Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чинзоригийн Баярмаа |
Хэргийн индекс | 120/2021/0007/З |
Дугаар | 120/ШШ2021/0014 |
Огноо | 2021-09-24 |
Маргааны төрөл | Татвар, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 120/ШШ2021/0014
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоог оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: А.Ганбаатар,
Хариуцагч: Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч С.Болд,
Татварын улсын байцаагч С.Болдын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0174307 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагатай зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, хариуцагч Өмнөговь аймгийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч С.Болд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сугирсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч А.Ганбаатар шүүхэд гаргасан гомдолдоо: ...миний бие 2020 оны Улсын Их Хурлын сонгуульд тус аймгаас нэр дэвшсэн. Сонгууль өнгөрсний дараа аудитын шалгалт оруулж дүгнэлт гаргуулсан ба уг дүгнэлтээр зөрчилгүй гэж гарсан. Гэтэл миний төрсөн ах И.Гончигийн надад унаа, буудлын мөнгө гэж өгсөн мөнгөн дүнгээр хууль зөрчсөн болгож зөрчлийн шийтгэвэр оноосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Зөрчлийн материалыг үзэж, танилцахад Татварын ерөнхий газар, Монгол Улсын ерөнхий аудитор нараас Өмнөговь аймагт нэр дэвшсэн Монгол ардын нам, Монгол ардын хувьсгалт нам, Ардчилсан нам гурваас бусад нэр дэвшигчдэд зөрчлийн хэрэг нээж шийтгэвэр оногдуул гэсэн даалгаврыг гүйцэтгэж шийтгэвэр оногдуулсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь надад ирүүлсэн материалын 13 дугаар хуудсанд бүх нэр дэвшигчийн талаарх мэдээллийг авахаар Сонгуулийн ерөнхий хороонд албан бичиг явуулсан байх ба Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн хариу нь 14, 15 дугаар хуудсанд байх ба тухайн албан бичиг дээр Монгол ардын нам, Монгол ардын хувьсгалт нам, Ардчилсан нам гуравтай холбоотой мэдээлэл өгөхгүй, энэ гурван намд зөрчлийн хэрэг нээж болохгүй учир энэ гурваас бусад нэр дэвшигчийн мэдээлэлийг өглөө гэсэн утгатай байна.
Монгол ардын нам, Монгол ардын хувьсгалт нам, Ардчилсан нам гурваас бусад намыг ялгаварлан дутуу гаргаж өгсөн мэдээллээр шийтгэвэр оногдуулжээ. Гүйцэд биш мэдээллийг эрүүгийн хуулиар хуурамч бичиг баримт гэж үздэг, намайг шийтгэсэн шийтгэвэр нь хуурамч бичиг баримтыг үндэслэсэн болж харагдаж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан шаардлага, 52.3-д заасан итгэмжлэлийг бусдад өгөөгүй, 52.5.1-д зааснаар хүчингүй болгуулах шаардлага гаргасан ба намайг санаатай хууль зөрчсөн болгож 10 000 000 төгрөгөөр торгож байгаа үйлдэл нь миний эрхийг хохироож, эдийн засгийн байдлаар доройтуулах зорилготой байгаа болно.
Иймд төрсөн ахаас дүүдээ өгсөн мөнгийг улсын орлого болгоогүй гэсэн, Монгол ардын нам, Монгол ардын хувьсгалт нам, Ардчилсан нам гурваас бусад намаас нэр дэвшигчдийг шийтгэ гэсэн заалт буюу Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж, ялгаварлан гадуурхаж хийгдсэн Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Болдын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0174307 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Зөрчлийн шийтгэвэр нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн олон үндэслэл байна. Олон үндэслэлүүд дотроос хамгийн эхний зөрчил нь Үндэсний аудитын газрын дүгнэлтийг гаргуулахаар прокурор даалгавар өгсөн, Үндэсний аудитын дүгнэлтийг цахимаар явуулсныг хүлээж авсан.
Үндэсний аудитын газрын дүгнэлт гэдэг нь Сонгуулийн тухай хууль, бусад хуулиудад заагдсан Аудитын дүгнэлтийг хүчингүй болгох эрх нь эрх бүхий албан тушаалтанд байхгүй.
Зөрчлийн хэргийг нээх тогтоолыг гаргасан С.Болд нь хэний шийдвэрээр зөрчлийн хэргийг шалгах болсон тухай тодорхойгүй байдаг.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад зөрчлийн хэрэг бүртгэж явуулах үүргийг нэг эсхүл хэд хэдэн албан тушаалтанд даалгах гэж байна. Гэтэл С.Болдыг удирдах албан тушаалтнаас томилсон юм уу, даалгасан баримт байх ёстой, зөрчлийн хэрэгт ийм баримт байдаггүй.
Зөрчлийн хэргийн 2 дугаар хуудсанд зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг сунгах тухай тогтоол нь ...Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч С.Болд би 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 2028000294 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан Адъяа овогтой Ганбаатарт холбогдох зөрчлийн хэрэгтэй танилцаад олсон нь.. гээд С.Болд гэдэг хүний бичсэн тогтоол байтал тогтоол үйлдсэн зөрчлийн хэрэг бүртгэлийн удирдах албан тушаалтан А.Долгормаа гэсэн байна. С.Болд тогтоол үйлдээд А.Долгормаа гарын үсэг зураад энэ талаар оролцогч эрх бүхий албан тушаалтан С.Болд, холбогдогч А.Ганбаатар нарт мэдэгдсүгэй гэсэн байна. Мөн 09 дугаартай хэргийн талаар Прокурор хөндөж гаргаж ирсэн. Энэ талаар шүүхэд хүсэлт гаргаад шүүх материалыг авсан байна. Өмнөговь аймгийн Прокурорын газраас Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гээд 3 хуудас материал явуулсан.
Энэ 3 хуудас материалыг үзэхэд анхнаасаа хууль зөрчиж явагдсан нь харагддаг.
Зөрчил шарган шийдвэрлэх тухай хуулийн 1.131 дэх хэсэгт заагдсан хүсэлтийг А.Ганбаатар гаргасан байдаг. Хүлээн авсан талаарх баримт хэрэгт байх ёстой. Ажлын 3 өдрийн дотор хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийдвэр гаргах ёстой байдаг. Гэтэл С.Болд нь хүсэлтийг шийдвэрлээгүй буюу шууд шийтгэл оногдуулсан байна. Хүсэлтийг нь шийдвэрлэхгүйгээр шийдвэр гаргах эрх нь С.Болдод олгогдоогүй.
Зөрчлийн хэргийн 34 дүгээр хуудсанд 2082000294 дугаартай зөрчлийн хэрэг үүсэгснийг А.Ганбаатарт мэдэгдэв гэжээ. Ийм дугаартай зөрчлийн хэрэг байхгүй. Зөрчлийн хэргийн 16 дугаар хуудсанд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хийж байна гэсэн байдаг. Гэтэл зөрчлийн хэрэг нээх тогтоол нь 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгаа нь зөрчил болж байна. Мөн зөрчлийн хэрэгт байх 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 19 дугаартай Прокурорын зөвшөөрөл дээр Үндэсний аудитын газраас мэдээлэл, баримт бичгийг гаргуулан авах шаардлагатай байна гэж заасан, гэтэл 19 дугаартай Прокурорын зөвшөөрөлд заасан Үндэсний аудитын газраас мэдээлэл, баримт гаргуулах асуудлыг С.Болд яаж хийсэн юм бэ? хууль бус зүйлийг баталгаажуулж болохгүй.
Иймээс энэ шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах хусэлтэй байна, нэгэнт хууль зөрчөөд байгаа учраас цааш ярих зүйлгүй. Иймд зөрчлийн материалд хуурамч баримт бичиг хийсэн нь тогтоогдож байгаа учраас гомдлыг хангаж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч С.Болд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сугирсүрэн нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2879 дугаар Зөрчил шилжүүлж, шийдвэрлүүлэх тухай албан бичиг, Татварын ерөнхий газрын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 06/3212 дугаар Зөрчил шийдвэрлүүлэх тухай албан бичгийн дагуу Монгол Улсын Их хуралд Зөв Хүн Электорат эвслээс нэр дэвшигч А.Ганбаатарт холбогдох Хуульд заасан шаардлага хангаагүй хандивын орлогыг хандивлагчид буцаан шилжүүлээгүй болон буцах хаяг нь тодорхойгүй хандивыг улсын орлого болгоогүй гэх гомдол, мэдээллийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2028000294 дугаартай зөрчлийн хэрэг нээж, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр №0174307 дугаар бүхий шийтгэлийн хуудсыг үйлдсэн.
Монгол Улсын Их Хурлын 11 дүгээр тойрогт Зөв Хүн Электорат эвслээс нэр дэвшигч А.Ганбаатар нь Хуульд заасан шаардлага хангаагүй хандивын орлогыг хандивлагчид буцаан шилжүүлээгүй болон буцах хаяг нь тодорхойгүй хандивыг улсын орлого болгоогүй зөрчил нь Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2/390 дугаартай албан бичгээр нэр дэвшсэн нь нотлогдсон, Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2879 дүгээр албан бичгийн 3 дугаар хавсралт, Үндэсний Аудитын газрын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01/3293 дүгээр албан бичгийн хавсралтаар Зөв Хүн Электорат эвслээс нэр дэвшигч А.Ганбаатар Хуульд заасан шаардлага хангаагүй хандивын орлогыг хандивлагчид буцаан шилжүүлээгүй болон буцах хаяг нь тодорхойгүй хандивыг улсын орлого болгоогүй болох нь тус тус нотлогдсон. Түүнчлэн Голомт банк ХХК-д нэр дэвшигчийн нээлгэсэн хандивын 1605177075 тоот дансны хуулгаар хандивын эх үүсвэргүйгээр 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Г.Ичинхорлоогоос 1 000 000 төгрөг, н.Ариунаагаас 10 000 төгрөг, Б.Баярсайханаас 50 000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Т.Отгонбаяраас 525 000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Х.Маамаас 100 000 төгрөгийн хандив орлогоор орсон байгаа боловч хандивлагчид хуульд зааснаар буцаан шилжүүлээгүй болох нь тогтоогдсон.
Энэ үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйл Сонгуулийн хуулийг зөрчих, 24 дэх хэсэг Мөнгөн бус хандив өгөх талаар хуулиар тогтоосон журмыг зөрчсөн бол..., Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-т Хандив өгч байгаа иргэн, хуулийн этгээд нь нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаан шилжүүлнэ гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон.
Иймд холбогдогч А.Ганбаатарт Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 24 дэх хэсэгт заасан шийтгэлийг ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, гомдол гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр гомдол гаргагч А.Ганбаатарын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Гомдол гаргагч А.Ганбаатар нь Татварын улсын байцаагч С.Болдын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0174307 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг шүүхэд гаргасан.
Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэх заалтыг баримтлан шийтгэл оногдуулжээ.
Хариуцагч шийтгэл ногдуулсан үндэслэлээ "...хуульд заасан шаардлага хангаагүй хандивын орлогыг хандивлагчид буцаан шилжүүлээгүй болон буцах хаяг нь тодорхойгүй хандивыг улсын орлого болгоогүй болох нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр 24 дэх хэсэг "...мөнгөн бус хандив өгөх талаар хуулиар тогтоосон журмыг зөрчсөн бол..."-ийг баримтлан торгууль ногдуулсан..." гэж маргаан бүхий шийтгэлийн хуудасны хууль зүйн үндэслэлээс зөрүүтэй тайлбарладаг.
Гомдол гаргагч А.Ганбаатар нь Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 11 дүгээр тойрогт Зөв хүн электорат эвслээс нэр дэвшиж, Голомт банкинд 1605177075 дугаартай сонгуулийн зардлын данс нээлгэсэн, уг зардлын дансанд нэр бүхий 5 иргэний шилжүүлсэн хуульд заасан шаардлага хангаагүй хандивын орлогыг буцаан шилжүүлээгүй болон буцах хаяг нь тодорхойгүй хандивыг улсын орлого болгоогүй үйл баримт Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2879 дугаар албан бичиг[1], Үндэсний аудитын газрын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01/3293 дугаар албан бичиг[2], Голомт банкны Өмнөговь салбарын дансны мэдээллийн лавлагаа[3] зэргээр тогтоогдсон.
Гомдол гаргагч А.Ганбаатар нь тогтоогдсон үйл баримтын талаар маргадаггүй, маргаан бүхий акт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гарсан эсэх талаар тайлбарлан маргадаг.
Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-д Хандив өгч байгаа иргэн, хуулийн этгээд нь нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаан шилжүүлнэ, 54.5-д Буцах хаяг нь тодорхойгүй хандивыг холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын орлогод буюу төрийн санд шилжүүлнэ гэж тус тус зааснаас үзэхэд гомдол гаргагч сонгуулийн зардлын дансанд цугларсан дээрх хуулийн шаардлага хангаагүй хандивын мөнгийг буцааж шилжүүлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан сонгуулийн зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулахтай холбоотой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй.
Өөрөөр хэлбэл, гомдол гаргагч нь Үндэсний аудитын газрын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01/3293 дугаар албан бичигт[4] дурдсанаар сонгуулийн зардлын дансыг мэдэгдэх, бүртгүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй зөрчил гаргасан нэр дэвшигч гэж дүгнэгдээгүй, Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т заасны дагуу Үндэсний аудитын газарт бүртгүүлсэн өөрийн дансандаа хандивын мөнгийг төвлөрүүлж, тус зардлын дансаар сонгуулийн ажлаа санхүүжүүлэхдээ дээр дурдсан зөрчил гаргасан нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэх шинжийг агуулаагүй байна гэж үзлээ.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2-т Зөрчил шалгах ажиллагаа нь ... эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, ..., мэдүүлэг авах, ... ажиллагаанаас бүрдэнэ. гэж зааснаар эрх бүхий албан тушаалтан зөрчил илэрсэн нөхцөлийг хуульд заасан ажиллагааг бүрэн хийж, тогтоох шаардлагатай.
Мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар холбогдогчид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эрхийг эдлүүлэх, хариуцагчаас цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан, хуульд нийцүүлэн ажиллагааг явуулах ёстой байжээ.
Тодруулбал Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.16 дугаар зүйлийн 2-т Холбогдогчийг дуудах хуудсаар, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан дуудаж болно. гэж заасан тул холбогдогчийг утсаар дуудсан боловч ирээгүй учир шийтгэлийн хуудсыг гаргасан гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй, мөн хуулийн 4.16 дугаар зүйлийн 5-д Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн холбогдогч дуудсан цагт ирээгүй бол түүнийг албадан ирүүлнэ., 4.8 дугаар зүйлийн 2-д Мэдүүлгийг тухайн хүнийг эрх бүхий байгууллагад ирүүлэн, эсхүл тухайн хүний байгаа газарт авч болно. гэж тус тус заасныг баримтлан шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж тайлбар, мэдүүлэг авч шийдвэр гарган танилцуулах байтал энэхүү үүргээ биелүүлээгүй байна.
Дээрх байдлаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан холбогдогчийн эрхийг эдлүүлээгүй, мөн хуулийн 1.13 дугаар зүйлд заасан хүсэлт гаргах болон 6.9 дүгээр зүйлд заасан зөрчлийн хэрэгтэй танилцуулах зэрэг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг хэрэгжүүлж ажиллаагүй гэх гомдол гаргагчийн маргаж байгаа нь үндэслэлтэй.
Иймд дээрх үндэслэлүүдээр Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0174307 дугаар шийтгэлийн хуудас нь гомдол гаргагч А.Ганбаатарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4, 54.5 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.13 дугаар зүйл, 3.1 дүгээр зүйлийн 2, 4.1 дүгээр зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан гомдол гаргагч А.Ганбаатарын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч С.Болдын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0174307 дугаар Шийтгэлийн хуудас-ыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаар нөхөн төлүүлж, гомдол гаргагчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРМАА