Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 155/ШШ2019/00288

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;  

Нэхэмжлэгч: Б овогт М.О -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А  овогт Д.Л-д  холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч М.О, хариуцагч Д.Л нар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Ошүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:” Миний бие М.О нь Д.-тэй  2005 онд танилцан үерхэж байгаад хамт амьдран 2006 оны 05 дугаар сарын  02-нд том охин Д гарсан. Үүнээс хойш хамт амьдарсаар 2007 оны 04 дүгээр сарын 07-нд  хууль ёсны гэрлэлтээ бүртгүүлсэн. Ийнхүү хамт амьдрах явцад бага охин А нь 2009 оны 07 дугаар сарын 09-нд төрсөн. Ингээд хамт амьдрах явцад үзэл бодол таарахгүй болж зан ааш нь өөрчлөгдөж, сүүлдээ гар хүрч, ална гэж хүртэл айлган сүрдүүлж эхэлсэн. Энэ байдал нь хүүхдүүдэд маань  муугаар нөлөөлж, хүмүүжилд нь өөрчлөлт гарсан учир  цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй болсон.

Иймд  2007 оны 1/000296 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Би хоёр охин Л.Д, Л.А нарыгаа өөрийн асрамжид авч хуульд заасны дагуу эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулан авахыг хүсэж байна. “ гэжээ.

 

Нэхэмжлэгч М.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие хариуцагч Д.Л-тэй 2005 онд танилцаад 2006 онд том охин Л.Д, 2009 онд Л.А нарыг төрүүлсэн. 2009 оноос хойш 2012 он хүртэл хөдөө мал маллаж байгаад Улаанбаатар хот явж 4 жил ажил хийсэн. Хамтран амьдрах хугацаанд хариуцагч Д.Л нь байнга хардаж, зодож, архи ууж, агсам тавьж нагац ах нартай минь хүртэл хардаж байсан. Тиймээс би Улаанбаатар хот явж ажил хийх болсон юм. Одоо энэ хүнтэй цаашид хамтран амьдрах боломжгүй. Би хоёр охины хамт Х аймгийн М сумын 12 дугаар багийн 17-03 тоотод амьдарч байна. Том охин Л.Д М сумын Т цогцолбор сургуулийн 7 дугаар ангид сурдаг. Бага охин Л.А нь М сумын А сургуульд 4 дүгээр ангид сургалцдаг. Одоо гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Хариуцагч Д.Л-тэй хөдөө амьдарч байх хугацаанд надад гар хүрэхэд нь цагдаагийн байгууллагад хандаж чаддаггүй байсан. Эвлэрүүлэн зуучлагчид хандахад хариуцагч нь ирээгүй. Д.Л нь тусдаа амьдрах хугацаанд цөөхөн хэдэн төгрөг хүүхдүүддээ өгч байсан. Хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгийн мөнгө нэхэмжлэхгүй болно. Ямар учраас эцгээс нь хүүхдийн тэтгэлэг нэхэхгүй байна гэхээр тусдаа амьдрах энэ хугацаанд хоёр хүүхдээ би өөрөө хувцаслаж хоол ундыг нь зохицуулж байсан. Энэ хүн тус болж байсан удаа байхгүй. Тиймээс хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг нэхэхгүй. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. ... “ гэв.

         Хариуцагч Д.Л шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Д овогтой Л би М.О-тай 2005 онд танилцаж 2009 он хүртэл гэр бүл болон амьдарч байх хугацаандаа том охин Д, бага охин А нар төрсөн. Энэ хугацаанд эхнэр О-ийн зан ааш өөрчлөгдөж байсан. Тэр үед манай хөдөө амьдарч байсан. Бид хоёр сүртэй маргалдаж байгаагүй. Том болсон хоёр охиноо ээж, аавын халамжид өсгөж, сурч боловсруулж сайн хүн болгон амьдармаар байна. Эхнэр О нь  2013 оноос тусдаа амьдарч байгаа. Энэ хугацаанд Л миний бие өөр амьдрал зохиогоогүй бөгөөд гэр бүлтэйгээ эргэн амьдрах хүсэлтэй байна.

         Иймд миний бие М.О-ийн гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. “ гэжээ.

 Хариуцагч Д.Л нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь өөр эр хүнтэй болоод Улаанбаатар хот  руу явсан. Бага охин 3 настай байхад миний хүүхэд гацаа болсон. Хотод амьдардаг гэрийнхээ хаягийг хэлдэггүй байсан. Хамт амьдарч байсан эрэгтэй нь миний хүүхдийн гарыг өргүүлснээс болж миний хүүхэд гацаа болсон юм. Мөн Х аймгийн Т суманд амьдардаг айлын нөхөртэй явалдаж гэр бүл салгасан байсан. Миний хувьд хоёр охиноосоо салах хэцүү байна. Энэ хүнийг өөр хүнтэй болж намайг хаяад У хот руу явахад нь би сэтгэлээр унаж архи уудаг байсан нь үнэн. М.О нь миний хоёр хүүхдийг өөрийн эцэг, эх дээрээ орхиод явсан байсан. Би уг нь болж бүтэхээрээ мөнгө олж хүүхдүүддээ мөнгө өгч явуулдаг байсан.  Тэр мөнгийг миний хүүхдүүдэд зарцуулдаг эсэх дээр мэдэхгүй юм. Миний том охин надруу залгаад та надад мөнгө явуулаач гэж хүртэл хэлж байсан. Эвлэрүүлэн зуучлагч намайг дуудахад би Улаанбаатар хотод гэрээтэй ажил хийж байсан учраас намайг явуулаагүй юм. Нэхэмжлэгч нь надаас 250.000 төгрөг нэг авч байсан. Нэг дор 400.000 төгрөгийг авч байсан. Би хүүхдүүдийнхээ асуудлаар нэхэмжэгчтэй уулзах гэхээр гэрийнхээ хаягийг зааж өгдөггүй байсан. Саяны хэлсэн М сумын 12 дугаар багт амьдардаггүй. 5 дугаар багт амьдардаг гэсэн. Би гэрт нь хэлэлгүй очих гэхээр эрхийг нь зөрчих болов уу гэж бодоод очдоггүй. Би хүүхдүүдтэйгээ сургууль дээр нь очиж уулздаг. Уг нь бага охин Л.А эрүүл мэндийн асуудлаар ярилцах гэхээр хаана байгаагаа хэлдэггүй. Одоогийн байдлаар охиноо эмнэлэгт үзүүлж чадаагүй байна. Ийм том болсон хүүхэд гацаа болсонд харамсаж байна. Би хээрээс архи олж ууснаас болж архинд жаахан дуртай болсон юм. Тэр архи нь уншлагатай архи байсан. Сүүлд заслаа хийлгэсэн. Одоо бол архийг хаяа нэг хэрэглэдэг. Өчигдөр хүүхдийн үсний найранд очиж ганц хоёр хундага архи уусан юм. Энэ бол миний буруу. Нэгэнт гэр бүлээ цуцлуулах гэж байгаа болохоор хэрүүл хиймээргүй байна. Би хоёр хүүхдээ харж хандалгүй яахав. Энэ талаар би бодож байгаа гэв.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч М.О нь хариуцагч Д.Л-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч М.О шүүх хуралдаанд би нэхэмжлэлийнхээ шаардлагыг багасгаж хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулмааргүй байна. Учир нь өдий хүртэл би энэ хүнээс нэг их мөнгө төгрөг авалгүй хоёр хүүхдээ өдий болтол өсгөсөн учраас нэхэмжлэлийнхээ шаардлагыг багасгаж байна гэжээ.

Шүүх  нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч М.О, хариуцагч Д.Л нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас охин Л.Д, охин Л.А нар нь төрсөн болох нь:

   Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ирүүлсэн “А овогт Д.Л, Б овогт М.О нарын 2007 оны 02 дугаар сарын 25-нд гэр бүл болсныг Х аймгийн М  сумын 142-рт 2007 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн  бүртгэл байгаа тул лавлагаа олгов.” гэх 115/000858 дугаартай Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

         А овогт Д.Л, Б овогт М.О  нарын гэр бүлд 2006 оны 5 дугаар сарын 02-нд төрүүлсэн охин А овогт Л.Д-г 2006 оны 05 дугаар сарын 26-нд бүртгэж Х аймгийн М сумаас олгосон 0234744/238 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас / нотариатчаар гэрчлүүлсэн/,

          А овогт Д.Л, Б овогт М.О нарын гэр бүлд 2009 оны 7 дугаар сарын 09-нд төрүүлсэн охин А овогт Л.А-г 2009 оны 7 дугаар сарын 27-нд бүртгэж Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас олгосон 0283487/79 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар баримт 1  хуудас  /нотариатчаар гэрчлүүлсэн/ зэрэг болон нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

          Х аймгийн М сумын МУ-ны гавъяат багш Д.Б- ийн нэрэмжит Т ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер Б.Сономдашийн 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Л овогтой Д нь Т Ерөнхий боловсролын сургуулийн 75 ангид суралцдаг нь үнэн болохыг тодорхойлов. “ гэх,

        Х аймгийн М сумын Д өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Б.Н-ийн “Л овогтой А нь 11 настай, эмэгтэй, эрүүл бойжиж байгаа нь үнэн болно.” гэх, 

        Х аймгийн Мө сумын Д өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Б.Н-ийн “Л овогтой Д нь 13 настай, эмэгтэй, эрүүл бойжиж байгаа нь үнэн болно.” гэх тодорхойлолтууд, 

Х аймгийн М сумын Э багийн засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “М сумын 12 дугаар багийн иргэн М-ын О нь ам бүл 3, Э 12 дугаар багийн .............. тоотод хоёр хүүхдийн хамт оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов. “ гэх албан бичиг зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

Мөн Хаймаг дахь  сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Ч.Б-ийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ний өдрийн ... эвлэрүүлэн зуучлалын хугацаа дууссан, цаашид сунгах боломжгүй байх тул... ажиллагааг дуусгавар болгов гэх албан бичиг хэрэгт авагдсан, гэрлэгчид 2013 оноос хойш тусдаа амьдарсан зэрэг байдлыг үндэслэн гэрлэгчдэд шүүх журмаар эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзлээ.

Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан баримт хэрэгт авагдаагүй хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний... нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан байх тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Гэрлэгчид нь хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдлаа.

Иймд М.О, Д.Л нарын гэрлэлтийг цуцлаж охин Л.Д, Л.А нарыг эхийн асрамжинд үлдээж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

            Нэхэмжлэгч М.О нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар гэрлэлт цуцлуулах,  хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлд нийт 154.984 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг хариуцагч Д.Лхагва-Эрдэнээс гаргуулж нэхэмжлэгч М.Оюундалайд олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Аа  овогт Д.Л, Б овогт М.О нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2006 оны 5 дугаар сарын 02-нд төрүүлсэн охин А овогт Л.Д, 2009 оны 7 дугаар сарын 09-нд төрүүлсэн охин А овогт Л.А  нарыг эх Б овогт М.О-ийн асрамжинд үлдээсүгэй.

3.  Гэрлэгчид нь  хүүхдийн тэтгэлэг болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154.984 /нэг зуун тавин дөрвөн мянга есөн зуун наян дөрөв/ төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлд төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг  хариуцагч Д.Л-ээс гаргуулж нэхэмжлэгч М.О-д олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишиг-т даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.МӨНХТУЯА