| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2019/00881/И |
| Дугаар | 1022 |
| Огноо | 2019-04-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 1022
2019 оны 04 сарын 11 өдөр Дугаар 102/ШШ2019/01022 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч ................... нэхэмжлэлтэй
Хариуцагч ..................... холбогдох гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд ....................шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Адъяасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дүгэрмаа нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ач охин Б.А 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Э.Бтай танилцаад, 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ батлуулж, 2013 онд Швед улсад хүү .............. төрсөн.
Одоо Б.А Швед улсад амьдраад 3 жил болж байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй, 2016 оноос хойш тус тусдаа гэр бүлтэй болсон.
Иймээс гэрлэлтийг цуцлуулж өгнө үү. Мөн хүүхдийн тэтгэмж нэхэмжлэхгүй, асрамж болон эд хөрөнгийн маргаан байхгүй, гэжээ.
Хариуцагч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Атай 2010 онд танилцаад, 2013 онд хүү Б.Бэлгүтэй төрсөн.
Б.А 2016 онд Швед улс руу хүүгийн хамт яваад, түүнээс хойш холбоо бариагүй. Бид хойшид хамт амьдрах боломжгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй тул гэрлэлт цуцлахыг зөвшөөрнө, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А, хариуцагч Э.Бад холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар 2010 онд гэр бүл болж, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, хамтран амьдарч байх хугацаанд нь 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүү Б.Бэлгүтэй төрсөн болох нь 101/002017 дугаартай Төрсний гэрчилгээний хуулбар, 1107000207 дугаартай Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлаад, зохигчид 2016 оноос хойш тусдаа амьдарсан, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч үр дүнд хүрэхээргүй нөхцөл байдал тогтоогдож, цаашид хамтран амьдарч эвлэрэх боломжгүй байх тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар .......................... нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Золбаярт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА