Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2024/0751

 

 

 

 

 

   “ЭМС” ХХК-ийн

    нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Д.Г

Нэхэмжлэгч: “ЭМС” ХХК

Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Бутлан ангилах төхөөрөмж” ЭҮТӨҮГ/***** дугаартай тендерийн Үнэлгээний хороо

Гуравдагч этгээд: “ЭБМ” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Бутлан ангилах төхөөрөмж” ЭҮТӨҮГ/***** дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Үнэлгээний дүгнэлт”-ийн “ЭБМ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/78 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/73 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичиг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “ЭБМ” ХХК-ын хооронд байгуулагдсан 2024/02-10-00** дугаартай “Худалдах-худалдан авах гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ЭҮТӨҮГ/***** дугаартай тендерт “ЭМС” ХХК-ийг шалгарсанд тооцож, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг даалгах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 45 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Д.Г

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галцэцэг

Хэргийн индекс: 119/2024/0004/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “ЭМС” ХХК нь хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Бутлан ангилах төхөөрөмж” ЭҮТӨҮГ/***** дугаартай тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Бутлан ангилах төхөөрөмж” ЭҮТӨҮГ/***** дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Үнэлгээний дүгнэлт”-ийн “ЭБМ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/78 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/73 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичиг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “ЭБМ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2024/02-10-00** дугаартай “Худалдах-худалдан авах гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ЭҮТӨҮГ/***** дугаартай тендерт “ЭМС” ХХК-ийг шалгарсанд тооцож, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг даалгах”-аар маргасан байна.

 

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 45 дугаар шийдвэрээр: “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх заалтуудыг баримтлан “ЭМС” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Бутлан ангилах төхөөрөмж” ЭҮТӨҮГ/***** дугаартай тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Бутлан ангилах төхөөрөмж” ЭҮТӨҮГ/***** дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Үнэлгээний дүгнэлт”-ийн “ЭБМ” ХХК- д холбогдох хэсэг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/78 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай”, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны СЭ-112-12/73 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлүүдийг хууль бус байсан болохыг тогтоож, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “ЭБМ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2024/02-10-00** дугаартай “Худалдах-худалдан авах гэрээ”-г хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ЭҮТӨҮГ/***** дугаартай тендерт “ЭМС” ХХК-ийг шалгарсанд тооцож, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг даалгах" нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Д.Г нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгохоор заасан ба уг нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх учиртай. Нэхэмжлэгч Орхон аймаг дахь захиргааны хэргийн шүүхэд 2024 оны 01 дүгээр сарын 24-нд дараах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. ЭҮТӨҮГ/***** дугаартай тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хурлын “Үнэлгээний дүгнэлт”-ийг хүчингүй болгуулах, ЭҮТӨҮГ болон “ЭБМ” ХХК нарын хооронд байгуулагдаж байгаа хууль бус гэрээг түдгэлзүүлэх, ЭҮТӨҮГ болон “ЭБМ” ХХК нарын хооронд байгуулагдсан 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 00** дугаартай худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулах, ЭҮТӨҮГ-аас “ЭБМ” ХХК-д 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/78 дугаартай “мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны СЭ-112-12/73 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийг тус тус хүчингүй болгуулах. Улмаар нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд буюу 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр, 2024 оны 02 дугаар сарын 16, 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзаж, тодруулж, өөрчилж ихэсгэсэн.

3.2. Нэхэмжлэгч захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан, мөн шүүх хуралдаанд тус нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн (2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны хурлын тэмдэглэл 12 дахь тал) байтал Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 119/ШШ2024/0045 дугаар шийдвэрээр “нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан (тус шийдвэрийн 3.38) нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа гэж тайлбарлаж байгаагаас ... дүгнэхэд маргаан бүхий актуудыг хууль бус байсан болохыг тогтоох нь нэхэмжлэгчийн хувьд тодорхой эрхийн хамгаалалт үзүүлэх боломжтой” (шийдвэрийн 3.41-д) гэж дүгнэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-ыг баримтлан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн шийдвэр гаргасан.

3.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасан Захиргааны акт хууль бус байсан болохыг тогтоох буюу “үргэлжлүүлэн тогтоох нэхэмжлэл” нь захиргааны акт хэрэгжээд дууссан тохиолдолд гаргадаг процессын явцад солигддог тогтоох нэхэмжлэлийн төрөл. Тус нэхэмжлэлийн урьдчилсан нөхцөлүүдэд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын төрлийг “захиргааны акт хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж өөрчилсөн байх, мөн нэхэмжлэгч нь нэгэнт хэрэгжсэн захиргааны акт хууль бус байсан гэдгийг тогтоолгох онцгой ашиг сонирхолтой болохыг тодорхойлох ёстой байтал нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөөгүй, онцгой ашиг сонирхлоо мөн тодорхой илэрхийлээгүй байхад шүүх хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн, тогтоон шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй.

3.4. Мөн нэхэмжлэгч зөрчигдсөн, сэргээх шаардлагатай хууль ёсны ашиг сонирхлын үндэслэлээ тодорхойлох ёстой байтал нэхэмжлэгчийн “уг захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгох ашиг сонирхол байгаа, захиргааны байгууллагаас тендер сонгон шалгаруулалтын ажиллагаанд дахин ийм алдаа гаргуулахгүй байх, тендерт оролцогч нарын тэгш өрсөлдөх боломжийг хязгаарлаж, тендерийн баримт бичиг бүрдүүлэх, судалгаа ийх зэрэг маш их ажил, цаг хугацаа, хөрөнгө, санхүүгийн хувьд оролцогчийн эрхийг зөрчиж байна” гэсэн тайлбарт үндэслэн Шүүх “нэхэмжлэгчийн хувьд тодорхой эрхийн хамгаалалт үзүүлэх боломжтой” гэж дүгнэсэн нь шүүх явцуу, ойлгомжгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл “ЭМС” ХХК-ийг тендер шалгаруулалтад орох эрхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хязгаарлаагүй бөгөөд тендерт оролцогч бүр тендерийн баримт бичиг бүрдүүлэх, судалгаа хийх зэргээр цаг хугацаа болон санхүүгийн зардал гаргадаг тул илүү зардал гаргасан тендерт оролцогчийг шалгаруулах, эсхүл бүх оролцогчийн ирүүлсэн тендерийг шалгарсанд тооцож, гэрээ байгуулах нь хуулийн хүрээнд боломжгүй, үндэслэлгүй, сэргэх учиртай гэх хууль ёсны ашиг сонирхол гэж үзэх боломжгүй юм.

3.5. Үнэлгээний хороо нь тендер шалгаруулалтыг зохион байгуулах чиг үүрэгтэй, эрх зүйн үр дагавар бүхий бие даасан шийдвэр (цаашид “үнэлгээний дүгнэлт” гэх) нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна гэж тус тус заасны дагуу Үнэлгээний хороо нь эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр гаргасан. Харин Захиалагч энэхүү шийдвэрийг дээр дурдсан Сангийн сайдын 103 дугаар тушаалын дагуу тендерт оролцогч нарт Үнэлгээний хорооны шийдвэрийг мэдэгдсэн албан бичгүүдийг илгээсэн. Өөрөөр хэлбэл тус албан бичгүүд буюу мэдэгдлүүдэд дурдсан асуудлыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ шийдвэрлээгүй, харин тендерийн үнэлгээний хорооны гаргасан эрх зүйн үр дагавар бүхий шийдвэрийг дамжуулан “мэдэгдсэн” агуулгатай тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан “захиргааны акт”-ын шинжийг агуулаагүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан “хүчингүй болгох” нэхэмжлэлийн зүйл болохгүй тул мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй. Тодруулбал захиргааны акт хүчингүй болгох нэхэмжлэл гаргах урьдчилсан нөхцөл нь тухайн нэхэмжлэлээр маргаж буй захиргааны үйл ажиллагааны хэлбэр нь захиргааны акт байх, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх дээр дурдсан үндэслэлээр мэдэгдлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэргийн харьяаллын бус гэж шийдвэрлэсэн практик байхад Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар  сарын 15-ны өдрийн 119/ШШ2024/0045 дугаар шийдвэрээр Захиалагчийн мэдэгдлүүдийг захиргааны шийдвэр гаргах ажиллагаа буюу захиргааны акт байна гэж үзэж шийдвэрлэсэн нь цаашид хууль хэрэглээний зөрүүтэй байдлыг үүсгэхээр байна. Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийг үзвэл үндэслэл хэсэгт нэхэмжлэлийн үндэслэл хэсгүүдийг дурдсан байх ба нэхэмжлэгчид ашигтай бүхий л үндэслэлүүдийг дурдсан байгаа нь шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим зөрчигдсөн гэж үзэж байна.

3.6. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д “Тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчдод зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичиг” гэж заасан зохицуулалтыг “ТШЗ- ийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг баримтлан тендерийн баримт бичигт тавигдах шаардлагад тодруулга нь нэгэн адил хамаарах учиртай” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Түүнчлэн хуулиар тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар 188 тайлбар тодруулгыг бичгээр тендерт оролцогчоос шаардах боломжийг хуулиар олгосон байдаг тул тендерийн агуулга, үнийг өөрчлөх асуудлаар бус “ЭБМ” ХХК-ийн ирүүлсэн тендер дэх мэдээллийг тодруулах зорилгоор тодруулга авсан нь хууль зөрчөөгүй. Энэхүү гомдлын нэгдэх үндэслэлд дурдсанаар үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдааны явцад дэмжиж нэхэмжлэгч нэхэмжлэлийн төрлийг өөрчлөөгүй байхад 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Үнэлгээний дүгнэлт”-ийг хүчингүй болгосон шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн.

3.7. Нөгөөтэйгөөр шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.20-д “тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.4 дэх заалт нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулсан үзүүлэлтүүдийг ирүүлэхээс гадна тухайн нийлүүлэх бараа нь ... шаардлагад нийцэж буйг зураг болон өгөгдлийн аль аль хэлбэрээр нь хамтатган гаргаж ирүүлэхээр заасан байна” гэж зөв тайлбарласан хэдий ч гуравдагч этгээдийн ирүүлсэн тендерийг “үнийн санал дотор зургийг оруулсан боловч тухайн зурагт хамаарах өгөгдлийг бүрэн гаргаж ирүүлээгүй” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай шийдвэр болсон. Тендерт шалгарсан оролцогчийн ирүүлсэн тендерийн харьцуулсан хүснэгт, зураг, өгөгдлийн хэлбэрээр ирүүлэх шаардлагад нийцсэн байсан тул Үнэлгээний хороо шаардлагад нийцсэн гэж үзэж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй. Мөн хэрэг хянан шийдвэрлэх явцад тендерт шалгарсан “ЭБМ” ХХК-ийн ирүүлсэн тендерийг тендерийн баримт бичигт тавигдсан шаардлага бүрээр нягтлан, хянан үзэхэд тухайн ирүүлсэн тендерт зураг, өгөгдлүүд нь техникийн харьцуулсан хүснэгтээр, үнийн санал, дэс дараалалгүй ч зурган хэлбэрээр мэдээллүүд оруулсан нь тогтоогдсон.

3.8. Түүнчлэн Үнэлгээний хорооны гишүүний эрх хэмжээ, тавигдах шаардлагыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлд тухайлан заасан ба худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, А-3 сертификат эзэмшигч байдаг. Нөгөөтэйгүүр “ЭМС” ХХК нь өрсөлдөөнийг хязгаарлаж, хууль зөрчин гагцхүү гэрээ байгуулах хүсэл сонирхол давамгайлж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх явцад тодорхой байхад Үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус болохыг тогтоон шийдвэрлэсэн нь шүүхийн өмнө тэгш эрх байх зарчмыг зөрчиж, нэхэмжлэгч талын тайлбаруудад үндэслэсэн нэхэмжлэгчид давуу байдлыг үндэслэлгүйгээр бий болгон шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 119/ШШ2024/0045 дугаартай шийдвэрийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Бутлан ангилах төхөөрөмж” ЭҮТӨҮГ/***** дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Үнэлгээний дүгнэлт”-ийн “ЭБМ” ХХК-д холбогдох хэсэг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/78 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай”, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/73 дугаар мэдэгдлүүдийг хууль бус болохыг тогтоосон шийдвэр нь дээрх үндэслэлүүдээр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байгаа тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр шийдвэрлэв. Үүнд:

 

2.1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      “Бутлан ангилах төхөөрөмж” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/***** тоот тендер зарласан, уг тендерт нийт 11 компани оролцохоор тендерийн баримт бичгээ ирүүлснээс үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн “ЭБМ” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэрэгцээт “Бутлан ангилах төхөөрөмж” нийлүүлэх *********** төгрөгийн үнэлгээтэй тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзэж шалгаруулсан, нэхэмжлэгч “ЭМС” ХХК-аас 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн албан бичгээр Сангийн яаманд гомдол гаргасан, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03/9454 дүгээр албан бичгээр “...захиалагчийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн СЭ-112-12/7509 тоот гэрээ байгуулах тухай эрх олгосон шийдвэр, СЭ-112-12/7512 тоот мэдэгдлийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн, үүний дагуу Үнэлгээний хороо 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дахин үнэлгээ хийж, “ЭМС” ХХК, “ЭБМ” ХХК-уудын тендер шаардлагад нийцсэн тул хамгийн бага үнийн санал ирүүлсэн “ЭБМ” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгчид 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/78 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлжээ.

 

2.2. Нэхэмжлэгч “ЭМС” ХХК-аас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан ба уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...“ЭБМ” ХХК-ийн ирүүлсэн тендер тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтын 3-т заасан нийт эрчим хүч зарцуулалт: 450 квт/цаг-аас ихгүй, 4-т заасан конусан бутлуурын гидро систем, тоос дарах систем, б-д заасан энергийн эх үүсвэрийн зарцуулалт, техникийн тодорхойлолтын аюулгүй ажиллагааны шаардлагад заасан Байгаль орчин, агаарын бохирдол, тоос дарагч автомат усаар шүршигч систем, бутлуурын үйлдвэрийн операторын бүхээгийн нөхцөл, механик аюул, аюулгүй байдлын тоноглолын шаардлагад нийцсэн эсэхийг захиалагч хянан үзээгүй, ...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005 он/47 дугаар зүйлийн 47.3-д Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орсон албан тушаалтан дараахь шаардлагыг хангасан байвал зохино гэж заасныг зөрчиж, хууль бус үнэлгээний хороо тендерийг үнэлсэн...” гэж, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...“ЭБМ” ХХК-ийн ирүүлсэн тендер нь техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй, тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.4-т заасан шаардлагын дагуу бэлтгэн ирүүлээгүй, Сангийн яамны албан бичгийн 8-д заасан үзүүлэлтүүдийг дахин хянан үзээгүй, тендерийн материалд ирүүлээгүй мэдээллийг тодруулгаар нэмж авсан, тодруулгын хавсралт 3-т заасан мэдээлэл англи хэл дээр ирсэн байхад тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 13.2-т заасныг зөрчиж гадаад хэл дээр материал авч үнэлгээнд ашигласан” гэж тус тус тайлбарлан маргасан байна.

 

2.3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Бутлан ангилах төхөөрөмж ЭҮТӨҮГ/***** дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Үнэлгээний дүгнэлтийн “ЭБМ” ХХК-д холбогдох хэсэг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/78 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны СЭ-112-12/73 дугаартай гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлүүдийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдааны явцад тодруулсны үндсэн дээр нэгэнт хэрэгжиж дууссан акт гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасны дагуу хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэснийг шууд буруутгах боломжгүй тул “...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөөгүй, онцгой ашиг сонирхлоо мөн тодорхой илэрхийлээгүй байхад шүүх хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн, тогтоон шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдол үндэслэлгүй байна.

 

2.4. Гэвч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа тохиолдолд маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоохоор хуульчилсан, харин тухайн тохиолдолд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэх нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй байхад “...Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Үнэлгээний дүгнэлтийн “ЭБМ” ХХК-д холбогдох хэсэг буюу түүний ирүүлсэн тендерийг тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлагыг нэгэн зэрэг хангасан гэж хянан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005 он/ 28 дугаар зүйлийн 28.1 /Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ/-д зааснаар тендерийг үнэлж, “ЭБМ” ХХК нь *********** төгрөг, “ЭМС” ХХК нь *********** төгрөгийн үнийн санал ирүүлснээс “ЭБМ” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер гэж хамгийн бага үнийн санал ирүүлсэн тендерээр шалгаруулсан нь хууль бус шийдвэр болсон байна” гэж дүгнээд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Бутлан ангилах төхөөрөмж ЭҮТӨҮГ/***** дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Үнэлгээний дүгнэлт-ийн “ЭБМ” ХХК-д холбогдох хэсэг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/78 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны СЭ-112-12/73 дугаартай гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлүүдийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

2.5. Учир нь хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Тендерийн үнэлгээний хороо 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хурлаар “ЭМС” ХХК, “ЭБМ” ХХК-уудын тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 оны/-ийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар хянан үзэж, шаардлагад нийцсэн тендер гэж дүгнэсэн байх бөгөөд мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” гэж заасны дагуу нэхэмжлэгч компаниас *********** төгрөгөөр бага үнийн санал ирүүлсэн “ЭБМ” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үнэлж, тендерт шалгаруулсныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй төдийгүй хариуцагчаас худалдан авах ажиллагаанд үр ашигтай, хэмнэлттэй байх зарчмыг хэрэгжүүлснийг буруутгах боломжгүй.

 

2.6. Нэгэнт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “ЭБМ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2024/02-10-00** дугаартай Худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт хэрэгжиж дууссан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, Техник хүлээлцэх акт, Ажил хүлээлгэн өгөх мэдэгдэл зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа энэ тохиолдолд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Бутлан ангилах төхөөрөмж ЭҮТӨҮГ/***** дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Үнэлгээний дүгнэлтийн “ЭБМ” ХХК-д холбогдох хэсэг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/78 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны СЭ-112-12/73 дугаартай Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлүүдийг хууль бус байсан болохыг тогтоолгосноор нэхэмжлэгчид сэргэх болон хамгаалагдах ашиг сонирхол байхгүй гэж үзэхээр байна.

 

2.7. Тодруулбал, Бутлан ангилах төхөөрөмж хэрэгсэл авах тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨХ/-ийн ТШЗ 19.4-т “Тендерт оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг нотлох баримтыг зураг, өгөгдлийн хэлбэрээр тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ. Техникийн тодорхойлолтод заасан дагалдах бичиг баримтыг тендерийн баримт бичигт хавсарган ирүүлнэ” гэж заасан байх бөгөөд үүний дагуу гуравдагч этгээд “ЭБМ” ХХК-аас нийлүүлэх тоног төхөөрөмжийн жагсаалт ба үнийн саналыг ирүүлэхдээ тухайн тоног төхөөрөмжийн нэр, модел, схем зураг, хүчин чадал, нэгжийн үнэ зэргийг нарийвчлан тусгасан байна.

 

2.8. Харин Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/9454 дүгээр албан бичигт “...“ЭБМ” ХХК-ийн ирүүлсэн тендер тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтын 3-т заасан нийт эрчим хүч зарцуулалт: 450 квт/цаг-аас ихгүй, 4-т заасан конусан бутлуурын гидро систем, тоос дарах систем, б-д заасан энергийн эх үүсвэрийн зарцуулалт, техникийн тодорхойлолтын аюулгүй ажиллагааны шаардлагад заасан Байгаль орчин, агаарын бохирдол, тоос дарагч автомат усаар шүршигч систем, бутлуурын үйлдвэрийн операторын бүхээгийн нөхцөл, механик аюул, аюулгүй байдлын тоноглолын шаардлагад нийцсэн эсэхийг захиалагч хянан үзээгүй” гэж дурдсаны дагуу хариуцагч Үнэлгээний хороо 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 04 дугаар хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005 он/ 26 дугаар зүйлийн 26.9-д “Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно” гэж заасны дагуу “ЭБМ” ХХК-аас 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ТБ-112-12/03 дугаартай албан бичгээр тодруулга авсныг буруутгах боломжгүй.

 

2.9. Учир нь хариуцагч захиргааны байгууллагын гуравдагч этгээдээс авсан энэхүү тодруулга нь “ЭБМ” ХХК-ийн тендерийн бичиг баримтад ирүүлсэн тоног төхөөрөмжийн үнийн санал, өгөгдлийн хүснэгтийг дэлгэрүүлсэн буюу тухайн Бутлан ангилах төхөөрөмжийн бүрдэл хэсгээс хэсэгчилсэн хэрэгслийн талаар тодруулсныг шинээр баримт бүрдүүлсэн гэж шууд үзэхгүй. Өөрөөр хэлбэл Бутлан ангилах тоног төхөөрөмж нь нэг бүхэл, цогц төхөөрөмж ба тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасны дагуу захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг нотлох баримтын зураг, өгөгдлийн хэлбэрийг нарийвчлан тодруулсныг шинээр өөр техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн талаар тодруулга авсан гэж үзэхээргүй байна.

 

2.10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд хууль ёсны эрх ашиг, сонирхол хөндөгдсөн талаар “...манайх тендерт оролцохын тулд тодорхой хэмжээний судалгаа хийж, хөрөнгө зарцуулсан байгаа, үүнийгээ буруутай этгээдээс нэхэмжлэх боломжтой” гэж тайлбарласанчлан маргаан бүхий ЭҮТӨҮГ/***** дугаартай Бутлан ангилах төхөөрөмж хэрэгсэл авах тендерийн баримт бичгийн 12 дугаар зүйлд “Тендер шалгаруулалтад оролцох зардал” гээд 12.1-д “Тендер бэлтгэх, илгээх, оролцохтой холбогдон гарах бүх зардлыг сонирхогч этгээд болон тендерт оролцогч бүрэн хариуцна. Захиалагч энэ зардалтай холбогдох аливаа хариуцлага хүлээхгүй” гэж зааснаар нэхэмжлэгчийн энэхүү тендерт оролцохын тулд холбогдон гарсан зардлыг нэхэмжлэх эрх хамгаалагдахгүй. Түүнчлэн нэхэмжлэгч “ЭМС” ХХК-ийн тендерийн баримт бичиг нь шаардлагад нийцсэн хэдий ч өндөр үнийн дүн бүхий санал ирүүлсэн үндэслэлээр шалгараагүйн улмаас хар жагсаалтад орсон, тендерийн баталгааг улсын орлого болгосон зэргээр нэхэмжлэгчид хөндөгдсөн гэх хамгаалагдаж, сэргээгдэх тодорхой эрх, хууль ёсны ашиг сонирхол тогтоогдохгүй байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.

 

2.11. Хариуцагчаас гуравдагч этгээд “ЭБМ” ХХК-аас ирүүлсэн тендерийн бичиг баримт нь эмх цэгцгүй боловч тендерийн бичиг баримтын шаардлагыг бүрэн хангасан гэж тайлбарлаж байх бөгөөд тендерт оролцогчдын эрх тэгш байх, шударга ёсны зарчмыг хангах үүднээс тендерийн бичиг баримтыг нэг мөр ойлгомжтой бүрдүүлэн авах нөхцөлийг цаашид хангаж ажиллах нь зүйтэй.

 

2.12. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 оны/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд  зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрд шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ”, 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж зааснаар захиалагчийн зүгээс Сангийн яамны “Гомдол хянасан тухай” 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03/9454 дугаартай албан бичгээр тендер шалгаруулалтыг үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэний дагуу үнэлгээг дахин хийж, дээрх байдлаар нэхэмжлэгч “ЭМС” ХХК-ийн тендерийг шалгараагүй тухай мэдэгдэл хүргүүлж, улмаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч болох гуравдагч этгээд “ЭБМ” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Бутлан ангилах төхөөрөмж” ЭҮТӨҮГ/***** дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Үнэлгээний дүгнэлт”-ийн “ЭБМ” ХХК-д холбогдох хэсэг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/78 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай”, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны СЭ-112-12/73 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлүүдийг хууль бус байсан болохыг тогтоосныг хүчингүй болгож, шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:                                     

 

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 45 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 26 дугаар зүйлийн 26.9, 28 дугаар зүйлийн 28.3, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ЭМС” ХХК-ийн ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Бутлан ангилах төхөөрөмж” ЭҮТӨҮГ/***** дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Үнэлгээний дүгнэлт”-ийн “ЭБМ” ХХК-д холбогдох хэсэг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/78 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/73 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлүүдийг хууль бус байсан болохыг тогтоолгох, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “ЭБМ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2024/02-10-00** дугаартай “Худалдах-худалдан авах гэрээ”-г хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ЭҮТӨҮГ/***** дугаартай тендерт “ЭМС” ХХК-ийг шалгарсанд тооцож, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Д.Г нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           З.ГАНЗОРИГ

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА