Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 114/2016/0089/з |
Дугаар | 225 |
Огноо | 2017-06-12 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 225
Н.Энхжаргалын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Н.Энхжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2017/0282 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Н.Энхжаргалын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 10 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2,15 дугаар зүйл, 27 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, 11 дүгээр зүйлийн 11.6, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 23 дугаар зүйлийн 23.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Энхжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Энхболдын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/27 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний ажилд томилохыг, ажилгүй байсан хугацааны олговор 2.629,984 төгрөгийг Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгахыг Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт тус тус даалгаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2017/0282 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 10 дугаар шийдвэрийн "Тогтоох" хэсгийн 1 дэх заалтаас "Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4" гэсэн заалтуудыг хасч, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хариуцагч Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Энхболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар “өмнөх ажлын байранд ажиллаж байсан Н.Энхжаргал, Т.Отгонбаатар, Ц.Нармандах нараас тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгааг шалгаруулж авахаар байна” гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Маргаан бүхий захиргааны акт буюу Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/27 дугаар тушаалын үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг биш 27.2.4-т заасныг баримталсан нь үндэслэлтэй, зөв гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгчийн урьд нь эрхэлж байсан ажилд зуучлал, ажил хайгч, ажилгүй иргэдийн болон ажлын байрны захиалгын бүртгэл, тайлан хариуцсан мэргэжилтний албан тушаал нь хасагдаж, чиг үүргүүд нь өөр өөр албан тушаалуудад хуваагдан шилжсэн.
Тухайлбал шинээр батлагдаж, бий болсон 1. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал, хөдөлмөр эрхлэлтийн чадвар олгох сургалт хариуцсан мэргэжилтэн, 2. Хөдөлмөрийн зах зээлийн болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн, 3. Хөтөлбөр төсөл хариуцсан мэргэжилтэн нарт хуваарилагдсан.
Хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар газрын мэргэжилтэн, ажилтныг албан тушаалд томилсон бөгөөд уг Золжаргалыг АЧБОЗӨ, АЗ хариуцсан мэргэжилтнээр түр орлон гүйцэтгүүлсэн. Түр орлон гүйцэтгэнэ гэдэг бол уг ажлын байр сул, буюу бүрэн жинхлэн томилоогүй, ажлын байрны онцлог, чухал ач холбогдолтой, ажил ихтэй зэргээс хамаараад уг ажлын байрыг сул байлгаж болохгүй, төрийн алба тасралтгүй явагдах зарчмыг хангах үүднээс түр орлон гүйцэтгүүлсэн байдаг.
2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Б.Урантуяаг шинээр бий болсон албан тушаалд, ажлын байрны онцлог, хэрэгцээ шаардлагыг үндэслэн сэлгэн ажиллуулсан бөгөөд тэр хүртэл маргаж байгаа албан тушаал сул байсны зэрэгцээ дээрх хуулийн заалтуудыг зөрчөөгүй гэж үзэж байна.
Э.Золжаргалыг, одоо Б.Урантуяаг Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал, хөдөлмөр эрхлэлтийн чадвар олгох сургалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон нь нэхэмжлэгч Н.Энхжаргалын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх тул уг албан тушаалд томилохыг даалгаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг өөрчлөхдөө ажилд томилохыг даалгах шаардлагыг гаргажээ. Тэгвэл нэхэмжлэгч нь өөрөө хариуцагчид хандаж ажилд томилуулах, тушаалыг зөвшөөрөхгүй байгаа талаараа амаар болон бичгээр хүсэлтээ гаргаж: хүсэл зоригоо илэрхийлээгүй гэдгээ тайлбарласан байдаг.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар нэхэмжлэгч нь гомдол хүсэлтээ хариуцагчид хандаж гаргаагүй, хариуцагч нь хуулийн дагуу нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тушаал л гаргасан болохоос биш нэхэмжлэгч Н.Энхжаргалын хүсэлт зориг нь юу юм, ажилдаа эргэж оръё гэдэг хүсэл зоригоо ямар нэгэн байдлаар илэрхийлснийг хүлээж авахгүй, ажилд эргүүлж авахаас татгалзсан шийдвэр гаргаагүй. эсхүл хүсэлтийг нь шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй огт байхгүй байхад ажилд эгүүлэн томилохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжгүй байхад давж заалдах шатны шүүхээс хэргийг хянахдаа энэхүү хууль хэрэглээний алдааг засалгүй, хэвээр үлдээж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт авагдсан нотлох баримт болон хуулийн хүрээнд шийдвэрлэх хуультай. Тиймээс хууль зүйн хувьд өмнө дурдсанчлан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-т зааснаар хариуцагчийн зүгээс татгалзсан шийдвэр, эсхүл шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй гаргаагүй тохиолдолд даалгах шийдвэр гаргах боломжгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн амаар гаргасан тайлбараас гадна хэрэгт авагдсан баримтаар ч нэхэмжлэгч нь ажилдаа буцаж орох талаар хариуцагчид хандаж байгаагүй болох нь нотлогдсон, хариуцагчаас ч ажилд томилохоос татгалзах шийдвэр гаргаагүй болох нь давхар нотлогдож байна гэж үзэж байна. Үүнийг анхан шатны шүүхээс анхаарч үзэлгүй, энэ талаар дүгнэлт хийлгүйгээр, маргаж байгаа албан тушаалд нэхэмжлэгчийг томилохыг даалгаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хуулийг ноцтой зөрчиж байна.
Мөн Захиргааны ерөнхий хуульд заасныг зөрчиж, “...тайлбар, санал, гомдол гаргах боломжийг олгоогүй, сонсох ажиллагааг явуулаагүй” талаар дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байгаа нөхцөл байдлыг үндэслэлгүй буруу дүгнэжээ.
Тухайлбал нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа намайг Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга өрөөндөө дуудаад ажлаас чөлөөлөх болсон талаар мэдэгдэж, дараа мэдэгдэл өгсөн болохоо хэлсэн байдаг нь сонсох: сонсгох ажиллагааг хийсэн гэж үзэхээр байхын зэрэгцээ 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр мэдэгдэл өгч, 9 дүгээр сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гаргасан нь энэ 8 хоногийн хугацаанд санал гомдол гаргах, эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжийг олгосон, эрхийг нь хязгаарласан гэж үзэх ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй байхад ийнхүү дүгнэсэн нь хуулийг буруу ойлгон тайлбарлаж байна.
Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулиар дээрх ажиллагааг ямар нэгэн байдлаар явуулахаар заасан бөгөөд туунд биечлэн уулзах хэлбэрийг заасан байхын зэрэгцээ түүнийг хэдий хугацаанд, хэрхэн явуулах талаар тодорхой, нарийн зохицуулалт байхгүй тул хариуцагчийн зүгээс уг ажиллагаануудыг хуульд нийцсэн арга хэлбэрээр явуулсан гэж үзэх үндэслэлтэй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Н.Энхжаргал нь Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн б/27 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Маргаан бүхий тушаалаар “мэргэжилтний орон тоо цөөрсөн” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байх бөгөөд нэхэмжлэгчээс “ажлын байр хэвээр хадгалагдаж үлдсэн” гэж маргаж байна.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн б/21 дүгээр тушаалаар аймаг, нийслэлийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоог өөрчлөн баталж орон тоог цөөрүүлжээ. Урьд нь “ажилд зуучлал, ажил хайгч, ажилгүй иргэдийн болон ажлын байрны захиалгын бүртгэл, тайлан хариуцсан мэргэжилтэн-2, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн-1” гэсэн 3 орон тоонд нэхэмжлэгч Н.Энхжаргал болон Т.Отгонбаатар, Ц.Нармандах нар ажиллаж байсан бөгөөд дээрх тушаалын дагуу байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдөхөд эдгээр 3 орон тоог нэг болгож, “ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал” хариуцсан мэргэжилтний орон тоо нэг байхаар тогтоожээ.
Хариуцагчаас Т.Отгонбаатарыг хөдөлмөрийн зах зээлийн болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтнээр, Ц.Нармандахыг хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтнээр тус тус шилжүүлэн томилсон атлаа нэхэмжлэгч Н.Энхжаргалыг үлдэх 1 орон тоонд томилоогүй байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага 3 орон тоонд ажиллаж байсан ажлын байр 1 болж, цөөрүүлэхдээ 2 албан хаагчийг өөр ажилд шилжүүлэн томилсон боловч үлдэх 1 орон тоонд тухайн ажлын байранд ажиллаж байсан нэхэмжлэгчид үргэлжлүүлэн ажиллах боломж олгохгүйгээр, тус байгууллагад ажиллаж байгаагүй Э.Золжаргалыг түр томилж, дараа нь Б.Урантуяаг жинхлэн томилсон байгаа нь хууль зөрчсөн, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэлт хийжээ.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байгаа албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн туршлага, ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг харгалзан шалгаруулж авахаар заасан байна.
Энэ тохиолдолд нэхэмжлэгчтэй адил чиг үүрэг хэрэгжүүлж байсан 2 албан хаагч өөр албан тушаалд томилогдсоноор сонгон шалгаруулалт явагдах нөхцөл байдал үүсээгүй, нэхэмжлэгч нь үлдэх 1 орон тоонд үргэлжлүүлэн ажиллах боломжтой байх тул хариуцагчийн “нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаал нь хасагдаж, чиг үүргүүд нь өөр өөр албан тушаалд хуваагдсан” гэх гомдол үндэслэлгүй байна.
Хариуцагчийн “нэхэмжлэгч нь өөрөө хариуцагчид хандаж, ажилд томилуулах талаар амаар болон бичгээр хүсэлт гаргаж байгаагүй, хүсэлтийг шийдэхгүй байгаа эс үйлдэхүй байхгүй” гэх гомдлын тухайд:
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан байхыг “эс үйлдэхүй” гэж заасан. Захиргааны байгууллагаас хуулийн дагуу нэхэмжлэгчийг өөрчлөгдөн бий болсон орон тоонд ажиллуулах бүрэн боломжтой атлаа уг албан тушаалд томилсон шийдвэр гаргаагүй хууль бус эс үйлдэхүй гаргасан тул шүүхээс нэхэмжлэгчийг ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний орон тоонд томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь зөв байна.
Хэдийгээр хариуцагчаас нэхэмжлэгчийг “өөрт хандаж өргөдөл гомдол гаргаагүй” гэж буруутгаж байгаа боловч хариуцагчийн хувьд хуулиар хүлээсэн чиг үүрэг нь нэхэмжлэгчид үлдэх орон тоонд үргэлжлүүлэн ажиллуулах тушаал гаргах үүрэгтэй байсан, нэхэмжлэгчээс заавал “үргэлжлүүлэн ажиллах” өргөдөл гаргахыг шаардах эрх нь захиргааны байгууллагад хуулиар олгогдоогүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул дээрх гомдол үндэслэлгүй.
Нөгөө талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс “ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа сонсгох ажиллагаа хийгээгүй” гэж дүгнэсэн, хариуцагчаас “тушаал гаргахаас 8 хоногийн өмнө мэдэгдэл өгч, санал гомдол гаргах боломж олгосон” гэж гомдолдоо дурдсан байгаа боловч захиргааны байгууллагаас “сонсгох” ажиллагааг зохих журмын дагуу хийгээгүй гэж үзэхээр байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэгт сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, ...баримтжуулахаар заасан бөгөөд хариуцагчаас энэхүү ажиллагааг хийгээгүй, нэхэмжлэгч сонсгох ажиллагааны үед ямар тайлбар гаргаж байсан тухай баримт байхгүй байна.
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад хамааралгүй хууль хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2017/0282 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ