Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2024/0770

 

 

 

 

 

 

 

 

   “АИ” ХХК-ийн

    гомдолтой захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, Д.М

Гомдол гаргагч: “АИ” ХХК

Хариуцагч: Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ж.Ц

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ж.Ц-ийн үйлдсэн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 010****, 010****, 010****, 010**** дугаар шийтгэлийн хуудаснуудыг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 711 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э

Хариуцагч улсын байцаагч Ж.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2024/0513/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гомдол гаргагч “АИ” ХХК нь Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ж.Ц-т холбогдуулан “Улсын байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 010****, 010****, 010****, 010**** дугаар шийтгэлийн хуудаснуудыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 711 дүгээр шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.3, 11.2 дугаар зүйлийн 1.2-т заасныг тус тус баримтлан “АИ” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ж.Ц-ийн гаргасан 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 010**** болон мөн өдрийн 010**** дугаар шийтгэлийн хуудаснуудыг тус тус хүчингүй болгож, гомдлын шаардлагын үлдэх хэсэг болох мөн өдрийн 010**** болон 010**** дугаар шийтгэлийн хуудаснуудад холбогдох гомдлын шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, Д.М нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. “...Нэхэмжлэгч “ АИ” ХХК-аас 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд тус компанийг төлөөлөн “АЖ” ХХК-ийн хуульч Э.Э нь энэ өдөр товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгч “АИ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шинээр томилогдон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орж байгаагаа мэдэгдэн итгэмжлэлээ гарган өгч, хэргийн материалтай танилцах хүсэлтийг бичгээр гаргасан байдаг. Гэтэл тус шүүх хуралдааныг даргалж буй шүүгч Н.Д  нь “Танайх яг хурал товлогдохоор итгэмжлэгдсэн төлөөлөгч оруулж ирээд байна, өмнөх төлөөлөгч Д.М чинь байгаа, хэргээ маш сайн мэдэж байгаа, нэг төлөөлөгч байхад болно гээд хэргийн оролцогчдыг гаргаж, хүсэлтийг шийдвэрлэхдээ итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсоныг нотлох итгэмжлэлийг шүүх тухайн өдрийн буюу 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаан дээр хүлээн авч, хавтаст хэргийн материалд итгэмжлэлийг хавсаргасан мөртлөө итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э миний Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1.2-т заасан “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шаардлага, тайлбар, нотлох баримт, хэргийн материалтай танилцах, тэмдэглэл, хуулбар хийх, тэдгээрт тайлбар өгөх, шүүх хуралдаанд оролцох” зэрэг хуульд заасан эрхийг эдлүүлэлгүйгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-ийн гаргасан хавтаст хэрэгтэй танилцах хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цааш үргэлжлүүлж явуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-20.1.7-д заасан эрхийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

 

3.2. Үүний дараа даргалагч шүүгч Н.Д нь нэхэмжлэгч “АИ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-ийн хуульд заасан эрхийг эдлүүлэлгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хавтаст хэрэгтэй танилцаж улмаар хэрэгт зайлшгүй шаардлагатай нотлох баримт гаргаж өгч хэргийг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шийдвэрлүүлэх чухал баримтуудыг гаргуулалгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан атлаа шүүх хуралдааны мэтгэлцээний шатанд гэнэт итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-ээс хариуцагчаас нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Э та асуух асуулт байна уу? мөн үүний дараа шүүх хуралдааны эцэст нэхэмжлэлтэй холбоотой нэмж хэлэх тайлбар танд байна уу? хэмээн асуугаад тайлбараа хэлэхийг шаардсан учраас итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э миний бие нь процессын алдаа гарлаа, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1.1-20.1.7-д заасан эрхийг эдлүүлээгүй болохоор итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хавтаст хэргийн материалтай танилцах боломжгүй болж, хэргийн үйл баримт болон нэхэмжлэгч нь ямар нэхэмжлэл гаргасан, хариуцагчийн гаргасан тайлбар болон татгалзалтай танилцаагүй, тиймээс хавтаст хэргээ огт мэдэхгүй, хүнд байна, хуульд заасан эрхээ эдэлмээр байна гэдгээ хэлж хурлын тэмдэглэлд тусгуулсан болно.

 

3.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн хугацаанаас эхлэн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нь шүүгчийн дарамт шахалтад үг хэлэх, хүсэлт гаргах эрхээ хязгаарлуулсан тул нэхэмжлэгч талд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.3 дахь хэсэгт зааснаар шүүгч нь хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ байсан учраас татгалзан гарах хүсэлт гаргахад шийдвэрлэлгүйгээр хуралдааныг цааш үргэлжлүүлэн явуулсан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын алдаа гарч, хэргийг хэтэрхий нэг талыг барин, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзнэ.

 

3.4. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцах хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах бөгөөд нотлох баримттай холбоотойгоос бусад асуудлын талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг сонсмогц шуугч, шуух бүрэлдэхүүн даруй шийдвэрлэнэ. Шүүхийн урьдчилан хэлэлцүүлгээр шийдвэрлэсэн асуудлаар шүүх хуралдаан дээр дахин хүсэлт гаргах эрхгүй” гэснийг буруу тайлбарлан дүгнэлт хийж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхүүдийг огт эдлүүлэлгүйгээр хэргийг хянан хэлэлцэж хуралдааныг үргэлжлүүлсэн юм.

 

3.5. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хэргийн материалтай танилцах хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцон хэргийн оролцогчийн эрхийг эдлэх боломжгүй болсноос үүдэн нотлох баримт шинээр гарган өгч нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэн мэтгэлцэх эрхээр хангаагүйгээс шүүхийн энэхүү шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзнэ.

 

3.6. Мөн хариуцагч талын зүгээс зөрчил шийтгэх, шийтгэл оногдуулах тухай №010**** дугаартай шийтгэлийн хуудаст “АИ” ХХК-ийн хүнсний бүтээгдэхүүний агуулахад хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн 5 нэр төрлийн 480 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг бусад хэвийн бараа бүтээгдэхүүнээс тусгаарлаагүй хамт хадгалж байсан нь Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шийтгэл оногдуулсан... гэж хариуцагч тайлбар гаргадаг бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тус хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүнийг журмын дагуу устгалд оруулах үйл ажиллагаа явуулж байх үед хяналт шалгалт хийж, тусгаарлах байр байсаар байтал илтэд хууль бус шалгалт хийн нотлох баримтгүйгээр торгууль ногдуулсан ба тухайн хяналт шалгалтаа хууль заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтын хэмжээнд бүрдүүлэн бэхжүүлж аваагүй. Жишээ нь: Гэрэл зургийн аргаар хугацаа хэтэрсэн бараа бүтээгдэхүүнийг ямар байдалтай байсныг бэхжүүлж аваагүй зэрэг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйл: Улсын байцаагч, түүнийг нийтлэг бүрэн эрх 10.9.10 дахь хэсэгт “улсын байцаагч нь хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автан албан үүргээ үнэнчээр гүйцэтгэх, төр, байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтны хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх....хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн байдаг бөгөөд хадгалж байсан гэдгийг шүүх хуралд нотлох баримтаар гаргах үүргээ хэрэгжүүлээгүй.

 

3.7. Мөн хариуцагчийн зүгээс “АИ” ХХК-ийн ачигч Б.Б , О  нар нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй байсан гэх үндэслэлээр торгууль ногдуулсан байдаг. Гэтэл Зөрчлийн тухай 6.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... ажилтныг эрүүл ахуй, ариун цэврийн сургалтад хамруулаагүй, эсхүл эрүүл мэндийн үзлэгт оруулаагүй бол... торгоно” гэж зааснаас үзэхэд ажилтан нар ариун цэврийн сургалтад хамрагдсан бол эрүүл мэндийн үзлэгт хамрагдах шаардлагагүй аль нэгийг нь зайлшгүй хийлгэсэн байх шаардлагатай гэж хуульчилсан гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн дээрх хоёр ажилтан нь эрүүл мэндийн сургалтад бүрэн хамрагдсан байсан бөгөөд хариуцагч тал хяналт шалгалт хийхдээ энэ талаар бүрэн шалгалгүй гагцхүү эрүүл мэндийн үзлэгт ороогүй гэх хууль гажуудуулсан үндэслэл гаргаж торгуул ногдуулахдаа сургалтад хамрагдсан эсэхийг огт шалгаж тогтоогоогүй нь мөн л Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.4, 10.9.10 дахь хэсэгт заасныг тус тус ноцтой зөрчсөн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу шаардсан баримт бичгийг гаргаж өгөх үүрэгтэй юм. Гэтэл хариуцагчийн зүгээс нотлох баримтуудыг шаардахдаа ажилчдыг эрүүл мэндийн сургалтад хамрагдсан эсэх талаарх нотлох баримтыг гаргуулахыг нэхэмжлэгч талаас огт шаардаагүй байдаг.

 

3.8. Захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйл Нотлох баримт гаргах цуглуулах 32.1 дэх хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлд Нотлох баримтыг үнэлэх 34.1 дэх хэсэгт “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг шүүгч тус тус ноцтой зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ хэрэгжүүлэлгүй дээрх хоёр зөрчлийг хангаж шийдвэр гаргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасныг зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

3.9. Дээрх бүгдээс дүгнэн үзэхэд шүүгч Н.Д  нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт “Хариуцлагатай байх”, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хуульч нь мэргэжлийн үйл ажиллагаагаа үнэнч шударгаар гүйцэтгэнэ” гэж заасныг тус тус ноцтой зөрчиж хуульд үл нийцэх шийдвэр гаргасан гэж үзэж байна.

 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-д зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0711 дүгээр шийдвэрийг хүчингүй болгон, маргааныг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

2. Гомдол гаргагч “АИ” ХХК-аас Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ж.Ц-д холбогдуулан “Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ж.Ц-ийн үйлдсэн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 010****, 010****, 010****, 010**** дугаар шийтгэлийн хуудаснуудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг гаргасан байна.

 

3. Маргаан бүхий 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 010**** дугаар шийтгэлийн хуудсаар “АИ” ХХК-д хүнсний бүтээгдэхүүн бүрд ул мөр мөрдөн тогтоох бүртгэл хийлгээгүй гэж үзэж 3,000,000 төгрөгөөр, 010**** дугаар шийтгэлийн хуудсаар хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн хадгалсан гэж үзэж 5,000,000 төгрөгөөр, 010**** дугаар шийтгэлийн хуудсаар тус компанийн ажилчид болох Б.Б , М.О  нарыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулаагүй гэж үзэж 3,000,000 төгрөгөөр, 010**** дугаар шийтгэлийн хуудсаар дотоод хяналтын журам мөрдүүлээгүй гэж үзэж 1,000,000 төгрөгөөр тус тус торгох шийтгэл ногдуулжээ.

 

4. Анхан шатны шүүх, хариуцагч улсын байцаагчаас гомдол гаргагч “АИ” ХХК-д хүнсний бүтээгдэхүүн бүрд ул мөр мөрдөн тогтоох бүртгэл хийлгээгүй гэх зөрчилд ногдуулсан 010**** дугаартай шийтгэлийн хуудас, дотоод хяналтын журам мөрдүүлээгүй гэх зөрчилд ногдуулсан 010**** дугаар шийтгэлийн хуудаснуудыг тус тус хүчингүй болгож, харин хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн хадгалсан гэх зөрчилд ногдуулсан 010**** дугаартай шийтгэлийн хуудас, ажилчдыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулаагүй гэх зөрчилд ногдуулсан 010**** дугаартай шийтгэлийн хуудаснуудыг хүчингүй болгуулах гомдлыг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх төдийгүй хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэргийн үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих Зөрчлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

 

5. Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино” гэж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зорилгыг тодорхойлсны зэрэгцээ Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна, 3.1 дүгээр зүйлийн 1-д Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино гэж шийтгэл оногдуулах үндэслэлийг тусгасан бөгөөд хүн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тодорхой төрлийн зөрчлийн шинжийг хангасан тохиолдолд шийтгэл гарцаагүй байх нь шударга ёсны зарчимд нийцэх талаар хууль тогтоогчоос тусгайлан зохицуулсан байна.

 

6. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т “хадгалах хугацаа” гэж өгөгдсөн хугацаанд зохих нөхцөлийн дагуу хадгалж, хэрэглэхэд тухайн хүнсний бүтээгдэхүүний чанар хамгийн сайн түвшинд байх, тухайн хугацаа хэтрэхэд бүтээгдэхүүний аюулгүй байдал нь алдагдахгүй боловч чанарын үзүүлэлт нь муудах буюу өөрчлөгдөх хугацааг; 4.1.13-т “хэрэглэж дуусах хугацаа” гэж өгөгдсөн хугацаанд тухайн хүнсний бүтээгдэхүүн аюулгүй байх, тухайн хугацаа өнгөрөхөд бүтээгдэхүүний аюулгүй байдал нь алдагдах хугацааг, 11 дүгээр зүйлийн 11.1-д хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дараах тохиолдолд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзнэ гээд 11.1.7-д “хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн” гэж; Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг зөрчих талаар зохицуулсан бөгөөд 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн ... хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор тус тус заасан бөгөөд гомдол гаргагчаас тухайн бүтээгдэхүүнүүдийн хугацаа дууссан талаар маргаагүй, харин хугацаа дууссан бүтээгдэхүүнийг устгалд оруулахаар бэлтгэж байх үед зөрчилд тооцсон гэж тайлбарлаж байгаа нь нэгэнт хугацаа дууссан бүтээгдэхүүнийг хэвийн хүнсний бүтээгдэхүүнээс ангилан тусгаарлалгүйгээр хольж хадгалсан байгааг зөрчилд тооцох дээрх хуулийн заалтыг зөрчсөнийг зөвтгөх үндэслэл болохгүй. Иймд хариуцагчаас уг зөрчилд 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан 010**** дугаар шийтгэлийн хуудас нь хууль зөрчөөгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэжээ.

 

7. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь дараах үүргийг хүлээнэ” гээд 10.1.7-д “хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг гардан боловсруулдаг, үйлдвэрлэдэг, тээвэрлэдэг, худалддаг буюу түүгээр үйлчилгээ үзүүлдэг, хүнсний бүтээгдэхүүн болон хүнсний сүлжээнд ашиглах, хэрэглэх эд зүйлстэй биечлэн харьцдаг ажилтныг эрүүл ахуй, ариун цэврийн сургалтад хамруулах, эрүүл мэндийн үзлэгт тогтмол оруулах” үүрэгтэй гэж, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/145 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах журамд зааснаар энэ төрлийн байгууллагад шинээр ажилд орох ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулахаар зохицуулсан байх тул гомдол гаргагч нь тус компанийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/029, 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/083 дугаар тушаалаар ачигчийн албан тушаалд үндсэн ажилтнаар авсан Б.Б, М.О нарыг ажилд орохоос өмнө эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах байжээ.

 

8. Харин гомдол гаргагч компани нь дээрх хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж, мөн журамд заасны дагуу ажилчид болох Б.Б, М.О нарыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулаагүй байх тул хариуцагчаас Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 2-т “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг гардан боловсруулдаг, үйлдвэрлэдэг, тээвэрлэдэг, худалддаг, түүгээр үйлчилгээ үзүүлдэг, хүнсний бүтээгдэхүүн болон хүнсний сүлжээнд ашиглах, хэрэглэх эд зүйлстэй биечлэн харьцдаг ажилтныг эрүүл ахуй, ариун цэврийн сургалтад хамруулаагүй, эсхүл эрүүл мэндийн үзлэгт оруулаагүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг үндэслэн уг зөрчилд 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан 010**** дугаар шийтгэлийн хуудас нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

9. Үүнтэй холбогдуулан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “...ажилтан нар ариун цэврийн сургалтад хамрагдсан бол эрүүл мэндийн үзлэгт хамрагдах шаардлагагүй аль нэгийг нь зайлшгүй хийлгэсэн байх шаардлагатай, ...дээрх хоёр ажилтан нь эрүүл мэндийн сургалтад бүрэн хамрагдсан байсан бөгөөд хариуцагч тал хяналт шалгалт хийхдээ энэ талаар бүрэн шалгаагүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд ажил олгогч нь ажилтныг эрүүл мэндийн сургалтад хамруулсан эсэхээс үл хамааран хүнсний бүтээгдэхүүн болон хүнсний сүлжээнд ашиглах, хэрэглэх эд зүйлстэй биечлэн харьцдаг ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

 

10. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “АИ” ХХК-аас маргаан бүхий шийтгэлийн хуудаснуудыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг шүүх 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн байна. Гомдол гаргагч “АИ” ХХК-ийн захирлаас 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд компанийг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.М-ыг томилж, 3 жилийн хугацаатай итгэмжлэлийг олгожээ. Анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М хэргийн материалтай танилцах хүсэлтээ илэрхийлж, шүүх хуралдааныг 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр товлосон үйл баримтууд авагджээ.

 

11. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагч талаас хуульд зааснаар ...өмгөөлөгч авах, өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, эрүүл мэндийн буюу хүндэтгэн үзэх шалтгааны ... зэрэг үндэслэлээр удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж байсныг анхан шатны шүүхээс тухай бүр ханган шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, мөн хэргийн материалтай танилцсан[1] Д.М шүүх хуралдаанд оролцсон учир итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-ээс гаргасан эрх, үүрэг, хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн, энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэхээргүй байна.

 

12. Түүнчлэн тус маргаан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.3-д заасан хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг, маргаан тул анхан шатны шүүх 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх хуулийн зохицуулалттай бөгөөд тухайн тохиолдолд ...шинээр томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хэргийн материалтай танилцах боломжоор хангаагүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-20.1.7-д заасан эрхийг эдлүүлэлгүй хэргийг шийдвэрлэсэн, мэтгэлцэх эрхээр хангаагүй, нэхэмжлэгч компанийн эрхийг ноцтой зөрчсөн... гэх гомдлын үндэслэлээр анхан шатны шүүхийг буруутгах боломжгүй.

 

13. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шаардлага, тайлбар, нотлох баримт, хэргийн материалтай танилцах, тэмдэглэл, хуулбар хийх, тэдгээрт тайлбар өгөх, шүүх хуралдаанд оролцох”, 20.1.3-д “нотлох баримт гаргаж өгөх, гэрчээс мэдүүлэг авхуулах, шинжээч томилуулах, бусад нотлох баримт цуглуулах, нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах” гэж нэхэмжлэгчийн эрхийг заасан хэдий ч нөгөө талаас мөн зүйлийн 20.2.1-д шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, 20.2.2-т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шүүх хуралдааны дэгийг сахих үүргийг мөн хэргийн оролцогчийн хувьд биелүүлэх учиртай тул хэрэг, маргааныг нэг мөр шийдвэрлэх үүднээс энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлгүй гэж үзлээ.

 

14. Мөн анхан шатны шүүхээс “...хариуцагч нь “АИ” ХХК-д 010**** дугаартай шийтгэлийн хуудас ногдуулахдаа хүнсний бүтээгдэхүүн бүрд ул мөр мөрдөн тогтоох бүртгэл хийлгээгүй гэх зөрчлийг хангалттай нотлоогүй, зөрчил шалгах ажиллагааг гүйцэт хийгээгүй, ...010**** дугаартай шийтгэлийн хуудас ногдуулахдаа “АИ” ХХК-ийн захирлын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/11 дүгээр тушаалаар ““АИ” ХХК-ийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дотоод хяналтыг хэрэгжүүлэх журам”-ыг баталсан, уг журмыг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр заасан байна” гэж маргаан бүхий шийтгэлийн хуудаснуудын хууль зүйн үндэслэлийн талаар үндэслэлтэй зөв дүгнэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс дахин дүгнэх шаардлагагүй. Энэ талаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргаагүй болно.

 

15. Гомдол гаргагч “АИ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э-аас шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, Д.М нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 711 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, Д.М нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авснаас хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           З.ГАНЗОРИГ

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА

 

 

[1] Хавтаст хэргийн 163 дугаар тал