| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/02404/и |
| Дугаар | 102/ШШ2019/00829 |
| Огноо | 2019-03-27 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2019/00829
| 2019 оны 03 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2019/00829 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Л.Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: УБТЗ-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй хугацааны цалинтай тэнцэх олговорт 14.121.000 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 онд би бүтэц, орон тооны цомхтголоор ажлаас халагдсан. 2018 онд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж, 3 шатны шүүхээр хэрэг хэлэлцэгдэж намайг ажилд эгүүлэн тогтоосон. 2018 оны 9 сарын 26-ны өдрийн замын дарга н.Ж-ийн тушаалаар ажилдаа томилогдсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үед миний нийгмийн болон эрүүл мэндийн даатгал 10 сар дутуу төлөгдсөн. 10 сарын дутууг гүйцээж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгөөч гэж байгууллагын даргад бичгээр хүсэлт гаргасан боловч байгууллагын дарга хариу өгөхгүй байсаар 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ерөнхий нягтлан амаар танд 10 сарын цалин өгөх үндэслэлгүй байна. Та энэ асуудлаар дахин шүүхэд ханд гэснээр би 2017 оны 12 сараас 2018 оны 09 сар хүртэл 10 сарын цалин 14.121.000 төгрөг гаргуулж, нийгэм, эрүүл мэндийн даатгал нөхөн бичүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч УБТЗын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг 2 үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Л.Гийг шүүхийн шийдвэрийн дагуу УБТЗын даргын 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б-1-302 тоот тушаалаар 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ажилд эгүүлэн томилсон. Нэхэмжлэгч шүүхэд 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 129 дүгээр зүйлийн 129.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх боломжтой байснаас 3 сарын дотор гомдлоо шүүхэд гаргах ёстой гэж хөөн хэлэлцэх хугацаа тогтоосон. Гэтэл нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлс авч, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд бичилт хийлгэх эрхтэй гэдгээ мэдсэнээс хойш 3 сарын 17 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байна. Нэхэмжлэгч тал хөөн хэлэлцэх хугацаанд ажилд олгогчид нэхэмжлэлийн шаардлагын талаар бичгээр хандаагүй тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх боломжтой. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийн дүнг үндэслэлгүй тогтоосон нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болохыг харуулж байна. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт нэг өдрийн дундаж цалинг 62.063 төгрөгөөр тогтоосон байхад нэхэмжлэгч ямар баримт үндэслэж гаргасан нь тодорхойгүй нэг өдрийн дундаж цалинг 67.247 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Г нь хариуцагч УБТЗд холбогдуулан ажилгүй хугацааны цалинтай тэнцэх олговорт 14.121.000 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн, нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг буруу тодорхойлсон гэж бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргав.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
УБТЗын даргын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б-1-307 тоот тушаалаар Авто баазын ерөнхий инженер Л.Гт сахилгын шийтгэл ногдуулж ажлаас чөлөөлсөн байх бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 3246 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 482 дугаар Магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 949 дугаар тогтоолоор түүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон байх бөгөөд уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.
Дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч УБТЗ нь Л.Гийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Авто тээврийн үйлчилгээний төвийн ерөнхий инженерийн ажилд эгүүлэн томилсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдлоо.
Хариуцагчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.10-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх татгалзал нь дараах байдлаар үндэслэлгүй байна. Нэгэнт шүүхийн шийдвэрээр ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох ёстой. Гэтэл хариуцагч нь зөвхөн шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн хэмжээний цалин хөлсийг олгоод шүүхийн шийдвэр биелэгдэх хүртэл хугацааны цалингийн асуудлыг шийдвэрлэхгүй, энэ талаар ямар нэгэн шийдвэр, шийдэл ажилтандаа мэдэгдээгүй, үргэлжилсэн үйлдлээр ажилтны эрхийг зөрчсөн байгаа нь хөөн хэлэлцэх хугацааг шууд ажилд авсан тушаал гарсан өдрөөс тоолох үндэслэл болохгүй юм.
Түүнчлэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 3246 дугаар шийдвэрээр Л.Гийн нэг өдрийн цалин хөлсийг 62.063 төгрөг гэж тогтоосон байх бөгөөд хариуцагч нь энэ хэмжээгээр ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө шаардах байтал үндэслэлгүй мөнгө шаардсан гэж маргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
Нэхэмжлэгч Л.Г нь цалингийн нягтлангийн тооцож өгсөн хэмжээгээр ажилгүй хугацааны олговор шаардаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасантай нийцэхгүй байх тул түүний ажилгүй хугацааны нэг өдрийн цалин хөлсийг шүүхийн шийдвэрт заасан хэмжээгээр тооцох нь зүйтэй.
Түүний ажилгүй хугацаа 2017 оны 12 дугаар сард ажлын 20 хоног, 2018 оны 1 дүгээр сард ажлын 22 хоног, 2018 оны 2 дугаар сард ажлын 19 хоног, 2018 оны 3 дугаар сард ажлын 21 хоног, 2018 оны 4 дүгээр сард ажлын 21 хоног, 2018 оны 5 дугаар сард ажлын 23 хоног, 2018 оны 6 дугаар сард ажлын 20 хоног, 2018 оны 7 дугаар сард ажлын 19 хоног, 2018 оны 8 дугаар сард ажлын 20 хоног, 2018 оны 9 дүгээр сард ажлын 20 хоног, нийт ажлын 208 хоног ажилгүй байжээ.
Л.Гийн ажилгүй байсан хугацаа 208 хоногийг нэг өдрийн цалин 62.063 төгрөгөөр тооцоход нийт цалин хөлс нь 12.909.104 төгрөг болж байх тул нэхэмжилсэн 14.121.000 төгрөгөөс үлдэх 1.211.896 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар ажилтныг нийгмийн даатгалд заавал даатгуулж, шимтгэл төлөх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутамд шимтгэл, хураамж төлсөн бичилт хийх үүрэгтэй байх тул 12.909.104 төгрөгөөс тооцож шимтгэл төлж, бичилт хийхийг даалгах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 228.555 төгрөг төлсөн байх ба нэхэмжлэгчийн төлсөн тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнгээс тооцсон тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч УБТЗаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 12.909.104 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Гт олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.211.896 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Гөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228.555 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч УБТЗаас улсын тэмдэгтийн хураамжид 221.496 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ