Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 110/ШШ2021/0067

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн шүүх хуралдàаны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Улаанхус сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/162 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн болон хавсралтын Б.Сад холбогдох хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Т” ХХК-ийн захирал Т.А, түүний өмгөөлөгч Х.Бакен, хариуцагч Улаанхус сумын Засаг дарга К.Б, гуравдагч этгээд Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т” ХХК-аас  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон тус компанийн захирал Т.Ааас шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа:

Манай компани шатахуун жижиглэн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2017 оны 9 дүгээр сард Улаанхус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Е, Засаг дарга О.Н нар надтай уулзаж тус сумын Согоог багийн төвд шатахуун түгээх станцын салбар байгуулж, Согоог багаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгчөөр сонгогдсон Баудений Салтанат гэдэг хүнийг түгээгчээр авч ажиллуулах, Засаг даргын зүгээс газрын асуудлыг шийдвэрлэж өгөх санал тавьсан. Бид саналыг хүлээн авсны дагуу Улаанхус сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/125 дугаар захирамжаар манай компанид тус сумын 4 дүгээр баг, Согоог төвөөс 2000 м.кв газрыг шатахуун түгээх станц барих зориулалтаар эзэмшүүлсэн.

Газар эзэмшүүлэх шийдвэр гарсны дараа манай компани нь тохиролцсоны дагуу тухайн газарт шатахуун түгээх станц, 25 тонны багтаамжтай шатахууны сав суурилуулж үйл ажиллагаа явуулах болж Б.Сыг түгээгчээр авч ажиллуулсан.

Б.С нь тэнд 3 жил түгээгчээр ажиллаж, сүүлд нь тооцоо хийхэд 8.5 сая төгрөг дутаасан учир манай компани нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж эвлэрлийн гэрээ байгуулж байсан.

Согоог баг нь сумын төвөөс зайтай, байнга тээврийн хэрэгсэл явдаггүйгээс тухайн шатахуун түгээх станц ашиг багатай ажиллаж ирсэн учир 2021 оны 6 дугаар сард станцыг өөр хүнд худалдахаар харилцан тохиролцож газрын шилжилт хөдөлгөөн хийлгэхээр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт ирэхэд  манай компанид эзэмшүүлсэн газрын 313 м.кв газрыг Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны “Газар эзэмшүүлэх тухай” А/162 дугаар захирамжаар манай шатахуун түгээх станцад түгээгчээр ажиллаж байсан Б.С эзэмшүүлсэн болох нь мэдээллийн сангаас гарч ирсэн.

Дараа нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга К.Б орж нөхцөл байдлаа хэлэхэд, тухайн үед Улаанхус сумын газрын даамлаар ажиллаж байсан Б.Н өрөөндөө дуудаж яагаад ийм асуудал гарсан эсэхийг асуухад, Б.Нуржайна “...Мэргэжлийн хяналтын газраас ямар ч акт ирүүлээгүй. Б.С болон түүний эхнэр Алданыш хоёр байнга ирээд бидэнд тухайн газрыг шилжүүлж өг”  гэж хэлдэг байсан. Тэгээд О.Н Засаг дарга “...надад энэ хүмүүсийн хэлснээр газрыг шилжүүлж өг” гэж хэлэхээр нь газрыг шилжүүлж өгсөн.  Тэр газарт байгаа шатахуун түгээх станц болон газар таны эзэмшлийнх  гэдгийг би мэдээгүй” гэж хэлж байсан.

Манай компани үүнийг мэдсэний дараа маргааныг шийдвэрлүүлэхээр 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 24 дугаартай албан бичгээр Улаанхус сумын Засаг дарга К.Б, мөн өдрийн 25 дугаартай албан бичгээр Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Б нарт хандсан. Улаанхус сумын Засаг дарга гомдлыг хүлээн авсан боловч ямар нэгэн хариу өгөөгүй. Харин аймгийн Засаг дарга 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1-01/1112 дугаартай албан бичгээр шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийг зөвлөсөн хариу өгсөн.

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/162 дугаар захирамжаар манай шатахуун түгээх станцад түгээгчээр ажиллаж байсан Б.С 313 м.кв газар эзэмшүүлсэн шийдвэр нь манай компанийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна.

Иймд манай нэхэмжлэлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж давхардуулан газар эзэмшүүлсэн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/162 дугаар захирамжийн болон хавсралтын  Б.С холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бакенээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Улаанхус сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/125 дугаар захирамжаар тус сумын 4 дүгээр баг буюу Согоог багийн төвөөс 2000 м.кв газрыг “Т” ХХК-д шатахуун түгээх станц барих зориулалтаар эзэмшүүлсэн. Үүний дагуу 2017 оноос тэнд шатахуун түгээх станц байрлуулан ажиллуулж байсан. Гуравдагч этгээдээр оролцож байгаа Б.С тухайн шатахуун түгээх станцад ажиллаж байсан учраас тухайн шатахуун түгээх станцын зориулалтаар газар олгосон талаар маргаантай асуудал байхгүй.

Б.Сад яагаад тухайн газрыг эзэмшүүлсэн бэ гэдэг асуудалд тухайн үед Улаанхус сумын Засаг даргаар ажиллаж байсан О.Н болон газрын даамлаар ажиллаж байсан Б.Н нар нь “... аймгийн Мэргэжлийн хяналтын газраас албан шаардлага ирсэн. Дуудлага худалдаагаар эзэмших ёстой газрыг үнэгүй эзэмшүүлсэн байсан учраас өмнөх захирамжийг хүчингүй болгоод дуудлага худалдаа явуулж, Б.Сад эзэмшүүлсэн”  гэдэг байдлаар тайлбарласан.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 227 дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагын хавсралтад “Т” ХХК-ийн нэр ороогүй. Энэ албан шаардлагыг үндэслэн Улаанхус сумын Засаг дарга 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/113 дугаар захирамжаар зарим захирамж, гэрчилгээнүүдийг хүчингүй болгосон. Гэхдээ тухайн хүчингүй болгосон захирамж дотор мөн А/125 дугаар захирамжийг хүчингүй болгосон талаар ямар нэгэн заалт байхгүй. О.Н Б.Н нар гэрчийн мэдүүлэг өгөхдөө А/125 дугаар захирамжийг хүчингүй болгоогүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

 Тийм учраас “Т” ХХК-д газар эзэмшүүлсэн А/125 дугаар захирамж хүчин төгөлдөр байна гэж үзэх үндэслэлтэй.

Маргаан бүхий газарт 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр шүүхээс үзлэг хийсэн. Үзлэгээр Б.Сад эзэмшүүлсэн 313 м.кв газар “Т” ХХК-д эзэмшүүлсэн 2000 м.кв газартай бүхэлдээ давхцаж байна. Мөн тухайн газарт шатахуун түгээх станцын ёмкость, түгээгүүр, гэрэлтүүлэг, цахилгааны щит, аянга зайлуулагч гэх мэт хөрөнгө байгаа газар бүхэлдээ давхцаж байгаа. Эдгээр хөрөнгө нь бүгд Т.Аын хөрөнгө гэдэгт аль аль тал маргаагүй. Тухайн газрыг дуудлага худалдаагаар авсан гэж Б.С тайлбарлаж байна. Дуудлага худалдаа явуулах тодорхой журам байдаг. Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулахаар дуудлага худалдаа явуулах журам”-ыг  баталсан. Журмаараа тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон байх, нээлттэй, тэгш шударга өрсөлдөөнийг хангах ёстой.

 Дуудлага худалдааг танхим болон цахим хэлбэрээр явуулахаар зохицуулсан байна. Зарлан мэдээлэх талаар тодорхой зохицуулалт байгаа. Олон нийтийн мэдээлэл хэрэгслээр, цахим хаягаар, газрын биржийн цахим системээр зарласан байх ёстой. Хэрэгт цугларсан нотлох баримтаар ямар нэгэн байдлаар тухайн газрыг нийтэд зарласан, цахим санд байршуулсан талаар нотлох баримт байхгүй.  Мөн журмын 9.1-д дуудлага худалдаанд нэг оролцогч ирсэн бол тухайн дуудлага худалдаа явагдаагүй гэж үзэх ёстой. Дуудлага худалдаанд Б.С болон 4 дүгээр багаас нэг хүн орж ирсэн гэж тайлбарлаж байна. Гэхдээ дуудлага худалдаанд ямар хүн орсон,  дэнчин төлсөн үү гэдэг асуудал тодорхой бус байна.  Мөн дуудлага худалдаа явуулсан талаар тэмдэглэл хөтөлсөн байх ёстой. Ялагчтай ажлын 3 хоногийн дотор гэрээ байгуулах ёстой гэх мэт журмууд тодорхой хэмжээгээр зөрчигдсөн байна.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн зохицуулалттай. Мөн хуулийн 32 дугаар зүйлд хүсэлтээ яаж гаргах, хүсэлтийг яаж  хүлээж авах, ямар байдлаар хүсэлтийг шийдвэрлэх талаар тодорхой заасан байгаа.

Иймд Улаанхус сумын Засаг даргын А/162 дугаар захирамжийн болон түүний хавсралтын Б.Сад холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Улаанхус сумын Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа:

Улаанхус сумын Засаг даргаар ажиллаж байсан О.Н нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр А/125 тоот захирамжаар 4 дүгээр баг, Согоогын төвөөс “Т” ХХК-ийн захирал Т.Аад шатахуун түгээх станц барих зориулалтаар 2000 м.кв газрыг  эзэмшүүлсэн байна.

Гэвч 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дуусаж ажил хүлээлгэн өгөхөөс өмнө тухайн үеийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Стай үгсэн гуйвалдаж, албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашиглан “Т” ХХК-ийн захирал Т.Аын эзэмшилд байгаа 2000 м.кв газрыг “Т” ХХК-ийн шатахуун түгээх станцын түгээгч Б.С нэр дээр эзэмшүүлэн А/162 тоот захирамж гаргасан байна.

Уг захирамжийг гаргахдаа 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/125 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай дурдаагүй байна. Өмнөх Засаг дарга О.Н нь өмнө нь захирамж гаргасныг мэдсээр байж давхар захирамж гаргасан нь хууль бус гэж үзэж байна, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Гуравдагч этгээд Б.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа:

Б.С би Улаанхус сумын Засаг даргад шатахуун түгээх станцын зориулалттай газар эзэмшихээр хүсэлт гаргасны дагуу мөн сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/162 дугаартай захирамжаар надад 313 м.кв газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэх шийдвэр гаргасан юм.

Хамгийн анх би Т.Аад “Согоог багт шатахуун түгээх станц шаардлагатай байгаа тул хоёулаа хамтраад шатахуун түгээх станц байгуулъя, газрыг би олж өгье, би түгээгч хийж өгье” гэж санал гаргахад Т.А зөвшөөрч, улмаар шатахуун түгээх станцын тоног төхөөрөмж, ёмкость суурилуулан ажиллуулж байсан. Т.А нь тэнд 2000 м.кв газар эзэмшдэг болохыг нь мэдэхгүй, урьд өмнө сонсож байгаагүй.

Харин би тэр шатахуун түгээх станц байгаа газрыг хуулийн дагуу дуудлага худалдаагаар авсан, дуудлага худалдааны анхны үнэ 250400 төгрөгийг тушааж, 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр кадастрын зураг хийлгэж авсан. 2021 оны 5 дугаар сарын 19-ны өдөр Улаанхус сумын газрын даамал Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлтээ илгээсний дагуу аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс надад газрын гэрчилгээ олгох зөвшөөрөл олгосон.  Миний бие уг газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа, миний газар эзэмшихтэй холбоотой бүх бичиг баримтууд Улаанхус сумын газрын даамалд бүрэн байгаа болно. Хэрэв Т.Аад газар эзэмших талаар хууль ёсны хүчин төгөлдөр баримт материал байгаа бол холбогдох байгууллагаас яагаад надад дуудлага худалдаагаар газар эзэмшүүлээд байгаа юм бэ.

“Т” ХХК-ийн захирал Т.А нь Улаанхус сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/162 дугаартай захирамжийн надад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах талаар гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх  хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг тал бүрээс нь шинжлэн судлаад нэхэмжлэгч “Т” ХХК-аас Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/162 дугаар захирамжийн болон хавсралтын  Б.С холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Улаанхус сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/125 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар “Т” ХХК-ийн эзэмшилд тус сумын 4 дүгээр баг, Согоог төвийн нутаг дэвсгэрээс 2000 м2 газрыг шатахуун түгээх станц барих зориулалтаар эзэмшүүлсэн болох нь хэрэгт авагдсан газар эзэмшүүлсэн захирамж[1], уг захирамжийг үндэслэж гарсан 000313719 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ[2], иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2085 улсын бүртгэлийн дугаартай гэрээ[3] зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Мөн Улаанхус сумын 4 дүгээр баг, Согоог төвийн нутаг дэвсгэрээс 313 м2 газрыг шатахуун түгээх станц барих зориулалтаар дуудлага худалдаагаар  гуравдагч этгээд Б.Сад Улаанхус сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/162 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн хавсралтын 4-т зааснаар эзэмшүүлсэн нь  газар эзэмшүүлэх захирамж[4], уг газрыг эзэмшүүлэхээр  гаргасан Б.Сын 2020  оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хүсэлт[5], эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 2021 оны 05 дугаар сарын19-ний өдрийн мэдүүлэг[6], “Ерөнхий үнэлгээний дүгнэлт хүргүүлэх тухай” Баян-Өлгий аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 74 дүгээр албан бичиг[7], ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудас[8], улсын тэмдэгтийн хураамжийн, дэнчингийн, газрын үнийг тус тус төлсөн  мөнгөн шилжүүлгийн баримт[9] зэрэг нотлох баримтаар тогтоогджээ.

Гуравдагч этгээд Б.Сад эзэмшүүлсэн 313 м2 газар нь “Т” ХХК-д эзэмшүүлсэн 2000 м2 газрын  шатахууны зарлагын болон орлогын худаг, галын сарай, шатахууны түгээгүүр, гэрэлтүүлэг, цахилгааны щит, аянга зайлуулагч зэрэг эд хөрөнгүүд байршсан газартай бүхэлд нь давхцаж байгаа нь тус шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр[10] болон  үзлэгийн схем зургаар [11]  батлагдаж байна.

Дээрх байдлаар  нэхэмжлэгчид эзэмшүүлсэн  газраас гуравдагч этгээдэд давхцуулан газар олгосон захиргааны байгууллагын үйлдэл нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан ”Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 32 дугаар зүйлийн 32.2.2-т заасан “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг”,    32.5-т  заасан “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна” гэсэнтэй нийцээгүй гэж үзлээ.

Тодруулбал, нэхэмжлэгч “Т” ХХК-д 2000 м2 газар эзэмшүүлсэн захиргааны акт хүчинтэй, уг актын дагуу газар эзэмших эрх нь хэвээр байхад уг газрыг эзэмшихээр гуравдагч этгээдээс  хүсэлт гаргасан нь, мөн уг хүсэлтэд заасан   газрын байршил, зааг нь  өөр бусад этгээдийн  эзэмшилд байгаа  эсэхийг  захиргааны байгууллагаас нягтлан хянахгүйгээр  уг газартай  давхардуулан 313 м2 газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь тус тус  хуулийн дээрх заалтуудыг зөрчжээ.

Иймд маргаан бүхий захиргааны акт болох Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/162 дугаар захирамжийн болон хавсралтын  Б.С холбогдох хэсэг нь хууль бус, үүний улмаас нэхэмжлэгч “Т” ХХК-ийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагчаас тус шүүхэд  маргаан бүхий захиргааны актыг хууль бус  гэж хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан  боловч энэ зөвшөөрөл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн  67.1-т “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөр байсан тул хариуцагчийн зөвшөөрлийг батлахгүйгээр энэхүү хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.3.2, 32.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-аас Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын даргын  2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/162 дугаар захирамжийн болон хавсралтын  Б.С холбогдох хэсгийг хүчингүй  болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т тус тус  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                      

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              З.ГҮЛБАРША

 

 

[1] Хэргийн 100 дугаар хуудас

[2] Хэргийн 31 дүгээр хуудас

[3] Хэргийн 32 дугаар хуудас

[4] Хэргийн 35 дугаар хуудас

[5] Хэргийн 38-39 дүгээр хуудас

[6] Хэргийн 40-41 дүгээр хуудас

[7] Хэргийн 42 дугаар хуудас

[8] Хэргийн 42 дугаар хуудасны ар тал, 43 дугаар хуудас

[9] Хэргийн 45-47 дугаар хуудас

[10] Хэргийн 61-62 дугаар хуудас

[11] Хэргийн 63-64 дүгээр хуудас