| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 178/2022/0225/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/236 |
| Огноо | 2022-12-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/236
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболд, шүүгдэгч П.*******, түүний өмгөөлөгч Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2236002470257 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* ургийн овогт *******гийн *******, 1978 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, хамтран амьдрагч, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сум, 3 дугаар (Бичигт) багийн задгайд оршин суудаг, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500’000 төгрөгийн торгох ялаар, мөн шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/181 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж байсан, регистрийн дугаар: пв*******.
Холбогдсон хэргийн талаар:
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболд “шүүгдэгч П.*******г 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын 01 дүгээр (Алагтолгой) багийн нутагт байрлах Залгамж гэх цайны газрын хажууд байсан хохирогч Д.*******ын эзэмшлийн улаан өнгийн, хуучин мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 850’000 төгрөгийн хохирол учруулсан” гэж дүгнэн, түүнийг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:
1.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай “...2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутагт байрлах Залгамж нэртэй цайны газрын ар талд байсан улаан өнгийн мотоцикл алга болсон гэх гэмт хэргийн талаарх амаар гаргасан гомдол, мэдээллийг 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 08 цаг 15 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас);
- Хохирогч Д.*******ын “Би Хүлэг загварын улаан өнгийн мотоциклыг 2019 оны 03 дугаар сарын үед хүргэн ах болох Ч.Энхжаргалаас бэлгэнд авч байсан. ...2022 оны 08 дугаар сарын 18-ны өглөө 06 цагийн үед ажил руу очоод мотоциклоо Хан орд захын урт талд байрлах Ерка гэх зоогийн газрын урд талын зогсоолд байрлуулаад ажил руу орсон юм. Улмаар 12 цагийн үед ажлаасаа гарч ирээд үзэхэд мотоцикл анх байрлуулсан зогсоолд байрнаасаа хөдлөөгүй байсан. Буцаад ажилдаа ороод шөнийн 23 цагийн үед ажил тараад анх мотоциклоо байршуулсан газарт очиход миний мотоцикл алга болсон байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас) зэргээр хохирогч Д.******* улаан өнгийн Хүлэг загварын мотоциклоо 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын 01 дүгээр (Алагтолгой) багийн нутагт байрлах Залгамж гэх цайны газрын хажуугаас хулгайд алдсан болох нь тогтоогджээ.
1.2. Хохирогчийн хулгайлагдсан мотоциклийг үнэлсэн “...850’000 төгрөгийн үнэ цэнтэй болохыг тодорхойлов” гэх үнэлгээний тайлан (1 дэх хавтаст хэргийн 48 дугаар хуудас)-аар хохирогчид 850’000 төгрөгийн хохирол учирсан тогтоогдож байна.
1.3. Гэрч Д.Цэрэндаваагийн “...2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гэртээ байж байгаад 14 цагийн үед зүүн хаалга орж хүнтэй уулзана гэж хэлээд гараад явсан. Орой 22 цагийн үед ганцаараа ирсэн. Юутай ирснийг нь мэдээгүй. Өглөө босоод ирэхэд Цэцэгээ гэх айлын гадна улаан өнгийн мотоцикл байхаар нь би П.*******гээс “ямар мотоцикл юм бэ?” гэж асуухад “орой би унаж ирсэн юм” гэж хэлсэн. Хаанаас хэн гэдэг хүнээс авч ирснээ надад хэлээгүй, би асуугаагүй. Тухайн мотоцикл Цэцэгээ гэх айлын гадна долоо хоносон. Тэр айлд хүн байгаагүй, тухайн айл хөдөө явчихсан хүн байгаагүй. Цэцгээ гэх айл хашаагүй. Би 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 08 цагийн үед СӨХ-д ажилд орох гээд төв ороод дүү Д.Алтанцэцэгийн гэрт нь очоод байж байгаад 15-16 цагийн үед гэртээ ирэхэд П.******* нь унаж ирсэн мотоциклоо задлаад эд ангийг нь салгачихсан байсан. Мотоциклын эд анги буюу рамыг нь хогийн цэг рүү аваачиж хаяхдаа таксины жолооч Бямбадоржийн хамт аваачиж хаясан. Үлдсэн эд ангийг нь захын дээд талын хөнгөн цагаан авдаг Оожоо гэх хүнд 35’000 төгрөгөөр өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дүгээр хуудас);
- Гэрч Л.Нямдоржийн “...Миний дугаар луу П.******* залгаад “хаана явж байна” гэхээр нь “гадуур хөлсөнд явж байна” гэхэд “манай гэрт хүрээд ир, хөнгөн цагаан зарах гэсэн юм” гэхээр нь гэрт нь очиход П.******* хамтран амьдардаг Д.Цэрэндаваагийн хамт байсан. Гэрийн гадна мотоциклын мотор, хроп, амортизатор, бас уутан дотор эд зүйл байсан, юу байсныг нь мэдэхгүй байна. Дээрх эд зүйлийг нь аваад захын дээд талд хөнгөн цагаан авдаг Очирбат гэх хүнд П.*******, Д.Цэрэндаваа хоёр оруулж өгсөн. Хэдэн төгрөгөөр өгснийг нь мэдэхгүй би гадна тээврийн хэрэгсэлдээ сууж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар хуудас);
- Гэрч П.Эрдэнэ-Очирын “Би 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр зах дээр хөнгөн цагаан хаягдал түүхий эд аваад байж байтал П.*******, Д.Цэрэндаваа хоёр үдээс хойш (цаг хэд болж байсныг сайн санахгүй байна) мотоциклын эд анги болох мотор, хоёр амортизатор, карбюратор, наклад, хоёр хайлшин обуд авч ирж өгсөн. Дээрх эд ангийг нь 30’000 төгрөгөөр худалдаж авсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас);
- Шүүгдэгч П.*******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “Би 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гэртээ байж байгаад 14 цагийн үед төв зах орж тээврийн хэрэгсэл засдаг Ганаа гэх хүнтэй уулзахаар гэрээс гарсан юм. Зах дээр ирэхэд Ганаа гэх залуу байхгүй байсан. Тэр өдөр би зүүн хаалгаар тээврийн хэрэгсэл зардаг хоёроос гурван казак залуутай уулзаад оройтсон. 21-22 цагийн үед харих гээд захаас дээш гараад Залгамж зоогийн газрын хашаагаар дотогшоо ороход зоогийн газрын байшингийн үзүүр дээр улаан өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн хуучин мотоцикл байсан. Тухайн мотоциклд ямар нэгэн түлхүүр байхгүй, хянах самбарыг нь төмөр утсаар уясан, урд том гэрлийг нь хамгаалсан хамгаалалтын доод хоёр төмөр нь хугарчихсан, жижиг данхраад байхгүй том данхраадаар нь данхраадсан байдалтай байсан. Би тэр мотоциклыг гишгэж асаагаад гэр лүүгээ яваад гэрийн ойролцоо очоод манай гэрт ойролцоо байдаг Цэцэгээ гэх айлын гадна аваачиж тавьсан. ...Тэр айлын гадна авч ирсэн мотоциклоо 7 хонуулаад өөрийн гэрийн гадна авч ирээд задалж зарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-41 дүгээр хуудас) зэргээр шүүгдэгч П.******* Ховд аймгийн Жаргалант сумын 01 дүгээр (Алагтолгой) багийн нутагт байрлах Залгамж гэх цайны газрын гаднаас хохирогч Д.*******ын улаан өнгийн, хуучин мотоциклыг хулгайлан авч, уг мотоциклыг задалж эд ангийг нь гэрч П.Эрдэнэ-Очирт зарсан үйл баримт тогтоогджээ.
1.4. Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын 01 дүгээр (Алагтолгой) багийн нутагт байрлах Залгамж гэх цайны газрын гаднаас шүүгдэгч П.******* хохирогч Д.*******ын мотоциклыг хулгайлан авч хохирогчид 850’000 төгрөгийн хохирол учруулсан, уг мотоциклыг задалж гэрч П.Эрдэнэ-Очирт 30’000 төгрөгөөр зарсан гэх үйл баримтууд хөдөлбөргүй тогтоогдож байна.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэж хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлжээ. Шүүгдэгч П.******* нь хохирогч Д.*******т хүч хэрэглэхгүйгээр, түүнд мэдэгдэж, зөвшөөрөлгүйгээр мотоциклыг авсан үйлдэл нь дээр дурдсан хулгайлах гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг хангаж байна.
2.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй” гэж заажээ.
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 850’000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх тул гэмт хэрэг үзнэ.
2.3. Шүүгдэгч П.*******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч П.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч П.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 53 дугаар хуудас), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас), шүүгдэгч П.*******гийн “...Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би өөрийнхөө хийсэн үйлдэлд маш их харамсаж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-41 дүгээр хуудас), Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/12 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 55-58 дугаар хуудас), тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/181 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 64-71 дүгээр хуудас), улсын яллагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн шийдвэр гүйцэтгэгчийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.
Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.******* нь эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500’000 төгрөгийн торгох ялаар, мөн шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/181 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, уг ялаас 17 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлсэн, 11 сар 13 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын үлдэгдэлтэй гэх хувийн байдал тогтоогдож байна.
2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3. Улсын яллагч “...шүүгдэгч П.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 17 хоногийн хугацаагаар Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох буюу зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан шүүгдэгч П.*******д оногдуулсан 1 жил 17 хоногийн хугацаагаар Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох буюу зорчих эрхийг хязгаарлах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 13 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргаж байна. Мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 35’000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар хураан авч улсын орлого болгох албадлагын арга хэмжээ авах” гэх санал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...зорчих эрхийг хязгаарлах ял нийцэхгүй гэж үзэж байна. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 1 жил 17 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулаад ...зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялд шилжүүлж, тэгшитгээд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсээд өгөөч” гэх санал тус тус гаргажээ.
3.1. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял эдэлж байгаа гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******д 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан ...шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж, 2 дахь хэсэгт “шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус хуульчилжээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан хүнд төрлийн ял болох 6 сарын хугацаагаар хорих ял дээр Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/181 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 13 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 5 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоох үндэслэлтэй.
Шүүгдэгчид Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/181 дугаартай шийтгэх тогтоолын 7 дахь заалтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар 366’708 төгрөгийн хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авсан байх ба шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт уг албадлагын арга хэмжээг биелүүлээгүй талаараа дурджээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд ялыг нэмж нэгтгэхээр хуульчилсан ба хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг нэмж нэгтгэх талаар зохицуулаагүй буюу нэмж нэгтгэх хууль зүйн үндэслэлгүй болно. Иймд уг хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ нь шийдвэр гүйцэтгэлийн журмаар тусдаа явагдахыг дурдах нь зүйтэй.
3.3. Шүүгдэгч нь урьд хорих ял эдэлж байгаагүй гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид эдлүүлэхээр тогтоосон 1 жил 5 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
3.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон ...орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 3 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.
Хохирогч Д.*******ын мотоциклыг задалж эд ангийг нь буюу гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг гэрч П.Эрдэнэ-Очирт зарж 30’000 төгрөгийн орлого олсон болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч П.*******гээс 30’000 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх үндэслэлтэй.
3.5. 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлд тэнсэх гэх ойлголтыг шүүгдэгчид хорих ял оногдуулаад, уг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр эрх бүхий байгууллагын хяналтад нэгээс таван жил хүртэл хянан харгалзах хугацаа тогтоох гэх агуулгаар хуульчилж, хэрэглэж байсан. Харин 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан тодорхой төрлийн ял оногдуулахыг таван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэхээр ялгамжтай байдлаар тодорхойлсон.
Өөрөөр хэлбэл 2002 оны Эрүүгийн хуулиар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр эрх бүхий байгууллагаас тодорхой хугацаанд хянан харгалзахыг тэнсэх гэж тодорхойлж байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар ял оногдуулахыг тодорхой хугацаанд хойшлуулж албадлагын арга хэмжээ хэрэглэхийг тэнсэх гэж тодорхойлсон.
Шүүгдэгч П.******* нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/181 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байсан. Уг ялуудыг нэмж нэгтгэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл болон 7.1 дүгээр зүйлд зааснаар урьд шүүхээс нэгэнт оногдуулсан ялыг тэнсэх хууль зүйн боломжгүй юм. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 1 жил 17 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулаад ...зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялд шилжүүлж, тэгшитгээд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсээд өгөөч” гэх саналыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.
4. Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогчид 850’000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан болох нь тогтоогдсон. Хохирогч Д.******* “...Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Мотоциклоо бүрэн бүтэн хүлээж авсан” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 28 дугаар хуудас) байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж үзнэ.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй.
6. Шүүгдэгч П.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******г 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял дээр тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/181 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 13 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 5 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан 1 жил 5 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 30’000 төгрөгийг шүүгдэгч П.*******гээс албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
6. Шүүгдэгч П.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА