| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2019/00585/И |
| Дугаар | 898 |
| Огноо | 2018-04-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 898
|
|
|
|
2019 оны 04 сарын 02 өдөр Дугаар 102/ШШ2019/00898 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч ............ И СӨХ-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч ................. холбогдох дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөр 721.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ................, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай СӨХ тус 8 дугаар байрны засвар үйлчилгээг тогтмол хийж, дээврийн засварын ажлыг гүйцэтгэн, байрны подвалийн сантехникийн засвар үйлчилгээ, байрны цэвэрлэгээ, цонх, хаалганы бүрэн бүтэн байдлыг хангаж, жижүүр, үйлчлэгч нараар айл өрхүүдийн хог хаягдалыг цэвэрлүүлж, хогын цэг дээр хүргүүлэн ажиллаж байна.
Гэтэл 8 дугаар байрны 29 тоотын оршин суугч СӨХ-ны төлбөрөө төлөхгүй, удаа дараа шаардахад өгөхгүй бусад төлбөрөө төлсөн айл өрхүүдийн эрхийг зөрчиж байна.
Иймээс Х.Боос 2014 оны 12 дугаар сар, 2015 оны 1-12 дугаар сар, 2016 оны 1-12 дугаар сар, 2017 оны 1-12 дугаар сар, 2018 оны 1-12 дугаар саруудын СӨХ-ийн төлбөр 721.000 төгрөгийг Иргэний хуулийн 147,148 дугаар зүйлийн 148.2.3 хэсэгт зааснаар гаргуулж өгнө үү, гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч И.Донид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай СӨХ-д 2004 онд гэрчилгээ олгосон боловч түүнээс хойш бүртгэлийг өөрчлүүлж чадаагүй байна.
Тус хорооны 8 дугаар байр 2014 оноос эхлэн манайд харъяалагддаг болсон. Ингэхдээ нийт оршин суугчид нутаг дэвсгэрийн харъяалал ойрхон, заавал нэг СӨХ-д орох нь зүйтэй гээд хуралдаад “Тогтоол” гаргаж, тус СӨХ-д ирсэн.
Ингээд үүнээс хойш айл өрхүүдээс төлбөрийг авч, байрны дээврийн засвар, үйл ажиллагаа, тав тухтай байдлыг ханган ажиллаж ирсэн бөгөөд тухайн байрны дээвэр засах ажлыг 2015 онд Мэргэжилийн хяналтын газарт хандан, дүгнэлт гаргуулан хийж, өнөөдрийг хүртэл тогтмол үйл ажиллагаа явуулж ирсэн.
Грашийг би зөвшөөрөл өгч бариулаагүй. Энэ асуудал дээр хамтраад ажиллаж болно татгалзах зүйлгүй.
Иймээс 29 тоотын оршин суугч Х.Б төлбөрөө төлөхгүй байгаа тул СӨХ-ны төлбөр 721.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 8 дугаар байрны 29 тоот байр миний өмчлөлийн байр мөн. Энэ байран дээр маргахгүй бөгөөд байраа түрээслүүлдэг, амьдардаггүй.
Миний бие СӨХ-ны төлбөрийг төлөхгүй. Яагаад гэвэл тус СӨХ ажлаа хийдэггүй, тус байрны 2 дугаар орцыг хааж граш бариулж, оршин суугчдын эрх ашгийг хохироосон.
Мөн би өөрийн биеэр оршин суугчдийн хуралд оролцож үзээгүй, И.Донид гуай 8 дугаар байрны СӨХ-ны төлбөрийг нэхэмжлэх эрхгүй, төлбөл 2018 оны төлбөрийг төлнө, бусад онуудын төлбөрийг зөвшөөрөхгүй, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И СӨХ, хариуцагч Х.Боос дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөр 721.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч төлбөр төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
“Итгэл-5” Сууц өмчлөгчдийн холбоог 2004 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэн, 38 дугаартай гэрчилгээг олгож, тус Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2004 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Хурлын шийдвэрээр Ичинноров овогтой Донидыг гүйцэтгэх захирлаар томилсон нь нотлогдож байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэх захирал холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
Хариуцагч, нэхэмжлэгчийг 8 дугаар байрны СӨХ-ны төлбөрийг нэхэх эрхгүй гэх тайлбарыг гаргаж байгаа боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох
2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай “Итгэл” СӨХ-ны 8 дугаар байрны Бүх гишүүдийн хурлын тогтоол, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны 8 дугаар байрны оршин суугчдын Хурлын тэмдэглэл, 2015 оны 8 дугаар байрны Дээврийн засвар хийсэн ажлын гүйцэтгэл, Засвар хийхэд авсан материалын үнэ болон бэлэн мөнгөний зарлагын баримт зэрэг баримтуудаар И СӨХ-д дээрх байр харъяалагдаж байгаа нь тогтоогдож, СӨХ-ны гэрчилгээн дээр тус байрны дугаар бичигдээгүй хэдий ч оршин суугчид нь хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаан үүсгээгүй, засвар үйлчилгээний мөнгөө төлөөгүй айл өрхүүдээс мөнгийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхийг олгосон байх тул СӨХ-ны төлбөрийг нэхэмжлэх эрхтэй байна гэж үзлээ.
Хариуцагч Х.Б Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 8 дугаар байрны 29 тоот орон сууцны өмчлөгч мөн болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Түүнчлэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиар Сууц өмчлөгчдийн холбооны хяналт болон хариуцлагын механизмыг тогтоосон байдаг бөгөөд оршин суугчид, гишүүдэд Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа, зохион байгуулалтын асуудлыг өөрсдөө шийдээд явах боломжийг олгожээ.
Харин хариуцагчийн Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа муу, доголдолтой, орц хааж граш бариулсан, өөрийн биеэр оршин суугчдын хуралд оролцоогүй, байраа түрээслүүлдэг, төлбөрийг төлөхгүй гэх маргаан хуульд заасан дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардлыг төлөхгүй байх үндэслэл болохгүй ба Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсэгт “дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашиглан шамшигдуулсан, үрэгдүүлсэн, бусад хэлбэрээр хохирол учруулсан гэж хяналтын зөвлөл үзвэл хохирлыг арилгахыг шаардах, эсхүл эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ”,
Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт “гүйцэтгэх захирал холбооны эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаархи бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлаас тогтоосон эрхээ хэтрүүлэх буюу урвуулан ашиглах зэрэг үйл ажиллагаанаас холбоонд хохирол учруулсан бол уг хохирлыг өөрийн хувийн өмчийн эд хөрөнгөөр барагдуулна” гэж заасны дагуу СӨХ болон гүйцэтгэх захирлын үйл ажиллагаатай холбоотой гомдлоо оршин суугчид, гишүүд эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлэх эрх нь нээлттэйг дурдах нь зүйтэй.
Иймээс Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар “сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж зааснаар хариуцагч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар 2014 оны 12 дугаар сар, 2015 оны 1-12 дугаар сар, 2016 оны 1-12 дугаар сар, 2017 оны 1-12 дугаар сар, 2018 оны 1-12 дугаар саруудын СӨХ-ийн төлбөрийг төлөөгүй нь нотлогдож, гагцхүү иргэн хүн бүр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.
Иймд хариуцагч Х.Боос дундын өмчлөлийн засвар үйлчилгээний 2016, 2017, 2018 онуудын 1-12 дугаар саруудын төлбөр буюу
-Нэг сарын төлбөр 15.400 төгрөг
-Нэг жилийн төлбөр 15.400 х 12 /сар/=184.800 төгрөг
-Гурван жилийн төлбөр 184.800х3 /жил/=554.400 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3 дахь хэсэгт зааснаар 166.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21.860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 17.282 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 75 дугаар зүйлийн 75.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Боржигон овогт ................... дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөр 554.400 төгрөгийг гаргуулж, .................... холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 166.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21.860 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 17.282 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА