Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2021/0733

 

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2021/0733

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүгч М.Батзориг, шүүгч С.Ганбат нарын бүрэлдхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: Б ХХК

Хариуцагч: Ч дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Э.Н, Б.Б нар,

Гомдлын шаардлага: Ч дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Э.Н, Б.Б нарын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 351730077 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Т.Э, хариуцагч Э.Н, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манайх зар сурталчилгаа, олон нийтийн харилцааны чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Төрийн болон төрийн бус байгууллагын маркетинг, сурталчилгааны ажил гүйцэтгүүлэх захиалгаар олон нийтийг болон зорилтод бүлгийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах үйлчилгээ үзүүлдэг болно. 

Тус компани нь татварын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, аж ахуйн үйл ажиллагааны орлогын болон бусад албан татварыг хуульд заасан хэмжээ, батлагдсан аргачлалын дагуу тооцож, хугацаанд нь бүрэн хэмжээнд төлж ирсэн. Гэтэл Ч дүүргийн татварын улсын байцаагч нар хяналт шалгалтын ажлыг зохих ёсоор, бүрэн хэмжээнд явуулаагүйн улмаас манай компанийг хууль тогтоомж зөрчсөн хэмээн үндэслэлгүйгээр буруутгаж 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 351730077 тоот шийтгэлийн хуудсаар 4,244,414.60 төгрөгийн нөхөн татвар, 1,220,847.90 төгрөгийн торгууль, 527,744.20 төгрөгийн алданги, нийт 5,933,006.70 төгрөг төлүүлэх шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Ч ХХК-иас түрээсэлсэн авто зогсоолын төлбөрт төлсөн 7,390,909.12 төгрөгийн төлбөрт төлсөн албан татварыг бид Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т заасны дагуу хасалт хийсэн. Учир нь тус компани өөрийн үйл ажиллагаанд зориулж буюу шаардлагатай тохиолдолд зар сурталчилгаа хийх явцад ашиглах тээврийн хэрэгслийг түр байрлуулах зорилгоор төлбөр төлж, зогсоолыг ашиглаж байсан. Гэтэл улсын байцаагчид уг зардлын зориулалтыг анхаарч үзэлгүй, нотлох баримтад тулгуурлахгүйгээр энэхүү авто зогсоолыг хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан үйлчилгээ хэмээн таамаглаж шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.

Тус компани Н ХХК-иас 2016 онд нийтдээ 2 удаагийн буюу 4, 9 дүгээр сард худалдан авалт хийсэн бөгөөд үүнээс 2016 оны 4 дүгээр сард хийсэн 173,858 төгрөгийн худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын хасалтад оруулаагүй. Харин тус компани нь Н ХХК-иас 2016 оны 9 дүгээр сард нийтийг хамарсан сурталчилгааны арга хэмжээ зохион байгуулахад буюу байгууллагын үндсэн үйл ажиллагааг эрхлэхэд шаардлагатай их хэмжээний нэг удаагийн аяга, салфетка худалдан авч 369,682 төгрөгийг төлсөн ба анхан шатны баримтыг татварын байцаагч нарт эх хувиар нь өгсөн.

Мөн хяналт шалгалтын үед нэхэмжлэгч компаниас шалгалтад хамаарах хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын жагсаалтыг хүснэгтээр гаргаж өгсөн бөгөөд гэтэл тус хүснэгт дэх 10,558,961.60 төгрөгийн худалдан авалтыг бүхэлд нь хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулсан худалдан авалт гэж үзсэн нь байцаагч нарт огт баримтад хяналт, шалгалт хийлгүй, таамгаар зөрчил гаргасан гэж үзсэн байгааг тод харуулж байна.

Түүнчлэн М ХХК-иас 2016 онд ямар нэгэн худалдан авалт хийгээгүй. Компанийн зүгээс татварын байцаагч нарт хандан М ХХК-иас 2016 онд хийгдсэн гэх худалдан авалтын чухам ямар баримт, бүртгэлд үндэслэж энэхүү үйл баримтыг тогтоосон талаар тайлбарлахыг хүсэхэд тэд хариу өгөхөөс татгалзсан байдаг. Иймд татварын байцаагчид нотлох баримтад үндэслэлгүйгээр шийтгэл ногдуулсан гэж үзэхээр байна.

Б ХХК нь Ч ХХК-тай түрээсийн гэрээний дагуу байр түрээсэлсэн нь АНУ-ын иргэн Б-тай компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангуулахаар тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээний дагуу тус иргэнийг орон байраар хангахаар болсон. Иймээс хөдөлмөрийн гэрээний дагуу байрны төлбөрийг компаниас төлсөн нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.9-д заасны дагуу Б ХХК-ийн байгуулсан түрээсийн гэрээний дагуу төлсөн төлбөрийг хасагдах зардлаар бүртгэсэн нь хууль зөрчөөгүй болно.

Б ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Ю ХХК-тай зар сурталчилгаа, маркетингийн үйл ажиллагааны чиглэлээр хамтарч ажиллах, үйлчилгээ авах зорилгоор 43,104,364.50 төгрөгийн үнэтэй Үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээт ажлын хүрээнд Ю ХХК-иас хүсэлт гаргасны дагуу 10,000,000 төгрөгийн төлбөрийг Улаанбаатар марафон-2016 гүйлтийн арга хэмжээний зардал болгож Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хороонд шилжүүлсэн.

Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хороо нь энэ төлбөрийг хүлээн авч Улаанбаатар марафон-2016 гүйлтийн арга хэмжээний зардлыг санхүүжүүлсэн талаараа 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1/216 дугаар албан тоотоор баталгаажуулсан болно. Энэ зардал нь хандив бус Б ХХК болон Ю ХХК-ийн хооронд хийсэн Үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний төлбөр мөн тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.9-д заасны дагуу хасагдах зардалд хамаарах юм.

Байцаагч нарын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 351730077 дугаар  шийтгэлийн хуудас оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 6.1.2-т зааснаар хяналт, шалгалтыг ажлыг 5 хоногийн дотор явуулж хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн шийтгэлийн хуудсыг гаргах ёстой. Харин байцаагч нар хяналт, шалгалтыг 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр эхлүүлж, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хяналт шалгалтыг хийсэн атлаа хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас гаргасан байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зөрчсөн шийдвэрийг гаргасан байна. 

Үүнээс үзэхэд Б ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг зөрчсөн эсэх нь тогтоогдоогүй байхад болон Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг зөрчиж шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй юм.

Иймд Ч дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Э.Н, Б.Б нарын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 351730077 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү. гэв.

Хариуцагч нараас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Э.Н, Б.Б нар тус компанийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн алдагдал баталгаажуулах хүсэлт, Татварын ерөнхий газрын даргын Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, татварын хяналт шалгалт хийх 35170900410 тоот томилолтын дагуу, улсын бүртгэлийн 9019035117 дугаартай, 5201632 тоот регистрийн дугаартай Б ХХК-ийн 2016 оны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд, санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, хөндлөнгийн мэдээлэл зэрэг баримт материалд үндэслэн татварын хяналт шалгалт хийсэн. Татварын хяналт шалгалтаар нийт 78,558,961.60 төгрөгийн зөрчил илэрсэн. Үүнд:

1.         Б ХХК нь Ч ХХК-иас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Бэлла виста  тоот байрыг орон сууцны зориулалтаар буюу уг компанийн үүсгэн байгуулагч, захирал АНУ-ын иргэн M амьдран суух зориулалтаар түрээслэж /тус хаягт Монгол Улсад түр оршин суух хаягийн бүртгэлтэй/, түрээсийн төлбөр  58,000,000 төгрөг төлсөн зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд албан татвар ногдох орлогоос хасагдах зардлаар бүртгэж, албан татвар ногдуулах орлогыг бууруулсан.

Мөн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б ХХК-ийн бэлэн мөнгөний зарлагын баримтад тусгаснаар Нийслэлийн биеийн тамир спортын газарт Улаанбаатар марафон-2016 гүйлтийн арга хэмжээнд 10,000,000 төгрөгийн дүнтэй, төлбөрийн зориулалт хэсэгт Sponsorship fee буюу хандивын төлбөр утгатайгаар зардал гаргаж аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд албан татвар ногдох орлогоос хасагдах зардлаар бүртгэсэн нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулиар зөвшөөрсөн хасагдах зардлын ангилалд ороогүй байна.

2.            Б ХХК-ийн тайлагнаснаар хяналт шалгалтад хамрагдах хугацаанд нийт 174,466,948.51 төгрөгийн бараа үйлчилгээ худалдан авч, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн хавсралт мэдээ болох нэмэгдсэн өртгийн албан татварын падааны мэдээ хэсэгт жагсаалтаар оруулсан байна. Үүнээс орон сууцны зориулалттай байрны зогсоолын төлбөрт 7,390,909.12 төгрөг, Н ХХК, М ХХК зэрэг компаниудаас 3,168,052.49 төгрөгөөр оффисын хангамжийн материал худалдан авсан /худалдан авалтын зориулалтыг тус компанийн нягтлан Б.О-эс тодруулж жагсаалт үйлдсэн/ нийт 10,558,961.60 төгрөгийн үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай бус эцсийн хэрэглээний худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаж албан татварын хасалт хийсэн.

Иймд татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчил нь нотлох баримтаар нотлогдсон гэж үзэж 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зөрчил илрүүлсэн тухай тэмдэглэл үйлдэж тус компанийн менежер Б.Ж, нягтлан бодогч Б.О нарт танилцуулж 351730077 тоот шийтгэлийн хуудас үйлдсэн гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

 Б ХХК-иас Ч дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Э.Н, Б.Б нарт холбогдуулан гаргасан Ч дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Э.Н, Б.Б нарын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 351730077 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Сонгогдсон иргэдийн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин хэргийн оролцогчийн аль нэг нь зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна. гэж зааснаар хэргийн оролцогч нарын зөвшөөрснөөр шүүх хуралдааныг иргэдийн төлөөлөгчийн эзгүйд явуулж, хэргийг хянан шийдвэрлэв.

Ч дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Э.Н, Б.Б нарын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 351730077 дугаар шийтгэлийн хуудсаар 2016 онд Ч ХХК-иас орон сууцны зориулалтаар түрээслэсэн байрны зогсоолын төлбөрт 7,390,909.12 төгрөг, Н ХХК, М ХХК зэрэг компаниудаас 3,168,052.49 төгрөгийн нийт 10,558,961.60 төгрөгийн бараа, үйчилгээг тайланд тусгаж хасалт хийсэн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.2-т заасныг зөрчсөн гэж, мөн 2016 онд Ч ХХК-иас орон сууцны зориулалтаар түрээслэсэн 58,000,000 төгрөгийн зардал, Нийслэлийн Биеийн тамир спортын газарт Улаанбаатар марафон-2016 гүйлтийн арга хэмжээнд 10,000,000 төгрөгийн хандивийн зардал, нийт 68,000,000 төгрөгийн зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд албан татвар ногдох орлогоос хасагдах зардлаар бүртгэж албан татвар ногдох орлогыг бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2006 оны/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэж нийт 78,558,961.60 төгрөгийн зөрчилд 4,244,414.60 төгрөгийн нөхөн татвар, 1,220,847.90 төгрөгийн торгууль, 527,744.20 төгрөгийн алданги, нийт 5,993,006.70 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

Б ХХК-иас шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гомдол гаргасныг Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 104 дүгээр тогтоолоор ажилчдын хэрэгцээнд зориулан худалдан авсан бараа, ажил үйлчилгээний худалдан авалтад хассан 10,558,961.60 зөрчлөөс 336,074.20 төгрөгийн зөрчилд ногдуулсан 2,688.60 төгрөгийн торгууль, 1,424.96 төгрөгийн алданги, нийт 37,721.01 төгрөгийг хүчингүй болгож, 78,222,887.07 зөрчилд ногдуулсан 4,035,885.45 төгрөгийн нөхөн татвар, 1,218,159.30 төгрөгийн торгууль, 516,329.14 төгрөгийн алданги нийт 5,780,363.99 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Гомдол гаргагчаас орон сууц болон авто зогсоолыг хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийн дагуу хуулийн этгээдээс түрээсэлсэн, бараа бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор Нийслэлийн Биеийн тамир, спортын хороотой хамтарч ажилласан, мөн ажилчид болон ажлын хэрэгцээнд бараа бүтээгдэхүүн худалдаж авсан байхад үндэслэлгүй шийтгэл ногдуулсан гэж, хариуцагчаас орон сууц болон авто зогсоол нь хувийн хэрэгцээнд зориулагдсан, хандив болон худалдан авалтууд нь хуулиар зөвшөөрсөн хасагдах зардлын ангилалд хамаарахгүй гэж тус тус мэтгэлцэж байна. 

1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2006 оны/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Дараахь зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно: гээд тус тусын хасагдах татварыг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй гэж  нэмэгдсэн өртгийн албан татварын хасахгүй төрлийг тус тус заажээ.

Нэхэмжлэгч компани АНУ-ын иргэн Б-тэй 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг гэрээний үүргийн дагуу Ч ХХК-тай орон сууц, авто зогсоолыг ажлын хэрэгцээнд түрээслэх гэрээ байгуулсан гэж тайлбарлаж буй хэдий ч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.2-т хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2006 оны/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-д түрээсийн төлбөр; гэж зааснаас дүгнэхэд 2016 онд Ч ХХК-иас түрээсэлсэн орон сууц, авто зогсоолын түрээсийн төлбөрийг нэмэгдсэн өртгийн албан татварын болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хасагдах зардлаар бүртгэсэн нь хуульд нийцээгүй байна.

Учир нь нэхэмжлэгч нь Ч дүүрэг,  дугаар хороо, Б,  тоотод бүртгэлтэй байх бөгөөд тухайн орон сууц, авто зогсоолыг албан ажлын хэрэгцээнд /ажлын байрны зориулалтаар/ бус түрээсийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу тухайн хуулийн этгээдийн гүйцэтгэх захирлын амьдрах зориулалтаар түрээсэлсэн байх бөгөөд энэ нь тус компаний үндсэн үйл ажиллагааны зардалд хамаарахгүй тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2006 оны/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь хэсэгт тус тус заасан нэмэгдсэн өртгийн албан татвар болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хасагдахгүй зардал гэж үзсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна.

2.Мөн нэхэмжлэгчийн цахимаар тайлагнасан 2016 оны 01 дүгээр сарын 16-аас 2016 оны 12 дугаар сарын 16-ны хороонд нэр бүхий хуулийн этгээдүүдээс хийсэн худалдан авалтаас хасахгүй худалдан авалтыг хүснэгтээр гаргасан байх бөгөөд Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 104 дүгээр тогтоолоор тус хүснэгтэд дурдсан худалдан авалтаас Н ХХК-иас 2016 оны 09 дүгээр сарын 23-26-ны өдрүүдэд сурталчилгааны арга хэмжээнд зориулж худалдан авсан нэг удаагийн аяга, салфетка зэргийн 336,074.20 төгрөгийн зөрчилд ногдуулсан 2,688.60 төгрөгийн торгууль, 1,424.96 төгрөгийн алданги, нийт 37,721.01 төгрөгийг хүчингүй болгосон болон кофе, кофены сүү, жигнэмэг, сүү, тараг, цөцгийн тос, зэрэг худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын хасагдахгүй зардал гэж үзсэн хариуцагчийн шийдвэр нь хуульд нийцжээ.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог;, 13 дугаар зүйлийн 13.1-д Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно., 13.7-д Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно., 14 дүгээр зүйлийн 14.3-д Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг дараах дарааллаар гүйцэтгэнэ: 14.3.1.анхан шатны баримт бүрдүүлэх; ... гэж заажээ.

Нэхэмжлэгч Б ХХК 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Ю ХХК-тай Үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Биеийн тамир, спортын газарт Улаанбаатар марафон 2016 ивээн тэтгэгчийн төлбөр утгатайгаар шилжүүлсэн 10,000,000 төгрөгийн төлбөрийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2006 оны/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.9-д бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлс; гэж заасан хасагдах зардал гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь нэхэмжлэгч компани Ю ХХК-д үйлчилгээ үзүүлэхээр гэрээ байгуулсан бөгөөд Б ХХК Нийслэлийн Биеийн тамир, спортын газраар ямар ажил, үйлчилгээ гүйцэтгүүлсэн нь анхан шатны баримтаар нотлогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч дээрх зөрчилд холбогдох анхан шатны баримт бүрдүүлэх үүрэгтэй юм.

3.Хариуцагч татварын улсын байцаагч нар нэхэмжлэгч компанид хийхээр батлагдсан 35170900410 дугаар татварын хяналт шалгалт хийх томилолтын хугацаа сунгуулах хүсэлтээ гаргасныг үндэслэн томилолтын хугацааг сунгасан байна. 

Татварын ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлйин 1.1-д Энэ хуулийн зорилт нь Монгол Улсад татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хянан шалгах, хураах эрх зүйн үндсийг тогтоож, татвар төлөгч болон татварын албаны эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлон тэдгээрийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино. гэж заасан бөгөөд татварын хяналт шалгалт хийхтэй холбоотой харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хууль нь Татварын ерөнхий хууль байх тул хариуцагч нарыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан 5 хоногийн дотор шийдвэрлэх байсан гэж буруутгах үндэслэлгүй юм.

Иймд маргаан бүхий захиргааны актыг Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 104 дүгээр тогтоолоор орсон өөрчлөлт 78,222,887.07 төгрөгийн зөрчлөөс гомдол гаргагчийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Биеийн тамир, спортын газарт шилжүүлсэн 10,000,000 төгрөгийн зөрчлийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д зааснаар хасч үлдэх 68,222,887.07 төгрөгийн зөрчлөөс тайлангийн үеийн алдагдал 36,114,816.57 төгрөгийг бууруулж, үлдэх 32,108,070.6 төгрөгийн зөрчилд 3210807.06 төгрөгийн нөхөн татвар, 963242.12 төгрөгийн торгууль, 390,113.08 төгрөгийн алданги, нийт 4,564,162.25 төгрөгийг төлүүлэхээр өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамжийг илүү төлсөн байх тул илүү төлсөн 40,638 /дөчин мянга зургаан зуун гучин найман/ төгрөгийг гомдол гаргагчид буцаан олгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2006 оны/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.7 дахть хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч Б ХХК-иас Ч дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Э.Н, Б.Б нарт холбогдуулан гаргасан Ч дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Э.Н, Б.Б нарын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 351730077 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт тус тус зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 40,638 /дөчин мянга зургаан зуун гучин найман/ төгрөгийг гомдол гаргагчид буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.ДАМДИНСҮРЭН

ШҮҮГЧ С.ГАНБАТ

ШҮҮГЧ М.БАТЗОРИГ