| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2022/0023/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/67 |
| Огноо | 2022-01-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/67
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
улсын яллагч Х.Анхцэцэг,
шүүгдэгч Ц.*********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ц.***********г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ************** дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ********************
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.*********** нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын *** дүгээр гудамжинд **** УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос иргэн Т.***********ын “Samsung S10 Lite” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Ц.*********** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би тухайн гар утсыг хулгайлж аваагүй, **** тоотын үүднээс олсон. Олон хүмүүсийн дэргэд утсаа нэхээд байхаар нь ичээд өгч чадаагүй. Тэгээд утсыг нь хүнд өрөндөө өгсөн байсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэв.
Эрүүгийн *********** дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Т.***********ын: “2020 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө 07 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн **** дугаар хороо, Баянголын *******тоотын гадна өөрийн эзэмшлийн “Toyota Prius 41” маркийн **** УБҮ улсын дугаартай автомашин дотор сэтгэл тавгүй байхаар нь архинаас 150 граммыг уугаад, ажлын ачаалал их байсан учир ядарсандаа машины цонхыг хаан, хаалгыг түгжиж “Samsung s10 lite” маркийн утсаа цэнэглээд унтсан. Удаагүй жолооч талын цонхыг танихгүй эрэгтэй хүн тогшиж “машинаа холдуулаарай хашаа руугаа том машин оруулах гэж байна” гэхэд нь “уучлаарай би согтуу байна. Та машин ухраагаад өгөх үү” гэтэл тэр залуу миний машины жолоочийн эсрэг тал буюу зүүн талын хаалгыг онгойлгож дотогш орж ирээд урд суудал дээр суугаад “за одоо ухар” гэхээр нь жолооч талаараа бууж, машины ард ухрах замаа хараад суутал тухайн эрэгтэй хүн жолоочийн эсрэг талаар буугаад ухрах үйлдлийг харж байгаад Сонгинохайрхан дүүргийн ******************, Баянголын *************** руу орсон. Машинаа гудамжинд байрлуулаад гар утсаа байхгүйг мэдээд тэр даруй эрэгтэйн орсон тоотод орж уулзахад “би чиний гар утсыг аваагүй” гэж уурласан. Тэгээд дүүргийн цагдаагийн газарт бүртгүүлж, өргөдөл гаргасан.
...Би энэ хүнийг сэжиглээд “утсаа авъя” гээд гэрт нь орсон боловч “аваагүй” гээд ганцаараа байж байсан. Дуудлагаар цагдаа ирээд биед нь үзээд гар утас байгаа эсэхийг асуухад “аваагүй, ямар нэгэн утас унасан байгааг хараагүй” гэсэн. Би машинаасаа утсаа авч буугаагүй. Гар утсаа машин дотроосоо алдсан. Гар утсаа олчихсон учраас ямар нэг гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хх-31, 35, 39),
“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2021.05.28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний 454 дугаар тайланд: “Samsung S10 Lite” маркын гар утас 1 ширхэг 800,000 төгрөг” гэжээ (хх-47-48),
Шүүгдэгч Ц.***********н яллагдагчаар өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө 08 цагийн үед ажлаасаа буугаад Сонгинохайрхан дүүргийн ***********тоотод байх гэрийнхээ үүдэнд иртэл шороон дээр цагаан өнгийн гар утас унасан байхаар нь жинхэнэ утас мөн юм болов уу гэж бодоод өшиглөж үзтэл гар утас байхаар нь аваад гэртээ орсон. Тухайн өдөр манай гэр **************** нүүж байсан. Тэгсэн 7 тоотын өмнө цагаан өнгийн “Toyota Prius” маркийн машин зогсож байхаар цонхыг нь тогшоод “үүднээс холд, юм зөөх гэсэн юм” гэсэн чинь намайг бариад хөдөлгөөд өгчих гэхээр нь үл таних архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай эмэгтэй жолоочийн баруун талаас буюу баруун урд талаас буулгаж зүүн талдаа суулгаад өөрөө жолоочийн суудал дээр сууж ухрах гэтэл дугуй нь хавираад нэг л биш байхаар нь “болъё” гээд машинаас буутал эмэгтэй өөрөө машиныг бариад урагшилсан. Би гэрээ нүүлгэх гээд хүмүүсээ цуглуулаад байж байтал тэр эмэгтэй “та миний утсыг авчихсан байна, гаргаад өгчих” гэхээр нь “ямар утас юм бэ” гэтэл “үнэтэй утас байгаа юм” гэхээр нь би “аваагүй” гээд явуулсан. Удалгүй цагдаагийн алба хаагч ирээд утас асуухаар нь “Би мэдэхгүй, аваагүй” гээд явуулчихсан. Дараа нь гар утсыг хамж ажилладаг Санжаад өрөндөө өгчихсөн. Хохирогчийн гар утсыг өөрт нь хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг (хх-83-84),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-12), дуудлагын лавлагааны хуудас (хх-14), хохирогчийн өргөдөл (хх-15),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-72), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-75), эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-49, 53), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (хх-62-63), “Юнител” ХХК-ийн ...имэй кодтой утсанд хийгдсэн дуудлага, мессэжний лавлагаа (хх-68-71) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц.*********** нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ************** дүгээр гудамжинд байсан *********** УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос хохирогч Т.***********ын “Samsung S10 Lite” маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Т.***********ын “...жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгож орж ирэн суугаад “за одоо ухар” гэхээр нь бууж ухрах замаа хараад суутал тухайн эрэгтэй жолоочийн эсрэг талаар буугаад ухрах үйлдлийг харж байгаад орсон. ...машинаа байрлуулаад гар утсаа байхгүйг мэдээд тэр даруй эрэгтэйн гэрт орсон. ...Би машинаасаа утсаа авч буугаагүй, гар утсаа машин дотроосоо алдсан...” гэх мэдүүлэг (хх-31, 35, 39), “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 454 дугаар “Самсунг Эс 10 лайт” маркын гар утас 1 ширхэг 800,000 төгрөг” гэх үнэлгээний тайлан (хх-47-48), шүүгдэгч Ц.***********н “...Уг гар утсыг олсон...” гэх мэдүүлэг (хх-84) зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.***********н хохирогч Т.***********ын тээврийн хэрэгсэл дотроос түүний эзэмшлийн “Samsung S10 Lite” маркын гар утсыг хулгайлан авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Т.***********д 800,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчээс гар утас хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-49, 53), хохирогчийн “Утсаа олчихсон тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хх-39)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байна гэж дүгнэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ц.*********** нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ****дугаар хороо, *******р гудамжинд ****** УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос иргэн Т.***********ын Samsung S10 Lite маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 1 жилийн хорих ял оногдуулах саналтай. Дээрх гэмт хэрэг нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр үйлдэгдсэн буюу Өршөөл үзүүлэх тухайн хуулийн цаг хугацаанд хамаарч байх тул 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солих, шүүгдэгч Ц.***********г 1 жилийн хугацаанд Улаанбаатар хотоос гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна...” гэж,
шүүгдэгч “Зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (хохирогчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдлыг далимдуулан, тээврийн хэрэгслээ хашааны хаалганаас холдуулах үед хохирогчийн тээврийн хэрэгсэлд суугаад буухдаа гар утсыг нь бусдын өмчлөлийн эд хөрөнгө болохыг мэдсээр байж, шунахай зорилгоор, нууцаар, хууль бусаар авч хохирогчийн өмчлөх эрхэд халдсан, улмаар хэрэг гарсан даруйд хохирогч болон цагдаагийн алба хаагч утсыг асуухад нуугаад өгөлгүйгээр бусдад өрөндөө өгсөн), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид 800,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол биет байдлаар төлөгдсөн, хохирогч “Эд зүйлээ буцаан авсан, гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (эрхэлсэн тодорхой ажилтай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, ар гэрийн байдал буюу 70 настай, хэвтэрт байдаг эхийгээ асардаг гэх, эхнэр нь төрөөд 10 гаруй хонож байгаа гэх)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.
Тэнссэн хугацаанд шүүгдэгч Ц.***********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.***********н үйлдсэн дээрх гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан уг хуулийн үйлчлэлд, түүнчлэн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан тэнссэн хугацааг өршөөх зохицуулалтад хамаарч байгаа хэдий ч мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.7-д “Энэ хуулийн 5.2, 5.3-т заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс шийдвэр гаргахгүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоно” гэж заасан байх тул шүүгдэгч Ц.***********д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацааг хэрэгсэхгүй болгох талаар шүүхээс шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.*********** цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч *********** овогт ************** ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 (зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Тэнссэн хугацаанд шүүгдэгч Ц.***********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*********** шүүхээс хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.*********** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР