Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 155/ШШ2019/00279

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: П.С -ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Г.Б -д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч П.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Са шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие П.С нь Г.Б-тай 2012 онд танилцан том охин И бид гурав хамтран амьдарч байгаад 2013 оны 11 дүгээр сарын 27-нд хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн билээ. Хамт амьдрах хугацаанд  2013 оны 11 дүгээр сарын 07-нд бага охин Д төрсөн. Нөхөр Б нь ойр ойрхон архи ууж агсам тавьж намайг болон хоёр охиныг  айлган сүрдүүлж, зүй бус муухай үгээр хэлж доромжлон харааж, хашигчдаг. Намайг хардаж элдэв муухай үгээр хэлдэг байснаа одоо улам хэтэрч хоёр охиныг үхэж байхдаа яасан юм, үхээд өгөөч гэх зэргээр дарамталж байна.  Том охин И-г миний амьдралаас  зайл, үхээд өгөөч гэж харааж зүхдэг. Энэ байдал нь хүүхдийн эрх ашиг, хүмүүжилд муугаар нөлөөлөх болсон учраас цаашид хамтран  амьдрах ямар ч боломжгүй боллоо.

Иймд 2013 оны 249 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцлаж, охин И, охин Днарыг өөрийн асрамжид авч, хуульд заасны дагуу эцгээс нь охин Б.Д-д хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүсч байгаа ба бидний хооронд эд хөрөнгийн маргаангүй болно гэжээ.

Нэхэмжлэгч П.С шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ... Миний хувьд хариуцагч Г.Б-ыг шүүх хуралд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Хариуцагч Г.Б нь хоёр хоног эрүүл байж байгаад архи уудаг. Гэр орондоо байнга хараал хэлдэг. Хоол унд өгөхгүй байна гээд байнга дарамталдаг. Бид нарыг нойргүй хонуулдаг. Намайг хүнтэй утсаар ярихад чи хэнтэй утсаар яриад байна гэж хардаж дарамталдаг. Миний бүх үйлдэл хараа хяналтанд байдаг. Г.Б нь гэрээсээ гараад явахаар зүгээр байдаг. Ямар нэгэн ааш араншин гаргадаггүй. Хүмүүс тийм араншинтай хүн гэдгийг нь мэдэхгүй. Миний дагавар охин С.И-г хүртэл хараадаг. Г.Б-г гэрт согтуу байхад охин маань гэрт ирдэггүй. Энэ оны 1 сард охин С.И нь хүргэн ахын гэрт амьдарсан. Одоо 11 дүгээр ангийн хүүхэд байнга хичээлтэй байхад гадуур тэнэлээ гэж загнадаг. Бага охиноо хүртэл яах гэж төрсөн юм гэж хэлдэг. Манайх өөрийн гэсэн гэр орон байхгүй. Би албаныхаа орон сууцанд 4 жил амьдарч байна. Хариуцагч нь ажил төрөл хийхээрээ цалингаа урьдчилж аваад архи уудаг. Үлдсэн мөнгөөр нь хүнс авна гэж хэлээд мөн л архи авч уудаг. Манай амьдрал иймэрхүү байдалтай байна. Г.Б-ыг архи ууж агсам тавихаар нь цагдаа дуудаж эрүүлжүүлэхэд хонуулдаг. Эрүүлжүүлэхээс гарч ирээд дахиад л архи уудаг. 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр намайг аймар зодсон. Би дүгнэлт гаргуулах гэсэн боловч өөрийг нь бодоод гаргуулаагүй. Цагдаагийн байгууллагад дуудлага өгч 10 хоног баривчлагаанд явуулсан. Сая мөн л 7 хоногийн хугацаагаар баривчлуулсан. Гэрийнхээ хаалгыг түгжсэн байхад дээврээр дамжиж цонхоор гэрт орж ирдэг. Ийм нөхцөл байдлын улмаас хариуцагч Г.Б-аас гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхдээ өөрийн асрамжид авч, охин Б.Д-д хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэгийн мөнгө гаргуулах хүсэлтэй байна  гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.С нь хариуцагч Г.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч П.С, хариуцагч Г.Б нар нь гэрлэлтээ батлуулсан болох нь:

РХ78072911, Монгол улсын иргэн 1978 оны  07 дугаар сарын 29-нд төрсөн, Н овогт Г.Б, РС74100126, Монгол улсын иргэн 1974 оны 10 дугаар сарын 01-нд төрсөн, Хөх нохой овогт П.С нар 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэр бүл болсныг 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 249-рт бүртгэж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЗДТГ-ын Иргэний бүртгэлийн ажилтаны олгосон 0178317 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас / нотариатаар гэрчлүүлсэн/,

Нэхэмжлэгч П.С, хариуцагч Г.Б нарын дундаас охин Б.Д төрсөн болох нь:

  Н овогт Г-ын Б,  Хөх нохой овогт П-н С нарын гэр бүлд 2013 оны 11 дүгээр сарын 07-нд төрүүлсэн охин Н овогт Б-ын Д -г 2013 оны 12 дугаар сарын 06-нд бүртгэж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын  ЗДТГ-ын Улсын бүртгэгчийн олгосон 0000955901-997 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас /нотариатаар гэрчлүүлсэн/  хуулбар,

         Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар цэцэрлэгийн захиргааны 2019 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн “Б овогтой Д нь М сумын Хүүхдийн 6 дугаар цэцэрлэгт 5 настай, Бэлтгэл А бүлэгт  суралцдаг нь үнэн  болно.” гэх тодорхойлолт, 

Нэхэмжлэгч П.С нь Г.Б-тай гэрлэхээс өмнө охин С.И-г төрүүлсэн болох нь:

 Х овогт П-н С-ийн гэр бүлд 2002 оны 05 дугаар сарын 03-нд төрүүлсэн охин Х овогт С-ийн И  -г 2002 оны 05 дугаар сарын 03-нд бүртгэж Х аймгийн Цг сумын  ЗДТГ-аас олгосон Г№49 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар баримт  1 хуудас /нотариатаар гэрчлүүлсэн/  хуулбар, гэрлэгчдийн шүүхэд ирүүлсэн тайлбар, мэдүүлэг зэргээр нотлогдож байна. 

Хариуцагч Г.Б-д 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн хувь гардуулсан боловч шүүгчээс тогтоосон хугацаа болох 14 хоног буюу 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дотор шүүхэд хариу тайлбараа ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72 дугаар зүйлийн 72.3-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно... гэж тус тус заасан байна.

Иймд хариуцагч Г.Б-ыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны                   02 дугаар сарын 12-ны өдрийн 36 дугаартай шийтгэвэр,  Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл” зэрэг хэрэгт авагдсан байна. 

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 36 дугаартай Тодорхойлох хэсэгтээ ...холбогдогч Г.Б-ын ... Тэгэхээр нь охиныг чи хоол хийгээд өг гэхээр нь охин И ядраад байна гэхээр нь чи яасан гэж ядардаг юм бэ үхээд өгөөч гэж хэлсэн. Тэгсэн чинь охин хувцасаа аваад үхээд өгье гээд гараад гүйсэн... гэсэн тайлбар бүхий “Шийтгэвэр” зэргээс үзэхэд хариуцагч Г.Б-ын архи согтууруулах ундаа хэрэглэдэг, гэртээ айдас түгшүүр төрүүлдэг зэрэг байдлаас гэр бүлийн гишүүдийн амь нас , эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй байна гэж дүгнэв.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол  учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заасан байх тул нэхэмжлэгч П.С, хариуцагч Г.Б нарын гэрлэлтийг цуцалж, охин С.И, Б.Д-г эхийн асрамжинд үлдээж, эцэг Г.Б-аас охин Б.Д-д хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ. 

  Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх тул Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ, 26.2.2-д Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэж,

Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн болон гэрлэгчдийн хэн нэгний нь дагавар хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно гэж тус тус заасныг дурьдах нь зүйтэй.

Гэвч нэхэмжлэгч П.С нь зөвхөн охин Б.Д-д эцэг Г.Б-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул шүүх  нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр охин Б.Д  5 нас 09 сар хүрч байгаа тул өнөөгийн байдлаар Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээ 194.300 төгрөгийн 50 хувь болох 97.150 төгрөгийг охин Б.Д-д сар бүр эцэг Г.Б төлнө.    

Харин амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээг тухайн жилийн хүн амын орлогын хэмжээ, амжиргааны байдлыг харгалзан Монгол Улсын Засгийн Газраас шинэчлэн тогтоодог бөгөөд өөрчлөгдсөн тухай бүр тэтгэлэгийн хэмжээ түүнтэй уялдан өөрчлөгдөх болохыг дурьдав.

       Иргэний хэрэг шүүх хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 32.529 төгрөг нийт 102.729 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-аас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  102.729 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.С-д  олгох нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг 00 минутад хийхээр товлон зарлагдсан ба  шүүх хуралдааны товыг  хариуцагч Г.Б-д мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар зохигчийн эрхийг хангаж,  шүүх хуралдааныг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.

 Шүүх хуралдааны товыг хариуцагч Г.Б-д “ Шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай” мэдэгдэх хуудсаар 2019 оны 03 дугаар сарын  29-ний өдөр Монгол шуудан ХХК-ий Хөвсгөл аймгийн шуудан үйлчилгээний газрын цахим хаягаар хүргүүлснийг 2019 оны 04 дүгээр сарын 02-ний өдөр хариуцагч Г.Б хүлээн авч товыг мэдсэн боловч  хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  хоёр дахь удаагаа ирээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулдийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан, нэхэмжлэгч П.С нь хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан тул хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Н овогт Г-ын Б, Х овогт П.С нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2002 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төрсөн Х овогт С.И, 2013 оны 11 дүгээр сарын 07-нд төрсөн охин Н овогт Б.Д нарыг эх Х овогт П.С-ийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2013 оны 11 дүгээр сарын 07-нд төрүүлсэн охин Н овогт Б.Д -д 11 настай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр   хариуцагч Н овогт Г.Ба -аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.С-ийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102.729 / нэг зуун хоёр мянга долоон зуун хорин ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Батбямбаас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102.729 / нэг зуун хоёр мянга долоон зуун хорин ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.С-д олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишиг-т даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.МӨНХТУЯА