5] Хэргийн 1-р хавтас 16 дахь тал
[6] Хэргийн 1-р хавтас 17 дахь тал
[7] Хэргийн 1-р хавтас 129-132 дахь тал
[8] Хэргийн 1-р хавтас 120 дахь тал
[9] Хэргийн 1-р хавтас 133 дахь тал
[10] Хэргийн 1-р хавтас 21-22 дахь тал