Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/63

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

шүүгдэгч Б.************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.************ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *********** дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ***********

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.************ нь 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн П.************той “Архи нэхлээ” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан толгойн тус газарт архитай шилээр цохиж, эрүүл мэндэд нь “зулайн хуйхны шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Б.************ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр *********** дэлгүүрээс 0,33 шилтэй архи аваад гарч ирсэн чинь нэг залуу миний гараас зуураад “архиа задалчих, хоёулаа ууя” гээд байсан. Би “өөрийнхөө мөнгөөр авсан архиа чамтай хувааж ууж чадахгүй” гээд нөгөө залууг өөрөөсөө холдуулаад явсан. Нөгөө залуу араас дагаж ирээд шууд миний халаасанд байсан архийг авсан. “Чи яаж байгаа юм бэ” гэсэн чинь “хоёулаа ууя” гээд булаацалдаж байх хооронд би архиараа толгой руу нь цохисон. Цагдаа дуудах гэсэн чинь “хэрэггүй, эмнэлэг явъя” гэж хэлсэн. Эмнэлэг ороод гарч ирээд “ганц шил архи аваад өгчих, цагдаад хэлэхгүй” гэсэн. Би архи авч өгсөн, хохирогч архиа ууж дуусаад, буцаж эмнэлэг рүү хүнтэй уулзана гэж ороод гарч ирээгүй. Би гадаа цаг гаран хүлээж байгаад явсан. Гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Эрүүгийн *********** дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч П.************ийн: “2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 18 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Жанцангийн автобусны буудлын ойролцоо явж байхад 40 гаран насны эрэгтэй хүн дэлгүүрээс 0.33 литрийн архи аваад гарч ирэхээр нь тэр залуугаас “Жаахан архи уучихъя” гэхэд “Ингээд уу” гээд толгой дээр минь архиа хагалаад, шилнийхээ амсрыг дахиад толгой руу шидэхэд толгойноос цус гарсан. Тэр залуу уучлалт гуйгаад толгойг маань цэвэрлээд Гэмтлийн эмнэлэг орж оёдол тавиулсан. Би толгойдоо 5 оёдол тавиулсан. Эрүүл мэндээрээ хохирсон тул гомдолтой байна. ...Миний толгой руу архины шилээр цохиж гэмтэл учруулсан. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хх-11, 14),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021.09.01-ний өдрийн 7954 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. П.************ийн биед зулайн хуйхны шарх гэмтэл тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ (хх-19-20),

Шүүгдэгч Б.************ы яллагдагчаар өгсөн: “2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сонгинхайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Жанцангийн буудлын тэнд дэлгүүр ороод 0,33 литрийн архи аваад гарч ирсэн чинь нэг танихгүй залуу “Архиа өгчих. Хуваагаад уучихъя” гэсэн. Би “юу гэж чамд өөрийнхөө авсан юмыг өгөх вэ дээ” гэж хэлээд гудамж уруудаад явж байсан чинь нөгөө танихгүй залуу миний араас дагаж миний хувцаснаас татаад “Наадхаа задалчих” гээд байсан. Миний архийг булааж авахаар нь би архиа булааж аваад толгойн тус газар нь цохисон. Толгой нь хагараад цус гараад байхаар Гэмтэл рүү явж боолгочихоод гарч ирээд нөгөө залуу “Хоёулаа цагдаа гэж байхаар чи надад ганц шил архи аваад өгчих. Тэгээд хоёулаа салъя” гэж хэлсэн. Нөгөө залуу буцаж эмнэлэг рүү ороод би гадаа нь хүлээгээд гарч ирэхгүй байхаар нь яваад өгсөн. ...Би өөрийн буруугаа ухамсарлаж байна” гэх мэдүүлэг (хх-55-56),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-28), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-23), Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт (хх-33), банкны дансны хуулга (хх-36) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд,

улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны “Б.************ нь ...240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг бүрэн биелүүлсэн” гэх албан бичиг (5 хуудас)-ийг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.************ нь 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *********** дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн П.************той “Архи нэхлээ” гэх хувийн таарамжгүй харьцаа үүсгэн толгойн тус газарт архитай шилээр цохиж, эрүүл мэндэд нь “зулайн хуйхны шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч П.************ийн ...эрэгтэй хүн дэлгүүрээс 0.33 литрийн архи аваад гарч ирэхээр нь тэр залуугаас “Жаахан архи уучихъя” гэхэд “Ингээд уу” гээд толгой дээр минь архиа хагалаад, шилнийхээ амсрыг миний толгой руу шидэхэд толгойноос цус гарсан...” гэх мэдүүлэг (хх-11), шүүх эмнэлгийн *********** дүгээр “1. П.************ийн биед зулайн хуйхны шарх гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-19-20), шүүгдэгч Б.************ы яллагдагчаар өгсөн “...би архиа булааж аваад толгойн тус газарт цохисон. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хх-55-56) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.************ы хохирогч П.************ийг “архи нэхлээ” гэх шалтгаанаар толгойн тус газарт архитай шилээр цохиж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч П.************ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хх-14)-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.************ хохирогч П.************той хувийн таарамжгүй харилцааны улмаас архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон шүүх хуралдаанд хэргээ хүлээсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Шүүгдэгч эрхэлсэн тодорхой ажилгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул торгох ял оногдуулах боломжгүй...” гэж,

шүүгдэгч “Надад торгох ял оногдуулж өгнө үү. Эгч маань “торгох ялыг төлнө” гэсэн” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгчийг дэлгүүрээс архи худалдан аваад гарч явахад нь хохирогч “Хамт ууя, жаахан уучихъя гээд улмаар архийг нь булаан авсан”-ы улмаас “архи нэхлээ” гэх шалтгаанаар архитай шилээр толгойд нь цохиж хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (эрхэлсэн тодорхой ажилгүй, орлого олдог талаар баримт хэрэгт авагдаагүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлээ.

Шүүгдэгчийн “Торгох ял оногдуулж өгнө үү. Эгч мөнгийг нь төлнө” гэсэн гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна. Шүүгдэгч Б.************ нь хөдөлмөр эрхэлдэг, мөн тодорхой орлого олдог талаар баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэж тус тус заасныг үндэслэн торгох ял оногдуулах боломжгүй байна гэж шүүх дүгнэсэн болно.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.************ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ********* овогт ********* ************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.************ыг 420 (дөрвөн зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.************ нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.************ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Л.БААТАР