Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2019/00573

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э.Б

Хариуцагч: Б.З

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч А.А

                                нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

Нэхэмжлэлийг 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авав.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би БГД тоотод 2 настай охин Бо, 1 настай охин Б, ээж А.А нарын хамт ам бүл 4 амьдардаг. Би өөрөө ажил хийдэггүй, 2 охин минь өвдөж зовоогоод их л сандрах юм. Миний нөхөр Б.З бид 2 гэр бүлийн баталгаа байхгүй, архи их уудаг, агсам согтуу тавьдаг, хүүхдүүддээ анхаарал халамж тавьдаггүй, зөвхөн өөрийгөө боддог, худлаа их ярьдаг, зовлонтой хүн байдаг. З хүүхдүүдээ өсгөх, тусламж үзүүлэх тал дээр ямар ч анхаарал тавьдаггүй, орхиод явсан хүн. Ээжийнхээ тэтгэврийн 280000 төгрөгөөр байр цахилгаан, хоол, хүнс эмнэлэгийн үйлчилгээ зэрэгт хүргэх гэж хүндхэн амьдралыг туулж явна. Иймд Б.Зын 2 охин Бо, Б нарт хүүхдийн тэтгэмж тогтоож өгөхийг хүсэж байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Алтанбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь бага насны 2 хүүхэд болон ээжийн хамт амьдардаг. Хүүхдүүд нь бие султай учраас байнга өвдөж эмнэлгээр явдаг учраас ажил хийх боломжгүй, зөвхөн ээжийнхээ тэтгэврийн мөнгөөр амьдардаг. Хариуцагч Б.З нь ажил хийх сонирхолгүй, өндөр цалинтай ажил хийнэ гээд яваад байдаг, хүүхдүүдээ харж ханддаггүй, хадамдаа агсам согтуу тавьдаг ер нь хэцүү хүн. Хүүхдүүдээ харж хандах байх гээд их харлаа, шүүхэд хандахаас өөр аргагүй учир нэхэмжлэл гаргасан. Иймд Б.Заас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.

 

Шүүх зохигчдын иргэний үнэмлэхний хуулбар, эмнэлэгийн тодорхойлолт, Баянгол дүүргийн .. дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Баянгол дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт, З.Бо, З.Б нарын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Учир нь:

1. Э.Б, Б.З нар нь гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдрах хугацаанд 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр охин З.Бо, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр охин З.Б нарыг төрүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх Э.Бийн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй ч 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин З.Бо, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин З.Б нар эцгийн нэрийг авч Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар хүүхдүүдийн эцгийг захиргааны журмаар тогтоосон байна.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй. Иймд хариуцагч Б.Заас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан, охин З.Бо, охин З.Б нарыг сар бүр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна. Хүүхдийн тэтгэлгийн хуульд заасан хэмжээ нь тухайн тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс хамааран тогтоогддог болно. З.Бо, З.Б нар нь Улаанбаатар хотод амьдарч байх тул түүнд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс хамаарч тэтгэлэг тогтоогдоно.

4. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнээс хамааран тодорхой хувиар тооцдог бөгөөд хүүхдийн тэтгэлгийн нэхэмжлэлийн үнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар тодорхойлно. Тэжээн тэтгүүлэгч З.Бо 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн одоо 2 ой 3 сартай, З.Б 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн 1 ой, 2 сартай тул хариуцагчаас гаргуулах 2 хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь Улаанбаатар хотод тогтоогдсон хүн амын амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар хүүхэд тус бүрээр тогтоогдох ба  нэг жилийн хугацаанд хариуцагч Б.З нь охин З.Бо, З.Б нарт нийтдээ 2614800 /Улаанбаатар хотод тогтоосон амьжиргааны түвшингийн хэмжээ 217900 х12 сар=2614800/ төгрөгийн тэтгэлэг төлөхөөр байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 56,787 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Бийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болно.       

5. Хариуцагч Б.Зт 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр эрх, үүргийг тайлбарлан өгч, нэхэмжлэлийн хувийг гардуулсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд буюу 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсвэл татгалзсан үндэслэл, тайлбар, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүйгээс гадна, хуульд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй  байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд, нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б. Заас 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин З.Бо, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин З.Б нарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.З нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Бийг улсын тэмдэгтийн хураамжид 56,787 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Заас улсын тэмдэгтийн хураамжид 56,787 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацааны дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмаар тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Т.ГАНДИЙМАА