| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2019/00319/И |
| Дугаар | 155/ШШ2019/00285 |
| Огноо | 2019-04-11 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 155/ШШ2019/00285
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Х аймгийн Т сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай боловч одоогоор Б аймгийн О сумын 4 дүгээр багт түр оршин сууж байгаа гэх, Н овогт Д-ийн Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн Т сумын 4 дүгээр багт оршин суух, Б овогт А.А-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Д.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Миний бие Д.Б нь А.А-тэй 2010 онд гэрлэж байсан. Энэ үеэс эхлэн бид хамт амьдарсан бөгөөд хамтын амьдралын явцад охин Мишээл 2013 оны 4 дүгээр сарын 20-нд төрсөн. Хамт амьдарсан эхний жилүүдэд үзэл бодол зан байдлын хувьд таарч тохирохгүй болж үргэлж маргалдан, хэрэлдэх болсон. Энэ байдал хүүхдийн эрх ашиг, хүмүүжилд муугаар нөлөөлөх болсон учраас цаашид хамтран амьдрах ямарч боломжгүй болсон.
Иймд 2013 оны 0177866 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж, охин М-ийг өөрийн асрамжинд авч хуульд заасны дагуу эцгээс нь хүүхдийн тэтгэлэг авахыг хүсэж байгаа ба бидний хооронд эд хөрөнгийн талаар ямарч маргаан байхгүй болно гэжээ.
Нэхэмжлэгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч А.А-тэй 2010 онд танилцаж, 2012 оны 9 дүгээр сард хуримаа хийж, 2013 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж байсан. Бид хоёр гэр бүлийн маргаанаас болж 2015 оноос хойш тусдаа амьдарч байна. Уг нь бид хоёр 2015 оноос хойш хэд хэдэн удаа эвлэрч үзэж байсан. Хариуцагч А.А-ийн зан төлөв нь өөрчлөгдөж архи уух болсон байсан. Надтай хамтран амьдарч байх хугацаандаа архи дарс хэрэглэдэггүй байсан. Одоо хариуцагч А.А нь эхнэртэй болсон. Оюунаа гэдэг эхнэртэйгээ Х аймгийн Мсумын 13 дугаар багт амьдардаг гэсэн. Би эрүүл мэндийн улмаас У хотод очиж эмчилгээ хийлгэж байх үед одоогийнхоо эхнэртэй суусан байсан. Хариуцагч нь 2019 оны 3 дугаар сарын 20-ны үед над руу залгаад хүүхдийн тэтгэлэгийн мөнгө өгч чадахгүй гэж хэлж байсан. А.А нь намайг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэггүй байсан. 2015 оноос хойш хоёр, гурван удаа эвлэрэх хугацаанд над дээр ирж дээд тал нь 14 хоноод нөгөө эхнэр нь дуудаад яваад өгдөг байсан. Одоо 2013 онд албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн гэрчилгээг цуцалж, охиноо өөрийн асрамжинд авч, эцгээс нь хуулийн дагуу тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. ... гэв.
Хариуцагч А.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие А.А нь Д.Б-ын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие нь Д.Б-тай 2009 онд танилцаад, үерхэж, нэг гэртээ хамт амьдарч байгаад нэлээд хойно буюу 2013 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас охин А.М нь 2013 оны 04 дүгээр сарын 02-нд төрсөн. Амьдралын эхний жилүүдэд гэр бүлийн харилцаа сайн байсан бөгөөд сүүлийн жилүүдэд зан байдлын улмаас таарамжгүй болж улмаар 2014 оны 9 дүгээр сараас хойш тус тусдаа амьдрах болсон. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй нь үнэн юм.
Иймд миний бие Д.Б-аас гэрлэлтээ цуцлуулж, охин А.М-ийг эх Д.Б-ын асрамжид өгч, охиндоо тэтгэлэг өгөхийг зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн ямар ч маргаан байхгүй болно гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч А.А-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч А.А нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас охин А.М төрсөн болох нь. Тухайлбал;
Монгол улсын иргэн 1990 оны 12 дугаар сарын 23-нд төрсөн, Б овогт А.А, Монгол улсын иргэн 1991 оны 02 дугаар сарын 16-нд төрсөн, Н овогт Д.Б нар 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэр бүл болсныг 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 04-рт бүртгэж олгосон 0177866 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас /нотариатчаар гэрчлүүлсэн/,
Б овогт А.А, Н овогт Д.Б нарын гэр бүлд 2013 оны 04 дүгээр сарын 02-нд төрүүлсэн охин Б овогт А.М-г 2013 оны 6 дугаар сарын 04-нд бүртгэж Х аймгийн Т сумаас олгосон 0000892168/52 дугаартай, төрсний гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас /нотариатчаар гэрчлүүлсэн/ зэргээр нотлогдож байна.
Хэрэгт Х аймгийн Т сумын 4-р багийн засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн “ Хаймгийн Т сумын 4 дүгээр багийн иргэн Д овогтой Б нь эмэгтэй, ам бүл 2, хаяг 4-р багт оршин суудаг нь үнэн болно. Д овогтой Б нь групт байдаг ба охинтойгоо хоёул амьдардаг, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой үнэн болно. “ гэх албан бичиг,
Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Эрдэнэхуягийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 155 дугаартай Төмөрбулаг сумын 4-р багийн иргэн Д.Б танаа гэж хаяглагдсан “ Танай өрх нь ... амьжиргааны түвшний 409,679 босго онооноос доогуур багтсан байна” гэх албан бичиг зэрэг баримтууд авагджээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б нь ...бид хоёр эвлэрүүлэн зуучлагчид хандсан. Тэгээд хоёулаа эвлэрэхээр болоод хамт амьдарсан боловч нөхөр маань хэдхэн хоноод нөгөө эхнэр рүүгээ яваад өгсөн . Хэд хэдэн удаа эвлэрч үзсэн боловч болохгүй юм байна лээ гэж тайлбарласан ба гэрлэгчдийн олон жил хамт амьдраагүй байдал, мөн хариуцагч А.А-ийн шүүхэд ирүүлсэн бид цаашид хамтран амьдрах боломжгүй нь үнэн гэсэн тайлбар зэргээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзлээ.
Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан баримт хэрэгт авагдаагүй хэдий ч гэр бүлийг дараах үндэслэлээр Үүнд: Гэрлэгчид нь 2014 оноос хойш тус тусдаа амьдарсан, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшилцсөн, хүүхдийн асрамжийн асуудал, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөн дээр маргаангүй байх тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
Иймд Д.Б, А.А нарын гэрлэлтийг цуцлаж охин А.М-ийг эхийн асрамжинд үлдээж, эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдаж шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Д.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлүүлсэн болохыг дурьдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч А.А-ээс гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад төлөх 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд төлөх 32.529 төгрөг, нийт 102.729 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Б овогт А.А, Н овогтой Д.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 04 дүгээр сарын 02-нд төрүүлсэн охин Б овогт А.М эх Н овогтой Д.Б -ын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2013 оны 04 дүгээр сарын 02-нд төрүүлсэн охин Б овогт А.М-д 11 настай болтол тухай бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Б овогт А.А-ээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлүүлсэн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч А.А-ээс 102.729 /нэг зуун хоёр мянга долоон зуун хорин ес/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишиг-т даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА