Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/126

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч У.Анхжаргал,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Энххэрлэн,

шүүгдэгч С.*********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч С.***********г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *********** дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: *************

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.*********** нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ******* тоотод хохирогч Л.***********ыг шалтаг шалтгаангүйгээр хэвлийн тус газарт дэвсэж “бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн чацархайн том хэмжээний урагдал, няцрал, их сэмжний шарх, хэвлийн хөндийн шингэн хуралдалт /3000 мл/” гэмтлийг үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч С.*********** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Эмчилгээний зардал, цалингийн зээлийг төлж хохиролд нийт 1,300,000 төгрөг төлсөн. Тухайн үед хохирогчийг 1 удаа дэвссэн. Ээжийн гэрт урд өдрөөс нь архидан согтуурсан байсан. Эгч, ээж утасдаж хэлсэн болохоор ажилдаа явах замдаа дайраад гарсан. Ороод “гар” гэж 1-2 удаа хэлэхэд тоохгүй байсан. Наана сууж байсан хүнийг татаж унагаад өөрийн мэдэлгүй дэвсэх үйлдэл хийсэн. Буруу үйлдэл хийсэндээ уучлалт гуйсан. Болсон асуудалд чин сэтгэлээсээ харамсаж байгаа. Дахин ийм алдаа гаргахгүй” гэв.

Эрүүгийн *********** дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Л.***********ын: “2021 оны 12 дугаар сарын 02-ны орой 17 цагийн үед ажлаа тараад харих замдаа 200 грамм, 0,33 литрийн архи аваад ганцаараа уусан. Яармаг руу хамаатны дүү Өвгөнбүргэдийнх рүү явсан. ...Нараа, ***********, түүний найз эмэгтэй бид 4 ***********ын гэр лүү явсан. Тэднийд очоод 1 шил 0,5 литрийн архи, 1 том пиво аваад хувааж уугаад унтаад өгсөн. ...***********ын эгч нь ус буцалгаад би халуун юм уух гээд сууж байхад араас гэнэт хүн татаж унагаагаад дээрээс хэвлий хэсэг рүү 1 удаа дэвссэн. Хэсэг гэдэс эвгүй болоод хэвтэж байхдаа хартал ***********ын дүү *********** /Шараа/ намайг дэвссэн байсан. Тэгээд намайг татаж босгоод “таныг таньсангүй уучлаарай ах, архи уусан хүмүүс харахаар уур хүрчихлээ” гэж хэлж байсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээний зардал 1,000,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг (хх-14-17, 26-31),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021.12.14-ний өдрийн 124 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. Л.***********ын биед бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн чацархайн том хэмжээний урагдал, няцрал, их сэмжний шарх, хэвлийн хөндийн шингэн хуралдалт /3000мл/ гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. 3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэжээ (хх-62-64),

Гэрч Б.***********ийн: “...*********** гэх залуугийнд байхад гаднаас танихгүй хүн орж ирээд зодчихлоо гэж хэлсэн. ***********аас юу болсон талаар асуух гээд залгатал утсаа аваагүй. ...Би такси барьж очиход манай нөхөр Залуус хорооллын гадна сандал дээр сууж байсан. Бие нь хөдөлж чадахгүй маш хүнд байсан. ...гэртээ авч ирээд хэвтүүлэх санаатай хувцсыг нь тайлахад зүүн талын биед зулгаралт үүссэн, хэвлий гэдэс хэсэгт нь маш тод үүссэн хөхрөлтүүд байсан...” гэх мэдүүлэг (хх-11-13),

Гэрч Б.***********ийн: “...Тухайн үед тэд нар хоорондоо ямар нэгэн хэрүүл хийгээгүй. Наранбат, *********** нар газар хэвтэж байсан. *********** том өрөөнд орж ирээд сандал дээр суусан. *********** 2 охин руугаа агсраад хөөгөөд байсан. Би бага хүү ***********г дуудаад *********** ирээд ***********тай муудалцаад байсан. *********** манай охин Оюунцэцэгтэй юм яриад сууж байхаар нь *********** уурлаад ***********ыг татаж унагааж харагдсан...” гэх мэдүүлэг (хх-36-37),

Шүүгдэгч С.***********гийн яллагдагчаар өгсөн: “...Намайг ороход гадна хаалга нь онгорхой, том өрөөнд хаалганы хажууд *********** ах Оюунцэцэг эгчийг хүзүүдсэн сууж байсан. Бүгдээрээ нэлээд согтуу байсан. Тухайн үед би гаднаас ууртай орсон. “Юу хийгээд архидаад байгаа юм” гэхэд *********** ах “чи муу нус бацаан яахаараа хөөдөг юм” гээд босоод ирэхээр нь би “гар гэж байна шүү” гэж ширүүн орилоод үүдэн хэсэгт сууж байсан *********** ахын хүрэмний арын захнаас нь татаж газар унагаагаад, цээж, гэдэс хэвлий орчимд нь 1 удаа дэвссэн...” гэх мэдүүлэг (хх-93-94),

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-1), хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-2-6), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-105), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-126), Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны тодорхойлолт (хх-122), хүүхдийн төсрний гэрчилгээ (хх-123-125), банкны дансны хуулга (хх-138-161) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1 хуудас) зэргийг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч С.*********** нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ************ тоотод хохирогч Л.***********ыг шалтаг шалтгаангүйгээр хэвлийд нь дэвсэж биед бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн чацархайн том хэмжээний урагдал, няцрал, их сэмжний шарх, хэвлийн хөндийн шингэн хуралдалт /3000 мл/ гэмтэл санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Л.***********ын “...араас гэнэт хүн татаж унагаагаад дээрээс хэвлий хэсэг рүү 1 удаа дэвссэн байгаа. ***********ын дүү *********** /Шараа/ намайг дэвссэн байсан...” гэх мэдүүлэг (хх-14-17, 26-31), шүүх эмнэлгийн 124 дүгээр “1. Л.***********ын биед бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн чацархайн том хэмжээний урагдал, няцрал, их сэмжний шарх, хэвлийн хөндийн шингэн хуралдалт /3000мл/ гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо...” гэх шинжилгээ (хх-62-64), гэрч Б.***********ийн “...*********** манай охин Оюунцэцэгтэй юм яриад сууж байхаар нь *********** уурлаад ***********ыг татаж унагааж харагдсан...” гэх мэдүүлэг (хх-36-37), шүүгдэгч С.***********гийн яллагдагчаар өгсөн: “...*********** ахын хүрэмний арын захаас татаж газар унагаагаад, цээж, гэдэс хэвлий орчимд 1 удаа дэвссэн...” гэх мэдүүлэг (хх-93-94), гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-1), хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-2-6) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.***********гийн хохирогч Л.***********ыг шалтаг шалтгаангүйгээр хэвлийд 1 удаа дэвсэж хүнд хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Л.***********ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын 1,354,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн, хохиролд 1,350,000 төгрөг төлөгдсөн, хохирогчийн “Эмчилгээний зардал 1,354,000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх хүсэлт (хх-162)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан баримттай хохирол нөхөн төлөгдсөн байна гэж дүгнэн шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин хохирогч “дахин хагалгаанд орно” гэснийг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг бүрэн арилаагүй байна гэж шүүх үзээд хохирогч Л.*********** цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч С.*********** нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ************ тоотод иргэн Л.***********ыг шалтаг шалтгаангүйгээр хэвлийн тус газар нь хөлөөрөө дэвсэж улмаар биед бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн чацархайн том хэмжээний урагдал, няцрал, их сэмжний шарх, хэвлийн хөндийн шингэн хуралдалт /3000 мл/ гэмтлийг үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч С.*********** бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай. Шүүгдэгчийн өмгөөлөгч торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү гэж байна. Энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал учраас улсын яллагчийн зүгээс хэлэх зүйлгүй байна” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч гэм буруу дээр маргаагүй. Улсын яллагчийн зүгээс гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000,000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч С.*********** “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ял оногдуулахаар талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (тодорхой шалтгаангүйгээр хохирогчийн эрх, эрх чөлөөнд сандлаас татан унагаж, хэвлийн тус газарт нэг удаа дэвсэх үйлдлээр халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирлын баримтаар гаргаж өгсөн хохирол бүрэн төлөгдсөн, хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилтай, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.***********г 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасныг баримтлан талууд торгох ял төлөх хугацааны асуудлаар тохиролцоогүйг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо. Тухайлбал шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас “Тохиролцсон 10,000,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэх зорилгоор банкин дахь шүүгдэгчийн ...дугаар дансанд 10,000,000 төгрөг байршуулсан” талаар мэдүүлж, энэ талаар банкны албан бичиг (хх-138) хэрэгт авагдсаныг уншиж танилцуулсан тул шүүгдэгч С.***********гийн хөрөнгө, цалин хөлс (“***********” ХХК-д ажилладаг, “***************” ХХК-ийн захирал гэх, тодорхой орлого олдог), бусад орлого олох боломжтой байдлыг нь харгалзан түүнчлэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн дээрх хугацааг тогтоосон болно.    

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.*********** цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ********* овогт ************* ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.***********г 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.***********г 10,000,000 төгрөгөөр торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*********** торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.*********** цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Л.*********** цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Л.БААТАР