Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2021/01138

 

 

                                                  “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                         иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/02410 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1977 дугаар магадлалтай,

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Ю” ХХК-д холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт нийт 30,011,070 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мөнхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэнгэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ю” ХХК нь манай компанитай 2017.06.12-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, Барилга Мега Стор худалдааны төвийн нэг давхарт байрлах 26,14 м.кв талбайтай 18 тоот павилоныг дотоод заслын худалдаа эрхлэх зорилгоор түрээслэсэн байдаг. Ингэхдээ м.кв тутмыг 35,000 төгрөгөөр тохиролцоод сард нийтдээ 914,900 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Түрээсийн гэрээний хувьд бие даасан объект, үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь түрээслээгүй хэсэг талбай буюу павилон түрээслүүлэх байсан учраас улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Энэхүү гэрээ нь өөрөө хүчин төгөлдөр гэрээ байгаа. “Ю” ХХК нь түрээсийн гэрээнд заасан төлбөрийг хугацаандаа төлөх үүргийг удаа дараа биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл, 2017.06 дугаар сараас хойш энэхүү үүргээ огт биелүүлээгүй. Манай компанийн зүгээс түрээслэгч талд гэрээний үүргээ биелүүлээч гэсэн албан тоотыг удаа дараа хүргүүлж байсан. Тухайлбал 2017.12.22-ны өдрийн 293 тоот, 2018.05.18-ны өдрийн 105 тоот албан бичгүүдийг удаа дараа хүргүүлж байсан. Энэхүү алба бичигт юу гэж хариу ирсэн гэхээр хариуцагчийн зүгээс түрээсийн гэрээг цуцлах хүсэл сонирхолгүй байна. Оройтуулсан ч гэсэн төлбөрийг төлнө. Хугацаа өгөөч гэсэн агуулга бүхий хариуг ирүүлсэн байсан. Түрээсийн гэрээ анх нэг жилийн хугацаатай байгуулагдсан. Гэхдээ түрээсийн гэрээний 1.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээний хугацаа дуусмагц аль нэг тал нь гэрээг цуцлах тухай санал гаргаагүй бол гэрээ автоматаар сунгагдаад явна гэсэн гэрээний заалт байгаа. Уг гэрээний дагуу гэрээ одоо хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Хариуцагчийн зүгээс ч гэсэн гэрээг цуцлах хүсэлгүй байгаа гэдгээ албан бичгээр манайд мэдэгдсэн байдаг. Ийм учраас гэрээ одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчлээд явж байгаа. Хариуцагчийн зүгээс манайх борлуулах бүтээгдэхүүнгүй болчихоод талбайг ашиглаж чадахгүй байна гэдэг тайлбар хэлдэг. Гэтэл түрээсийн гэрээний хугацаа нь түрээслэгч тал гэрээнд заасны дагуу тухайн талбайг зориулалтын дагуу ашиглаж эхэлсэн үеэс биш, түрээсийн гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн хугацаа тоологдож эхэлнэ. Гэрээ байгуулагдсан дариуд хариуцагчийн талаас тухайн талбайд өөрсдийн зарж борлуулах бараа бүтээгдэхүүнээ авч ирж байрлуулсан. Эдгээр эд хөрөнгө одоог хүртэл түрээсийн талбайд байрлаж байгаа. Тийм учраас гэрээ одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа. Бид түрээсийн гэрээний үндсэн төлбөр болох 2019.03.27-ны өдөр хүртэл тооцон түрээс болон, цахилгаан эрчим хүчний ашигласны төлбөр 20,007,380 төгрөг, алданги 10,003,690 төгрөг, нийт 30,011,070 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “М”ХХК болон манай “Ю” ХХК-ийн хооронд 2017.06.12-ны өдрийн түрээсийн гэрээ байгуулагдсан боловч, уг гэрээ байгуулагдаад огт ашиглаагүй, худалдагч ажиллахын аргагүй хүйтэн, ажилласан худалдагч өвдөөд ажиллах боломж гараагүй. 2017.11 дүгээр сарын эхээр түрээсийн талбайгаа ашиглах зориулалтаар эмульсүүдээ оруулж тавьсан боловч Барилга Мега Сторын барилга хүйтэн байсны улмаас эмульсүүд маань гашилж, манай компанид хохирол учраад байгаа болно. Манай компанийн хувьд ашиг олох зорилготой тухайн павилоныг түрээслэсэн. Гэтэл гэрээ байгуулагдах үед Барилга Мега Сторын барилгын өнгө үзэмж муу байсан, худалдан авагч муутай байсан тул сайжруулахгүй бол гэрээ байгуулж чадахгүйгээ хэлсэн. Гэтэл түрээслүүлэгчийн зүгээс гэрээ байгуулахаас өмнө өнгө үзэмжээ сайжруулна, худалдан авагч нарын татах маркетинг сайн хийнэ, идэвхжүүлнэ, та бүхэн орлого олно, хүн орж, гарна, байгууллагын ой болох тул фасадаа өнгөлж засна гэж амлаж байсан боловч нэг ч ажил хийгээгүй. Манай компанитай маркетингаа сайжруулах чиглэлээр хамтарч ажиллана гэж байсан боловч маркетингийн ямарч ажил хийгээгүй. Иймд худалдан авагч байхгүй хүйтэн газар, орлогогүй сууж болохгүй байсан 1 сар бараагаа тавиад дахин ажиллуулаагүй, гэрээнээс татгалзаад явсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/02410 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7, 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч “Ю” ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт нийт 26,357,715 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,653,355 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308,005 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 289,738 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1977 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/02410 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7...” гэснийг “...Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289.738 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч ““М” ХХК нь 2017.06.12-ны өдрийн түрээсийн гэрээний дагуу хариуцагч “Ю” ХХК-иас 30,011,070 төгрөг нэхэмжилсэн бөгөөд анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7, 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дүнгийн зарим хэсэг буюу 26,357,715 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн. Түрээслэсэн Барилга Мега Стор худалдаа үйлчилгээний төвийн 1 давхарт байрлах, 26.14 м.кв 18 тоот павилоныг нь “Ю” ХХК огт ашиглаагүй бөгөөд хүн /худалдагч/ ажиллахын аргагүй хүйтэн, ажилласан худалдагч маань өвдөөд ажиллаж боломж гараагүй. 2017.11 дүгээр сарын эхээр түрээсийн талбайгаа ашиглах зориулалтаар эмульсүүдээ оруулж тавьсан боловч Барилга Мега Сторын барилга хүйтэн байсны улмаас эмульсүүд гашилж, манай компанид ихээхэн хохирол учирсан.

Мөн Барилга Мега Сторын барилгын өнгө үзэмж муу, худалдан авагч муутай байсан тул өнгө үзэмжээ сайжруулахгүй бол гэрээ байгуулж чадахгүй гэдгээ “М”  ХХК-д удаа дараа хэлж байсан. Түрээслүүлэгчийн зүгээс гэрээ байгуулахаас өмнө “өнгө үзэмжээ сайжруулна, худалдан авагч нарын татах маркетинг сайн хийнэ, идэвхжүүлнэ, та бүхэн орлого олно, хүн орж гарна, байгууллагын ой болох тул фасадаа өнгөлж засна” гэж амлаж байсан. Гэвч дээр дурдсанаар ямар ч засвар үйлчилгээ болон өнгө үзэмжээ сайжруулаагүй, хийгээгүй болно. Тэгснээ мөртлөө 3 сарын төлбөрөө бүтнээр нь нэхэмжилж түүнийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Худалдан авагч байхгүй мөс шиг хүйтэн газар, орлогогүй сууж болохгүй байсан тул 1 сар бараагаа тавиад дахин ажиллуулаагүй, гэрээнээс татгалзаад явсан болно. Иргэний эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүсэх бөгөөд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байдаг. Манай компанийн зүгээс түрээсийн гэрээнээс татгалзсанаа мэдэгдсээр байтал шүүхээс үндсэн төлбөр 16,648,200 төгрөг, цахилгааны төлбөр 923,610 төгрөг, алданги 8,785,905 төгрөг нийт 26,357,715 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, шүүх хэт нэг талыг барьж шийдвэрээ гаргасан. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.2-т “түрээсийн гэрээний хувьд түрээслэгч зориулалтын дагуу ашиглаж, үр шимийг олж авах эрхтэй” гэж заасан ба үр шимийг олж аваагүй, харин ч манай компанид хохирол учруулсан. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

“М” ” ХХК нь “Ю”ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэг, алданги нийт 30,011,070 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 26,357,715 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ “...талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан, ...акт үйлдсэн, гэрээний төлбөр 17,571,810 төгрөг, алданги 8,785,905 төгрөг төлөх үүрэгтэй...” гэсэн дүгнэлт хийсэн байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ.

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяагийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний хүсэл зоригийн агуулга, зохигчийн шүүхэд гаргасан тайлбараас үзвэл талуудын хооронд 2017.06.12-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “Ю” ХХК Барилга Мега Стор худалдаа, үйлчилгээний төвийн 1 давхарт байрлах 26.14 м.кв 18 тоот павилоныг худалдааны зориулалтаар 1 жилийн хугацаатай түрээслэж, сар бүр 914,900 төгрөг, цахилгааны төлбөрт 10,000 төгрөг төлөх үүрэг тус тус хүлээсэн байна.

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүрэг хүлээдэг.

Хоёр шатны шүүх талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч гэрээнд заасан талбайг “Ю” ХХК-д 2017.06.13-ны өдөр акт үйлдэн хүлээлгэн өгсөн байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй.

Шүүхээс 2017.09.12-ны өдрөөс 2019.03 дугаар сар хүртэл түрээсийн төлбөрт 17,571,810 төгрөгийг “Ю” ХХК-иас гаргуулан “М” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслэгджээ.

Түүнчлэн талуудын хооронд байгуулсан гэрээний 9.2-т тогтоосон хугацаа түрээсийн төлбөрийг барагдуулаагүй тохилдолд “Ю” ХХК алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 ...хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “...алдангийн хэмжээ 50 хувиас хэтрэхгүй...” гэж заасны дагуу шүүх алдангид 8,785,905 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн нь хуульд нийцжээ.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7...” гэснийг “...Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6...” гэж өөрчилснийг хуулийг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болсон баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Хариуцагч түрээслэсэн талбайг зориулалтын дагуу ашиглаагүй, ашиглах боломжгүй хүйтэн байсан, ажилласан худалдагч өвдсөн, хүйтэн байсны улмаас эмульсүүд гашилсан, барилгын өнгө үзэмж муу, худалдан авагч муутай, ажиллах боломж гараагүй, орлогогүй сууж болохгүй байснаас 1 сар бараагаа тавиад дахин ажиллуулаагүй, үр шимийг олж аваагүй, харин ч манай компанид хохирол учирсан, гэрээнээс татгалзаад явсан гэх тайлбараа баримтаар нотлож чадаагүй байна.

Түүнчлэн хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан тайлбар, түүний үндэслэлтэй холбоотой нотлох баримт гаргуулах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар гаргаагүй болно.

Хэрэгт “М” ХХК-иас “Ю” ХХК-д түрээсийн төлбөрөө төлөхийг шаардсан мэдэгдлийг 2017.12.22, 2018.05.18-ны өдрүүдэд хүргүүлсэн баримт авагдсан ба хариуцагч 2018.05.03-ны өдөр нэхэмжлэгчтэй хамтран ажиллах саналтай байгаагаа мэдэгдсэн нь хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэхгүй.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж, 204.2-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана гэж зохицуулан хуульчилжээ.

“Ю” ХХК-иас “М” ХХК-д түрээсийн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах боломжгүйн учир гэрээнээс татгалзах талаар мэдэгдсэн гэх баримт хэрэгт авагдаагүй.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ” гэж заасан мэтгэлцэх зарчмыг хангаж, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд зөв дүгнэлт хийжээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1977 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,738 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ЦОЛМОН  

                              ШҮҮГЧИД                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ              

                                                                                       Х.СОНИНБАЯР 

                                                                                       Б.УНДРАХ

                                                                                       Х.ЭРДЭНЭСУВД