| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2022/0058/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/199 |
| Огноо | 2022-02-16 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/199
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
улсын яллагч Н.Ундрах,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал,
шүүгдэгч Х.************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Х.************ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *********** дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: *******************
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.************ согтуурсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ************** гэх газарт байрлах чингэлэг дотор болгоомжгүй үйлдлийн улмаас архины шил шидэж хохирогч Н.************гийн биед зүүн талын духны хөндийн гадна дотор ялтасны гавлын хөндий рүү цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн дээд болон дотор ханын хугарал, дух, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхинд шарх бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Х.************ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Миний буруу. Архины шилийг үүд рүү шидлээ гэсэн чинь ************гийн ор луу шидээд толгойг нь оносон байсан. Миний буруу” гэв.
Эрүүгийн *********** дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Н.************гийн: “...2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ****************** гэх газар худаг гаргаж өгөх ажил эхэлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 02-ны орой ажил дууссан учир би хамт ажиллаж байгаа хүмүүстээ хандан “энэ жилийн сүүлийн ажил учраас нэг шил архи уугаад амарцгаая” гээд байрлаж байсан чингэлэг дотроо 0,75 литрийн архи ууж эхэлсэн. Архи дууссан чинь ************ дахин нэг шил архи гаргаж ирсэн. Түүнийг ууж байхад ************, ************ нар түрүүлээд амрахаар хэвтсэн. Би ************д “Маргааш үлдсэн бага ажлаа дуусгаад эрт явна. Тийм болохоор одоо унтаж амрах хэрэгтэй” гээд 2 давхар орны дээд хэсэгт гараад хэвтэх гэж байснаа санаж байна. Түүнээс хойш ямар нэгэн зүйл санахгүй байгаа. Миний зүгээс ************тэй маргалдсан зүйл огт байхгүй. Бид 2 хамт ажиллаад 10 гаруй жил болж байгаа. Зундаа ажилладаг болохоор ************ Баян-Өлгий аймгаас хавар ирж ажиллаад намар буцаад явдаг. Дараа нь ************тэй уулзсан чинь үлдсэн тал шил архийг ганцаараа үлдсэн болохоор уухгүй гээд үүд рүү шидсэн чинь 2 давхар дээр унтаж байсан миний толгойг оносон гэж хэлсэн. ************ согтуудаа архины шил гаргаж хаяхаар шидэх үедээ миний толгойг оносон. Түүнээс шууд санаатай хэрүүл маргаан, зодооны улмаас шидсэн зүйл байхгүй. Эмнэлэгт гарсан 400 гаруй мянган төгрөгийн зардлыг ************ сайн дураараа надад гаргаж өгч хохиролгүй болгосон. Би ************тэй өөрийн сайн дураар эвлэрсэн, миний бие хэвийн байгаа учир надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн ************ шууд санаатай цохиж зодсон гэж үзэхгүй байгаа. Би ************тэй ажил хэргийн холбоотой бөгөөд хамт ажиллаад 10 гаруй жил болж байна. ************ бол хүний үгээр, их зөөлөн, бусадтай хэрүүл маргаан үүсгээд байдаггүй, ажилд их сайн, бусадтай их нийтэч хүн. Архи, согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэггүй, манай байгууллагад өрмийн мастер ажилтай. Одоо миний биеийн байдал хэвийн болсон. Би ************, ************, ************ийн ярианаас ************ согтуудаа өөрөө үүд хэсэгт сууж байгаагаа хоймор хэсэгт сууж байна гэж андуураад үүд рүү архины шилээ шидлээ гэж бодоод хоймор хэсэг рүү буюу миний унтаж байсан хэсэг рүү шидсэн байсан” гэх мэдүүлэг (хх-9-11, 70-71, 100-101),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021.11.15-ны өдрийн 11111 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. Н.************гийн биед зүүн талын духны хөндийн гадна дотор ялтасны гавлын хөндий рүү цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн дээд болон дотор ханын хугарал, дух, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхинд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэжээ (хх-23-24),
Гэрч Э.************ы: “...Бид дөрөв архи уусан. ...Чимээ гарахаар нь харахад ************ тонгойчихсон газар уначихсан, хөмсгөөс нь цус гарчихсан, ************ хажууд нь байсан. Би ************ийг юугаар ************г цохисныг ч хараагүй, мэдэхгүй байна. ...Харин ************ хажууд нь цусыг тогтоох гээд даавуугаар дараад “би санаатай шидээгүй шүү” гээд байсан. ************ миний дээд талын орон дээр унтаж байсан. Би ************гийн эхнэр лүү залгаад “ирж аваарай” гэж хэлсэн. Намайг унтахаас өмнө маргалдсан зүйл болоогүй. ************, ************ нар хүнтэй маргалдаад байх хүмүүс биш. Учир нь би хамт 7 жил ажиллаж байгаа болохоор сайн мэднэ...” гэх мэдүүлэг (хх-31, 74-75),
Гэрч *****ын: “2021 оны 11 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө 01 цагийн үед нөхөр ************тай хамт ажиллаж байсан ************ залгаад “************гийн толгой хагарсан байна. Чи ирээд авчих” гэсэн. Очсон чинь ************гийн толгойноос цус гарсан хэвтэж байсан. Юу болсон талаар асуухад ************ “************ ************тэй хамт үлдсэн” гэж хэлсэн. Тухайн үед ************ өөрөө ямар нэгэн зүйл хэлэхгүй, согтуу байсан. ************ “би архины шилийг үүд рүү шидсэн шүү дээ, санамсаргүй цохисон байна” гээд уйлаад байсан. ************гийн хөмсөгт оёдол тавиад толгойн зураг авхуулсан. Надад ************ болон бусад хүмүүс маргаан болоогүй гэж хэлсэн. Зодолдсон уу гэхээр үгүй гээд ************гийн биед өөр гэмтэл байхгүй байсан...” гэх мэдүүлэг (хх-40-41),
Шүүгдэгч Х.************ын яллагдагчаар өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 02-ны орой Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Шар хадны ам гэх газар ************, ************, ************ нарын хамт архи уусан. Маргааш ажилтай болохоор хүмүүс унтахаар хэвтэх үед би ганцаараа их согтоод үлдсэн. Үлдсэн архийг уух гэж байснаа маргааш ажилтай юм чинь гэж бодоод уухаа болиод үлдээгээд унтвал маргааш шараа тайлах гээд байж магадгүй гэж бодоод хаалгаар гаргаж шидэх гэж байхдаа андуурч ************гийн унтаж байсан ор луу шидээд толгойг нь оносон. Би өөрийн буруутай, санамсар болгоомжгүй байдлаас болоод гэмтэл учруулсандаа ************гаас уучлалт гуйсан. Би үйлдсэн гэм буруугаа ухамсарлаж байгаа...” гэх мэдүүлэг (хх-93-94),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-50), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-61), хүүхдийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-52, 53), эд хөрөнг бүртгэлтэй лавлагаа (хх-58), шүүгдэгч, хохирогч нарын “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-107, 108), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-109-110), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-153-154) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Х.************ согтуурсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ************** ам гэх газарт байрлах чингэлэг дотор болгоомжгүй үйлдлийн улмаас архины шил шидэж хохирогч Н.************гийн биед зүүн талын духны хөндийн гадна дотор ялтасны гавлын хөндий рүү цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн дээд болон дотор ханын хугарал, дух, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхинд шарх бүхий хүнд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Н.************гийн “...Бид нар архи уусан. ...Дараа нь ************тэй уулзсан чинь үлдсэн тал шил архийг ганцаараа үлдсэн болохоор уухгүй гээд үүд рүү шидсэн чинь 2 давхар дээр унтаж байсан миний толгойг оносон гэж хэлсэн. ...Би ************ согтуудаа үүд хэсэгт сууж байгаагаа хоймор хэсэгт сууж байна гэж андуураад үүд рүү архины шилээ шидлээ гэж бодоод хоймор хэсэг рүү буюу миний унтаж байсан хэсэг рүү шидсэн байсан” гэх мэдүүлэг (хх-9-11, 70-71, 100-101), гэрч Э.************ы “...бид нар архи уусан. ...************ “би санаатай шидээгүй шүү” гээд байсан...” гэх мэдүүлэг (хх-31, 74-75), шүүх эмнэлгийн 11111 дүгээр “1. Н.************гийн биед зүүн талын духны хөндийн гадна дотор ялтасны гавлын хөндий рүү цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн дээд болон дотор ханын хугарал, дух, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхинд шарх гэмтэл тогтоогдлоо. ...5. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх шинжилгээ (хх-23-24), гэрч *****ын “...************ “би архины шилийг үүд рүү шидсэн шүү дээ, санамсаргүй цохисон байна” гээд уйлаад байсан...” гэх мэдүүлэг (хх-40-41), шүүгдэгч Х.************ын “...хаалгаар гаргаж шидэх гэж байхдаа андуурч ************гийн унтаж байсан ор луу шидээд толгойг нь оносон...” гэх мэдүүлэг (хх-93-94) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Х.************ийн согтуурсан үедээ, тал архитай шилийг хаалгаар гаргаж шидэх гэж байгаад андуурч хоймор хэсэг рүү шидэж хохирогч Н.************гийн толгойд онож хүнд хохирол учруулсан болгоомжгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.************гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 400,000 төгрөг төлөгдсөн, хохирогчийн “Эмчилгээний зардал 400,000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх хүсэлт (хх-107)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлөгдсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Х.************ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнт, Шар хадны ам гэх газарт байрлаж байсан чингэлэг дотор болгоомжгүй үйлдлийн улмаас архины шил шидэж хохирогч Н.************гийн биед зүүн талын духны хөндийн гадна дотор ялтасны гавлын хөндий рүү цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн дээд болон дотор ханын хугарал, дух, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхинд шарх бүхий нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх амь биед аюултай хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 1 жил 6 сарын хугацаанд гадаадад зорчих эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг шүүхэд гаргаж байна. 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.6-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа тул прокурорын саналын хүрээнд шийдэж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”, 1.6-д заасан “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Х.************ “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаанд гадаад зорчих эрх хасах ял оногдуулж, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэн, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авахаар талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.
Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, улмаар тал архитай шилийг хаалгаар гаргаж шидэх үйлдэл хийхдээ андуурч хоймор хэсэг рүү шидэн хохирогчийн эрх, эрх чөлөөнд болгоомжгүйгээр халдаж, гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 400,000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилтай, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд шүүгдэгч Х.************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаанд гадаадад зорчих эрх хасах ял оногдуулж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх, 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.************ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****** овогт *****ын ************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар гадаадад зорчих эрх хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Тэнссэн хугацаанд шүүгдэгч Х.************т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Х.************ шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.************ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.************т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР