Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/141

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар,

шүүгдэгч Д.************* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Д.*************г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ************ дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ***********

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.************* согтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн /******* тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч А.*************г үл ялих зүйлээр шалтаглан цээж, өвдөг, шилбэ хэсэгт өшиглөж, хутгаар баруун гуя, шилбийг зүсэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, баруун гуя, шилбэнд зүсэгдсэн шарх, баруун гуя, өвдөг, хоёр шилбэнд цус хуралт, баруун хөхөнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Шүүгдэгч Д.************* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хардалтаас болоод зодсон. Хутгаар гэмтээснээ мэдэж байгаа, миний буруу. Тэр өдөр архи уусан байсан. Цагдаа дуудахаар нь айгаад зугтаасан байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Эрүүгийн ************ дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч А.*************гийн:...2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний шилжих шөнө 01 цаг 30 минутын үед нөхөр бид хоёр 1 шил архи ууж байтал нөхөр гэнэт надад уурлаад цээж, өвдөг, хоёр шилбэ хэсэг рүү нийт дөрвөн удаа өшиглөөд, хар иштэй хутгыг аваад баруун гуя, шилбэ хэсэгт хоёр удаа хутгалж гэмтээсэн. Би гарч яваад жижүүр *************ын өрөөнд орж тусламж гуйхад цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирэхээс өмнө ************* зугтаачихсан. Миний баруун гуя, шилбэнд хутгалуулсан шарх үүссэн. Баруун гуя, өвдөг, хоёр шилбэнд зулгаралт, хөхрөлт шарх үүссэн байна. Ер нь бол гэртээ байхдаа байнга архидан согтуурч намайг зодох гэж дарамталдаг. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг (хх-35, 37),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.01.04-ний өдрийн 1317 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.2. А.*************гийн биед баруун гуя, шилбэнд зүсэгдсэн шарх, баруун гуя, өвдөг, хоёр шилбэнд цус хуралт, баруун хөхөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Эдгээр гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хх-45-46),

Гэрч Я.*************ын:...Манай нийтийн байрны 1 тоотод ************* эхнэр хүүхдийн хамт 4 сар орчим амьдарч байна. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1 тоотын хүмүүс шинэ жил тэмдэглэж байсан. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 00 цаг 30 минутын үед 1 тоот өрөөний эмэгтэй Д.*************д хутгалуулсан гээд ороод ирсэн. Тухайн үед ************* уйлаад хөлнөөс нь цус гараад байсан. Би юу болсон талаар асуухад нөхөр хутгалсан гэж хэлсэн. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хх-39, 41),

Шүүгдэгч Д.*************гийн яллагдагчаар өгсөн: ...2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр миний бие гадуур хог түүж бага зэрэг мөнгө олоод гэртээ 21 цагийн үед нэг шил дарс, нэг шил архи зэргийг авч орсон. Шөнийн 00 цаг болонгуут эхнэр бид хоёр шинэ жилээ тэмдэглэж эхэлсэн. 01 цаг 30 минутын үед бид хоёр нэлээн согтоод эхнэр гэртээ оройтож ирсэн гэх шалтгаанаар, би эхнэрээ хардаад маргалдсан. Өөдөөс хашгичаад байхаар нь цээж хэсэг рүү гараараа нэг цохиод хөл рүү нь 2-3 удаа өшиглөөд, ширээн дээр байсан хар иштэй хутгыг аваад хөл хэсэг рүү хоёр удаа зүссэн. Тэгтэл эхнэр гараад жижүүрийн өрөө лүү орохоор нь “Жижүүр цагдаа дуудчих юм байна” гэж бодоод айгаад гэрээсээ гараад явчихсан. ...Би өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа. Дахиж ийм асуудалд холбогдохгүй...” гэх мэдүүлэг (хх-68),

Дуудлагын лавлагааны хуудас (хх-1), гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-2), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-4), мөрдөгчийн “эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол (хх-11), аюулын зэргийн үнэлгээний “Өндөр” гэх тэмдэглэл (хх-13), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хх-17-25), хохирогчийн гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-26-29), Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны хамтарсан багийн хурлын “хуулийн дагуу арга хэмжээ авахуулах саналтай” гэх тэмдэглэл (хх-30),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-57), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-52), АСАП сангийн лавлагаа (53-56), хохирогчийн “Гомдол санал байхгүй” гэх хүсэлт (хх-75) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.  

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.************* согтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ***** тоотод байрлах нийтийн байрны 1 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч А.*************г үл ялих зүйлээр шалтаглан цээж, өвдөг, шилбэ хэсэгт өшиглөж, хутгаар баруун гуя, шилбийг зүсэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь баруун гуя, шилбэнд зүсэгдсэн шарх, баруун гуя, өвдөг, хоёр шилбэнд цус хуралт, баруун хөхөнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч А.*************гийн “...Архи ууж байтал нөхөр гэнэт надад уурлаад цээж, өвдөг, хоёр шилбэ хэсэг рүү өшиглөөд, хар иштэй хутгыг аваад баруун гуя, шилбэ хэсэгт хоёр удаа хутгалж гэмтээсэн...” гэх мэдүүлэг (хх-35, 37), шүүх эмнэлгийн 1317 дугаар “1.2.А.*************гийн биед баруун гуя, шилбэнд зүсэгдсэн шарх, баруун гуя, өвдөг, хоёр шилбэнд цус хуралт, баруун хөхөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Эдгээр гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх шинжилгээ (хх-45-46), гэрч Я.*************ын “...1 тоот өрөөний эмэгтэй “нөхөр хутгалсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-39-41), шүүгдэгч Д.*************гийн “...Бид хоёр архи ууж байгаад би цээж хэсэг рүү гараараа нэг цохиод, хөл рүү нь 2-3 удаа өшиглөөд, ширээн дээр байсан хар иштэй хутгыг аваад хөл хэсэг рүү хоёр удаа зүссэн...” гэх мэдүүлэг (хх-68), дуудлагын лавлагааны “...нөхөр нь агсам тавиад эхнэрээ зодоод байна...” хуудас (хх-1), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-4) зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.*************гийн согтуурсан үедээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч хохирогч А.*************г үл ялих зүйлээр шалтаглан гар, хөлөөр зодож, хутгаар зүсэж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч А.*************гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдөөгүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйг тус тус харгалзан шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Д.************* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 31-нээс 2022 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн *********** тоот нийтийн байрны 1 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч А.*************тай эр эмийн хардалтаас үүдэлтэйгээр маргалдан цээж, өвдөг, шилбэ хэсэгт өшиглөж, хутгаар баруун гуя, шилбийг зүсэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь баруун гуя, шилбэнд зүсэгдсэн шарх, баруун гуя, өвдөг, хоёр шилбэнд цус хуралт, баруун хөхөнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирогчийн зүгээс хохирол төлбөр нэхэмжлээгүй зэргийг харгалзан 6 сарын хугацаанд Улаанбаатар хотоос, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 46-6 тоотоос зохих байгууллагын зөвшөөрөлгүй гарахыг хязгаарлах зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тодорхой оршин суух хаяггүй тул зорчих эрхийг хязгаарлах ялыг зөвшөөрөхгүй. Одоо түрээсийн байранд байдаг тул зорчих эрх хязгаарлах ял зөрчигдөх магадлалтай байгааг харгалзан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.  

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (ахуйн хүрээнд согтуурсан үедээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хардсан гэх үйл баримт тогтоогдоогүй бөгөөд хардсан гэх үл ялих зүйлээр шалтаглан хамтран амьдрагчтайгаа маргалдан өшиглөж, цохин, гуян тус газарт 2 удаа хутгаар зүсэж эрх, эрх чөлөөнд нь халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, эрхэлсэн тодорхой ажилгүй, хог түүж орлого олдог гэх, нийтийн байрны өрөө түрээслэн амьдардаг ар гэрийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн)-ийг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*************г 400 (дөрвөн зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлээ.  

Харин шүүгдэгч Д.************* нийтийн байрны өрөө түрээслэн түр оршин суудаг, ямар хугацаанд тухайн байранд амьдрах нь тодорхойгүй, хог түүж орлого олдог гэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж шүүх үзэн улсын яллагчийн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг боломжгүй гэж дүгнэлээ.

Түүнчлэн дээрх байдлаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хутгаар 2 удаа зүссэн, хэд хэдэн удаагийн үйлдлээр өшиглөж, цохиж зодсон үйлдэлд 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тохирохгүй гэж үзснийг тэмдэглэж байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн хар иштэй, 2 хуваагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.************* цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******** овогт ********** *************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*************г 400 (дөрвөн зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.************* нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар иштэй, 2 хуваагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.************* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР