Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2019/01052

 

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2019/01052

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: О.Б-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Б-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ббид хоёр 1999 онд Дорнод аймгийн 10 жилийн сургууль төгссөн. Нэг үеийн нэг төгсөлтийн хүмүүс учраас бие биенээ мэддэг байсан. 2016 оноос бид хоёр уулзаж, хамтран амьдарч, 2018 оны 3 сарын 26-ны өдөр бидний дундаас хүү Б.А төрсөн. Хамтын амьдралын хугацаанд Д.Ббид хоёр зан харилцааны хувьд таарч тохирохгүй болсон. Цаашид бид хоёр хамт амьдрахгүй, би хүүгээ авч тусдаа амьдраад 6 сар болж байна. Д.Бгадаадад удаан хугацаагаар амьдрах учраас намайг хүүхдээ зөвшөөрсөн. Иймд Д.Быг гадагшаа явахаас өмнө хүүхдийн асрамжийн асуудал шийдэхээр шүүхэд хандсан. Бид хоёрт эд хөрөнгийн маргаан байхгүй, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Бминий бие нэхэмжлэгч О.Бын хүүхдийн асран хамгаалагчаар тогтоолгох тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Тодруулбал, О.Б бид хоёр нь 2016 онд танилцаж, бидний дундаас 2018 оны 3 дугаар сарын 26-нд хүү Б.Ад төрсөн. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хүү Б.Адыг аав О.Бын асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй, хэрэг маргаантай холбоотойгоор нэмж гаргах тайлбар байхгүй. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Тэтгэмж тогтоолгох нэхэмжлэл гаргаагүй тул тэтгэмж төлөхгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Д.Бд холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгохыг хүсч нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн буюу хүүхдийн асрамжийн талаар маргахгүй гэсэн тайлбар ирүүлсэн байна.

Хариуцагч нь шүүх хуралдааныг эзгүд явуулах хүсэлт ирүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Зохигчид 2016 онд танилцаж, улмаар тэр үеэсээ хамтран амьдарсан ба 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүү Б.Аыг төрүүлсэн байна. Тэд гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан ч хүүг эцгээр нь овоглон төрсний бүртгэлд бүртгүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоодож байна. Зохигчид 2018 оны 10 дугаар сараас тусдаа амьдарчээ.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасны дагуу төрсөн цагаасаа эцгийн асрамжид байгаа, хариуцагч нь мөн зөвшөөрч байх тул 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Б.Адыг эцэг О.Бын асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэж тайлбарласан тул хүүхдийн тэтгэлгийг шүүх шийдвэрлээгүй болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Б.Адыг эцэг О.Бын асрамжид үлдээсүгэй.

 

2. Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Баас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

          

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ч.МӨНХЦЭЦЭГ