Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 154

 

МАГАДЛАЛ

 

2018.01.10                                                     Дугаар 154                               Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

“Э С Э Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2017/02399 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Э С Э Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Т” ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 3 306 511,354 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

1 078 363,100 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Н,

Хариуцагчийн өмгөөлөгч: П.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: “БНСУ-ын иргэн К Х Ж /K H J/ би 2009 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1 дүгээр шийдвэрээр гадаадын хөрөнгө оруулалттай, “Э С Э Э” ХХК-ийг үүсгэн байгуулж гадаад худалдаа, бетон зуурмагийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа амжилттай явуулж ирсэн. Тус компанийн ерөнхий захирал К Х Ж би 2007 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 017 дугаар тушаалаар Д.Д-ийг компанийн ерөнхий менежерийн ажилд авч хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд 2008 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 001//009 дүгээр тушаалаар “Э С Э Э” ХХК-ийн ерөнхий захирлаар томилж компанийн өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн явуулах үүрэг хариуцуулсан...” “Т” ХХК нь “Э С Э Э” ХХК-ийн GBR/120m3/ Hr маркийн бетон зуурмагийн 01 дүгээр үйлдвэрийг түрээслэн ажиллуулах, ийнхүү ажиллуулснаас олсон борлуулалтын орлогын 20 хувийг түрээслүүлэгч компанид шилжүүлж байхаар харилцан тохирч 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 009/001 дугаар “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан юм. Хамтран ажиллах 009/001 дугаар гэрээний хугацаа дуусмагц “Э С Э Э” ХХК болон “Т З” ХХК-ийн хооронд 2010 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийн 010/001 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-г дахин байгуулж 5 жилийн хугацаатайгаар 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатайгаар өмнөх гэрээтэй ижил нөхцлөөр байгуулан ажилласан. Гэтэл 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Д.Д бид ажил төрлөөс болж маргалдан Д.Д нь “Т” ХХК-д холбогдох санхүүгийн тайлан, баримт, тамга тэмдэг зэргийг бүгдийг авч явсан. “Э С Э Э”     ХХК нь “Т” ХХК-ийн нэрээр үйл ажиллагаа явуулж байсан тул “Э С Э Э” ХХК-ийн бүхий л орлого, бусдаас авах өр төлбөр зэргийг “Т” ХХК-ийн данс, кассаар хүлээн авч байсан бөгөөд харилцагч компаниудаас шилжүүлсэн ихээхэн хэмжээний төлбөрийн мөнгийг хариуцагч компанийн данс, кассаар орж ашиглагдсан. Иймд “Т” ХХК-иас 2009 оны 009/001, 2010 оны 010/001 дугаар “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу борлуулалтын орлогын 20 хувиар тооцон нэхэмжлэл гаргаж байгаа юм. Урьд нь гэрээнд заасны дагуу алданги, гэрээний үлдэгдэл төлбөр нийт 3 306 511,354 төгрөг нэхэмжилсэн. Харин шинжээчийн 120 дүгнэлттэй холбогдуулж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж одоо зөвхөн түрээсийн төлбөрийн үлдэгдэл буюу “Т” ХХК-тай байгуулсан 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 009/001 дугаартай хамтран ажиллах гэрээ, 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 010/001 дугаартай хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгчид төлөх борлуулалтын орлогын 20 хувийн төлбөрийн үлдэгдэл 392 041 562 төгрөгийг хариуцагч “Т” ХХК-аас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч “Э С Э Э” ХХК-тай 2009 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 009/001 тоот “Хамтран ажиллах гэрээ”, мөн 2010 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 010/001 тоот “хамтран ажиллах гэрээ”-г байгуулж, хамтран ажилласан. Гэрээний гол нөхцөл нь “Э С Э Э” ХХК нь өөрийн эзэмшлийн GBR/120m3/Hr маркийн бетон зуурмагийн 1 дүгээр үйлдвэрийг “Т” ХХК-д түрээслүүлэх, түрээсийн төлбөртөө “Т” ХХК-ийн үйлдвэрлэсэн бетон зуурмагийн борлуулалтын орлогоос 20 хувийг “Э С Э Э” ХХК-д төлж байх үүргийг талууд хүлээсэн. “Т” ХХК гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу төлбөрөө цаг тухайд нь төлж байсан боловч “Э С Э Э” ХХК-ийн захирал К Х Ж шалтгаангүйгээр гэнэт 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “Т” ХХК-ийн ажилчдыг хөөн гаргасан. Нэхэмжлэгч нь анх шүүхэд гэрээний үүрэгт 3 306 511,354 төгрөг нэхэмжилсэн боловч сүүлийн шинжээчийн дүгнэлттэй холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж гэрээний үлдэгдэл төлбөр 392 041 562 төгрөг нэхэмжилсэн байна. Хариуцагч тал гэрээний үлдэгдэл төлбөр 392 041 562 төгрөг болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлтийн талаар маргахгүй. Харин энэ төлбөрийг нэхэмжлэгч “Э С Э Э” ХХК-д үндэслэлгүйгээр түрээсийн төлбөрт илүү төлсөн хэсгээс хасч тооцсон гэж үзэж байгаа гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Гэрээний дагуу үйл ажиллагаа хэвийн явагдаж байтал 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “Э С Э Э” ХХК-ийн зүгээс “Т” ХХК-ийг ажиллуулахгүй гэж хөөж гаргасан. Гэрээний хугацаанд дараахи мөнгө болон эд хөрөнгийг "Э С Э Э" ХХК нь түрээсийн төлбөрт авах ёстой дүнгээс илүү гарган "Т" ХХК-иас авч үндэслэлгүй хөрөнгөжсөн тул илүү төлсөн мөнгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд, "Т" ХХК-ийн захирал Д.Д нь 2011 оны 7 сард бага хүүгээ төрүүлсэн бөгөөд ирэн очин ажлаа хийж байсан ба энэ хугацаанд хамтран ажиллагч К Х Ж-д өөрийн "Т" ХХК-ийн ажлыг хариуцуулан үлдээсэн байсан. Энэ хугацаанд К Х Ж нь тус компанийн санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой гүйлгээг өөрт ойлгомжтой байлгах үүднээс, "орсон-гарсан" гүйлгээний утгыг Монгол-Солонгос хэл дээр үйлдүүлж орлого, зарлагыг хянан, гарын үсэг зурж баталгаажуулан 28 хуудас бүхий кассын дэвтэр хөтлүүлж байсан байдаг. Энэ дэвтэрт авагдсан баримтаар К Х Ж нь нийт 65,000 ам доллар буюу тухайн үеийн ханшаар 856 831 340 төгрөг, төгрөгөөр 56 433 017 төгрөг, нийт 913 274 357 төгрөгийг авсан болохоо баталгаажуулан гарын үсэг зурсан байсан. Мөн энэ дэвтэрт хянасан, шалгасан гэсэн хэсэгт зурагдсан гарын үсэг нь К Х Ж-х мөн болохыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 1368 тоот Шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. К Х Ж нь өөрөө гарын үсэг зурж хүлээн авсан мөнгөө аваагүй гэж маргаж олон жил намайг хохироосон. Иймд түүнээс Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 913 274 357 төгрөгийг гаргуулах.

56 443 017 төгрөгийг өгсөн талаар, 2011 оны 07 дугаар сарын 08-нд бэлнээр           7 624 180 төгрөг, 2012 оны 04 дүгээр сарын 17-нд гаалийн татвараа төлнө гэж "Э С Э Э" ХХК-ийн захирал К Х Ж 7 150 837 төгрөг, 2012 оны 07 дугаар сарын 01-нд мкд каргонд төлнө гэж "Э С Э Э" ХХК-ийн захирал К Х Ж 1 828 000 төгрөг, 2012 оны 06 дугаар сарын 12-нд "Э С Э Э" ХХК-ийн захирал К Х Ж 300 000 төгрөг, 2012 оны 07 дугаар сарын 09-нд "Э С Э Э" ХХК-ийн захирал К Х Ж 3 000 000 төгрөг, 2012 оны 07 дугаар сарын 01-нд "Э С Э Э" ХХК-ийн захирал К Х Ж 300 000 төгрөг, 2011 оны 09 дүгээр сарын 09-нд түрээсийн тооцоонд ХАОАТ-т 3 000 000 төгрөг /14 дахь хуудсанд 120 тоот дүгнэлтийн 3-р хавсралтын 183-д байгаа 2011 оны 09 дүгээр сарын 09-ний түрээсийн тооцоонд, ХАОАТ 3 000 000 төгрөгийг авсан гэснээ хянан "Э С Э Э" XXК-ийн захирал К Х Ж гарын үсэг зурж баталгаажуулсан байна. 2012 оны 01 дүгээр сарын 24-ний "Э С Э Э" ХХК-ийн захирал К Х Ж 20 000 000 төгрөг, 2011 оны 11 дүгээр сарын 06-нд "Э С Э Э" ХХК-ийн захирал К Х Ж 13 240 000 төгрөг, 1 дүгээр баримтаар "Э С Э Э" ХХК-ийн захирал К Х Ж нь "Т" ХХК-иас нийт 659 000 ам доллар буюу тухайн үеийн ханшаар 856 831 340 төгрөг, төгрөгөөр 56 443 017 төгрөг, нийт 913 274 357 төгрөгийг авсан нь нотлогдсон гэж үзэж байна. Учир нь энэ баримт нь Монгол Солонгос хэл дээр үйлдэгдсэн байх ба хянасан гэсэн хэсэгт К К Ж болон кассын нярав ч мөн гарын үсэг зурсан байсан. Хэрэв энэ мөнгийг аваагүй байсан бол К Х Ж нь уг баримтыг хянаж шалгасан хүний хувьд гарын үсэг зурахгүй байх бүрэн боломж өөрт нь байсан.

335 934 900 төгрөг гаргуулах талаар, "Э С Э Э" ХХК нь 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хамтран ажиллах гэрээний хугацаа дуусаагүй байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээг гэнэт цуцлаж, “Т" ХХК-ийг ажилчидтай хамт хөөн гаргасан. Энэ үед "Т" ХХК-ийн түүхий эд болон үндсэн хөрөнгөндөө худалдан авсан бүх эд хөрөнгүүд нь "Э С Э Э” ХХК-ийн мэдэлд буюу үйлдвэрийн хашаа болон конторын барилгад үлдсэн. Үүнийгээ өнөөдрийг хүртэл буцаан авч чадаагүй. Ингээд "Т" ХХК нь цагдаад өгч шалгуулсны үндсэн дээр УМБГ-ын эрүүгийн 201201011744 тоот хэрэгт битүүмжилсэн хөрөнгөнд шинжилгээ хийлгэх 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр УМБГ-ын хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч цагдаагийн ахмад О.О, “И э” ХХК-ийг шинжээчээр томилж, "Э С Э Э" ХХК-ийн байранд очиж үзлэг хийн, талуудын өмгөөлөгчдийг байлцуулан, "Т" ХХК-ийн түүхий эд болон үндсэн хөрөнгүүдийг газар дээр нь очиж шалган, санхүүгийн анхан шатны баримтаар нь тулган бүртгэж нийт 135 934 900 төгрөгний түүхий эд материал, үндсэн хөрөнгө нь "Э С Э Э" ХХК-ийн үйлдвэрийн хашаанд болон конторт үлдсэн болохыг тогтоож дүгнэлт гаргасан. Гэтэл нэхэмжлэгч тал үүнээс зөвхөн элс, хайргатай холбоотой 85 098 000 төгрөгийг зөвшөөрсөн үлдэх хэсгийг нь өөрийн компанийн үндсэн хөрөнгө гэж худал төөрөгдүүлж байна. Иймд 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “Э С Э Э” ХХК нь өөрийн үйлдвэрийн байрнаасаа “Т” ХХК-ийг хөөж гаргахдаа авч үлдэж өдий хүртэл өгөхгүй байгаа элс, хайрга болон пүү, ширээ сандал, эйркондейшн, компьютер, сэйф, зэрэг эд хөрөнгө, гэх мэт “Э С Э Э” ХХК-ийн зам талбай бетондсон, агуулах, манаачийн байр, блокон хашаа бариулсаны үнэ нийт 335 934 900 төгрөг гаргуулах.

“Э С Э Э” ХХК-ийн татваруудыг төлсөн 221 195 413 төгрөгийг гаргуулах. ШШҮХ-ийн эдийн засгийн шинжээч нарын 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 120 тоот дүгнэлтээр “Т" ХХК-ийн “Э С Э Э” ХХК-д төлсөн 1 055 579,944 төгрөг 1 983 686,664 төгрөг нийт 3 039 266,608 төгрөгийн дүнд 221 195 413 төгрөг ороогүй болох нь батлагдсан. 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 120 тоот шинжээчийн дүгнэлтийн хавсралт 3-н 162-176 дугаар талд байгаа. Энэхүү 221 195 413 төгрөгийг "Т" ХХК нь өөрийн орлогоосоо гарган, "Э С Э Э" ХХК-ийн өмнөөс бусдад төлөх ёстой төлбөр, улсад төлөх ёстой татваруудад нь төлсөн юм. Учир нь "Э С Э Э" ХХК-д "Т" ХХК нь гэрээний дагуу түрээсийн төлбөр төлдөг байсан тул, тус компанийн төлөх ёстой төлбөр, татваруудыг өмнөөс нь төлөөд, дараа нь түрээсийн төлбөрийн тооцоондоо оруулж тооцох зарчмаар хамтран ажилладаг байсан. Гэтэл "Э С Э Э" ХХК нь бидний хооронд ажил хэргийн хүрээнд тогтсон дээрх зарчмыг, өөртөө хууль бусаар ашиглан, манай "Т" ХХК-иар төлүүлсэн 221 195 413 төгрөгийг өөрөө төлсөн хэмээн балансандаа давхардуулан бүртгэж, гэрээний дагуу авах ёстой дүнгээсээ илүү гаргаж авсан болно. Иймд 221 195 413 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

Энэ мөнгийг "Э С Э Э" ХХК нь "Т" ХХК-иас илүү авсан болох нь 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 1368 тоот Шинжээчийн дүгнэлтээр К Х Ж-н гарын үсэг болох нь тогтоогдсон 28 хуудас кассын тайланд тусгагдсан байдлаар тогтоогдож байгаа. Ингээд 913 274 357 төгрөгийг К Х Ж нь Д.Д-ийг эзгүйг далимдуулан санхүүгийн тайлан балансанд нь тусгуулалгүйгээр үндэслэлгүйгээр авсан болох нь түүний өөрийнх нь хянаж баталгаажуулсан Монгол-Солонгос хэл дээр үйлдүүлсэн кассын дэвтэр бүхий 28 хуудас баримтаар нотлогдно. Үүнд 335 934 900 төгрөгийг "Э С Э Э" ХХК нь өөртөө авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болохыг мөрдөн байцаагч, шинжээч, 2 талын төлөөлөгчдийг байлцуулан газар дээр нь нэг бүрчлэн үзэж тулган “И Э” ХХК дүгнэлтээрээ гаргасан. 221 195 413 төгрөгийг гаргуулах тухайд 28 хуудас кассын тайлан болон анхан шатны баримтаар нотлогдно. Нэхэмжлэгч нь хариуцагчаас нийт 1 470 404,670 төгрөгийг түрээсийн төлбөрт илүү авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул үүнээс шинжээчийн 120 тоот дүгнэлтээр тогтоогдсон “Э С Э Э” ХХК-нд хариуцагчийн төлөх ёстой 392 041 562 төгрөгийг хасаж, үлдэх 1 078 363,100 төгрөгийг “Э С Э Э” ХХК-иас гаргуулж, “Т” ХХК-нд олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагаас сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “Т” ХХК-иас үндэслэлгүй гомдол гаргаж надад холбогдуулан эрүүгийн хэрэг үндэслэлгүйгээр үүсгэн шалгуулсан бөгөөд “Э С Э Э” ХХК-д төлөх өр төлбөрт харилцан тооцуулах зорилготой арга хэрэглэж байна. Сөрөг нэхэмжлэлээс элс, хайрга, цементийн үнэ 85 098 000 төгрөгийг манай компани хүлээн зөвшөөрч, түрээсийн үлдэгдэл төлбөрөөс хасч тооцож болох бөгөөд “Э С Э Э” ХХК нь шударгаар авсан өгснөө бүртгэн цаг тухай бүрт нь тайлагнаж, авсан бол авсан хэмжээн хүлээн зөвшөөрч ирсэн тул үлдэх хэсгийн тооцоог хүлээн зөвшөөрөхгүй. “Э С Э Э” ХХК нь “Т” ХХК-иас 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 009/001 дугаар “Хамтран ажиллах гэрээ”, 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 010/001 тоот гэрээний дагуу борлуулалтын орлогын 20 хувийг гаргуулахаар шаардаж шүүхэд хандсан ба гэрээний талууд уг байдалд маргадаггүй. Хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн үндэслэлээ “Э С Э Э” ХХК-ийн удирдлагад холбогдох 2013 онд шалгасан гэх эрүүгийн 201201011744 дугаар хэргийн мөрдөн байцаалтын явцад авагдсан гэрчийн мэдүүлэг, үйл ажиллагааны тайланг хянаж байсан гэх санхүүгийн анхан шатны баримтын шаардлага хангахгүй зөвхөн хянасан гэх ойлголтоор нэхэмжлэгч байгууллагын захирлын зурагдсан гэх гарын үсгийг гол нотлох баримт болгосон, нэхэмжлэгч болон хариуцагч компаниуд санхүүгийн анхан шатны баримтын хүрээнд тухайн цаг хугацаанд тооцоо нийлж, тооцооны үлдэгдлээ баталгаажуулаагүй байсан, эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын шатанд гарсан эдийн засгийн шинжээчийн тооцооллыг үндэслэл болгосон гэх боловч эрүү, иргэний хэрэгт авагдсан нотлох баримтууд өөр хоорондоо зөрүүтэй, цаг хугацааны хувьд таарахгүй, талууд харилцан маргаж байсан учраас “Э С Э С” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Т З” ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгчийн захирамжаар шинжээч томилогдон 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 120 дугаар шинжээчийн дүгнэлтээр талуудын хоорондох өглөг, авлагын тооцоог эцсийн байдлаар тооцож гаргасан бөгөөд уг шинжээчийн дүгнэлтийг зохигчид харилцан хүлээн зөвшөөрсөн болно. Иймд дээр дурдсан тайлбарын үндэслэл болоод хэрэгт авагдсан баримтын хүрээнд сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-иас 392 041 562 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э С Э Э” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 914 469 792 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э С Э Э” ХХК-иас 85 098 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-нд олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 993 265 100 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 16 848 468 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 6 017 750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид “Т” ХХК-иас 2 118 157 төгрөг гаргуулж “Э С Э Э” ХХК-нд, сөрөг нэхэмжлэлийн хангасан дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 583 440 төгрөгийг “Э С Э Э” ХХК-иас гаргуулж “Т” ХХК-нд тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Т” ХХК-иас шинжээчийн ажлын хөлс 2 400 000 төгрөгийг гаргуулж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн /Төрийн сан банкин дахь 100900012005 данс/-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг зөв дүгнээгүйгээс ИХШХШТХ-ийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан бичмэл нотлох баримтыг, 43 дугаар зүйлийн 43.1-д заасан гэрчийн мэдүүлэгийг,мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасанд нийцүүлэн үнэлж дүгнээгүй зөрчин шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж байна. Нэг. 913 274 357 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй байгаа хууль зүйн үндэслэл, Нотлох баримт хавтас 2-ын 360-390-р хуудсанд эхийг нотариатаар батлуулсан хуулбар, орчуулсан баримт нь нотлох баримт хавтасны 45-72-р хуудсанд авагдсан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон "Монгол-Солонгос" хэл дээр үйлдэгдсэн 28 хуудас Кассын дэвтэр гэх нотлох баримтыг ШШҮХ-ийн эдийн засгийн шинжээчийн дүгнэлтээр шинжилгээний объектын шаардлагыг хангахгүй баримт гэж дүгнэснийг шүүх үндэслэн нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Шинжээч нь уг баримтыг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7.1-д "Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага нь нягтлан бодох бүртгэлээ Монгол хэлээр явуулна" гэж заасан, знэ баримт нь 2 хэл дээр үйлдэгдсэн учраас шаардлага хангахгүй байна, тиймээс шүүхээрээ шийдвэрлүүл гэж тайлбарлаж өгсөн. Энэхүү баримт нь шүүхийн шинжилгээний объектын шаардлага хангахгүй байж болох хэдий ч энэ нь тухайн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох гол үндэслэл болохгүй.

Учир нь хариуцагч "Т" ХХК нь сөрөг нэхэмжлэлдээ дээрх мөнгийг "Э С Э Э" ХХК нь тайлан балансандаа тусгалгүй, анхан шатны баримт үйлдэлгүйгээр авсан гэдгийг тодорхойлж хэрэгт хамааралтай бусад баримтуудаа өгсөн байсан. Гагцхүү тухайн баримтад "Т" ХХК-ийн кассаар орж ирсэн борлуулалтын орлогоос "Э С Э Э" ХХК-ийн захирал К Х Ж нь нэхэмжлэлд дурьдсан мөнгийг гарган авсныг бүртгэж, хянан баталгаажуулсан үйл баримт нь "Т" ХХК-ийн кассын дэвтэр гэх 28 хуудас бичгийн нотлох баримтад бэхжигдэн үлдсэн" учраас, энэхүү баримтыг нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгосон байсан. Шүүх дээрх баримтыг бусад баримтуудтай харьцуулан шалгаж хэргийн бодит байдлыг тогтоох естой байсан. Уг баримтыг "Э С Э Э" ХХК-ийн захирал К Х Ж нь өөрт ойгомжтой байлгах үүднээс, тухайн үед "Т" ХХК-ийн кассын няраваар ажиллаж байсан В.Ц даалгавар өгч, Монгол-Солонгос хэл дээр хийлгэсэн байдаг бөгөөд үүндээ хэзээ, хаанаас, хэдэн төгрөг "Т" ХХК-д орсон талаарх гүйлгээний утга, уг орлогоос хэзээ, хэн, хэдэн төгрөгийн зарлага гаргасан болохыг нэг бүрчлэн хянаж, харилцан гарын үсгээ зурж баталгаажуулсан байсан. Гэтэл шүүгч уг баримтын хянасан хэсэгт К Х Ж гэж хувь хүн гарын үсэг зурсан нь бодит байдалд гүйлгээ хийгдсэн эсэхийг, цаашлаад "Э С Э Э" ХХК нь хүлээн авсныг нотлохгүй бөгөөд энэ талаар гэрч В.Ц-н мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэсэн байсан. Тухайлбал 28 хуудас баримтад авагдсан гүйлгээний баримтыг нэг бүрчлэн шүүж үзэхэд Э С Э Э" ХХК нь нийтдээ 40 гүйлгээ хийсэн байдаг бөгөөд үүнээс ердөө 14 гүйлгээг зөвшөөрч, үлдэх 36 гүйлгээг зөвшөөрөөгүй. Энэ 14 гүйлгээний дүн нь Шинжээчийн дүгнэлтэнд түрээсийн төлбөрийг төлсөн тооцоонд орж дүгнэгдсэн. Харин 36 гүйлгээний дүнд сөрөг нэхэмжлэлийн шаардлагад орсон 659 000 ам доллар, 56 443 017 төгрөг болон татварт нэхэмжлэгчийн өмнөөс төлсөн 221 195 493 төгрөгийн гүйлгээнүүд багтсан байсан. Зөвшөөрсөн 14 гүйлгээний дүнг үзэхэд 370 974 865 төгрөг байх ба үүнээс үзэхэд "Э С Э Э" ХХК нь зөвхөн бага дүнтэй гүйлгээнүүдийг түрээсийн төлбөрт тооцож, том дүнтэйг нь үндэслэлгүйгээр хассан байсан. Шүүх хариуцагчийн энэхүү тайлбарт ямарч дүгнэлт хийгээгүй. Талуудын хооронд Түрээсийн гэрээний харилцаа үүссэн. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д "түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ажиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэж заасан байдаг. Гэтэл "Э С Э Э" ХХК нь хууль болон гэрээнд заасан хэмжээний төлбөрөө хариуцагчаас бүрэн авсан атал, "Т" ХХК-ийн захирал Д.Д-н эзгүй байсныг ашиглаж, илүү мөнгийг гарган авч "Т" ХХК-ийг хохироосон тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хохирлоо арилгуулахыг шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй байсан.

Хоёр. 221 195 413 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа хууль зүйн үндэслэл, Хариуцагч "Т" ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ 221 195 413 төгрөгийг шаардаж буй үндэслэл, түүнийгээ нотлосон бичгийн баримтуудыг шүүхэд баримтаар өгсөн. Энэ мөнгөн дүнг "Э С Э Э" ХХК болон "Т" ХХК нь тус тусын тайлан, балансандаа тусгасан нь шинжээчийн дүгнэлтэнд давхардсан гэдгээр дүгнэгдэн "Т" ХХК-ийн сөрөг нэхэмжлэлээр шаардсан авлагаас хасагдаж тооцогдсон байдаг.

Шүүхийн шийдвэрийн үндэслэлд ААНОАТТХ-иин 5 дугаар зүйлийн 1-д зааснаар "....албан татвар төлөх нь аливаа хуулийн этгээдийн үүрэг юм." гэсэн байсан. Гэхдээ хуульд заасан энэхүү үүргийг биелүүлсэн гэх мөнгөний эх үүсвэр нь "Э С Э Э" ХХК-иас бус, талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээг хэрэгжүүлэхэд, тэдний хооронд ажил хэргийн хүрээнд тогтсон заншил ёсоор "Э С Э Э" ХХК-ийн гарах бүхий л төрлийн шаардлагатай зардлуудыг, "Т" ХХК нь өмнөөс нь борлуулалтын орлогоосоо төлдөг байсныхаа дагуу 221 195 413 төгрөгийг ч мөн төлсөн тул энэхүү илүү төлсөн мөнгөө гаргуулах шаардлага гаргасан. "Т" ХХК-иас дээрх шаардлага нотолсон дараах баримтуудыг шүүхэд өгсөн нь хавтас хэргийн дараах хуудсуудад авагдсан болно. Нотлох баримт-2 хавтасны 360-390 /орчуулга нь нотлох баримт-1 хавтасны 45-72/ -д "Э С Э Э" ХХК-ийн захирал К Х Ж болон "Т" ХХК-ийн тооцооны нярав В.Ц нарын гарын үсэг бүхий Монгол-Солонгос хэл дээрх "Т" ХХК-ийн кассын дэвтэр гэх 28 хуудас баримтанд нийт 166 021 113 төгрөгний татварын мөнгийг "Э С Э Э" ХХК-ийн захирал авсан гэсэн гүйлгээг хянан, гарын үсгээ зурсан байсан. Үлдэх 55 174 300 төгрөгний баримт нь хэргийн 1-р хавтас 114, 131-135, 200, 203, 4-р хавтас, Нотлох баримт хавтасны 138-139-д авагдсан байдаг. Гэтэл дээрх нотлох баримтууд хэрэгт байхад, үүнийг үндэслэлгүйгээр үгүйсгэж, "талууд түрээсийн төлбөрийг борлуулалтын орлогын тодорхой хувиар төлөхөөс өөр нөхцлөөр түрээсийн төлбөр төлөх талаар тохиролцоогүй" гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Гурав. 335 934 900 төгрөгийн нэхэмжлэлээс 85 098 000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа хууль зуйн үндэслэл, "Т З" ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан "Худалдах худалдан авах гэрээ"-ээр өөрийн компанидаа "И э" ХХК-ийн 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн үнэлгээний тайланд тусгагдсан 70 нэр төрлийн эд зүйлсийг худалдан авсан бөгөөд эдгээр хөрөнгийн үнэлгээг Засгийн газрын 2005 оны 233 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцоход баримтлах хугацаа, жилд байгуулах элэгдлийн хэмжээг тогтоох тухай" журмыг үндэслэж нийт 86 286 290 төгрөгний үндсэн хөрөнгө байна гэж дүгнэсэн "И э" ХХК-ийн үнэлгээчний гаргасан дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлсон бөгөөд дээрх хөрөнгийг худалдан авснаа нотолсон анхан шатны бүх баримтыг нотариатаар батлуулж шүүхэд өгсөн байсан. Мөн "Т" ХХК нь "Э С Э Э" ХХК-ийн үйлдвэрийг түрээслэх хугацаандаа блокон хашаа барих, үйлдвэрийн зам талбайг бетондох харуулын байр, тамбар, төмөр хаалга, 2 ширхэг контэйнер авч байрлуулсан зэрэгт нийт 138 843 700 төгрөг, агуулахын дээврийг засварлаж өгөхөд 7 307 500 төгрөг, төмөр замын гарам барьж өгөхөд 18 399 500 төгрөг, бүгд 164 550 700 төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн байсан. Энэхүү хөрөнгө оруулалтын ажлыг хийсэн гүйцэтгэгч талтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, тэдэнд төлсөн ажлын хөлсний анхан шатны баримтууд гээд шаардлагатай бүхий л баримтуудыг шүүхэд өгсөн байсан. Түүнчлэн хэрэгт авагдсан эрүүгийн хэргийн архивын баримтууд, “И э” ХХК-ийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтаар нэхэмжлэлээр шаардсан эд хөрөнгө, заасан сайжруулалтын ажлын зардал мөнгийг "Т" ХХК гаргасан болохыг, мөн эдгээр нь "Э С Э Э" ХХК-ийн үйлдвэрийн байранд үлдэж хоцорсон болохыг давхар нотолсон баримт байсан. Эдгээр нотлох баримтууд нь 1 дүгээр хавтас 83-84, 118, 204, 206-221 дүгээр хуудсууд болон мөн хамгийн сүүлд 335 934 900 төгрөгийн анхан шатны баримтуудыг нэг хавтас болгож нотлох баримтаар шүүх өгсөн.

Тодруулбал, 4-р хавтаст авагдсан 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “И э” ХХК-ийн дүгнэлтэд ".үнэлүүлж буй объекттой газар дээр нь ямар байдалтай байгааг нь нарийвчлан танилцаж, үзлэг хэмжилт судалгааг хийсэн болно. Танилцах явцдаа "Э С Э Э" ХХК-ийг төлөөлж үйлдвэр хариуцсан менежер М, "Т" ХХК-ийг төлөөлж тооцооны нягтлан бодогч В.Ц, үйлдвэрийн дарга Х зэрэг 2 талын төлөөлөгч, мөрдөн байцаах албаны хүмүүсийг байлцуулан үнэлүүлж буй эд хөрөнгийн ашиглалтын байдал, өнөөгийн болон ирээдүйн төлөвийг сонирхож, хөрөнгийн байдалтай танилцаж, үнэлгээнд зайлшгүй шаардлагатай мэдээлэл олж авсан" гэж, мөн өдөр үйлдсэн мөрдөн байцаагч цагдаагийн ахмад О-н Үзлэг хийсэн тэмдэглэлд "үзлэгээр дулааны 2-р цахилгаан станцын баруун талд байрлах "Э С Э Э" ХХК-ийн үйлдвэрийн хашаа байх бөгөөд..., үзлэгийг цааш "Т З" ХХК-иас гарган өгсөн эд аж ахуйн бүртгэлийн дагуу эд зүйлийг нэг бүрчлэн үзэж "И э" ХХК-ийн мэргэжилтэн нар үнэлгээг тус бүрээр гаргахаар тогтов..." гэсэн нотлох баримтанд тодорхой заасан байсан. Үүгээр сөрөг нэхэмжлэлд дурьдсан эд хөрөнгүүд нэхэмжлэгчийн эзэмшилд байсныг давхар нотолсон байсан. Гэтэл шүүх дүгнэхдээ хариуцагч нь элс, хайрганы 85 098 000 төгрөгийг зөвшөөрсөн гэсэн үндэслэлээр зөвхөн тэр хэсгийг ханган, бусад хэсгийг нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд үндэслэлдээ хариуцагчийг, нэхэмжлэгчид маргаж буй эд хөрөнгүүдээ хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдохгүй, нотлох баримтаар нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь бодит байдлыг гуйвуулсан үндэслэлгүй шийдвэр болсон. Иргэний хуулийн 112 дүгээр зүйлийн 112.1-д "Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ" гэж заасан байна. Иймд хариуцагч нь худалдан авсан эд хөрөнгийн үнийг төлж, эд хөрөнгийг шилжүүлэн авсан тул эдгээр хөрөнгийнхөө өмчлөгч нь болно. Иймээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Өмчлөгч нь бусдын хууль бус эзэмшлээс өөрийн эд хөрөнгийг шаардах эрхтэй. Мөн Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д "Талууд өөрөөр тохиролцоогүй бол хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр өөрийн зардлаар засан сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар 'болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхтэй" гэж заасан. Нэхэмжлэгч "Э С Э Э" ХХК нь 2012.09.13-ны өдөр гэрээг цуцлаж дуусгавар болгосон тул дээрх хуулийн дагуу "Т" ХХК нь засан сайжруулахад гаргасан зайлшгүй зардлаа шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д " ...Хөлслүүлэгч нь эд хөрөнгө хөлслөх гэрээг биелүүлэхтэй холбоотой шаардлагаа хангуулах зорилгоор тухайн газар, байшин, орон сууцанд байгаа хөлслөгчийн эд хөрөнгийг саатуулан барих эрхтэй" гэж заасан. 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр "Э С Э Э" ХХК-ийн санаачилгаар гэрээг цуцлах үед "Т" ХХК-ийг тус компанид 2,4 тэрбум төгрөгийн өртэй гэж санхүүгийнхээ тайландаа тусгасан байсан. Гэвч энэ нь худал болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдон хариуцагч нэхэмжлэлийн дүнгээ багасгаж гаргасан. Иймд дээрх гомдлыг хянан үзэж, "Т" ХХК нь нэхэмжлэгч "Э С Э Э" ХХК-д холбогдуулан тус компанид төлөх төлбөргүй, харин авлагатай чэмээн сөрөг нэхэмжлэлээр шаардсан шаардлагуудаа нотлох баримтаар хангалттай нотлож өгсөн байхад үүнийг үндэслэлгүйгээр үгүйсгэн үндсэн нэхэмжлэлийн 392 041 562 төгрөгийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 993 265 100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 993 265 100 төгрөгийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч “Э С Э Э” ХХК нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 3 306 511,354 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, 1 078 363,100 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хамтран ажиллах гэрээний дагуу борлуулалтын орлогын 20 хувийг төлөөгүй, гэрээнд заасан алданги төлбөрийн үлдэгдлийг нэхэмжилнэ...” гэж тайлбарласан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагчаас 392 041 562 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд маргаагүй. Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...нэхэмжлэгч компанийн захирал К Х Ж нь хариуцагчийн үйл ажиллагааны орлогоос 913 274 357 төгрөгийг авсан болохоо баталгаажуулж гарын үсэг зурсан, гарын үсгийн шинжээчийн дүгнэлтээр түүний гарын үсэг болох тогтоогдсон, тэрээр шинжээчийн дүгнэлтийн талаар маргаагүй, “Т” ХХК нь нэхэмжлэгч компанийн өмнөөс аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар, ажилчдын цалинд 221 195 413 төлсөн нь талуудын хооронд ажил хэргийн хүрээнд тогтсон журам байсан, энэ мөнгийг гаргуулах, гэрээ цуцалсантай холбоотойгоор нэхэмжлэгч компанийн байр, хашаанд үлдсэн 335 943 900 төгрөгийн эд хөрөнгийн үнийг гаргуулах зэрэг нийт 1 470 195 413 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэгч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж сөрөг нэхэмжлэлээр шаардсан.

Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үйлдвэрийн хашаанд үлдсэн элс, хайрга, цементийн үнэ 85 098 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлийн бусад шаардлага үндэслэлгүй гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулагдсан байх ба хариуцагч нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах бетон зуурмагийн 1 дүгээр үйлдвэрийг бүхэлд нь түрээслэх, бетон зуурмаг үйлдвэрлэж, борлуулалтын орлогын 20 хувийг түрээсийн төлбөрт төлөх, үүргээ биелүүлээгүй тохиолдолд төлбөл зохих төлбөрөөс 2 хувийн алданги тооцохоор талууд тохиролцсон байна.

Дээрх гэрээний 3.4, 3.5, 3.6-д хариуцагч нь үйлдвэрийн байранд урсгал засварыг өөрийн хөрөнгөөр хийх ба түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр үйлдвэрийн байранд аливаа өөрчлөлт, нэмэлт тоноглол хийхгүй, гэрээний хугацаа дуусахад үйлдвэрийн байранд байгаа салгаж үл болох засвар, өөрчлөн сайжруулалтыг түрээслүүлэгчид шилжүүлэн өгөхөөр заажээ.

2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ”-ний хугацааг талууд 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл гэж тодорхойлсон ба түрээсийн төлбөрийн хэмжээ нь өмнөх гэрээнд зааснаар борлуулалтын орлогын 20 хувь байхаар тохиролцсон байна.

Дээрх 2 гэрээний дагуу түрээсийн зүйлийг хүлээлцсэн талаар зохигчид баримт  үйлдээгүй, гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гэрээг цуцалсан үйл баримт тогтоогджээ.

Хэдийгээр талууд гэрээгээ “Хамтран ажиллах гэрээ” гэж нэрлэсэн боловч гэрээний агуулга, талуудын эрх, үүргээс дүгнэвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, энэ талаар шүүх зөв дүгнэсэн байна.

Нэхэмжлэгч компанийн захирал К Х Ж нь уг компанийн дүрмийг 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шинэчлэн байгуулж, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр захирлаар томилогдсоныг улсын бүртгэлд бүртгэсэн, дээрх 2 гэрээ байгуулах үед нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал нь өөр этгээд байсан бүртгэл байгаа ч талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч нь гэрээг цуцлахдаа Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.4 дэх хэсэгт заасан журмыг хэрэгжүүлээгүй боловч гэрээ 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр цуцлагдсан талаар талууд маргаагүйг дурдах нь зүйтэй.

Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний дагуу төлөх төлбөрийн хэмжээ буюу хариуцагчийн гүйцэтгээгүй мөнгөн төлбөрийн үүргийг шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтэээр 392 041 562 төгрөг гэж тогтоосноор уг мөнгийг гаргуулахаар нэхэмжлэгч шаардсан ба хариуцагч төлбөрийн дүнд маргаагүй тул шүүх нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлтэй байна.

Харин шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч компанийн өмнөөс төлбөр гүйцэтгэсэн гэх 221 195 413 төгрөгийн талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй боловч сөрөг нэхэмжлэлээс үлдэх хэсэг болох Ким Хю Жиний хувьдаа авсан гэх 913 274 357 төгрөг, үйлдвэрийн байр болон хашаанд үлдсэн эд хөрөнгийн үнэ          335 934 900 төгрөгийг гаргуулах гэсэн шаардлагын талаар хийсэн дүгнэлт үндэслэлгүй гэж үзнэ.

Учир нь 913 274 357 төгрөгийг нэхэмжлэгч компанийн захирал К Х Ж авсан талаар өөрөө хүлээн зөвшөөрөөгүй ч хариуцагч компанийн орлого, зарлагын тооцооны баримтаар энэ дүнг тодорхойлсон байх ба шинжээчийн дүгнэлтээр зарлагын баримтад тэрээр гарын үсэг зурсан болох нь тогтоогдсон байна.

Харин сөрөг нэхэмжлэлийн энэ хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасан сөрөг нэхэмжлэл гэж үзэх үндэслэлгүй болно. Учир нь нэхэмжлэгч нь “Э С Э Э” ХХК бөгөөд түүний захирал К Х Ж гэх хувь хүнээс мөнгөн төлбөр гаргуулах гэсэн хариуцагчийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай харилцан тооцогдох боломжгүй юм.

Гэвч К Х Ж нь хариуцагч компанийн мөнгөн хөрөнгийг үндэслэлгүй авсан талаар нэхэмжлэл гаргахад энэ магадлал саад болохгүй. Талуудын хооронд 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан гэрээний хугацаа дуусгавар болоход түрээсийн зүйлд хийсэн засан сайжруулалт болох үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг хэрхэх талаар талууд гэрээгээр тохиролцоогүй байх тул энэ талаар хуульд заасан журам үйлчилнэ.

Түрээсийн байр болон үйлдвэрийн хашаанд үлдсэн гэх эд хөрөнгийг зохигч талуудын төлөөлөгч нарыг байлцуулан, хөрөнгийн үнэлгээний “И Э” ХХК нь үзлэг хийж, хариуцагчийн гаргасан эд хөрөнгийн нэрсийн жагсаалтын дагуу үнэлгээ хийж, 335 934 900 төгрөгийн эд хөрөнгө үлдсэнийг тогтоосон. Үйлдвэрийн байр, хашаанд хариуцагчийн эд хөрөнгө үлдээгүй гэх тайлбараа нэхэмжлэгч баримтаар нотлоогүйгээс гадна хариуцагчаас гаргасан эд хөрөнгийн жагсаалтад заасан зүйлүүдийг хариуцагч нь бодитойгоор эзэмшиж, ашиглаж байсан талаар болон үнэлгээний дүнд нэхэмжлэгч маргаагүй, тухайн жагсаалтад нэхэмжлэгчийн эд хөрөнгө байсан бол түүнийг зааглаж нэрлээгүй байна.

Иймд хөрөнгийн үнэлгээчний гаргасан дүгнэлтэд заасан хэмжээний мөнгийг Иргэний хуулийн 318.5, 289 дүгээр зүйлийн 289.2.5-т зааснаар нэхэмжлэгчээс гаргуулах нь зүйтэй тул шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2017/02399 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 289 дүгээр зүйлийн 289.2.5 дах хэсэгт зааснаар “Э С Э Э” ХХК-иас 335 934 900 төгрөгийг гаргуулан “Т З” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 1 134 469 770 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 3-т “...хариуцагч “Т З” ХХК-иас 2 118 157 төгрөгийг гаргуулж “Э С Э Э” ХХК-д” гэснийг “1 837 625 төгрөгийг гаргуулан “Э С Э Э” ХХК-д” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас     төлсөн улсын тэмдэгтийн хураамж 7 084 484 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                   

                        ШҮҮГЧИД                                         Г.ДАВААДОРЖ                                     

 

                                                                                  М.НАРАНЦЭЦЭГ