| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2022/0086/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/98 |
| Огноо | 2022-01-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ууганцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/98
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
улсын яллагч Д.Ууганцэцэг,
шүүгдэгч С.*********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч С.***********ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******** дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ********************
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч С.*********** нь 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ***************** тоотод хохирогч Д.***********г хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, бие махбодид нь “духанд шарх, зулгаралт, зүүн дээд, доод зовхи, дээд уруулд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч С.*********** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хохирогчтой хамт амьдарч байгаагүй. Хоёр биенийхээрээ орж гардаг байсан. Тухайн өдөр 2 шил архи хувааж уусан. Хийсэн үйлдлээ мэдэж байгаа. Урд өмнө гар хүрсэн зүйл байхгүй. Ундаа ууж байсан шилэн аягыг аваад шидэж гэмтэл учруулсан. Хохиролд 138,000 төгрөг өгсөн. Өөрийн үйлдэлдээ маш их гэмшиж байна” гэв.
Эрүүгийн ************ дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Д.***********гийн: “2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн **** дугаар хороо, *****тоотод хамтран амьдрагч ***********, Шараа эгч нарын хамт архи ууж байгаад би “харилаа, явлаа” гэж хэлсэн. “Чи явж яах гээд байгаа юм бэ?” гээд *********** уурлаж байснаа миний толгой хэсэг рүү аягаар цохичих шиг болсон. Яг юугаар цохисныг мэдэхгүй. ...Бодвол согтсондоо явуулахгүй гээд маргалдаж зодсон байх. ...Миний нүүр рүү цохиод байсан. Хохиролд 138,000 төгрөг нэхэмжилж байна. Хохирлоо авчихвал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг (хх-12),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021.12.08-ны өдрийн 13 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Д.***********гийн биед духанд шарх, зулгаралт, зүүн дээд, доод зовхи, дээд уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.4. Дээрх духанд шарх зулгаралт гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, зүүн дээд, доод зовхи, дээд уруулд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.6. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. 5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хх-19-20),
Шүүгдэгч С.***********ийн яллагдагчаар өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр манай гудамжны үзүүрт амьдардаг Шараа гэх эмэгтэйн гэрт *********** бид хоёр орж архи ууцгаасан. Тухайн үед цаг нилээн орой буюу 23 цаг өнгөрч байсан. ***********гийн гар утас дуугараад гарах гээд байхаар нь би хардаад “явах гэлээ” гээд барьж байсан цайны аягаа чиглүүлээд шидсэн чинь ***********гийн духан дээр оноод гэмтэл шарх учирсан...” гэх мэдүүлэг (хх-63-65),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-1), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-3-7), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-42), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-28), АСАП сангийн лавлагаа (хх-32), хохирлын тооцоо, баримт (хх-25, 26), хохирогчийн “мөнгө хүлээн авсан” гэх гар бичвэр (хх-27) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг
улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн банкны лавлагаа (1 хуудас)-ыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч С.*********** согтуурсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн **************** тоотод хохирогч Д.***********г хувийн таарамжгүй харьцааны улмаас аяга шидэн цохиж бие махбодид нь “духанд шарх, зулгаралт, зүүн дээд, доод зовхи, дээд уруулд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Д.***********гийн “...Бид нар архи уусан. “Чи явж яах гээд байгаа юм бэ?” гээд *********** уурлаж байснаа миний толгой хэсэг рүү аягаар цохичих шиг болсон...” гэх мэдүүлэг (хх-12), шүүх эмнэлгийн 13 дугаар “1. Д.***********гийн биед духанд шарх, зулгаралт, зүүн дээд, доод зовхи, дээд уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.4.Дээрх духанд шарх зулгаралт гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-19-20), шүүгдэгч С.***********ийн яллагдагчаар өгсөн “...Бид нар архи ууж байсан. ***********гийн гар утас дуугараад гарах гээд байхаар нь би хардаад “явах гэлээ” гээд барьж байсан цайны аягаа *********** руу чиглүүлээд шидсэн чинь духан дээр оноод гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг (хх-63-65), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-1), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-3-7) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.***********ийн хохирогч Д.***********г “явах гэлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан хувийн таарамжгүй харилцаа үүсгэн аяга шидэн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.***********гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын 138,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн, хохирол төлөгдсөн, хохирогчийн “Хохирол 138,000 төгрөг хүлээн авлаа” гэх хүсэлт (хх-27)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч С.*********** нь 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ***** дугаар хороо, ******* тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч ***********тай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “Явах гэлээ” гэх шалтгаанаар зодож, бие махбодид нь “духанд шарх, зулгаралт, зүүн дээд, доод зовхи, дээд уруулд цус хуралт” бүхий хөнгөн хохирол хүний эрүүл мэндэд санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,
шүүгдэгч “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (ахуйн хүрээнд согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан хувийн таарамжгүй харилцаа үүсгэн хохирогчийн эрх, эрх чөлөөнд аяга шидэж толгойд нь оносон, гараар цохих үйлдлээр халдаж гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, 138,000 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн, хохирол бүрэн төлөгдсөн, хохирогч “Гомдолгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмшиж байгаа, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн)-ыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзээд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч С.***********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.*********** цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********** овогт ************ ***********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.***********ийг 260 (хоёр зуун жар) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*********** нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.*********** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР