Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
Хэргийн индекс | 137/2016/0149/Э |
Дугаар | 143 |
Огноо | 2016-12-20 |
Зүйл хэсэг | 099.1., |
Улсын яллагч | Б.Батбаяр |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж
Нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн
Улсын яллагч Б.Батбаяр
Хохирогч С.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чойбалсан сумын харъяат, 1976 оны 06 сарын 26-нд төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Замын-Үүд сумын 3 дугаар баг, Амарын 3-3 тоотод оршин суух, энэ хэрэгт татагдахдаа хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Боржинго овогт Дэлгэрсайханы Бүрнээбаатарт /РД: ЖЬ76062670/ холбогдох эрүүгийн 201610010245 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд авагдснаар/
Шүүгдэгч Д.Бүрнээбаатар нь 2016 оны 12 сарын 02-ны орой 21 цаг 00 минутын үед Замын-Үүд сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах Амарын гудам 3-3 тоотод эхнэр С.Ганчимэгтэй хэрэлдэж маргалдсаны улмаас нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Бүрнээбаатар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Хүү маань Үлэмж тэнгэр сургуульд сурдаг байсан юм. Тэгээд тэнд сурч байгаад болиод ерөнхий боловсролын сургууль руу орсон бөгөөд үлэмж тэнгэр сургууль нь сурсан хугацааныхаа сургалтын төлбөрийг төлөхгүй бол хувийн хэргийг нь өгөхгүй байна гээд байсан. Тэгээд тэр өдөр хүүхдийн төлбөр нэхэгдээд жаахан тиймхэн байсан болохоор машин засангаа эхнэрээсээ нууцаар 0,75 граммын архи уусныг эхнэр маань мэдсэн. Тэгээд орой гэртээ ороход хүү байхгүй байхаар нь хүү хаачсан юм бэ гэж асуусан. Ингээд л архи уусандаа хэрүүл маргаан үүсгэж, эхнэрийнхээ нүүр рүү цохьсон. Уг асуудалд нь 2016 оны 02 сарын 02-ны өдрийн орой 21 цагийн үед Амарын гудамжны 3-2 тоотын гадаа болсон юм. Болсон асуудлыг бүгдийг мэдэж байгаа, би уг их архи уугаад байдаггүй, 2004 оноос хойш тээвэрт явж байгаа, 3 том машин байгаа түүгээрээ 9 сараас эхлэн өвсөнд явж байгаад ирсэн юм. 2004 онд аав маань, 2007 онд ээж маань нас барсан. Би 10 хүүхэдтэй айлын том хүүхэд доороо 7 эмэгтэй, 2 эрэгтэй дүүтэй. Эмэгтэй хүнд гар хүрч болохгүй гэж боддог. Ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. Дахиж ийм байдал гаргахгүй. Эхнэртэйгээ сайн дураараа эвлэрч уучлалт гуйсан “ гэсэн мэдүүлэг
Хохирогч С.Ганчимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Би мөрдөн байцаалтын шатанд нөхөртөө гомдсон уурандаа урьд нь зоддог байсан худал гэж мэдүүлсэн. Тэр өдөр нөхөр маань машинаа янзлангаа архи уугаад байсныг нь мэдсэн. Тэгээд орой орж ирэхээр нь хүүхдийн төлбөр мөнгө нэхэгдээд байхад архи уулаа гэж хэлж уурласан, бас нэг удаа цохьсон, тэгээд л хэрүүл эхэлж, би хүүгээ айлаас авахаар гарахад нөхөр маань ардаас гараад ирсэн. Тэгээд хажуу айлын гадаа байхад намайг гэртээ оръё, хүн хар юу гэх билээ, гэхээр нь би зөрүүдэлсэн, тэгээд л миний нүүр рүү цохьсон. Айлын хүмүүс цагдаа дуудсан байсан. Хань ижлээ ийм байдалд хүргээд 2-уулаа ийм байдалтай зогсож байгаадаа гэмшиж байна. Тэр өдөр би зөрүүдлээгүй бол ийм байдалд орохгүй байх байсан гэж бодсон. Би группэд орно гээд ажил төрөл хийдэггүй, нөхөр маань амьдрал ахуйгаа зохицуулдаг. Нөхөр маань надаас уучлалт гуйсан, сайн дураараа эвлэрсэн, гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг,
Хохирогч С.Ганчимэгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн “2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гадаа машинаа янзалж байна гээд гэртээ орж гараад байсан. Тэгэхдээ надаас архи нуугаад уугаад байсан байналээ. Би дараа нь угаалгын машинаас архины шилийг нь олсон. 0,75 гр архины шил байсан. Тэгээд л орой 19 цагийн үед нөхөр Бүрнээбаатар телевиз үзээд гэртээ байгаад намайг хоолоо хийх гэж байхад хэрэлдэж маргалдаад хэрүүл хийгээд байсан. Би тухайн үед нь юм хэлээгүй. Нөхөр маань хоолоо идчихээд бас л хэрүүл хийгээд эхэлсэн. “ Чи сүүлийн гадуур явж айлаар хоноод байгаа шүү гэж хардаад гэнэт янз бүрийн яриад орилж хашгираад байсан. Хүн хүний нэр хэлээд л тэгснээ би чамайг мэдэж байгаа чи намайг араар тавиад байна гээд л юу нь мэдэгдэхгүй хэрүүл хийгээд байсан. Би унт гэсэн боловч унтахгүй намайг цохих гээд байсан. Тэгэхээр нь би гараад явсан. Тэгтэл араас ирснээ хүүхэд чи хаашаа явуулчихсан юм бэ гээд гудамжинд хэрүүл хийгээд байсан. Тэгэхээр нь би нэг айлын гадаа очоод сууж байтал нүүр рүү цохиод авсан. Тэгтэл тэр айлын хүмүүс гэрээсээ гараад ирсэн чинь манай нөхөр яваад өгсөн. Тэгээд нөгөө айлын хүн цагдаагийн газар дуудлага өгсөн байна лээ. Би хүүгээ дагуулаад цагдаагийн газарт ирчихээд гэртээ харьж амарсан. Би тухайн үед цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Эрүүл болохоороо өөрийнхөө бурууг хүлээгээд надаас уучлалт гуйдаг. Сүүлийн үед архи дуртай болоод байдаг болсон. Архинд л буруугаа өгөөд байдаг юм. Уухгүй бол хэрүүл уруул байхгүй шүү дээ. Бид хоёр хэрэлдэж маргалдахаар гэрт байгаа хүүхэд айгаад дуугарч чадахгүй буланд шигдээд суудаг. Манай хүүхэд эрэгтэй болохоор янз бүр болчих бий гэхээс айх юм. Эцэг эх гэрийн орчин ямар байна хүүхэддээ муу муухай зүйл үзүүлмээргүй байна муугаар нөлөөлмөөргүй байна. Нөхөр миний буруу гэж буруугаа хүлээсэн. Уучлаарай дахиж ийм асуудал гаргахгүй гээд байгаа ахин дахин уучлалт гуйгаад байгаа. Би нөхөртөө нэг удаа боломж олгодог юм билүү гэж бодож байгаа. Бид хоёр гэрлэлтийн баталгаатай 2001 онд суусан 15 жил амьдарч байна. нөхөр маань архи уудаггүй байсан. Замын-Үүдэд шилжиж ирснээсээ хойш янз бүрийн хүмүүстэй нийлж архи ууж зан ааш нь эвдэрсэн. Өчигдраас хойш байнга уучлалт гуйж байгаа тийм болохоор би боломж олгож нөхөртөө итгээд амьдарна. Тухайн үед нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ганцаараа нэг шил архи уусан байсан. Бид хоёр хэрэлдэж маргалдсан нөхөр маань миний нүүрэн тус газар цохиж биед маань хөнгөн гэмтэл учруулсан. Одоо биеийн байдал зүгээр болсон. Бид хоёр нэг гэртээ амьдарч байгаа. Эмчилгээний мөнгө гэж 150,000 төгрөг бэлнээр өгсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Нөхөр маань гэмшиж надаас уучлалт гуйсан. Бид хоёр хоорондоо харилцан ярилцаад сайн дураараа эвлэрсэн “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 11/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 сарын 06-ны өдрийн “ 1. С.Ганчимэгийн биед зүүн нүдний цус харалт, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал дээд уруулын салстын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Хөнгөн гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөхгүй” гэсэн 481 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16/
Хохирогч С.Ганчимэгийн Цагдаагийн байгууллагад гаргасан “Сүхбаатар овогтой Ганчимэг би 2016 оны 12 сарын 02-нд нөхөр Бүрнээбаатарт зодуулж биедээ хөнгөн гэмтэл авсан бөгөөд эмчилгээний мөнгө 150,000 төгрөг авсан. Хохирлын талаар маргаангүй хоорондоо харилцан ярилцаж сайн дураараа эвлэрсэн тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 03/
Шүүгдэгч Д.Бүрнээбаатарын цагдаагийн байгууллагад гаргасан” Дэлгарсайхан овогтой Бүрнээбаатар би 2016 оны 12 сарын 02-ны өдөр эхнэр Ганчимэгийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан эмчилгээний мөнгө болох 150,000 төгрөг өгсөн хохирлын талаар маргаангүй хоорондоо харилцан ярилцаж сайн дураар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 04/
Шүүгдэгч Д.Бүрнээбаатар нь ял шийтгэлгүй гэсэн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25-26 / зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Эдгээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх үзсэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудыг бүхэлд нь дүгнэхэд шүүгдэгч Д.Бүрнээбаатар нь 2016 оны 12 сарын 02-ны орой 21 цаг 00 минутын үед Замын-Үүд сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах Амарын гудам 3-2 тоотын гадаа эхнэр С.Ганчимэгтэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэсэн маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь зүүн нүдний цус харалт, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал дээд уруулын салстын язарсан шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан байна.
Шүүгдэгч Д.Бүрнээбаатар дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулж байх тул түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Бүрнээбаатар дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон хохирогч С.Ганчимэгийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 сарын 06-ний өдрийн 481 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.
Хохирогч С.Ганчимэгийн биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Д.Бүрнээбаатарын үйлдэлтэй шууд холбоотой байх ба тэрээр уг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон байх тул Замын Үүд дэх Сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэдийгээр шүүгдэгчийн тухайн гэмт хэрэгт гэм буруутай нь тогтоогдох боловч энэ хэргийн хохирогч С.Ганчимэг нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч С.Ганчимэгийн цагдаагийн байгууллагад болон шүүхэд гаргасан хүсэлт, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас зэргээр тогтоогдож байна.
Түүнчлэн шүүгдэгч нь уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-т “согтуурал буюу мансуурсан байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй “ гэж заасанд хамрагдаж байх боловч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч С.ГАнчимэг нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасан үндэслэлээр шүүгдэгч Д.Бүрнээбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Бүрнээбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284-286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Боржинго овогт Дэлгэрсайханы Бүрнээбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Дэлгэрсайханы Бүрнээбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Д.Бүрнээбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Д.Бүрнээбаатарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5. Энэ шийтгэх тогтоолыг Д.Бүрнээбаатар, хохирогч зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.ЦЭРЭНХАНД