Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 155

 

МАГАДЛАЛ

 

2018.01.10                                                     Дугаар 155                                  Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Д.Ц нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/03035 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Ц нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.О, Ц.Б нарт холбогдох,

Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Т-н 19 дүгээр гудамжны 384 тоотод байрлах хашааны 148,5 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч Д.Ц 1980 оноос Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Т-н 19 дүгээр гудамжны 384 тоотод байрлах хашаанд гэр бүл И.Л-ийн хамт амьдарч ирсэн. Энэ хашааг анх түүний хадам эцэг Ч-н төрсөн дүү Л нь өөрийн төрсөн ах Ч, Ж нарыг нас барсны дараа тэдгээрийн эхнэр болох И, Н нарт Д гэдэг хүнээс худалдаж авч өгсөн гэдэг. Ж, эхнэр Н нарын хүү Ж.М хашааг 1986 оноос эзэмшсэн, 2004 онд бүхлээр нь өмчилж авсныг нэхэмжлэгч огт мэдээгүй байсан бөгөөд Ж.-н өргөмөл хүү Г.О Баянгол дүүргийн шүүхэд хашааны газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж, Д.Ц-г хариуцагчаар татсанаар анх энэ тухай мэдсэн. Иймд Д.Ц 2012 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 99 дүгээр захирамжаар Ж.М-д 189 м.кв газар өмчлүүлэхээр шийдвэрлэснийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр уг захирамжийн иргэн Ж.М, А.Г нарт холбогдох хэсэг, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-2205001083 дугаар бүртгэлд хамаарах гэрчилгээг тус тус дахин захиргааны шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэсэний дараа Баянгол дүүргийн газрын алба нь шүүхийн шийдвэрийн дагуу захиргааны шинэ акт гаргахдаа дахин уг хашааны газрыг бүхэлд нь Ж.М-д өмчлүүлэх санал хүргүүлснээр Нийслэлийн засаг дарга нь 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/286 дугаар захирамжаар Ж.М-д 297 м.кв газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн тул Д.Ц захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 388 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 422 дугаар магадлал, хяналтын шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 306 дугаар тогтоолоор НЗД-ын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/286 дугаар захирамжийн Ж.М-д холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний дараа Д.Ц 2016 онд маргаан бүхий хашааны газрын талыг эзэмших хүсэлтээ Баянгол дүүргийн газрын албанд гаргахад уг хүсэлтийг хянах явцдаа нас барсан Ж.М-ийн нэр дээр газар өмчлүүлэх шийдвэр гаргуулсан нь буруу гэдгээ хүлээн зөвшөөрч Нийслэлийн газрын алба руу хүсэлт явуулснаар Нийслэлийн засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/478 дугаар захирамжаар Ж.М, түүний эхнэр А.Г нарт 297 м.кв газрын өмчлүүлэхээр шийдвэрлэсэн А/286 захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Ж.М, А.Г нарын хүү Г.О, бэр Ц.Б нар Баянгол дүүргийн шүүхэд хандаж, тус шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/00839 шийдвэрээр хашааны уг газрын өмчлөгчөөр тогтоолгосон нь үндэслэлгүй юм. Д.Ц 1980 оноос эзэмшиж ирсэн хашааны хэсэг болох 148.5 м.кв газрыг өмчлөх эрхтэй тул Д.Ц-г Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Т-н 19 дүгээр гудамж, 384 тоот хашааны газрын тал хэсэг болох 148.5 м.кв газрыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Манай аав Ж.М нь Улаанбаатар хотын Октябрын районы АДХГ захиргаанаас 1997 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 90 дүгээр шийдвэрээр олгосон 300 м.кв газар эдлэх эрх олгогдсон, 4134 тоот амины хэрэглээнд газар эдлэх эрхийн үнэмлэх бүхий одоогийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Т-н 19 дүгээр гудамжны 384 тоот хашааг 1980 онд С.Д-с худалдан авч 1986 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тус дүүргээс Ж.М өөрийн нэр дээр шилжүүлж авснаар тус хашааны газрыг эзэмших эрхтэй болсон. Иймээс Октябрын районы Т-н 19-384 тоот хашааг 1988 онд Ж.М гэдэг нэрээр улсын даатгалд заавал даатгах тухай дүрмийн 2 дугаар зүйлд заасны дагуу Октябрын районы улсын даатгалд бүртгүүлж, улсын даатгалын баталгаа 143156 тоот дэвтэр авч 1989, 1990, 1991 онуудад өөрийнхөө нэрээр даатгалын мөнгө тушаасан мөнгөний баримт хавтаст хэрэгт нь авагдсан байгаа.

Ингээд уг хашаандаа байнга амьдарч байсан тул 2004 онд газар хувьчлахад Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Т-н 19-384 тоот хашааны 297 м.кв газарт анх кадастрын зураг хийлгэж Нийслэлийн засаг даргын 99 дүгээр захирамжаар уг хашааны газрыг Ж.М, А.Г нар өмчлөн авч, газар өмчлүүлэх шийдвэр хянан баталгааны дүгнэлт кадастрын зураг зэргийг өгснийг үндэслэн улсын бүртгэлийн 2205001083-д бүртгүүлэн хувьдаа газартай болсон юм. Энэхүү газраа хүү М.О, бэр Ц.Б нарт бэлэглэлийн гэрээгээр 2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шилжүүлэн өгч, одоо энэ газар нь Г.О, Ц.Б бид хоёрын нэр дээр байгаа болно. Тухайн үед аав ээж хоёр нь хүү, бэр хоёртоо улсаас өгсөн хөрөнгө болох хашааны газар хашаагаа өглөө гэж баярлаж, Д.Ц, Ч.Л нарт хүүхдүүддээ хашаагаа өгсөн шүү, та нар нүүгээрэй гэж хэлж байсан гэдэг. Тэд ч зөвшөөрөөд нүүнэ гэдэг байсан. Ингээд ээж А.Г 2006 оны 08 дугаар сарын 18-ны өдөр, аав Ж.М 2007 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тус тус нас барсан байна. Гэтэл манай хашаанд айл байсан Д.Ц би энэ хашаанд олон жил байсан тул хамт эзэмших буюу хагасыг нь өмчлөн авна гэж эхний үед 10 000 000 төгрөг нэхдэг байснаа захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргаж 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр захиргааны хэргийн анхан шатны шүүх хурлаар орж 19 тоот шийдвэр гарсан бөгөөд энэ шийдвэрт Ж.М Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Т-н 19-384 тоот хашааны газрыг Нийслэлийн засаг даргын 2004 оны 99 дүгээр захирамжаар хувьчлахдаа хашааны газрыг 189 м.кв захирамжинд бичсэн байх ба Ж.М-д гардуулсан өмчлөх эрхийн гэрчилгээ, хянан баталгааны дүгнэлт кадастрын зураг зэрэгтээ 297 м.кв гэж бичсэн байх тул үүнийг шинээр дахин захиргааны акт гартал түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн юм. Энэ асуудлыг шийдүүлэхээр Нийслэлийн засаг дарга Э.Б, Баянгол дүүрэг, Нийслэлийн өмчийн харилцааны газар зэрэг байгууллага, албан тушаалтанд удаа дараа хүсэлт гаргаж байж Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг үндэслэн захиргааны актыг Нийслэлийн Засаг дарга А/286 дугаар захирамжийг 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гаргаж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 99 дүгээр захирамжийн 1-р хавсралтаар Ж.М, А.Г нарт олгосон Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Т-н 19-384 тоот 189 м.кв газрыг 297 м.кв газар болгон мэдээллийн санд өөрчлөлт оруулахаар шинээр захиргааны акт гаргасан. Гэтэл Нийслэлийн Засаг даргын энэхүү А/286 дугаар захирамжийг Д.Ц хууль бус шийдвэр гэж хүчингүй болгуулахаар Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 388 дугаар шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын А/286 дугаар захирамжийг түдгэлзүүлж дахин шинээр захиргааны акт гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгасан юм. Учир нь дээрх А/286 дугаар захирамжаар Г.О, Ц.Б бидний нэр дээр газар өмчлүүлэх захирамж гаргалгүй, нас барсан эцэг Ж.М, А.Г нарт хувьчлахаар захирамж гарсан нь алдаатай болсон гэж үзсэн ба тухайлбал нас барснаар эдгээр хүмүүсийн эрх зүйн чадамж дуусгавар болсон, эрхээ шилжүүлсэн хүнд захирамж гаргасан нь алдаатай болсон гэж үзсэн юм. Нийслэлийн Засаг даргад дахин 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өргөдөл гаргаж захирагчийн ажлын албаны зохих хэлтэс, тасгаар шалгагдаж, Өмч газрын харилцааны газрын хуулийн хэлтсийн мэргэжилтэн Ё.Э 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хариу өгөхдөө Г.О, Ц.Б нар маргаж буй хашааны 297 м.кв газрыг бүхлээр нь өмчлөх эрхтэй болохоо иргэн Д.Ц уг хашааны газраас 108 м.кв газрыг өмчлөх эрхтэй этгээд болохоо нотлох баримтаа өмч менежментийн хэлтэст хүргүүлж хүсэлтээ шийдүүлэх хариу өгсөн түүний дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газар хуулийн хэлтсийн дарга нарт 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өргөдөл гаргахад өмч харилцааны газрын орлогч Т.Э 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр №9/856 тоот албан бичгээр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Т-н 19-384 тоот хашааны газрыг иргэн Г.О, Ц.Б нар бүхлээр нь иргэн Ц 108 м.кв газрыг эзэмших өмчлөх эрхтэй болохоо тус тус нотлох баримтуудыг холбогдох байгууллагаас гаргуулах нь зүйтэй гэсэн хариу өгсөн.

Иймд нийслэлийн удирдлагуудаас өгсөн заалтын дагуу өмчлөх эрхтэй болохоо баталсан нотлох баримтыг бүрдүүлж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Г.О, Ц.Б нар Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Т-н 19-384 тоот хашааны газрыг эзэмших өмчлөх эрхтэй болохоо тогтоолгохоор нэхэмжлэл гаргахад тус шүүхээс 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/00839 тоот шийдвэр гаргаж, дээрхи хашааны 297 м.кв газар нь Г.О, Ц.Б нарын өмч болохыг тогтоосон юм. Дээрхи маргаан бүхий нэгж талбарын 186413113475598 дугаар бүхий 297 м.кв газар нь мэдээллийн сангийн бүртгэлд иргэн Ж.М-н эзэмшилд 2004 онд бүртгэгдсэн нь газрын харилцаа геодези зураг зүйн газрын лавлагаагаар нотлогдоно. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт урьд нь эзэмших эрх нээгдсэн газарт дахин давхардуулж эзэмших эрх олгохгүй гэж заасан болохоор иргэн Д.Ц-д 148,5 м.кв газрыг эзэмших эрх үүсэхгүй. Иймд Д.Ц нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.1, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийг баримтлан хариуцагч Г.О, Д.Б нарт холбогдох, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Т-н 19 дүгээр гудамжны 384 тоотод байрлах хашааны 148,5 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч Д.Ц нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэхь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч талаас Ч.Л хамтран эзэмшүүлэх зорилгоор худалдаж авч өгсөн тул хашааны талыг эзэмших, өмчлөх эрхтэй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж, хариуцагч нь Ч.Л авч өгөөгүй, хариуцагчийн эцэг Ж.М нь өөрөө Д-с худалдаж авсан гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байхад маргааны үндсийг зөв тодорхойлоогүй төдийгүй Ж.М-ийн Д-с шилжүүлж авсан гэх газар нь нэхэмжлэгч, хариуцагч нарын маргаж буй газраас өөр хаягт байрлаж буйг нэхэмжлэгч талаас тайлбарлахад энэ нь хэрэгт ач холбогдолтой болохыг шүүх хуралдааны явцад шүүгч өөрөө дурдсан боловч дүгнэлт хийхдээ орхигдуулсан. Түүнчлэн хариуцагч нь эцгээсээ бэлэглэлийн гэрээний үндсэн дээр уг газрыг шилжүүлэн авсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь бэлэглэгчид газар өмчлөх эрх олгосон эрх бүхий байгууллагын шийдвэр, түүнийг нотлох гэрчилгээ, бүртгэлийг газар өмчлөх эрх олгосон Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны 19 дүгээр шийдвэрээр түдгэлзүүлж шийдвэрлэсэн тул бэлэг өөрөө хүчингүй болсон гэсэн үг юм. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр Ж.М-д уг хашааны газрыг бүхэлд нь олгосон нь буруу, нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн гэж дүгнэн захиргааны актыг удаа дараа түдгэлзүүлсэн, хашааны газар 297 м.кв хэмжээтэй байхад Ж.М нь 189 м.кв газар өмчлөх хүсэлтийг захиргааны байгууллагад гаргасан, 2013 оны Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээс хойш нэхэмжлэгч нь төрийн захиргааны байгууллагад газар эзэмших, өмчлөх хүсэлтээ удаа дараа гаргаж ирсэн зэрэг хэрэгт ач холбогдолтой үйл баримтуудыг харгалзаж үзэлгүй нэг талыг баримталсан шийдвэр гаргажээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Г.О, Ц.Б нарт холбогдуулан Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Т-н 19 дүгээр гудамжны 384 тоотод байрлах хашааны 148,5 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд үүссэн маргаан нь нэхэмжлэлд заасан хаягт байх газрын хууль ёсны өмчлөлтэй холбоотой байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Т-н 19 дүгээр гудамжны 384 тоотод байрлах хашааны хагасыг оршин суух зориулалтаар эзэмшиж, ашиглаж ирсэн боловч уг хашааны газрыг амины хэрэгцээнд эзэмших эрхийг Э.М нь 1986 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хашааны газрын өмнөх эзэмшигч болох н.Д-с шилжүүлэн авч, улсын бүртгэлд бүртгүүлж, эзэмших эрхтэй болсон байна. Хариуцагч нар хашааны газрыг өмчлөх эрхийг Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т заасны дагуу хашааны газрын өмчлөгч амьд ахуйдаа илэрхийлсэн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.

Анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн татгалзлыг зөвшөөрөхгүй талаархи, нэхэмжлэгч нь нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байхад өөрийн татгалзлаа нотолсон үйл баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүх нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, хариуцагчийн татгалзал, түүнд холбогдох нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцүүлэн дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/03035 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

      ШҮҮГЧИД                              Г.ДАВААДОРЖ

 

                                                        М.НАРАНЦЭЦЭГ