Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар  2022/ШЦТ/100

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,  

улсын яллагч Т.Мижиддорж,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэр,  

шүүгдэгч Б.*********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.***********г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *********** дугаартай 2 хавтас хэргийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: *****************

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.*********** үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч 4 иргэнд “Нисэхэд ажилд оруулж өгье” гэж итгэл төрүүлэн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан бусдад нийт 11,589,000 төгрөгийн хохирол учруулсан залилах гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Б.*********** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө нь мэдүүлэг өсгөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ажилд ороод цалингийн зээл аваад хохирлоо төлсөн. Үүнээс өөр үйлдсэн гэмт хэрэг байхгүй. Маш их харамсаж, гэмшиж байна. Дахин хэрэг хийхгүй хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Эрүүгийн ********** дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

1. Шүүгдэгч Б.*********** үргэлжилсэн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрны ойролцоо машин дотор Б.***********тай уулзахдаа “Нисэхэд ажилд оруулж, өгье” гэж итгэл төрүүлэн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “дээд боловсролтой хүн ажилд авна гэнэ, үүнийг аргалахад мөнгө хэрэгтэй” гэж 800,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр “хүний нөөцөд мөнгө өгөх хэрэгтэй” гэж 600,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 100,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч нийт 1,500,000 төгрөгийг залилсан болох нь:

Хохирогч Б.***********ын: “...2020 оны 7 дугаар сарын эхээр манай арван жилийн охин *********** фэйсбүүкээр холбогдсон. “Ажилд орох уу, ажлын санал байна” гэхээр нь ажилгүй байсан болохоор “тэгье” гэж хэлсэн. 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хорооллын эцэст ***********тай уулзаад 3 үеийн намтар, төрийн албан хаагчийн анкет, цэргийн үүрэгтний үнэмлэх зэргийг өгсөн. Маргааш нь над руу залгаад “Ажилд орохын тулд заавал их, дээд сургууль төгссөн байх шаардлагатай юм байна, мөнгө өгчихвөл аргалаад болчих юм шиг байна” гээд “1 сая төгрөг өгчих” гэхээр нь өгч чадахгүй гэхэд “Тэгвэл 800,000 төгрөг өгчих, 200,000 төгрөгийг нь дараа өгчихгүй юу” гэсэн. Ингээд 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрны ойролцоо ***********тай уулзаад 800,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүний дараа “хүний нөөцөд мөнгө хэрэгтэй байна” гээд 600,000 төгрөг, 100,000 төгрөг гээд нийт 1,500,000 төгрөг шилжүүлсэн.Хэзээ ажилд орох вэ” гэхээр “Маргааш, нөгөөдрөөс ажил эхэлнэ” гэж хэлсээр байгаад сүүлдээ холбогдох боломжгүй болсон...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-11-12),

шүүгдэгч Б.***********гийн Хаан банк дахь ...дугаар дансны дэлгэрэнгүй хуулга (хх-1 дүгээр хавтас, хх-19),  

Шүүгдэгч Б.***********гийн яллдагчаар өгсөн: “...Тухайн үед мөнгө хэрэг болоод ***********ад өөрийгөө “Иргэний нисэхийн ерөнхий газарт ажилладаг” гэж худлаа хэлсэн. Хэд хоногийн дараа “Надад мөнгө өгчих, ИНЕГ-т билет таслагчаар ажилд оруулж өгье” гэж худлаа хэлсэн. Түүнээс хойш надад хоёр хувааж 1,500,000 төгрөг өгсөн. Мөнгөний хэрэг гарсан учир тухайн гэмт хэргийг үйлдсэн. Өөрийнхөө хэрэгцээнд зарцуулаад дуусгасан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-62-63),

2.  Сонгинохайрхан дүүргийн ****************** байрны ойролцоо машин дотор хохирогч Г.***********тай уулзахдаа “өөрийгөө гаальд ажилладаг, Хөшигтийн хөндийн шинэ нисэх буудал ашиглалтад орж байгаа, манай дарга ажилд орох хүн олоод өг гэж хэлсэн” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр “ажилд оруулж өгөх мөнгө” гэж 1,200,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр “нэмж мөнгө шилжүүлэх хэрэгтэй” гэж 400,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр “эмчийн үзлэгийн мөнгө” гэж 650,000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр “ажилчдын үнэмлэх хэвлэх мөнгө” гэж 200,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч нийт 2,450,000 төгрөгийг залилсан болох нь:

Хохирогч Г.***********н: “Найз *********** 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр фэйсбүүкээр чатаар холбогдон “Нисэхэд билет бичдэг ажилд орох гэж байгаа” талаараа хэлээд “намайг ажилд орох уу” гэж асуусан. “Ажилд ормоор байна” гэхэд “чамд мөнгө олдох уу” гэж асуухаар нь “юу ч гэсэн нөгөө хүнтэй чинь хамт явж уулзая” гэсэн. 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрны ойролцоо машин дотор уулзсан. Тухайн хүн өөрийгөө “Гааль дээр ажилладаг, шинээр Хөшигтийн хөндийд ажлын байр нээгдэж байгаа болохоор ажилчид авч байгаа. Манай захирал намайг хоёр хүн олоод ир гэж хэлсэн. Ажилд ороход жаахан мөнгө орно, орчихсон байхад цалин өндөр, амралт ихтэй” гэсэн. Би ажилд ормоор байгаагаа хэлэхэд “Эхний ээлжид 1,200,000 төгрөг өгчих” гэхээр нь өөрийн данснаас шилжүүлсэн. 2020 оны 7 дугаар сарын 17-нд “мөнгө хэрэгтэй байна” гээд 400,000 төгрөг, 7 дугаар сарын 24-нд эмчийн үзлэгийн мөнгө гэж 650,000 төгрөг, 9 дүгээр сарын 24-нд ажилчдын үнэмлэхийн мөнгө гээд 200,000 төгрөг шилжүүлсэн. Нийт 2,450,000 төгрөг дансаар шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-75-77),

Хохирогч Г.***********н Хаан банк дахь ...дугаар дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтас, хх-87-89), шүүгдэгч Б.***********гийн Хаан банк дахь ...дугаар дансны дэлгэрэнгүй хуулга (хх-1 дүгээр хавтас, хх-20-21), хохирол төлсөн баримт (1 дүгээр хавтас, хх-110),   

Шүүгдэгч Б.***********гийн яллагдагчаар өгсөн: “Би *********** гэх залуутай найз ***********аар дамжуулан танилцсан. Тэр хоёртой уулзаж “Иргэний нисэхийн ерөнхий газарт байцаагч ажилтай, та хоёрыг ажлд оруулж өгч чадна” гэж хэлсэн. *********** “Хэдэн төгрөг өгөх вэ” гэхээр нь “2,400,000 төгрөг өгчих, би ажилд оруулаад өгье” гээд 2020 оны 8 дугаар сараас 2020 оны 9 дүгээр сар хүртэл нийт 2,450,000 төгрөгийг цувуулж авсан. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирлоо төлж барагдуулна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-95-96),

3. 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд хохирогч С.***********т өөрийгөө ““**********” ХХК-ийн гаалийн бүрдүүлэлтийн албанд ажилладаг” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглан "найдвартай ажилд оруулж өгч чадна” хэмээн худал амлаж 3,749,000 төгрөгийг залилсан болох нь:

Хохирогч С.***********ын: “***********г 2017 оноос хойш таньдаг. 2020 оны 4 дүгээр сарын 10-нд над руу фэйсбүүк чатаар хандан Буянт-Ухаа нисэх буудалд ажилладаг, гаалийн бүрдүүлэлтийн албан тушаалтай, таньдаг хүнээрээ дамжуулаад гаалийн бүрдүүлэлтийн тасагт оруулж өгнө гэж хэлж байсан. 2020 оны 4-р сарын 12-ны өдөр гэрийн гадаа хүрээд ир гээд би Баянгол дүүргийн ************** гадаа уулзсан. Б.*********** надад чамайг ярьж байснаараа ажилд оруулж өгье, чи надад бэлнээр 3,000,000 төгрөг өг гэсэн. Тухайн үед бэлэн мөнгө байгаагүй учраас зээлээд ***********гийн данс руу 10 гаруй удаагийн гүйлгээгээр нийтдээ 3,749,000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш ажилдаа ч ороогүй, холбоо барьж чадахаа больсон. Хохирлоо бүгдийг авсан, одоо гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-208-209, 2 дугаар хавтас, хх-105),

хохирогч С.***********ын Хаан банк дахь ...дугаар дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтас, хх-217-222), хохиролд 1,000,000 төгрөг төлсөн шилжүүлгийн баримт (1 дүгээр хавтас, хх-223), хохирол төлсөн баримт (2 дугаар хавтас, хх-73),

Шүүгдэгч Б.***********гийн яллагдагчаар өгсөн: “Би С.***********тай 2020 оны 4 дүгээр сарын 20-нд найз ***********аар дамжуулан “Буянт-Ухаа нисэхэд ажилд оруулж өгнө” гээд уулзаж тохиролцоод 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийт 3,544,000 төгрөгийг дансаар авсан. Ажилд оруулж өгнө гэж худал хэлсэн. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-230),

4. 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн ********** хохирогч Ш.***********ыг “чамайг өөрийнхөө ажиллаж байгаа "Буят-Ухаа нисэхийн гаальд ажилд оруулж өгнө гэж” хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдүүлж 2,390,000 төгрөгийг залилсан болох нь:

Хохирогч Ш.***********ын: “2020 оны 5 дугаар сарын 10-ны орчим Б.*********** гэх хүнтэй танилцсан. Тэгээд уулзахад “Таньдаг хүнээрээ дамжуулаад өөрийнхөө ажиллаж байгаа Буянт-Ухаа нисэхийн гаальд бүрдүүлэлтийн тасагт оруулж өгнө, чи надад бэлнээр 3,000,000 төгрөг өг гэж хэлсэн. Надад тухайн үед бэлэн мөнгө байгаагүй учраас дараа нь өгөхөөр болсон. 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 6 дугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд нийт 2,390,000 төгрөгийг ***********гийн данс руу гэрээсээ шилжүүлсэн. Хохирлоо бүгдийг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст, хх-246, 2 дугаар хавтас, хх-104),

хохирогч Ш.***********ын Хаан банк дахь ...дугаар дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтас, хх-240-242), шүүгдэгч Б.***********гийн Хаан банк дахь ...дугаар дансны дэлгэрэнгүй хуулга (2 дугаар хавтас, хх-6-11), хохирол төлсөн баримт (2 дугаар хавтас, хх-74),

Шүүгдэгч Б.***********гийн яллагдагчаар өгсөн: “...***********т “Чамайг гаальд ажилд оруулж өгч чадна, чи 3,000,000 төгрөг өгөх хэрэгтэй” гэж хэлсэн. Нийт 2,390,000 төгрөг авсан. Би хохирол төлсөн...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтас, хх-20),  

Гэрч Д.***********: ...манай охин *********** 25 настай, багаасаа яг эрэгтэй хүүхэд шиг харагддаг, өмсөж зүүж байгаа хувцас, байгаа байдал нь их эршүүд хүүхэд. Өмнө нь хүнээс мөнгө авч байсан, хохирлыг барагдуулаад хэрэг нь хэрэгсэхгүй болж байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-84),

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.03.12-ны өдрийн **** дугаар “Торгох ялыг хорих ялаар солих тухай” захирамж (2 дугаар хавтас, хх-64-67), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.06.03-ны өдрийн ********* дугаар шийтгэх тогтоол (2 дугаар хавтас, хх-70-72), Нйислэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.09.07-ны өдрийн ***** дугаар магадлал (2 дугаар хавтас, хх-83-85), Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.09.22-ны өдрийн ********* дугаар захирамж (2 дугаар хавтас, хх-88-92),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтас, хх-28), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (1 дүгээр хавтас, хх35), банкны дансны хуулга (1 дүгээр хавтас, хх-36-38), бакалаврын дипломын хуулбар (1 дүгээр хавтас, хх-40-41), хөдөлмөрийн гэрээний хуулбар (2 дугаар хавтас, хх-68) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.*********** үргэлжилсэн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрны ойролцоо машинд хохирогч Б.***********ыг “Нисэхэд ажилд оруулж өгье” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “дээд боловсролтой хүн ажилд авна гэнэ, үүнийг аргалахад мөнгө хэрэгтэй” гэж 800,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр “хүний нөөцөд мөнгө өгөх хэрэгтэй” гэж 600,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 100,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч 1,500,000 төгрөгийг залилсан,

мөн нутаг дэвсгэрт машин дотор Г.***********г “өөрийгөө гаальд ажилладаг, Хөшигтийн хөндийн шинэ нисэх буудал ашиглалтад орж байгаа, манай дарга ажилд орох хүн олоод өг гэж хэлсэн” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ажилд оруулж өгөх мөнгө” гэж 1,200,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр “нэмж мөнгө шилжүүлэх хэрэгтэй” гэж 400,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр "эмчийн үзлэгийн мөнгө” гэж 650,000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөражилчдын үнэмлэх хэвлэх мөнгө гэж 200,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч 2,450,000 төгрөгийг залилсан,

2020 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд хохирогч С.***********ыг “өөрийгөө *********” ХХК-ийн гаалийн бүрдүүлэлтийн албанд ажилладаг, найдвартай ажилд оруулж өгч чадна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан 10 гаруй удаагийн үйлдлээр дансаар шилжүүлэн авч 3,749,000 төгрөгийг залилсан,

2020 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ш.***********ыг чамайг өөрийнхөө ажиллаж байгаа Буят-Ухаа нисэхийн гаальд ажилд оруулж өгнө гэж” хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдүүлж дансаар 2,390,000 төгрөгийг шилжүүлэн авч залилан бусдад нийт 10,089,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. 

Иймд шүүгдэгч Б.***********гийн “Өөрийгөө Иргэний нисэхийн ерөнхий газарт болон Буянт-Ухаа нисэх онгоцны буудлын гаальд ажилладаг гэж танилцуулан ажилд найдвартай оруулж өгнө” гэж хохирогч Б.***********, Г.***********,  С.***********, Ш.*********** нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нийт 10,089,000 төгрөгийг шилжүүлэн авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэхдээ нийт хохирлын үнийн дүнг 11,589,000 гэж, тухайлбал хохирогч Г.***********д учирсан хохирлыг “нийт 2,450,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэргийн улмаас бусдад 3,950,000 төгрөгийн хохирол учруулсан” гэж буруу тооцсоныг тэмдэглэж, шүүгдэгч Б.***********гийн 4 удаагийн үйлдлийн нийт хохирлыг 10,089,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн болно.  

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.***********ад 1,500,000 төгрөг, хохирогч Г.***********д 2,450,000 төгрөг, С.***********т 3,749,000 төгрөг, хохирогч Ш.***********т 2,390,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлыг төлж барагдуулсан нь хохирогч нарын мэдүүлэг, хохирол төлсөн баримтаар тус тус тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Б.***********г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.*********** нь Сонгинохайрхан дүүргийн 16 хороо, 26 дугаар байрны гадаа хохирогч нараас “ажилд оруулж өгнө” гэж итгэл төрүүлэн худал, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 11,589,000 төгрөгийн хохирол учруулсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдох байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 510 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Харьяаллын талаар хохирогч *********** нь 3 удаагийн үйлдлээр мөнгөө шилжүүлэхдээ Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд байрлах түрээсийн байрнаасаа интернэт банкаар шилжүүлсэн гэдгээ хэлсэн. Хэрэгт тодорхой баримт байхгүй ч дараа нь хохирогч өөрөө хэлсэн. Шүүгдэгч хохирол төлбөрийг төлж барагдуулсан гэж байгаа боловч хувийн байдлыг нь харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасан...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч Б.***********гийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцоход татгалзах зүйл байхгүй, маргахгүй байгаа. Хохирол төлбөрийг төлж, хохирогч нарын зөрчигдсөн эрхийг сэргээсэн, эрхэлсэн тодорхой ажилтай байгаа. Б.***********гийн ажлын цаг нь өдөр 8 цаг, гэтэл нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тохиолдолд энэ хүн цаашид ажил эрхлэх бололцоогүй болох, үүнээс үүдээд байгууллагаасаа авсан зээлээ төлөх боломжгүй болж дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй, түүний ажил хөдөлмөр эрхлэх эрхийг хязгаарласан ял оногдуулах нь зохимжгүй гэж үзэж байна. Түүний гэм буруугаа ухамсарлаж байгаа, хохирол төлснийг харгалзан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч өөрийгөө ажил эрхэлдэг мэтээр хохирогч нарт худлаа хэлэн “ажилд найдвартай оруулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгосон, ерөнхий боловсролын сургуулийн болон их сургуулийн ангийн хүүхэд, түүний найз нарын итгэлийг нь урвуулан ашигласан, дөрвөн удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (дөрвөн хохирогчид нийт 10,089,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан, хохирол төлөгдсөн, хохирогч нар “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх) шүүгдэгчийн хувийн байдал (гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт үйлдэлдээ гэмшиж байгаа, урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж, торгох ялыг хорих ялаар солиулж байсан, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***********г 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэлээ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /“*********” ББСБ-д ажилладаг, тодорхой орлоготой, зээлтэй/-ийг харгалзан шүүгдэгч Б.***********г 2,000,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 8 (найм) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Улсын яллагчийн “Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах”, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв. Өөрөөр хэлбэл нийтэд тустай ажил хийлгэх ял нь тодорхой цаг хугацаа, орон зайгаар шүүгдэгчийн ажил хөдөлмөр хийх, чөлөөтэй зорчин явах эрхийг хязгаарладаг ял бөгөөд тухайн шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлж амжиргаагаа залгуулах нөхцөл байдал, амьдралын ахуй, нөхцөл (ам бүл 3)-ийг дордуулахаар байна гэж үзсэн болно. Түүнчлэн шүүгдэгч Б.***********гийн хувийн байдал буюу урьд энэ төрлийн гэмт хэрэгт шийтгүүлж 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн боловч уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүйн улмаас хорих ялаар солиулж биечлэн эдэлсэн, мөн өмнө үйлдсэн гэмт хэрэгээ шүүхээр шийдвэрлүүлэх шатанд энэ тогтоолоор гэм буруутайд тооцогдсон гэмт хэргүүдийг үйлдэж эхэлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийгээгүй байдлыг тус тус харгалзан 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж шүүх үзснийг тэмдэглэж байна.       

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.*********** цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч ******** овогт ************* ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***********г 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***********г 2,000,000 төгрөгөөр торгох ялыг 8 (найм) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*********** торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.*********** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР