| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2019/00319/И |
| Дугаар | 102/ШШ2019/00640 |
| Огноо | 2019-03-04 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2019/00640
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.О
Хариуцагч: М.У
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.О
нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
Нэхэмжлэлийг 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.О би М.Утай 2014 оны 10 сард танилцаж үерхэж эхлэсэн. Улмаар 2014 оны сүүлээр жирэмсэн болж 2015 оны Р сарын 24 өдөр охин О.Х төрсөн. Тэр үед М.У нь төв аймгийн Баянцог суманд байдаг байсан намайг төрөх үед цуг байгаагүй. Хүүхдээ гэр бүлээ батлуулаагүй байсан болохоор өөрийн нэрээр овоглосон. Бид хоёр цуг амьдарч байгаагүй, М.У нь хөдөө байдаг байсан болохоор хааяа утсаар ярьдаг байсан. Охин Хг төрснөөс хойш М.У охин бид хоёрт ямар ч тусламж дэмжпэг үзүүлж байгаагүй, хоёр гурван удаа ирж хүүхдээ харж байсан. Өдий хүртэл охин Х миний асрамжинд амьдарч өсч торнисон. Аав М.У нь хүүхдээ асран тэтгэх үүргээ огт биелүүлэхгүй байсаар өдийг хүрч байгаа тул О.Х охинд тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Нэхэмжлэгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 онд М.Утай танилцаж үерхсэн. Улмаар 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр охин О.Х маань төрсөн. М.У хүүхдээ 3 нас хүртэл нь тэжээн тэтгээгүй, анхаарал халамж тавьдаггүй. М.У бид хоёр нэг гэрт хамт амьдраагүй. Иймд охиндоо хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна
Хариуцагч М.У шүүхэд гаргасан тайлбартаа: Би хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн. Хүүхдийн тэтгэлгийг бид 2 ярилцсаны улмаас улиралд 1 хониор төлөх буюу зуны цагт цэцэрлэгт ортол өөр дээрээ авахыг зөвшөөрсөн.
Шүүх нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, эмнэлэгийн тодорхойлолт, Нийслэлийн Баянгол дүүргийн 114 дүгээр цэцэрлэгийн тодорхойлолт, О.Хгийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Учир нь:
1. Б.О, М.У нар нь гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдрах хугацаандаа 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр охин О.Хг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх Б.Огийн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Хариуцагч М.У нь хүүхдийн тэтгэлгийг улиралд нэг хониор төлж байхаар нэхэмжлэгчтэй тохирсон гэж байгаа боловч энэ нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл эцэг, эхийн харилцан тохиролцож тогтоосон тэтгэлгийн хэмжээ нь хуульд заасан хэмжээнээс бага байж болохгүй бөгөөд тэтгэлгийн хэмжээг хуульд зааснаас бага байхаар тохирсон эсвэл тохиролцож чадаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно.
Иймд хариуцагч М.Угаас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин О.Хг сар бүр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй гэж үзэв. Хүүхдийн тэтгэлгийн хуульд заасан хэмжээ нь тухайн тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс хамааран тогтоогддог болно. Охин О.Х нь Улаанбаатар хотод амьдарч байх тул түүнд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс хамаарч тэтгэлэг тогтоогдоно.
4. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнээс хамааран тодорхой хувиар тооцдог бөгөөд хүүхдийн тэтгэлгийн нэхэмжлэлийн үнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар тодорхойлно. Тэжээн тэтгүүлэгч О.Х нь 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, одоо 3 нас, 6 сартай тул хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь Улаанбаатар хотод тогтоогдсон хүн амын амьжиргааны доод түвшингийн 50 хувиар тогтоогдоно. Иймд хариуцагч М.Угаас гаргуулах тэтгэлгийн хэмжээ сар бүр 108950 төгрөг болох бөгөөд нэхэмжлэлийн үнийг уг тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тогтооно. Үүнээс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тооцвол хариуцагч 35868 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөр байна.
5. Хариуцагч М.У шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд, зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч М. Угаас 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин О.Хг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.У нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Угаас улсын тэмдэгтийн хураамжид 35868 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ог улсын тэмдэгтийн хураамжид 35868 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацааны дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмаар тоолоход саад болохгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА