Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/152

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Б.Энэрэл,

шүүгдэгч О.********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч О.**********ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ***************

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч О.********** согтуурсан үедээ, үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хамтран амьдрагч А.**********г Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх зүс таних айлд архи ууж байхад нь “гэртээ ирэхгүй хоногоор явлаа” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, нүүр лүү нь 2-3 удаа гараараа цохих, орон дээрээс татаж унагаан өшиглөх, гэрээс гаргах зорилгоор чирсэн, мөн тус дүүргийн 36 дугаар хороо, Улаанчулуутын автобусны буудал дээр гараараа 1 удаа цохисон, Алтан овооны 39-4а тоот гэртээ нуруу, гуя, бөгс, бэлэг эрхтэн зэрэг газруудад өшиглөн зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зовхи, цээж, хэвлий, баруун мөр, шуу, өгзөг, зүүн цавь, гуянд цус хуралт, бэлгийн их уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч О.********** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Тухайн өдөр архи уусан байсан. Зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Эмчилгээний зардалд 200,000 төгрөг өгсөн” гэв.

Эрүүгийн ********** дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч А.**********гийн: “2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр миний бие Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт найз ***** гэх залуугийнд байж байтал манай хамтран амьдрагч О.********** ирсэн. Би бага хэмжээний согтолттой байсан. Гэтэл О.********** 4 залуутай янхандаад сууж байна уу” гэх зэргээр элдвээр хэлж байснаа намайг цохиж, зодож эхэлсэн. 2-3 удаа өшиглөж, нүүр лүү алгадаж, орон дээрээс чирч унагасан. Намайг гэр лүү авч явах гээд Улаанчулуутын дунд буудлын автобусны буудал дээр авч ирсэн. Би салах гэж байсан учир гэртээ очихгүй гэж бодож байсан учир явахгүй гэхэд намайг чирч 1 удаа цохиж унагасан. Буудал дээр байсан хүмүүс болиулсан, **********ийн дүү машинтай ирээд аваад явсан. ********** намайг гэрээсээ гараад явчихвий гэж бодсондоо гэрт түгжээд гарсан. 30 орчим минутын дараа охин ***** дагуулан ирсэн. Би гэрээс гарах зорилготой гэрт байсан эмнүүдийг уучихсан гэж худлаа хэлээд түргэн дуудуулъя гэж бодсон. Тэгтэл чи яагаад эм уусан юм бэ гээд загнахаар нь түргэн дууд, би одоо амиа хорлоно гэж хэлсэн. Тэгээд надад уурлаж нүүр рүү 2-3 алгадаж цус гаргасан. Хэвтэж байтал бөгс, гуя, нуруу хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд орилж байтал **********ийн дүү ********** орж ирээд цагдаа дуудаад өгнө шүү, одоо боль гэхэд ********** болисон. Бие муу гэртээ 2 хоног хэвтсэний дараа манай том хүү ********** цагдаад мэдэгдсэн. Хохирлын баримт одоогоор байхгүй. Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хх-19-21),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021.11.03-ны өдрийн 10640 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. А.**********гийн биед хамар ясны хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зовхи, цээж, хэвлий, баруун мөр, шуу, өгзөг, зүүн цавь, гуянд цус хуралт, бэлгийн их уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хх-42-43),

Гэрч О.**********гийн: “...Манай ах манай хашаанд эхнэрийн хамт 9 жил амьдарч байгаа. ********** гэртээ ирэлгүй 2 хоног болсон. Доохон айлд байна гэж хүнээс сонслоо. Очиж аваад ирье гээд гарсан. 1 цаг орчмын дараа ах ********** намайг ирээд авчих гэхээр нь очиж авсан. Эхнэр нь нилээн согтуу байсан. Тухайн үед ах бага зэрэг согтуу байсан. Гэрт нь ирсний дараа хэсэг хугацаа өнгөрөхөд гэртээ орилолдоод байсан. Ортол зодолдож байсан...” гэх мэдүүлэг (хх-31-32),

Гэрч Д.**********ын: “Манай ээж ********** над руу “**********д зодуулчихлаа” гэж ярьсан. Тэгэхээр нь би ээжийн амьдардаг *****тоот руу очсон. Ээжийн нүүр ам нь хөх няц болсон байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. Намайг очиход ээж босч чадахгүй байсан...” гэх мэдүүлэг (хх-39-40),

Шүүгдэгч О.**********ийн яллагдагчаар өгсөн: “...Миний бие өөрийн хамтран амьдрагчийг айлд, автобусны буудал болон гэртээ цохиж зодсон. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маш ихээр гэмшиж байгаа...” гэх мэдүүлэг (хх-106-107),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-56), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-46), дуудлагын лавлагааны хуудас (хх-4), дүүргийн гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, хамтарсан багийн хурлын тэмдэглэл, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-85-91), Сүхбаатар дүүргийн шүүхийн 2000 оны 79 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хх-47, 49), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 167 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хх-48, 50-51), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (хх-57), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-58), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа (хх-59), эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа (хх-60), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хх-61), банкны депозит дансны хуулга (хх-63), “*****” ХХК-ийн “О.********** нь тус дэлгүүрт өдрийн 15,000 төгрөгийн цалинтай ачигчаар ажилладаг нь үнэн болно” гэх тодорхойлолт (хх-64), шүүгдэгч, хохирогч нарын “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-112, 113), мөрдөгчийн “хэргийг шүүхэд шилжүүлэх тухай” санал (хх-114), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-115-116), прокурорын “Яллагдагчид ял оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-117) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.  

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч О.********** согтуурсан үедээ, үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хамтран амьдрагч хохирогч А.**********г Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт айлд архи ууж байхад нь “гэртээ ирэхгүй хоногоор явлаа” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, нүүр лүү нь 2-3 удаа гараараа цохих, орон дээрээс татаж унагаан өшиглөх, гэрээс гаргах зорилгоор чирсэн, мөн тус дүүргийн 36 дугаар хороо, Улаанчулуутын автобусны буудал дээр гараараа 1 удаа цохисон, Алтан овооны 39-4а тоот гэртээ нуруу, гуя, бөгс, бэлэг эрхтэн зэрэг газруудад өшиглөн зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зовхи, цээж, хэвлий, буруун мөр, шуу, өгзөг, зүүн цавь, гуянд цус хуралт, бэлгийн их уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч А.**********гийн “...намайг О.********** 4 залуутай янхандаад сууж байна уу” гэх зэргээр элдвээр хэлж байснаа цохиж, зодож эхэлсэн. 2-3 удаа өшиглөж, нүүр лүү алгадаж, орон дээрээс чирч унагасан. ...явахгүй гэхэд намайг чирч 1 удаа цохиж унагасан. ...нүүр рүү 2-3 алгадаж цус гаргасан. Хэвтэж байтал бөгс, гуя, нуруу руу хэд хэдэн удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хх-19-21), шүүх эмнэлгийн 10640 дүгээр “1. А.**********гийн биед хамар ясны хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зовхи, цээж, хэвлий, баруун мөр, шуу, өгзөг, зүүн цавь, гуянд цус хуралт, бэлгийн их уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-42-43), гэрч Д.**********ын “...ээж ********** нь **********д зодуулчихлаа гэж ярьсан. Тухайн үед манай ээжийн нүүр ам нь хөх няц болсон байсан...гэх мэдүүлэг (хх-39-40), гэрч О.**********гийн “...Эхнэр нь нилээн, ах бага зэрэг согтуу байсан. ...яваад ортол зодолдож байсан...” гэх мэдүүлэг (хх-31-32), дүүргийн гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, хамтарсан багийн хурлын тэмдэглэл, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-85-91), шүүгдэгч О.**********ийн “...Миний бие өөрийн хамтран амьдрагчийг айлд, автобусны буудал болон гэртээ цохиж зодсон. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг (хх-106-107), дуудлагын лавлагааны хуудас (хх-4) зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч О.**********ийн согтуурсан үедээ, үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч хохирогч А.**********г хувийн таарамжгүй харьцааны улмаас алгадах, өшиглөх, чирэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч А.**********гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирогчийн “Эмчилгээний зардал 200,000 төгрөг авсан. Нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэх хүсэлт (хх-113)-ийг үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлөгдсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч О.********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хамтран амьдрагч А.**********г Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх зүс таних айлд архи ууж байхад нь “гэртээ ирэхгүй хоногоор явлаа” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, нүүр лүү нь 2-3 удаа гараараа цохих, орон дээрээс татаж газарт унагаан хөлөөрөө өшиглөх, гэрээс гаргах зорилгоор чирсэн, үргэлжилсэн үйлдлээр тус дүүрэг дэх 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанчулуутын автобусны буудал дээр гараараа 1 удаа цохисон, мөн тус дүүрэг дэх 36 дугаар хорооны Алтан-Овоогийн 39-4а тоотод байх гэртээ хөлөөрөө нуруу, гуя, бөгс, бэлэг эрхтэн зэрэг газруудад нь өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зовхи, цээж, хэвлий буруун мөр, шуу, өгзөг, зүүн цавь, гуянд цус хуралт, бэлгийн их уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,

шүүгдэгч “300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.  

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч О.********** “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтуурсан үедээ, “гэртээ ирэхгүй хоногоор явлаа” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас хамтран амьдрагч хохирогчийн нүүр лүү удаа дараа гараараа цохих, орон дээрээс татаж унаган өшиглөх, чирэх зэрэг үргэлжилсэн үйлдлээр эрх, эрх чөлөөнд нь халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 200,000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн)-ийг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.**********ийг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлээ.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.********** цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ********* овогт *********** **********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.**********ийг 300 (гурван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.********** нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.********** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.**********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                      Л.БААТАР