| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2019/00202/И |
| Дугаар | 710 |
| Огноо | 2019-03-12 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 710
2019 оны 03 сарын 12 өдөр Дугаар 102/ШШ2019/00710 Улаанбаатар хот
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч .......... байрлах СХДТ нэхэмжлэлтэй
Хариуцагч ............ байрлах НАГ ХХК-д холбогдох татварын өр 11.618.299.1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд ................... шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 5825377 тоот регистрийн дугаартай, НАГ ХХК 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдаж, барилгын засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгэгдсэн байдаг.
Тус компани 2014-2017 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар ногдуулсан 11.618.299.1 төгрөгийн татварын өртэй байна.
Татварын алба Татварын хууль тогтоомжийн дагуу 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 342018520/23 дугаартай “Мэдэгдэх хуудас”-ыг гардуулсан бөгөөд Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасан “Татварын өрийг үл маргах журмаар гаргуулах” ажиллагааг хийж гүйцэтгэн, 2018 оны 9 дүгээр сарын 21-ний 342018501/25 дугаартай банкны данс хаах “Мэдэгдэх хуудас”-ыг “Хаан” , “Хас” “Улаанбаатар”, “Төрийн”, ”Голомт” “Худалдаа хөгжил”-ийн банкуудад тус тус өгч дансыг хааж, НАГ ХХК-ийн захирал Х.Соёлмаатай 8909-4354 дугаарын утсаар холбогдож татварын өрийг барагдуулах хуулийн хугацаа хэтэрсэнийг удаа дараа сануулсан боловч өр төлбөр барагдуулаагүй.
Мөн хуулийн 64 дүгээр зүйлд зааснаар барьцаалах болон битүүмжлэх үйл ажиллагааг хийж гүйцэтгэх гэтэл НАГ ХХК өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө байхгүй байсан тул битүүмжлэх үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.
Иймд Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 “татварын алба, татварын улсын байцаагч нь энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмаар хэрэгжүүлэх боломжгүй болсон актын биелэлтийг хангуулах нэхэмжлэлийг хууль тогтоомжийн дагуу шүүхэд гаргана”, 70 дугаар зүйлийн 70.1 “хугацаанд нь төлөөгүй татварын өөрийг энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасны дагуу НАГ ХХК-иас татварын өр 11.618.299.1 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Марал-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НАГ ХХК 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдаж, манай Татварын газарт 5825377 тоот регистерийн дугаарын бүртгэлтэй.
Тэрээр 2014-2017 онуудын хооронд Аж, ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангаар ногдуулсан 11.618.299.1 төгрөгийн татварын өрийг төлөхгүй байна.
Татварын хуульд зааснаар “Мэдэгдэх хуудас”-ыг хариуцагчид гардуулж, татварын өрийг үл маргах журмаар гаргуулах ажиллагааг хийж мөн НАГ ХХК-ийн захирал Х.Соёлмаатай утсаар холбогдож, татварын өрийг барагдуулах хуулийн хугацаа өнгөрснийг сануулж, барьцаалах, битүүмжлэх ажиллагааг хийх гэтэл НАГ ХХК өөрийн нэр дээр хөдлөх, үл хөдлөх хөрөнгөгүй учраас ажиллагаа явуулах боломжгүй болсон.
Компанийн өр яаж үүссэн бэ? гэхээр тайлангаар үүссэн.
Аж ахуйн нэгжүүд жил болгон аж ахуйн нэгжийн орлогын албан татвараа өөрсдөө тайлагнадаг буюу www.mta.mn гэсэн хаяг руу ороод, өөрсдийн нэвтрэх эрхээрээ тайлангаа илгээдэг.
Тайлангийнх нь ногдол манай татварын хэлтсийн ногдол дээр жил болгон орсоор байгаад өр үүссэн.
Бид тэдний өмнөөс ямар нэгэн өр үүсгэх эсвэл энэ хүнийг захирлаар томилж программ руу оруулна гэсэн ойлголт байхгүй.
Улмаар хариуцагч өрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа хуульд зааснаар нотлох баримтаа өөрсдөө гаргаж өгөх үүргийн дагуу ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй бөгөөд компанийн захирал Х.Соёлтаа гэдэг нь баримтаар тогтоогдсон тул татварын өр 11.618.299.1 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Х.Соёлмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 5 дугаар сард Даш хэн билээ нэг залуу татварын албанаас явж байна гээд манайд ирсэн. Та манай хаягийг хаанаас авсан бэ? гэхэд танай хорооноос авсан гэж хэлсэн.
Яасан, юу болов гэхэд нэг компанийн нэр хэлээд, татварын өрөө төл гэж хэлсэн. Би компани байтугай цайны газар ч ажиллуулж байгаагүй гэдгээ хэлээд явуулсан. Дахиад нэг залуу ирсэн учраас би Сонгинохайрхан дүүргийн Татварын албанд өөрийн биеэр очоод юу болсон талаар лавлахад “та татварын өрөө төлөхгүй бол болохгүй. Танайх тайлангаа өгсөн” гэж хэлсэн.
Би юун тайлан гээд гайхсан. Тэгэхэд тэр залуу та хуулийн этгээд бол Улсын бүртгэлийн хэлтэс дээр очиж асуудлаа хэлээрэй гэхээр нь очсон.
Ингээд материалыг үзэхэд миний иргэний үнэмлэхийн лавлагааг нотариатаар батлуулсан байсан тул гарын үсгийн баталгааг үзье гэхэд миний гарын үсгийн баталгаа биш байсан.
Утасны дугаарыг асуухад 8809-5395 гэж хэлсэн. Улсын бүртгэлээс гараад тэр дугаар руу залгахад холбогдох боломжгүй байсан.
Түүнээс биш тэр “Нью” гээд компанийг мэдэхгүй. Үүнээс өөрөөр надад хэлэх зүйл байхгүй. Байцаагч залуугаас энэ талаар асуухад “014” гэсэн дугаартай Сонгинохайрхан дүүргийн нотариатчаас асуу, тамга дарсан байна гэж хэлсэн. Баримтанд зурсан гарын үсэг минийх биш болохоор их гайхаж байгаа.
Нэг хэсэг миний иргэний үнэмлэх байхгүй болоод гэрээс олдсон.
Ийм л зүйл болсон. Түүнээс надад компанийг бусдад шилжүүлсэн, байгуулсан зүйл байхгүй. Надад мэдэх зүйл юу ч алга, татварын өр төлөхийг зөвшөөрөхгүй, гэжээ.
Төрийг төлөөлж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, хяналтын прокурор Д.Бямбадагва шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарыг сонслоо. Хавтаст хэргийн материалтай танилцсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар НАГ ХХК-ийн захирал Х.Соёлмаа гэж хүн болох нь Эрхийн бүртгэлийн байгууллагын ирүүлсэн лавлагаагаар нотлогдсон.
Хариуцагч энэ талаар мэдэхгүй. Миний иргэний үнэмлэх байхгүй байсан. Дараа нь гэрэээсээ олсон гэдэг тайлбарыг хэлж байгаа боловч тус компанийн захирал Х.Соёлмаа гэж хүн болох нь баримтаар тогтоогдож байна.
Иймд СХДТ нэхэмжлэл үндэслэлтэй, НАГ ХХК-ийг иргэн Х.Соёлмаа төлөөлж байгаа учраас татварын өр болох 11.618.299.1 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэс, хариуцагч НАГ ХХК-д холбогдуулан татварын өр 11.618.299 төгрөг 01 мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагчийн төлөөлөгч надад ийм компани байхгүй, би компани байгуулаагүй, яагаад энэ компанийн захирал болсноо мэдэхгүй байгаа тул нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Татварын Ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “ татварын хууль тогтоомжийн дагуу татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, тодорхой эрх бүхий, эсхүл ажил үйлчилгээ эрхэлж, түүнчлэн газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц ашигласан, агаар, ус, хөрс бохирдуулснаас татвар төлөх үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд татвар төлөгч байна” гэж зааснаар НАГ ХХК, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст татвар төлөгч болох нь Татвар төлөгчийн карт, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагаа, “Мэдэгдэх хуудас”-ыг хүлээн авсан тэмдэглэл, Татварын тооцоололын жагсаалт, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Татварын хэлтэс Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт “хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх”, Татварын Ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт “Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагчаас татварын өр төлбөрийг шаардах эрхтэй.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэхэд
Хариуцагч “тус компани надад хамааралгүй” гэж маргаж байгаа боловч энэ үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж заасны дагуушүүх талуудад шүүх хуульд заасан эрхийг зохигчид олгосон боловч түүнийг хэрэгжүүлж нотлох баримтаа гаргаж өгөөгүй, 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 11/1655 дугаартай Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн НАГ ХХК-ийн Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагааны Итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн тухай мэдээлэл хэсэгт ЧЗ:63072204 регистрийн дугаартай, Хайдав овогтой Соёлмаа, албан тушаал захирал гэж бүртгэгдсэнийг хариуцагч нотлох баримтаар татгалзалаа үгүйсгэж, няцааж чадахгүйулсад татвар төлөх нь зохигчдын тайлбар, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.
Иймээс Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” гэсэн заалтыг хариуцагч зөрчиж, энэ талаар гомдол гаргаагүй,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй”,
Мөн хуулийн 72.3 “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3 дахв хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ.” гэж зааснаар шүүхээс тогтоосон хугацаа, шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хариуцагч бичгээр тайлбар болон нотлох баримтуудаа ирүүлээгүй, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэхэд татгалзаагүй учраас нэхэмжлэгч татварын тайланг үндэслэн 2014-2017 оны татварын өр 11,618,299.1 төгрөгт ногдуулсан нь үндэслэлтэй тул хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу хариуцагч татварын өр төлбөрийг төлөх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 11.618.299.1 төгрөг 01 мөнгө ногдох улсын тэмдэгтийн хураамж 200.843 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4, 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 200.843 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА