Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2016/0546

 

 

 

 

 

 

2016 оны 8 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2016/0546

Улаанбаатар хот

 

Иргэн Б.Мөнхболдын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Одонтунгалаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016  оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 434 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Б.Мөнхболдын нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 434 дүгээр шийдвэрээр: Цагдаагийн албаны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3. 20.1.12, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.3-т заасныг тус тус баримтлан Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/556 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Б.Мөнхболдын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч Б.Мөнхболдын миний бие Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 434 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Үүнд: 1. Нэхэмжлэгч Б.Мөнхболд би Цагдаагийн ерөнхий газрын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/556 дугаартай тушаалыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Дээрх тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэснийг зөрчсөн байна” гэж маргаан бүхий актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл бичсэн. Шүүх хурлын хэлэлцүүлгийн шатанд миний өмгөөлөгч мөн л энэхүү үндэслэлээр мэтгэлцэж, зөрчил гаргаснаас хойш 1 сар өнгөрсөн байхад сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй болохыг тайлбарлаж мэтгэлцсэн байдаг.

Гэтэл шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/ 556 дугаар тушаалд ажил тасалсан өдрүүдэд үл хамаарах 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг заасан тул маргаан бүхий акт нь алдаатай, хууль бус гэж мэтгэлцээнээ үндэслэсэн” гэж дурдан нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан болон миний өмгөөлөгчийн мэтгэлцээний шатанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон “Тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар... өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэснийг зөрчсөн байна” гэсэн үндэслэлд шүүхээс огт дүгнэлт хийгээгүй байна.

Нэхэмжлэгч Б.Мөнхболд намайг 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс шалтгаангүйгээр ажил тасалсан, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр жижүүрийн томилгоот үүрэг тасалсан зөрчил гаргасан гэж, мөн оны 10 дугаар сарын 05-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын даргад зөрчлийг илрүүлэн хүргүүлсэн байдаг бөгөөд дээрх зөрчлийг шалгах ажлын хэсэг 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ирж албаны шалгалт явуулсан.

Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн албан бичгээр зөрчлийг илрүүлсэн хугацаа гэж тооцвол ажлаас халах тушаал 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр буюу хуульд заасан хугацаанаас 5 хоног хэтэрч гарсан байдаг. 

Засгийн газрын агентлагын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26 дугаар зүйлийн 26.3, Цагдаагийн албаны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.12-т зааснаар албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, түр чөлөөлөх, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, халах, цол олгох, цол бууруулах эрх хэмжээг хуульчилсан боловч Цагдаагийн албаны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т заасны дагуу сануулах, цол бууруулах, хураан авах, сахилга, ёс зүйн хариуцлага хүлээлгэх зэрэг тодорхой бүрэн эрхээ дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргад шилжүүлсэн байдаг тул Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга зөрчлийг 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр илрүүлсэн гэж үзэж байна.

Ийнхүү Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга зөрчлийг илрүүлсэн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш буюу 1 сар 5 хоногийн дараа, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь илрүүлснээс хойш 1 сар гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн болно.

2. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/556 дугаартай тушаалд зөрчил гаргасан хугацааг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс ажил тасалж ....” хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан хугацааг биш харин ямар нэг зөрчил гаргаагүй буюу үйл баримт болоогүй 2015 оны 10 дугаар сарын 15-наас эхлэн ажил тасалсан гэж заасан байдаг.

Гэтэл шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт “Маргаан бүхий захиргааны акт болох Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг алдаатай бичсэн байгаа боловч энэ нь сахилгын зөрчил гаргасан төрийн жинхэнэ албан хаагчийг хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл байж болохгүй учир нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн маргаан бүхий захиргааны акт зөрчил гаргаагүй байсан цаг хугацаанд хамруулан гарсан тул нэхэмжлэл хангагдах ёстой гэсэн үндэслэлийг шүүх хүлээн авах боломжгүй байна” гэж дурдан хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Эрх бүхий албан тушаалтан албан тушаалтыг ажлаас халахдаа ажлаас халах хууль зүйн үндэслэл, гаргасан зөрчлийг зөв тодорхойлсон үндэслэл бүхий тушаал гаргасан байх ёстой. Хэрэв эрх бүхий албан тушаалтан тушаал, шийдвэр гаргахдаа алдаа гаргасан бол алдаагаа өөрөө зөвтгөх болохоос шүүх түүнийг хөндлөнгөөс ажил тасалсан он, сар, өдрийг алдаатай бичсэн боловч үндэслэлтэй тушаал байна гэж шийдвэрлэх ёсгүй. Шүүх хэт нэг талыг барьж үндэслэлгүй шийдвэр гаргасан .

Цагдаагийн ерөнхий газрын тушаал одоо хүчин төгөлдөр бөгөөд бичиг баримт хөтлөлтийн журмын дагуу архивлагдан хадгалагдаж байгаа бөгөөд шүүхэд энэ асуудлаар зөвтгүүлэхээр талуудаас нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад шүүх алдаатай бичсэн байна гэж шууд дүгнэн тушаалыг зөвтгөх боломжгүй атал шүүх алдаатай болжээ гэж дүгнээд байхад Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/556 дугаартай тушаал ямар нэг өөрчлөлтгүй одоог хүртэл хэвээр байгаа болно.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/556 дугаартай тушаалд зөрчил гаргасан хугацааг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажил тасалсан гэж бичсэн нь зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар өнгөрсөн байхад гаргасан шийдвэрээ хуулийн дагуу гэж харагдуулах зорилгоор зориуд буруу бичсэн байх боломжтой юм.

Зөрчил гаргасан нь буруу боловч зөрчилд сахилгын шийтгэлд ногдуулах үндэслэл, мөн сахилгын шийтгэл ногдуулж буй актад зөрчил гаргасан хугацаа хууль зүйн үндэслэл нь зөв байх ёстой юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүрэн хангаж, хууль бус маргаан бүхий актыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

                                                                    ХЯНАВАЛ:

 Давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийн дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл маргаан бүхий захиргааны акт буюу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/556 дугаар тушаалаар Б.Мөнхболдыг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулж, “Цагдаагийн ахлах дэслэгч” цолыг хураасан байх бөгөөд Б.Мөнхболд нь дээрх тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдлын үндэслэлээ: “Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга зөрчлийг илрүүлсэн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс буюу 1 сар 5 хоногийн дараа, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь илрүүлснээс хойш 1 сар гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн, маргаан бүхий актад зөрчил гаргасан хугацааг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажил тасалсан гэж бичсэн, зөрчил гаргасан хугацаа хууль зүйн үндэслэл нь зөв байх ёстой” гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Мөнхболд нь 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчил гаргасан тул  Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/392 дугаар тушаалаар Б.Мөнхболдын албан тушаалын цалингийн хэмжээг 5 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Үүнээс 2 сар 14 хоногийн дараа шалтгаангүйгээр 4 хоног ажил тасалсан болох нь тогтоогдсон, түүний гаргасан зөрчилд захиргааны шийтгэл ногдуулсан Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаал хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна гэж шүүх дүгнэв.

Учир нь 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотын цагдаагийн газрын Хяналт, шалгалт аюулгүй байдал, ёс журмын хэлтсийн албаны даргын баталсан төлөвлөгөөний дагуу 2015 оны 10 дугаар сарын 08-аас 10 дугаар сарын 18-ны өдрүүдэд Б.Мөнхболдын буруутай үйлдэл байгаа эсэхийг тогтоохоор албаны шалгалт явуулж, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн илтгэх хуудсаар дүгнэлтийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргад хүргүүлжээ. Энэхүү дүгнэлтэд Б.Мөнхболдыг 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл шалтгаангүйгээр ажлын 4 хоног тасалсан буруутай үйлдэлд албан тушаалын цалингийн хэмжээг 6 сарын хугацаатай, 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулах санал гаргасан байна.

Дээрх илтгэх хуудсаар дүгнэлт хүргүүлсэн өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.2-т  заасан сахилгын зөрчил үйлдэгдсэнийг тогтоосон өдөр гэж үзэх нь зүйтэй бөгөөд тус өдрөөс Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан хугацааг тооцох зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Цагдаагийн албаны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т “цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрэм, цагдаагийн хүрээний ба эргүүл, харуулын дүрэм, албаны үйл ажиллагаанд дагаж мөрдөх бусад дүрэм, журам, зааврыг энэ хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн батлах, мөрдүүлэх” гэж заасан байх бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын дарга 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 869 дугаар тушаалаар “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг баталсан байна.

 Түүнчлэн энэхүү дүрмийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Алба хаагчийн гаргасан үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчил гэж үзсэн албан тушаалтан энэ тухай тэмдэглэл үйлдэж зөрчил гаргасан байж болох алба хаагчид заавал мэдэгдэж, хариу тайлбарыг авна. Шаардлагатай тохиолдолд албаны шалгалт явуулж сахилгын зөрчил үйлдэгдсэн эсэхийг тогтооно”, 6 дугаар зүйлийн 6.3-т “Сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад сахилга, ёс зүйн зөрчил давтан гаргасан нь хүндрүүлэх нөхцөл байдал болно”, 11 дүгээр зүйлийн 11.14-т “Алба хаагч ажил тасалсан бол сануулах, уг үйлдлийн улмаас бусдад хохирол учирсан бол албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах эсхүл тухайн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэл ногдуулна” гэж журамласантай нийцсэн байна гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 434 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

             

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.МӨНХТУЯА

            ШҮҮГЧ                                                            Д.БАТБААТАР

            ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР